Wednesday, October 25, 2017

ИТАЛИЙН УЛС ТӨР СУДЛААЧ ГАЭТАНО МОСКА

Гаэтано Моска
Жинхэнэ алдар:
Gaetano Mosca
Мэндэлсэн он:
1858 оны дөрөвдүгээр сарын 1
Мэндэлсэн газар:
Итали улс, Палермо хот
Бие барсан он:
1941 оны арваннэгдүгээр сарын 8 (83 насандаа)
Бие барсан газар:
Итали улс, Ром хот
Харьяалал:
·         Италийн вант улс
Үйл ажиллагааны төрөл:
Хуульч, улс төрийн бодлоготон, сэтгүүлч, гүн ухаантан, зохиолч, социологич нэгэн
Гаэтано Моска  (Итали хэлнээ: Gaetano Mosca1858 оны дөрөвдүгээр сарын 1, Италийн Палермо хот — 1941 оны арваннэгдүгээр сарын 8, Италийн нийслэл Ром хот) — болбоос Италийн хуульч, социологич нэгэн. Парэтогийн зэрэгцээгээр элитийн онолыг хөгжүүлэгч, үндэслэгчдийн нэг гэж зүй ёсоор үздэг.
Аливаа нийгэм засаглагч цөөнх  — «улс төрийн анги» (элит), түүнд захирагдах олонх гэсэн хоёр хэсгээс тогтдог тухай сургасан. Засаглагч анги улс төрийн эрх мэдлийг монопольчлон авахын зэрэгцээ түүний нэхлэй эрх ямба, эд хөрөнгийг эзэгнэж улс төрийн бүх үүргийг хэрэгжүүлдэг байна. Харин хүн амын олонх нь түүний хүсэл сонирхлыг хэрэгжүүлж, материаллаг хангалуун байдлыг нь хангаж өгдөг байна. Засаглагч анги удирдуулагч олонхийн хувьд оюун ухаан, эд материалын хувьд илтэд давуу байдаг. Нийгмийн хөгжлийн дараах хоёр үндсэн хандлага хүн төрөлхтний түүхийн туршид бий болж байсан. Эхнийх нь угсаа залгамжлах замаар эрх ямба гэр бүлдээ хадгалах гэсэн нийгмийн хөгжлийн язгууртны хандлага бол хоёр дахь нь засаглагч ангийн бүрэлдэхүүнд байнгад шинэчлэл хийхийг эрмэлзсэн нийгмийн хөгжлийн ардчилсан хандлага болно.
Элит ангийн хувьд хамгийн аюултай зүйл нь – өөрийгөө гадаад орчноос тусгаарлаж, хаалттай бүлэг болгоход чиглэсэн хандлага гаргадагт оршино. Москагийн үндсэн бүтээл нь— «Улс төрийн шинжлэх ухааны элементүүд» гэх 1896 онд гарсан зохиол бөгөөд 1937 онд «Засаглагч анги» нэртэйгээр англи хэлнээ хөрвүүлэгдсэн байна.
Гаэтано Москагийн үзсэнээр засаглагч элитийн гишүүн эзэмшвэл зохих дараах үндсэн чанар байдаг аж. Үүнд:
·                     Хүмүүсийг удирдах чадвар:
·                     Зохион байгуулах чадвар:
·                     Бусад ангиасаа ёс суртахуун, оюун ухаан, эд материалын хувьд давуу байх зэрэг болно
Голлох бүтээл
·        Sulla teorica dei governi e sul governo parlamentare (1884)
·        Appunti sulla libertà di stampa (1885)
·        Questioni costituzionali (1885)
·        Le Costituzioni moderne (1887)
·        Elementi di scienza politica (1ª parte: 1896 — 2ª parte: 1923)
·        Che cosa è la mafia, (1900)
·        Appunti di diritto Costituzionale (1908)
·        Italia e Libia (1912)
·        Stato liberale e stato sindacale (1925)
·        Il problema sindacale (1925)
·        Saggi di storia delle dottrine politiche (1927)
·        Crisi e rimedi del regime parlamentare (1928)
·        Storia delle dottrine politiche (1937)
·        Partiti e sindacati nella crisi del regime parlamentare (Bari, 1949)
·        Ciò che la storia potrebbe insegnare. Scritti di scienza politica (Milano, 1958)
·        Il tramonto dello Stato liberale (a cura di A. Lombardo, Catania 1971)
·        Scritti sui sindacati (a cura di F. Perfetti, M. Ortolani, Roma 1974)
·        Discorsi parlamentari (con un saggio di A. Panebianco, Bologna 2003)

МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР 


ГЕРМАН-ИТАЛИЙН СУДЛААЧ ВИЛХЭЛМ РОБЭРТО ЭДУАРДО МИХЕЛЬС

Вилхэлм Эдуардо Робэрто Михельс
Мэндэлсэн он:
1876 оны нэгдүгээр сарын 9
Мэндэлсэн газар:
·         Германы эзэнт улс, Пруссийн вант улс, Рейн муж, Кёльн хот
Бие барсан он:
1936 оны тавдугаар сарын 2 (60 насандаа)
Бие барсан газар:
·         Италийн эзэнт улс, Ром хот
Харьяалал:
·         Герман улс
·         Италийн вант улс  
Шинжлэх ухааны хүрээ:
Социологи
Ажлын газар:
·         Базэлийн их сургууль
·         Марбургийн их сургууль
·         Мюнхены их сургууль
Вилхэлм Робэрто Эдуардо Михельс (Герман хэлнээ: Robert Michels1876 оны нэгдүгээр сарын 9, Кёльн хот — 1936 оны тавдугаар сарын 3, Ром хот) — болбоос Германы нэр цолгорсон социологич, Вэрнэр Зомбарт, Гаэтано Моска, Макс Вебер нарын шавь нэгэн болно.
Их Британи, Франц, Италид боловсрол эзэмшсэн. 1907 оноос Итали, Швейцарьт багшлах болсон. Дэлхийн нэгдүгээр дайны өмнөхөн социалистууд болон синдикалистуудтай харилцаагаа тасалж хэт барууны байр сууринд шилжсэн. Италийн фашист үзэл санааг дэмжиж, бие барахаасаа арав гаруй жилийн өмнө Италийн иргэний харьяалалтай болсон.
Элитийн онолыг боловсруулахад үлэмжхэн хувь нэмэр оруулсан. Нийгмийн харилцааны гүнд сөрөг элит түүхийн үе бүхэнд бүрэлдэх бөгөөд энэ нь тэдний нийгэм, улс төрийн байр суурьтай холбоотой бус, харин улс төрийн элитийн тухай үеийн эрх ашиг, улс төрийн нөхцөл байдалтай холбоотой гэсэн санааг гаргажээ. Нийгмийн нөөцийг үр дүнтэй дайчлах үзэл санаа, онол В. Парэто, Р. Михельс нарын бүтээлүүдэд тусгалаа олсон байдаг.  
Гол бүтээл нь 1911 онд бичсэн «Орчин үеийн ардчиллын нөхцөл дэх улс төрийн намуудын социологи» бөгөөд Ленин уг зохиолыг хурцаар шүүмжилсэн байдаг. Уг бүтээлдээ Михельс олон түмний улс төрийн шууд ноёрхол ямар ч нийгмийн үед боломжгүй бөгөөд энэ нөхцөлд аливаа дэглэм сонгогдсон цөөнх буюу олигархийн гарт шилжинэ гэх олигархийн төмөр хуулийг гаргасан байдаг.
Эх сурвалж
·        Mitzman A. Sociology and estrangement: three sociologists of Imperial Germany. New York: Knopf, 1973
·        Michels R. Political Parties. A Sociological Study of the Oligarchical Tendencies of Modern Democracy. N.Y.: Hearst’s Intern. Library Co., 1915.

·        Михельс Р. Демократическая аристократия и аристократическая демократия // Социс, 2000, № 1. С. 107-116.
МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР 

Tuesday, September 26, 2017

ЯКОБИНЧУУДЫН УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ САНАА

Соён гэгээрүүлэлтийн үеийн улс төр - эрх зүйн үзэл санаа Францын агуу их хувьсгалын явцад (1789-1794 он) биелэлээ олсон байдаг. Францын хувьсгалын түүхийг гурван үндсэн үе шатад ангилан авч үзэж болох байна. Анхдугаар үе (1789-1792 он) –д томоохон хөрөнгөтний эрх ашгийг хамгаалагч - конституционалистууд (Оноре де Мирабо, Эмманюэль Сиейес, Антуан Барнав нар) засаг төрийн эрхийг булаан авсан. Тэд бүх нийтийн эрх тэгш байдал, үндсэн хуульт хаант засаг, хүний жам ёсны эрхийн үзэл санааг сурталчилж байсан.
Хоёр дахь үе (1792-1793 он)-д ард түмний бүрэн эрхт байдал, нийт олны хүсэл зориг хууль тогтоомжийн үндэс болох нь зэрэг үзэл санааг хөгжүүлж асан жирондистууд (Жак Бриссо, Жан Ролан) засаг төрийн эрхэнд гарсан.
Эцэст нь буюу гурав дахь үе (1793-1794 он)-д жижиг хөрөнгөтөн, тариачид, хотын оршин суугчдын эрх ашгийг төлөөлсөн якобинчуудын хувьсгалт диктатур тогтсон. Якобинчуудын үзэл санааны гол төлөөлөгчид нь Максимилиан Робеспьер, Жан Пол Марат нар юм.
Жан Пол Марат (1743-1793 он, “Боолчлолын гинж”, “Эрүүгийн хууль тогтоомжийн төлөвлөгөө”) дарангуй дэглэм тогтох арга, хэрэгсэл, эх үүсвэр, түүнтэй тэмцэх хэлбэрийн тухай асуудлыг авч үзсэн.
Дарангуй засаг бий болоход хүргэх гол хүчин зүйл нь хүний засаглах байгалийн зөн билигт суурилсан бусдыг манлайлан тэргүүлэх хүсэл юм. Төр улс хүчирхийллийн үр дүнд үүсдэг бөгөөд улсыг хөгжүүлэгчид ямагт “самуун дээрэмчид” байсан гэж Марат үзжээ. Гэвч “боолчлолын гинжийг тасар татах” боломж ямагт байсаар ирсэн. Сайн сайхан төрийн байгууллыг бий болгохын тулд бүгд ард түмний хяналтад байх хэрнээ нэг нэгнээсээ хараат бус эрх мэдлийг байгууллагуудыг зэрэгцүүлэн хөгжүүлэх явдал юм. Ингэхдээ засаг төрийн дээд эрх мэдэл бүхэлдээ ард түмний мэдэлд байх ёстой. Зөвхөн ард түмэн л цорын ганц хууль тогтоогч, дээд эрх мэдлийг хадгалагч байна. Марат хүний жам ёсны болон иргэний эрхийг зааглан авч үзсэн. Шинэ нийгэм, төрийн байгуулал тогтоох үйл явцыг ард түмний бослоготой холбон үзсэн. Гэвч зохион байгуулалтгүй олны хүчин чармайлт ямагт талаар болохын дээр хялбархан дарагддаг болохыг тэрээр онцолсон. Иймд зохион байгуулалтгүй олныг хөтөлж, чадвартныг дэвшүүлэн улсыг урагшлуулах зохион байгуулалт бүхий цөөнх байх ёстой. Тэдний гол арга бол диктатур юм. “Хувьсгалын эсэргүү хүчнийг хэдий чинээ нухчин дарна, төдий хэрээр нийгэм цэвэршинэ”.
Максимилиан Робеспьерийн үзэл санаа түүний яриануудад тусгалаа олсон байдаг (1789-1792 онуудад нийтдээ 600 гаруй яриа хийсэн). “Үндсэн хуулийн тухай” (1793.05.10), “Хувьсгалт засгийн зарчмууд” (1793.12.25), “улс төрийн ёс суртахууны зарчмууд” (1794.11.05) зэргийг дурдаж болох байна. Робеспьерийн үзэл санаа Монтескье, Руссо нарын сургаал дээр суурилсан байдаг. Түүний гол мөрөөдөл нь жижиг хөрөнгөтний нийгэм цогцлооход оршиж байв. Улс төрийн холбооны үндсэн зарчим нь хүний жам ёсны эрх, эрх чөлөөг хадгалж хамгаалах, хүний авьяас чадварыг өвтэгшээр хөгжүүлэх, иргэн бүрийг улсыг удирдах, хууль тогтоомж баталж гаргах хэрэгт оролцуулах зэрэг болно. “Ард түмэн улсын доторх засаг төрийн дээд хүч мөн”. Бүгд найрамдах засгийг бататган бэхжүүлэхийн тулд хууль тогтоох болон захиргааны эрх мэдлийг чиг үүргийн хувьд тусгаарлахын зэрэгцээ бүх албан тушаалтныг ард түмний хяналтад оруулж, томилгоот хугацааг нь багасгах шаардлага үүснэ гэдгийг Робеспьер онцолсон.
Хувьсгалт засгийн зарчмууд” нэрт алдарт яриандаа Робеспьер үндсэн хууль болон хувьсгалт засгийн газруудыг харьцуулан авч үзсэн байна. Бүгд найрамдах засгийн үед бий болсон бүхнийг хадгалж хамгаалах нь үндсэн хуульт засгийн гол зарчим бол бүгд найрамдах засгийг тогтоох нь хувьсгалт засгийн үйл ажиллагааны үндэс болно.
Хувьсгал бол “дайснуудын эсрэг хийж буй эрх чөлөөний дайн мөн”. Энэ нь эргээд дайсан гэж хэнийг хэлэх вэ гэдгийг тодорхойлоход хүргэнэ. Дайснаа олсон бол тэмцэх аргаа сонгох хэрэгтэй. Дайснаа дарах хамгийн үр дүнтэй арга нь үгүй хийх явдал юм. Өөрөөр хэлбэл Робеспьер аллагыг онолын хувьд зөвтгөсөн байна. Хувьсгалчид дайсны эсрэг туйлын сонор, соргог идэвхтэй тэмцэх хэрэгтэй. Тэгж байж сая хувьсгал, бүгд найрамдах засгийг төгс ялалтад хүргэнэ. Дайснуудынхаа эсрэг тэмцэлд хувьсгалчид дарангуй аргыг хэрэглэх ёстой. Учир нь “хувьсгалт засаг гэгч – дарангуй засгийн эсрэг тэмцэх эрх чөлөөний деспотизм юм”.
Нэгтгэн дүгнэхэд якобинчуудын үзэл санаанд ард түмний бүрэн эрхт байдал, эрх мэдэл хуваарилах зарчим, хувьсгалт террор, хүний эрхийн үзэл санаа бүхэлдээ багтсан байдаг.

МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, НИЙТИЙН УДИРДЛАГЫН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Sunday, September 3, 2017

МАРК ТУЛЛИЙ ЦИЦЕРОНЫ УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний түүхэнд эртний Ромын улс төрийн сэтгэлгээ хүндтэй байр суурь эзэлдэг. Хэдийгээр үндсэн үзэл санаагаа эртний Грекийн, тэр дундаа Платон, Аристотель нараас үндэсжүүлж хөгжүүлсэн боловч өөрийн гэсэн өнгө төрхтэй байсныг онцлох байна. Тухайлбал, ийм сэтгэгчдийн нэг нь улс төрийн зүтгэлтэн, цолгорсон төрийн бодлоготон, уран илтгэгч Марк Туллий Цицерон (НТӨ 106-НТӨ 43 он) байв.
Цадиг намтар. Цицерон НТӨ 106 оны нэгдүгээр сарын 3 нд Ром хотноо мэндэлсэн бөгөөд яруу илтгэл зүй, иргэний эрх зүй, грек хэл, эпикурч болон стоик үзэлтнүүдийн гүн ухааныг судалсан. Өөрийн авьяас, чадварын ачаар зохиол бүтээл нь өнөөдрийг хүртэл ач холбогдлоо алдаагүй нэр нэндсэн уран илтгэгч, улс төрч, төрийн зүтгэлтэн болжээ. Идэр залуу насандаа квестор (санхүү, шүүхийн хэрэг эрхэлсэн түшмэл), Сенатын гишүүн, эдил (хотын хүнсний хангамж, дэг журмыг хангах үүрэгтэй сонгуульт албан тушаал), претор (шүүн таслах үйл ажиллагаа эрхэлсэн дээд албан тушаалтан), консул (Ардын хурлаас сонгогдох Ромын БНУ-ын дээд албан тушаалтан) зэрэг төрийн алба үүрэглэж байсан. Цицерон уран илтгэгч болохын хувьд иргэний болон эрүүгийн хэргээр шүүхэд, улс төрийн асуудлаар ардын хуралд олон нийтэд хандсан хэлэлцүүлэг өрнүүлж байв. Цицерон язгууртны бүгд найрамдах улсыг тууштай хамгаалагч нэгэн байжээ. Тэрээр ганц хүний хатуу засаг тогтоохыг эрмэлзэж байсан Ромын патриц Катилинагийн хуйвалдааныг илрүүлсэн байдаг. Цицерон хуйвалдааныг дарах үйл ажиллагааг биечлэн удирдаж, хуйвалдааныг зохион байгуулсан таван язгууртныг цаазалсан байна. Үүнийх нь төлөө ардын хурлаас түүнд «эх орны эцэг» гэх хүндтэй алдрыг хүртээжээ.
Цицерон нэг хүний дэглэм тогтоохын эсрэг тууштай зогсож байв: тухайлбал, Цезарь засгийн эрхэнд гарахад «улсын доторх эрх чөлөө алдагдаж» «шөнийн бүгд найрамдах улс» тогтлоо хэмээн үзсэн байдаг. Цезарь НТӨ 59 онд консулаар сонгогдсныхоо дараа Цицероныг Каталинагийн хуйвалдаанд оролцогчдыг хууль бусаар шийтгэх ажлыг гардан хэрэгжүүлсэн гэх ял тулгажээ. Айн ширвээтсэн Цицерон засаг төрөөс уучлал эрж, Ром хотыг орхин одсон байна. Орон гэрийг нь сүйтгэж, хөрөнгийг нь дайчлан хураажээ. Гэвч удалгүй нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр Цицерон Ром хотноо эргэн ирж чадахаар болсон юм. НТӨ 51 нд түүнийг бага Азийн Килик мужийн дэд консулаар томилосон байна. Цицероны улс төрийн нөлөө цаашид улам бүр өсч, Цезарийг үхсэний дараа НТӨ 44 онд Ромыг бүхэлд нь удирдах болж, Цезарийн хууль ёсны залгамжлагчаар эртний Ром дахь анхны эзэн хаан Октавиан Август нэр хүлээсэн түүний ач хүү Гай Октавийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг Сенатаар гаргуулж байжээ.
НТӨ 44-43 онуудад Ромын засгийн эрхийг гурвал гэж нэрлэгдсэн Антони, Октавиан, Лэпид нар барьж байсан ба Цицерон тэдний эрх мэдлийн эсрэг эрс шийдэмгий зогссон учир шүүхгүйгээр мөрдөн мөшгиж үгүй хийх хүмүүсийн хар дансанд нэрийг нь оруулжээ.
Гүн ухаантан НТӨ 43 оны хоёрдугаар сарын 7 нд алагдсан билээ. Түүний тэргүүн, баруун гарыг тасдан Антоны тушаалаар Ромын цэнгэлдэх хүрээлэнд олны өмнө үзүүлжээ. Түүхчдийн гэрчилж буйгаар «Ромчууд үүнийг айдас түгшүүртэйгээр хүлээн авсан» (Плутарх) бөгөөд «урьд өмнө байгаагүй ихээр ард иргэд цуглан сонирхцгоож байв» (Аппиан).
Үндсэн бүтээл: «Төр улсын тухай» (НТӨ 54—51 он), «Хууль цаазын тухай» (НТӨ 52 онд эхлүүлсэн боловч дуусгаж чадаагүй), «Үүргийн тухай».
Цицероны улс төрийн сургаал
Цицероны улс төр, эрх зүйн үзэл санаа төр, эрхийн онолын хөгжилд үлэмжхэн хувь нэмэр оруулсныг онцлох байна. Ерөнхийлөн авч үзвэл Цицерон бол улс төрийн практикт үзэл санаа нь хэрэгжсэн эртний Ромын нөлөө бүхий, хайв эрдэмтдийн нэг болно. Тухайлбал, энэ талаар Оросын судлаач С. Л. Утченко Цицероны бүтээлүүдэд нийгмийн анги давхаргуудын олон талт (Concordia ordinum), эв эеийг (consensus bonorum omnium) сахисан үзэл баримтлал хурцаар илэрдэг тухай цохон тэмдэглэжээ. Нэмж хэлэхэд, уг санаа Цицероны бүтээлүүдэд бүхэлдээ нэвт шингэсэн байдаг. Гүн ухааны мэдлэгийн ач холбогдлыг цохон тэмдэглэхийн зэрэгцээ улс төрчид, улс төрийн зүтгэлтнүүд энэ ухааныг шимтэн судалбаас сая зохилтой гэсэн санааг хөгжүүлсэн.
Ерөнхийдөө түүний улс төрийн сургаал бүхэлдээ эртний Грекийн сэтгэлгээнд дулдуйдан хөгжиж байсныг онцлох байна. Ромын төрт ёсны хөгжлийн онцлогийн тухай асуудлыг хөндөж, ямагт энэ чиглэлд ач холбогдол өгч байжээ. Үүнээс гадна, Ромын бүгд найрамдах улсын түүхэнд гүйцэтгэх онцгой үүргийн асуудлыг авч үзсэн. Цицерон Ромын бүгд найрамдах улсыг Грекийн хот улсуудтай сөргүүлэн гаргаж ирэхийг оролдсон. Тухайлбал, Грекийн хот улсуудад үндсэн хууль ганц, нэг хууль тогтоогчоос хамааралтай бол Ромын бүгд найрамдах улсад энэ нь нийт ард түмний зүтгэлийн үр дүн байдаг гэжээ. Далай, тэнгисийн эрэг дагуух хот улс давуу байж чаддаггүй. Харин ч далай, тэнгисээс алслагдсан байх нь давуу тал болохыг онцолсон байна.
Төр улсын үүслийн тухай асуудлаар Цицеронд эртний Грекийн гүн ухаантан Платон, Аристотель, Полибий, Панэтии нар тодорхой нөлөөлөл үзүүлсэн байдаг. Эхэндээ төрт нийгмийн харилцаанд орох, араатан амьтны эсрэг хүмүүс эвлэлдэн нэгдэхэд ганц нэг хүний яруу илтгэл чухал үүрэгтэй байсан талаар дурдсан бол хожим байр сууриа өөрчилж хүмүүсийн хамтаар амьдрах хүсэл тэмүүлэл нь үүнд голлон нөлөөлсөн гэсэн санааг хөгжүүлжээ. Хүй элгэний хэд хэдэн төрлийг гаргасан бөгөөд эдгээр дотроос иргэний хүй элгэнийг онцгойлон чухалчилсан. Төр улс хэмээгч нь ард түмний үйл хэрэг (res publica) мөн гэсэн тодорхойлолтыг Цицерон өгсөн нь хойч үеийн олон мэргэдэд гүн суртхаал болжээ.
Төр хэмээгч нийт ардын үйл хэрэг бөгөөд ард түмэн гэгч нийтлэг ашиг сонирхол бүхий бөгөөд эрх зүйн асуудлаар эелэлдсэн олон хүмүүсийн нэгдэл болно (Цицерон. О государстве, I, XXV, 39).
Эртний Грекийн улс төрийн сэтгэлгээнд ноёрхож асан засаглалын хэлбэрийг ардчилсан, язгууртны, эзэн хаант гэж хуваах ангиллыг Цицерон үргэлжлүүлэн авч хөгжүүлсэн байна. Түүний үзсэнээр, civitas popularis (ардчилсан), civitas optimatium (язгууртны), regnum (эзэн хаант буюу ганц хүний) гэх засаглалууд оршин байхын сац тодорхой эрэмбэ, зүй тогтлоор солигддог гэсэн санааг гаргасан байна. Гэхдээ өмнөх сэтгэгчдийн нэгэн адил засаглалын аль нэг хэлбэрийг онцгойлж үзсэнгүй. Дээр дурдсан засаглалын хэлбэрийн сайн талуудыг өөртөө шингэсэн холимог хэлбэрийн бүгд найрамдах засаглал сайн гэдгийг онцолсон. Энэ тал дээр тэрээр Грекийн гүн ухаантан Полибийн төгс төгөлдөр холимог төрийн үзлийг хөгжүүлсэн гэж болох талтай. Практикт хэрэгжих боломжгүй санааг хөгжүүлэх, бусдыг уламжлалыг даган дуурайх зэрэг нь төрийн байгууллын хувьд байж боломгүй мунхаглал болохыг Цицерон онцолсон. Ромын төрийн байгуулал мөнх орших бөгөөд холимог төрийн засаглалын үед тогтвортой байдал дээд зэргээр хангагддаг болохыг чухалчилсан. Харин аль нэг талыг хэлтгийлсэн төрийн байгуулал тогтворгүй хандлагатай байдгийг ажигласан байна. Нөгөө талаас нийгмийн шударга ёсыг хангаж чаддаггүй аж.
Бидний үед уламжлагдаж ирсэн «Төр улсын тухай» гэх бүтээлийн тавдугаар дэвтэрт Ром улсыг нийгмийн зөрчлийг шийдвэрлэсэн бүгд найрамдах улс болгох шаардлагатай гэсэн санааг дэвшүүлсэн байна. Тэргүүн зөвлөх Октавиан Августын засаглал Цицероны төсөөлөлд огт нийцэхгүй байсан бөгөөд их сэтгэгч төрд адлагдахын эхлэл болжээ. Улс орны тэргүүн ямар нэгэн бүлэг, давхаргыг эрх ашгаас дээгүүр улсын язгуур эрхийг хүндэтгэн үздэг хүн байх ёстой. Улсын тэргүүнийг Цицероны бүтээлүүдэд rector rei publicae, tutor et moderator rei publicae, princeps гэх зэргээр нэрлэсэн байдаг. Түүний үзсэнээр, төр улс нэг бол мөхөлд хүрдэг, эс бөгөөс төгс хууль тогтоомжийн үр шимээр мөнх оршин тогтнодог. Гэхдээ хувь заяаг сохроор даган дуурайх хандлага нь Цицероны үзэл санааны үнэлэмжийг зарим талаар дордуулах тохиолдол байв.
«Хуулиудын тухай» нэрт зохиолдоо Цицерон жам ёсны эрхийн үзэл санааг хөгжүүлсэн байна. Түүний үзсэнээр, жам ёсны эрх зүй хүмүүст төдийгүй бурхдад хүртэл хамаатай болно. Жам ёсны эрх зүйн тусламжтайгаар хүмүүс сайн үйлээс мууг, шударга бус зүйлээс шударга ёсыг зааглан авч үздэг байна. Өөрөөр хэлбэл, хүн юу хийх ёстой хийгээд хийх ёсгүйг зааглах дээд үнэт зүйлс нь энэхүү хууль болно (lex est ratio summa, insita in natura, quae iubet ea quae facienda sunt, prohibetque contraria). Жам ёсны эрх зүйд тулгуурлахын зэрэгцээ хүмүүсийн хэлцлийн үр дүнд хүний хууль үүснэ. Хүмүүс шударга бус, хүнлэг бус, буруу хууль гаргах нь олонтоо байх бөгөөд үүний чухам шалтгаан хүний төрөлх мүс чанарт оршино. Ингэхлээр эндээс ямар ч хүний хууль гарч болно. Гэхдээ хамгийн гол нь жам ёсны хууль мөн гэсэн санаа гарч байна. Хувь заяанд сүслэгч тэрээр зарим талаар шашинлаг үзэл хөгжүүлж, хойд насны сургаалыг гаргасан байдаг. Хэдийгээр Цицероны язгууртан ноёдын эрх ямбыг хамгаалагч гэж үздэг ч боолуудад хүнлэг хандах, хөлсний ажилчдыг дордчлохгүй байх тэргүүтэн олон дэвшилтэт санааг хөгжүүлсэн байдаг.

ТОЛМОЧЛОН БУУЛГАСАН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР