Sunday, April 16, 2017

КҮНЗ "ЯРИА, БОДРОЛ"

Эртний Хятадын гүн ухааны охь манлай, мэргэн багш Күнз авгай бээр МЭӨ 551 онд Цюйфу хэмээх газар өндөр сурвалжит түшмэл Шу Лянхэ хэмээгчийн татвар эм Янь Жэнцзай-гаас төрсөн авай. Хөвүүн мэндлээд төдий удалгүй эцэг нь бие барсан тул Кун Цю (Күнз авгайн эцгээс хүртсэн их алдар болно., орчуулагчийн тайлал) өөрийн эхийг дагаж, хал үзэн, халуун чулуу долоож, ядуу, буурайн туйл болон амьдарч байв. Кун Цю эцгийнхээ 63-ны, эхийнхээ 17-ны жил мэндэлсэн хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Идэр насандаа тэрээр Лу ханлигт хүчээ өгч, өчүүхэн тушаал үүрэглэж байв. Хорь гаруй наснаасаа эхлэн “Тэнгэрийн доорх агуу багш” хэмээн хүндлэгдсэн Кун Цю 3000 орчим шавьтай байсан гэх ба  түүнд ойр шадарлах 70 орчим хүнийг тодлосон байдаг ч өнөөгийн байдлаар тэдний ердөө 28 шавь нь олонд танил болжээ.
Кун Цю авгайн хамгийн дотны шавь нар нь Ю Жо, Зэн-цзы, Янь Юань нар байв. Эртний хэв хуулийг шүтэж, хүн бүр ёс суртахуунд сүслэн амьдрах зол буянт нийгэм цогцлоохыг хүсэмжилж асан их хүмүүн газар, тэнгэрийн савслага дахь бядуу оршихуйгаа хэтэрхий мэргэн болох үйлсэд зориулсан амой. Кун Цю авгайн үзэл санаа Цинь эзэнт гүрнийг бядуу ухаант Ху Хай бээр мөхөөн унагасны эцэст ер бусын хүчээр түмэн иргэнийг засаж, өнөөг хүртэл оршсоор авай. Кун Цю авгай бээр “Чуньцю” буюу “Хавар, намар”, “Ши-цзин” буюу “Уран яруу үгийн бүтээвэр”, “Лунь Юй” буюу “Яриа, бодрол” зэрэг олон шастир туурвиж, хүмүүний ертөнцөө олон зуунаар дуурсах гэгээн алдрыг олжээ. Олон оныг хэрэн элээж, үзэл санаагаа түмэн ардад таниулж асан Кун Цю авгай МЭӨ 479 онд Дүшидийн орноо морилов (таалал барав хэмээх үг болно., орчуулагчийн тайлал) (Бичвэрийг Монгол хэлнээ буулгасан  Отгонбаяр Нямаев).
КҮН ЦЮ
“ЯРИА, БОДРОЛ”
Тэргүүн бүлэг
5. Мэргэн багш айлдсан нь:
-Нэг мянган байлдааны тэрэг дайчлах хошуу захирагч үйл хэрэгтээ чигч, шударгуу, оорцог хүнийг энэрэн нигүүлсэхийн сац эд таваар арвилан хэмнэгч, улирлын аясад таацуулан ардыг аж төрөх хэв хуулинд сургамжлагч нэгэн байвал зохилтой.
Дэд бүлэг
Засаг баригч
3. Мэргэн багш айлдсан нь:
-Хэрэв цааз, хуулинд заасан ёсоор улсыг засаж, гэмтнийг гэсгээх аваас ард олон ичгүүр үл хүлээх авч болгоомжлон сүрдэх бөлгээ. Хэрэв сайн үйлийг цааз болгож, эртний ёс горимоор улсаа засах аваас ард олон ичгүүр хүлээхийн сац төвшин зүтгэлээр зүтгэх амой.
Зургаадугаар бүлэг
Юн бөлгээ
7. Сэцэн ухаант идэр настан асууруун:
-Чжу Ю-г төрийн хэрэгт зүтгүүлж болох болов уу?
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Ю болбоос эрс шийдмэг хүмүүн. Юуны учир албанд зүтгүүлж эс болох билээ?
-Тэгвэл Цы эрхэмийг төрийн хэрэгт зүтгүүлж болох болов уу?
-Цы болбоос сийрэг ухаант хүмүүн. Юуны учир албанд зүтгүүлж эс болох билээ?
-Мэргэн Цю-г төрийн хэрэгт зүтгүүлж болох болов уу?
-Мэргэн Цю болбоос ухаан хэтийдсэн хүмүүн. Юуны учир албанд зүтгүүлж эс болох билээ?
Арван хоёрдугаар бүлэг
Янь Юань
Чжунгун хүнлэг байхын учир холбогдлын тухай асуув. Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Үг хэл, хурц хүмүүн бус хүмүүнийг өөртөө хурааж чадах агаад ард олныг түүн лугаа адил хураан захирч чадах аж: өөрийн үл хүсэмжлэх зүйлийг оорцог хүмүүнээс бүү шаард: улс орныг бүү самууруул, орон гэрээ бүү сандаач.
Чжунгун хэлэх нь:
-Би хэдий бядуу ухаант боловч таны энэ мэт ёстой үгийг хичээнгүйлэн дагасугай.
7.  Төрийг удирдан жолоодохын арга, ухаан юунд орших тухай Цзыгун асуув. Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Ард олон мөр бүтэн, гэдэс цатгалан үед олны итгэл болмуй.
-Мэргэн багш таны айлдсан зүйлсээс юу нь илүүц буюу? хэмээн Цзыгун асуув.
-Хахир хатуу зэвсэг агсах нь илүүц буюу.
-Мэргэн багш таны айлдсан зүйлсээс дахин юу илүүц буюу? хэмээн Цзыгун ахин хүчлэн асуув.
-Хоол, хүнс илүүц буюу.
Эртнээс инагш үхэл хэмээгчээс амь зулбасан нь нэгээхэн бээр ч үгүй болой.
Олны итгэл хөсөр болбоос улс гэр амаржихад бэрхтэй амой.
9.  Тэрслүү бодолтой ван хэргэмтэн Ю Жогоос асууруун:
-Хэрхэн аюумшиггүй тийн хэлэх. Өнөө жил ургац муу, ган гачиг нүүрлэсэн бэрхтэй жил амой.
Ю Жо хариу өгүүлрүүн:
-Эрхэм хүмүүн та юуны учир бус хүнээс аравны нэгийг татварлан авч болохгүй билээ?
-Мөхөс хүмүүн аравны хоёрыг авсаар атал үл хүрэлцэх амой. Тийн атал аравны нэгийг яахан авч болох билээ хэмээн засаг баригч ван хариу өгүүлэв.
Ю Жо хэлэх нь:
-Олон ард хүндлэн өгсөөр атал та хэрхэн үл хүрэлцэх хэмээн вэ?, олон ард нийтээр үгүйрэх аваас та хэрхэн татварлах билээ?
11. Хошуу захирагч их ван Ци улс, гэр засахад юуг хичээвэл зохилтой хэмээн Күнз авгайгаас асуув. Күнз авгай хариу өгүүлрүүн:
-Хаан хүмүүн хаан лугаа адил, албат иргэн мөн лугаа адил, эцэг хүмүүн эцэг лугаа адил, хөвүүн хөвүүн лугаа адил байхад оршмуй.
-Бурхан зүг! Ёстой үг, хэрэв хаан хүмүүн хаан лугаа адил, албат иргэн мөн лугаа адил, эцэг хүмүүн эцэг лугаа адил, хөвүүн хөвүүн лугаа адил эс болох аваас юуны учир мөхөс хүн надад таатай идээ олдож, гүнцэглэх билээ? хэмээн ван хариулав.
14. Цзычжан улс гэр удирдах хэрэг юунд суурилах учиртайг асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Олон иргэнийг засаглах үед бие, сэтгэлээ зүдээ
Зарлиг цааз хэрэгжүүлэх аваас чигч, шударгууг хичээ
17. Сэцэн ухаант идэр настан засаглан удирдахын үндэс юунаас бүтэх амой хэмээн мэргэн Күнз авгайгаас асуув.
Мэргэн Күнз авгай хариу өгүүлрүүн:
-Засаглах хэмээгч нь засах хэмээх үг болой.
Өөрийгөө засаж үл чадах хүмүүн улс гэрээ хэрхэн засах билээ?!
18. Сэцэн ухаант идэр настан эс өгснийг авагч бус хүний үйлдэлийн тухай сэтгэлээ чилээж, мэргэн багш Күнз авгайгаас зөвлөгөө хүсэв.
Мэргэн Күнз авгай хариу өгүүлрүүн:
-Хүслээ хязгаарлаж, төлөв даруу байж сур
Бусдын  эс өгснийг авахыг цээрлэ
19. Сэцэн ухаант идэр настан мэргэн Күнз авгайтай улс гэр хэрхэн удирдах тухай хэлэлцэхийн ялдамд асуусан нь:
-Үйл чигч шударгуутай шадарлахын тулд үйлс гажуу хүмүүнийг гэсгээн шийтгэж болох уу?
Мэргэн Күнз авгай хариу өгүүлрүүн:
-Улс гэр удирдах эрх хөвүүн чиний гарт буй бол юуны учир бус хүмүүнийг хилсээр гэсгээх билээ? Гагц сайн үйлийг тэгш хэмээр дэвжээх аваас улс иргэн хотлоор үйлс чигч болмуй. Ухаан саруул эрийн үйлс-салхи болой, бус хүмүүн-өвс болмой: өвс салхины аясаар налах ёсон буй амой.
20. Цзычжан асууруун:
-Ухаант цэцэн хүмүүн билэг авъяас хэтийдэхийн тул ямар байхыг айлдаж соёрхоно уу?
-Хөвүүн чиний үзэж буйгаар билэг ухаан хэтийдэх гэгч юу болохыг хэлж өгнө үү? хэмээн мэргэн багш асуув.
-Орон гэртээ хүндлэгдэж, улс иргэндээ сайшаагдахыг хэлэх амой хэмээн Цзычжан хариу өгүүлэв. Мэргэн багш санаа эс нийлж, хариу өгүүлрүүн:
-Энэ бөгөөс ухаан хэтийдэх бус, олонд нэр олох явдал болмуй. Ухаан хэтийдэх хэмээгч нь шударгуу, ёстойг хичээхийн сац дорд хүмүүний төлөө сэтгэлээ зүдээж, тэдний төлөө үйлс цогцлоох их хүмүүнийг хэлмой. Ийм хүмүүн өрх гэртээ төдийгүй улс орондоо олонд хүндлэгдмой. Олонд хүндлэгдсэн хүмүүн төв даруйг цогцлоох агаад үйлс нь эргэлзээ үл төрүүлмой. Энэ мэт явбаас өрх гэртээ төдийгүй олон иргэнд нэр олох болой.
Арван гуравдугаар бүлэг
Цзылу
1.Цзылу захирагч гэж хэнийг хэлэх тухай асуув.  Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Өөрийн зүтгэлээр олныг дагуулахыг хэлмой.
Цзылу бээр дахин хүчлэн асуухад мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Алжаал үл мэдэн зүтгэхийг хэлмой
2. Чжунгун өчүүхэн тушаал үүрэглэж, захирагч гэж хэнийг хэлэх тухай асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Олон ардыг түүчээлэн явж, өчүүхэн хэрэгт санаа зүдээлгүй, эрхэм чадвартайг дэвшүүлэн хэрэглэхийг хэлмой
-Дэвшүүлэн хэрэглэхийн учир эрхэм чадвартайг хэрхэн таних билээ хэмээн Чжунгун асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Олонд нэр олсон бус хүмүүнийг дэвшүүлэн хэрэглэ
3. Цзылу өгүүлэх нь:
-Вэй улсын хаан их багш таныг засаг, цаазын хэрэгт дэвшүүлэн хэрэглэхийг хүснэ.
Эрхэм хүмүүн юунаас эхлэх хэрэгтэй хэмээн сэтгэнэ вэ?
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Нэрээ засах учиртай
Цзылу санаа эс нийлж асууруун:
-Эрхэм та юуны учир ийн айлдана вэ? Энэ бөгөөс хэтэрхий хуудгай хэрэг болмуй.
Мэргэн багш та юуны учир их алдраа засах хэмээн сэтгэнэ вэ?
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Эвий, Ю хөвүүн минь, ухаан чинь балчир байна! Ариун шударгуу хүн үл ойлгох зүйлээ чимээгүй сонсон суухыг илүүд үзнэ. Хэрэв нэр эс нийцэх аваас бус хүнд тайлбарлаж үл чадна. Хэрэв бус хүнд тайлбарлаж  эс чадах аваас ажил үйлсдээ амжилт эс олно. Хэрэв ажил үйлсдээ амжилт эс олох аваас эртний ёс горим цэцэглэж эс чадна: эртний ёс горим, дуу эгшиг цэцэглэж эс чадваас ял шийтгэл зорилгоос гадуур болох, ял шийтгэл зорилгоос гадуур болох аваас олон ард үймэн цуугих болмуй. Иймийн учир эрхэм хүмүүний алдрыг хүлээх бүх хүн юмсыг тайлбарлан таниулж чаддаг, түүнийгээ хэрэгжүүлэх чадвар бүхий байвал зохино. Эрхэм хүмүүн ажил үйлс цалгайдахаас зайлсхийж явбал зохино.
9. Вэй улсад аялан явах зуур эрхэм багшийн хамт Ю Жо тэрэг жолоодож авай.
Мэргэн багш өгүүлрүүн:
-Ямар олон иргэн буй!
Ю Жо асууруун:
-Энэ олон ардыг хэрхвээс зохих?
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Тэднийг баяжуулваас зохино
Ю Жо дахин хүчлэн асууруун:
-Олон ардын баяжуулсны сүүлээр хэрхвээс зохино?
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Тэднийг сургаваас зохино
11. Мэргэн багш бахдан өгүүлрүүн:
-Улс гэрийг олон оны турш сайн хүмүүс захиран засаглах аваас хүчирхийлэл хэмээгчийг үл санахын сац ял шийтгэлийн хэрэг үгүй болмуй!
12. Мэргэн багш өгүүлрүүн:
-Засаг төрийн эрхэнд үнэн захирагч хүмүүн гарсан ч хүнлэг зан хэдий удаан хугацааны эцэст цогцлохыг гагц тэнгэрийн санаа мэдэх
13. Мэргэн багш асууруун:
-Чи улс гэрээ засан тохинуулж эс чадваас өөрийн биеэ хэрхэн засах буй?, чи өрийн биеэ засаж эс чадваас бус хүнийг хэрхэн тийн явуулах буй?
14. Жань авгай эргэн ирэхийн цагт мэргэн багш асууруун:
-Юуны учир энэ мэт цалгайдав?
-Төрийн хэрэг хэлэлцээд энэ мэт болов хэмээн шавь хариу айлтгав.
Мэргэн багш санаа эс түвдэж хариу өгүүлрүүн:
-Энэ болбоос төр иргэний хэрэг бус буюу. Мөхөс хүн хичээн зүтгэхийг эс мэдээд энэ мэт өгүүлэхийн түмэнтээ сонсов.
15. Хатуу зоригт ван асууруун:
-Улс иргэнийг ганц суртхаалиар хөгжөөн дэвжээж чадах эсэхийг айлдан соёрхоно уу?
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Ганц суртхаалиар түмэн иргэнийг хэрхэн засан тохинуулах буй. Гэвч олон ардын өгүүлэх ину:”захирагч байх бэрхтэй, албат байх хялбар бус амой” хэмээх буй. Хэрэв олныг засах их ноён байх бэрхтэй гэгчийг ухан ойлгох аваас хэрхэн аюумшиггүй улс гэрийг ганц суртхаалиар хөгжөөн дэвжээх буй?
-Тийн аваас ганц суртхаалиар улс гэрийг зүдээн мөхөөж болох эсэхийг айлдан соёрхоно уу? хэмээн ван асуув.

Күн-цю авгай хариу өгүүлрүүн:
-Ганц суртхаалиар хэрхэн  энэ мэт болох буй. Гэв олон ардын өгүүлэх ину: “албат иргэнийхээ үгийг хүндлэн үзэх захирагч мэргэн буй” хэмээжээ. Сайн, муу зүйлийг өгүүлэх дор хэн татгалзаж чадах буй? Хэрэв самуун ёсгүй үг өгүүлэх дор хэн татгалзах хийгээд энэ мэт болбоос хэрхэн ганц суртхаалиар улсыг мөхөөж болох буй буюу?
16. Ван Шэ улс гэрийг удирдан залах хэмээх юу буй тухай асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Ойр явбаас цэнгэлдэх, хол буй аваас эв эеэ хичээх явдал амой.
17. Цзыся Цюйфу газрын захирагч болсны сүүлээр захирагч хүн хэрхэн ажиллавал зохилтой тухай асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Түрхэн зуурын амжилтанд бүү сатаар, өчүүхэн ашигт бүү дурла. Өчүүхэнд дурлаж, зорилгоо умартваас их хэргийг бүтээж эс чадмуй.
19. Фань Чи хүнлэг байхын учир юунд оршихыг лавлан асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Гэр орондоо хүндлэгдэж, үйл хэрэгтээ чин сэтгэлээр хичээн зүтгэ, бус хүнтэй сайны дээдээр харьц, дайсан (Варвар хэмээх үгийг дайсан хэмээн дүйж орчуулав., орчуулагчийн тайлал) тань тэвчээр алдсан ч энэ мэт яв.
20. Цзыгун асуусан нь:
-Эрдэмт хүмүүн хэрхэн аж төрвөөс зохистойг заан сургах ажаамуу
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Зан ааш даруй, төлөв, эзний зарлигийг хичээнгүйлэн хэрэгжүүлж, бие сэтгэлээ зүдээх хүмүүнийг эрдэмт хүмүүн хэмээн нэрлэх буюу.
-Үүнийг хэрхэн танин мэдэх буй?
-Гэр орондоо эцэг, эхээ ачлах, тосгон сууриндаа ахмад настнаа хүндлэх хүн болмуй.
-Үүнийг хэрхэн танин мэдэх буй?
-Эргэлзээгүй, бага хүмүүс болой. Тэдний үг яриа нь чигч шударгуу, үйлс бүтээл нь шийдмэг байх амой. Тэд олон хүний эвийг олохын сац үйлс хэрэг нь зүйтэй сайн байх нигуур буй.
20-р бүлэг
2. Цзычжан Кун-Цю авгайгаас асуусан нь:
-Улс гэрийг засахад оролцооны нөхцөл ямар байвал зохистойг айлдан соёрхоно уу?
-Улс гэрийг засахад таван эрхэмийг дэвжээж, дөрвөн муу үйлийг цээрлэж явбаас бүтэх амой.
-Таван эрхэм хэмээгч юу болохыг айлдан соёрхоно уу? гэж Цзычжан асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Нигүүлсэнгүй сэтгэл асаах их хүмүүн өчүүхэн ашгийг үл хичээх: хичээн зүтгэх олон иргэнд саар үйл үл хийх: хүсэл сэтгэлээ шунаг зангаас ангид авч явах: сүр хүч ихдэхийн цагт авчин сэтгэлд үл автах: дайчин эрэмгийг хичээх ч хэрцгий авир үл гаргах тэргүүтнийг таван эрхэм хэмээн нэрлэх амой.
-Дөрвөн муу үйл хэмээгч юу болохыг айлдан соёрхоно уу? хэмээн Цзычжан асуув.
Эх сурвалж: Отгонбаяр Нямаев. Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг - 1. Ред: Г. Энхтуяа, Ш. Гаваа, УБ: "БТМ" ХХК хэвлэх үйлдвэр, 2013 он. х. 89-102.

АРТХАШАСТИР БУЮУ АШИГ ТУСЫН ТУХАЙ СУРГААЛ

Эртний Энэтхэгийн улс төр сэтгэлгээний томоохон дурсгал бичиг нь “Артхашастир” буюу “Ашиг тусын тухай сургаал” нэртэй бүтээл болно. “Артхашастир” бүтээлийг МЭӨ IV зууны үед I Чандрагупта (Грекээр түүнийг Сандрокотт хэмээн нэрлэдэг байв., орчуулагчийн тайлал) хааны мэргэн сайд, брахман Чанакье зохиосон хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Дэлхийн улс төр сэтгэлгээний түүхэнд “Артхашастир” зохиолтэй адил улс төрийг реалист хандлагаар бичиглсэн бүтээл туйлийн ховор ба өгүүлэн буй сургаал гарснаас хойш 1800 орчим жилийн хойно мэргэн Макиавелли “Эзэн хаан” бүтээлээ олны хүртээл болгосон байна.
Санскрит хэлээр चाणक्य гэж нэрлэгдэж асан Чанакье буюу Каутилья МЭӨ 370-283 онуудад амьдарч байсан агаад анхлан Таскил хэмээх хотноо Маруьев улсын эзэн хаан I Чандрагуптад ойр шадарлаж, эхлээд Сулхарнайн сатрап (Сатрап хэмээх үг засаг захиргааны нэгжийг илэрхийлсэн нэршил болно., орчуулагчийн тайлал)-уудыг, дараа нь хүчирхэг Нандын эзэн хаан Аграмэсийн цэргийг бут цохисон байна. Энэ тулаанд I Чандрагупта, Чанакье нар нэг сая хүн, зуун мянган заан, мөн төдий хэрийн агт морь, таван мянган байлдааны тэрэг алдсан хэмээн “Милинда-панха” нэрт зохиолд дурджээ.
Магадхи улсын кшатри гаралтай I Чандрагупта хаан МЭӨ 317 онд шинэ Маруьев улсын эзэн болсон ба дөрвөн зуун мянган хүн, дөрвөн мянган зааны хүчээр Бенгалийн булангаас Арабын тэнгис хүрсэн их газрыг эрхшээн дагуулав. I Чандрагупта хаан улс гэрээ 24 наснаас эхлэн цогцлоосон бол түүний хөвүүн Биндасура 25 наснаасаа эхлэн их улсын эзэн ор суусан байна.
Хүч, заль хослуулсан олон жилийн улс төрийн туршлага дээрээ тулгуурлан мэргэн Чанакье “Артхашастир” зохиолыг туурвисан байна. 15 дэвтэр, 150 бүлэг, 180 хэсэг, 6000 мөрөөс бүрдэх энэ зохиолыг анх 1904 онд Энэтхэгийн нэрт эрдэмтэн Р. Шамашастри олж, 1905 онд санскрит хэлнээ, 1915 онд Англи хэлнээ тус бүр хөрвүүлсэн байх бөгөөд 1993 онд ОХУ-д академич, санскрит судлаач С.Ф. Ольденбург-аар удирдуулсан эрдэмтэд судлаж Оросын ард түмний хүртээл болгосон байна. Харин өнөөг хүртэл Монгол хэлнээ гарч байгаагүй болно (Бичвэрийг Монгол хэлнээ буулгасан Отгонбаяр Нямаев).
“АРТХАШАСТИР” БУЮУ “АШИГ ТУСЫН ТУХАЙ СУРГААЛ”
Тэргүүн дэвтэр. Үйл байдлын дүрэм журмын тухай
 1. Шинжлэх ухааныг тодорхойлох нь. 2. Мэргэдтэй харилцах нь. 3. Мэдэрхүйгээ ялан дийлэх нь. 4. Сайд нарыг дэвшүүлэн хэрэглэх. 5. Тэргүүн сайд, төрийн багш нарыг дэвшүүлэн хэрэглэх. 6. Уран аргаар сайд түшмэдийн чигч шудрагууг байцаан шүүх. 7. Нууц заншлаач бий болгох. 8. Нууц заншлаач хэрэглэх. 9. Өөрийн улс дахь нам нийлж, сэм хуйвалдах шудрагуу бус хүмүүсийг сурвалжлан мэдэх. 10. Дайсан улсынхаа зальхай самуун явдалт, засгаа тэрслэн тэмцэх хүмүүсийг талдаа татах. 11. Оорцог хүнээс зөвлөгөө авахын учир холбогдол. 12. Зараалын элчин сайд нарын дагаж явах дүрэм. 13. Хан хөвүүдийн зан төлвийг сурвалжлан мэдэх. 14. (Угсаа залгагч хан хөвүүний) зан төлөв. 15. (Хаан хүний) (хөвүүдтэйгээ) харьцах зан төлөв. 16. Хаан хүний үүрэг. 17. Хаан эзний ордонд баримтлах журам. 18. (Хаан хүний) хишигтэн, хэвтүүлийн алба.
 Тэргүүн дэд дэвтэр. Харгалзагч нарын үүрэг.
 1. Мужийн засаг цааз, хүн ам. 2. Үржил шим муудсан газрыг ашиглах тухай. 3. Цайз, хэрэм байгуулах тухай. 4. Цайз хэрмийн дотоод зохион байгуулалтын тухай. 5. Төрийн (эрдэнэсийн санд) хөрөнгө хуримтлуулах нь. 6. Орлого бүрдүүлэх үйл явцыг сурвалжлах. 7. Сангийн яаманд тооцоо гаргах тухай. 8. Зальхай түшмэлийн башир аргаар хураасан хөрөнгийг хураах тухай. 9. Түшмэл хүнийг шалган дэвшүүлэх тухай. 10. Цааз зарлиг хэрэгжүүлэх тухай. 11. Төрийн санд хуримтлагдсан алт, эрдэнэсийг шалган байцаах тухай. 12. Уурхай, гар урлалын удирдлагын тухай. 13. Гар урлалын газрын алт, мөнгийг байцаан шалгах тухай. 14. Худалдаа арилжааны гудамжинд алт, мөнгө урлах хүнийг байцаан шалгах тухай. 15. Хүүр, хэрэгсүүрийг шалган байцаах тухай. 16. Худалдаа арилжааны хэргийг шалган байцаах тухай. 17. Түүхий эдийг шалган байцаах тухай. 18. Хүнд, уртын хэмжүүрийг тогтоох тухай. 20. Орон зай, цаг хугацааны хэмжүүрийн тухай. 21. Хил гаалийн хэргийг шалган байцаах тухай. 22. Гар урлалын үйл ажиллагааг шалган байцаах тухай. 23. Газар тариалангийн үйл ажиллагааг шалган байцаах тухай. 24. Хоол хүнсний хэргийг шалган байцаах тухай. 25. Мал муучлах хэргийг шалган байцаах тухай. 26. Хулгай дээрэмийн хэргийг шалган байцаах тухай. 27. Хуурай газрын хэргийг шалган байцаах тухай. 28. Мал амьтадыг шалган байцаах тухай. 29. Агт морьдыг шалган байцаах тухай. 30. Зааныг шалган байцаах тухай. 31. Морьт армийн жанжин сайдын тухай. 32. Явган цэргийн жанжин сайдын тухай. 33. Тэргүүн жанжны хүлээх үүргийн тухай. 34. Бичиг цаазын хэргийг сахин хамгаалагчын тухай. 35. Бэлчээрийн хэргийг шалган байцаах тухай. 36. Татвар хураагчийн хүлээх үүрэг, хариуцлагын тухай. 37. Худалдаа наймаа, диян лам, айл гэрийн хэргээр зүсээ хувилгах заншлаачын үйл ажиллагааны тухай. 38. Хотын тэргүүн түшмэлийн хүлээх үүргийн тухай.
 Гутгаар дэвтэр. Шүүн таслах үйл ажиллагааны тухай.
 1. Хэлцэл байгуулах журам. 2. Зарга үүсгэх үндэслэл. 3.Гэр бүлийн харилцаа. 4. Өв залгамжлалын тухай. 5. Үл хөдлөх хөрөнгийн тухай. 6. Хэлцлээ харилцан үл биелүүлэх тухай. 7. Өр төлүүлэх тухай. 8. Хадгалуулсан, дэнчингийн мөнгөний тухай. 9. Боол, хөлсний ажилчинд хамаарал бүхий дүрэм, журам. 10. Хамтын аж ахуй, хөлсний ажилчний эрх, үүрэг. 11. Арилжаалах, худалдан авах ажиллагаанд ёс журам үл сахих тухайд. 12. Соёрхолоос татгалзах тухайд. 13. Эзний үгүйд хувь хөрөнгийг нь оорцог хүнд арилжах тухай. 14. Өмчийн эрхийн тухай. 15. Дээрэм, ёс бус үйлдэлийн тухай. 16. Үг хэлээр гутаан доромжлох тухай. 17. Үйл хөдлөлөөр гутаан доромжлох тухай. 18. Тэмцээн, шоо хаяж тоглох тухай. 19. Бусад зүйлсийн тухай.
Дөтгөөр дэвтэр. (Нийгмийн байгуулалд хөнөөл болох) саадыг хэрхэн гэтлэх тухай.
 1. Газар тариаланд хяналт тавих тухай. 2. Худалдан авалтад ажиглалт хийх тухай. 3. Ядуурлын эсрэг авах арга хэмжээнүүд. 4. Нууц орлогоор аж төрөгчийг сурвалжлан мэдэх тухай. 5. Бөө удганы өмнө залуу (гэм хийгчдийг) улайлгах. 6. (Гэмт хэрэгтнийг) сурвалжлан мэдэж, байцаан шүүж улайлгах тухай. 7. Гэнэтийн үхлийг сурвалжлан мэдэх тухай. 8. Эрүү шүүлт хэрэглэн байцаан улайлгах тухай. 9. Яамдын үйл ажиллагааг сурвалжлан мэдэх тухай. 10. (Харилцан нэгнээ) гэмтээсэн үйлдлийг хэрхэн шийдвэрлэх тухай. 11. Ял шийтгэлийн энгийн болон хатуу хахир аргын тухай. 12. Насан балчир бүсгүй хүүхдийг хүчирхийлэн эрхшээх тухай. 13. Тогтоосон цаазыг тэрслэн тэмцэгч хүнийг гэсгээх тухай.
 Тавдугаар дэвтэр. (Төрийн бодлогод) тодорхой аргуудыг хэрэглэх тухай.
 1. Нууц ял хүлээлгэх тухай. 2. Төрийн санг арвижуулах тухай. 3. Төрийн түшмэдийн цалин, хангамжийн тухай. 4. Эзэн хааны албатуудын зан байдлын тухай. 5. Нөхцөл байдалдаа нийцүүлж ажиллах тухай. 6. Төрийн засгийг бэхжүүлэх тухай. 7. Нэгдсэн засаглалын тухай.
 Зургаадугаар дэвтэр. Төр, улсын үндэсийн тухай.          
 1. Төр улсын үндэсийг төгөлдөржүүлэх тухай. 2. Амар жимэр байдал, хөдөлмөрийн тухай.
 Долоодугаар дэвтэр. (Гадаад) улс төрийн бодлого явуулах зургаан аргын тухай.
 1. Улс төрийн бодлогын тухай хураангуй өгүүлэмж. 2. Улс орны хөгжил, зогсонги байдал, уналтыг тодлох тухай. 3. (Илүү хүчирхэг нэгнээс) тусламж эрэх тухай. 4. Илүү хүчирхэг, илүү сул дорой, тэнцүү (дайсанд) авч хэрэгжүүлэх (хаан хүний) улс төрийн бодлогын тухай. 5. Сул дорой дайсантайгаа эвийн хэлцэл байгуулах тухай. 6. Дайн зарласны дараа тохиол анан хүлээзнэх тухай. 7. Эв эе сахисны сүүлээр тохиол анан хүлээзнэх тухай. 8. Дайн зарласны дараа давшилт хийх тухай. 9. Найрамдлын хэлцэл хийсний дараа давшилт хийх тухай. 10. Нэгдсэн хүчээр аян дайн хийх тухай. 11. Шалтаглан завшаалж өөрийн өшөөтөн хийгээд гол дайснаа даран сөнөөх тухай. 12. Ховдог шунахай сэтгэл үүсгэж олон ардад муучлагдах үйлийн шалтгааны тухай. 13. Холбоотноо (сонгох) тухай. 14. Хамтын хүчээр дайснаа ялан дийлэх аян дайны тухай. 15. Тодорхой нөхцөл болон нөхцөлгүйгээр гэрээ хэлцэл байгуулж, найрамдах тухай. 16. Дайн, энхийг хослуулсан хоёрдмол улс төрийн бодлогын тухай. 17. Шийдмэг хатуу байдлын эсрэг ажиллах хаан хүний бодлогын тухай. 18. Тулгам үед туслах элдэв холбоотны тухай. 19. Алт, мөнгө, газраар завшаалан эвийн гэрээ цогцлоох тухай. 20. Ар худрагаар сиймхийлэн довтлох дайснаа цохих тухай. 21. Сул талаа хэрхэн хүчжүүлэх тухай. 22. Хүчирхэг (дайснаа) хүрээлэн цохих аргын тухай. 23. Хүчээ залиар хувиргах үйл ажиллагааны дүрийн тухай. 24. Өөрийн цэрэгт хандах хаан хүний байр байдлын тухай. 25. Энхийн гэрээ байгуулах тухай. 26. Байгуулсан гэрээгээ цуцлах тухай. 27. Хаан хүний авч хэрэгжүүлэх алтан дундаж бодлогын тухай. 28. Хаан хүн аль нэг талд хэлбийсэн улс төрийн бодлого явуулах тухай. 29. Олон улс орны хүрээлэлд харилцаа тогтоох үйл ажиллагааны тухай.
 Наймдугаар дэвтэр. Төр улс дахь гуйланч байдлын тухай.
1. Төрийн удирдлагаас хамаарах хүчирдэл. 2. Хаан хүн, төр, улсын санаашрах ядуурлын тухай эргэцүүлэл. 3. Хүмүүсийн (муугаас) үүдэлтэй ядуурал. 4. Бүх нийтийн ядуурал. 5. Саад бэрхшээл. 6. Төрийн сан хөмрөгтэй холбоо бүхий хүндрэл. 7. Цэрэг армитай холбоо бүхий хүчирдэл. 8. Холбоотнуудтай хамаарал бүхий хүндрэл.
 Есдүгээр дэвтэр. Халдан довтлох санаа агуулсан үйлдэлийн тухай 
1. (Дайсныхаа) сул тал, хүчин чадал, цаг, байршил, боломжийг мэдэх тухай. 2. Дайны үйл ажиллагаа шатлан өргөжүүлэх тохиромжтой цаг мөчийн тухай. 3. Цэрэг, арми хэрэглэх цаг мөчийн тухай. 4. Зэвсэглэлийн чанарын тухай. 5. Дайснаа сөрөх цэрэг армийг сонгон шалгаруулах тухай. 6. Ард талд гарах үймээн самууны тухай эргэцүүлэл. 7. (Улс орны) доторх албат иргэдийн дунд үүсэх самуун үйлийн эсрэг авах арга хэмжээний тухай. 8. Хөрөнгө чинээ бүхий иргэд тэрчлэн ашиг тусын тухай эргэцүүлэл. 9. Гадаад, дотоод аюулын тухай. 10. Гадаад, дотоод дайснуудтай санаа нийлэх ёс бус хүний тухай. 11. Эд хөрөнгө, хор хүргэх хүчтэй холбоо бүхий аюулын тухай. 12. Эдгээр (аюулуудын) эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоо бүхий амжилтын тухай.
 Аравдугаар дэвтэр. Цэрэг, дайнд хамаадал бүхий хэрэг явдал.
 1. Цэргийн хүрээ үүсгэх тухай. 2. Цэргийн хүрээгээ урагшлуулах тухай. 3. Довтолгоон, аюулын үед цэргээ хамгаалах тухай. 4. Дайны үйл ажиллагааг өрнүүлэх башир аргуудын тухай. 5. Цэргийнхээ сэтгэл санааг өргөх тухай. 6. Өөрийн болон дайсны цэргийн байршил. 7. Тулалдах газраа сонгох тухай. 8. Явган, морьт, тэрэгт, заант цэргийн үйл ажиллагаа. 9. (Дайсныхаа) өмнө өөрийн цэргийг төв, жигүүр, хавсрага байдлаар хуваан бүлэглэх тухай. 10. Цэргээ хүчтэй, сул доройгоор нь ангилах тухай. 11. Явган, морьт, тэрэгт, заант цэргийг тулаанд хэрэглэх тухай. 12. Цэргээ тойрог болон тойрог бус байдлаар мөн тэгш хэмээр хэрхэн зохион байгуулах тухай. 13. (Байлдааны энэхүү зохион байгуулалтыг) хэрхэн сөрөх тухай.
 Арваннэгдүгээр дэвтэр. Нэгдэл бүрдүүлэх үйдэлийн тухай.
 1. (Нэгдэл дотор) задрал үүсгэгч үйлдэлийн тухай. 2. Нууц аллага.
 Арван хоёрдугаар дэвтэр. Хүчирхэг (хааны) байр байдлын тухай.
 1. Элчийн үүргийн тухай 2. Нууц явуулгаар дайн өдөөх тухай. 3. Жанжин сайдын амь егүүтгэх тухай. 4. Улс орны дотор самуун дэгдээх тухай. 5. Гал, хор, хөнөөлт зэвсэг бүхий заншлаачын тухай. 6. Хүнс хоол, нөөц, хангамжыг үгүй хийх тухай 7. Нууц аргаар (дайснаа) дарах тухай. 8. Цэргийн хүчээр (дайснаа) дарах тухай. 9. Нэг сэтгэлээр ялалтанд хүрэх тухай.
 Арван гуравдугаар дэвтэр. Бэхлэлт хэрэм эзлэх хэрэгсэлийн тухай.
 1. Дайсныхаа дотор өдөөн хатгалга, самуун дэгдээх тухай. 2. Нууц арга хэрэглэн (дайснаасаа) ангижрах тухай. 3. Нууц заншлаач хэрэглэх тухай. 4. (Дайсны бэхлэлт) бүслэлтийн тухай. 5. (Бэхлэлт, хэрэм) довтлон эзлэх тухай. 6. Олж авсан нутаг орноо засан тохинуулах тухай.
 Арван дөрөвдүгээр дэвтэр. Нууц арга хэрэглэх тухай.
 1. Дайснаа дарах арга, хэрэгсэл. 2. Хууран мэхлэх арга хэрэглэх тухай. 3. Цэрэгтээ хөнөөл болж буй үйлдэлийг сөрөх тухай.
 Арван тавдугаар дэвтэр. Арга зүй (шастир).
 1. Шинжлэх ухааны аргууд.
ТЭРГҮҮН ДЭВТЭР
ҮЙЛ БАЙДЛЫН ДҮРЭМ ЖУРМЫН ТУХАЙ
1-р хэсэг. Шинжлэх ухааныг тодорхойлох нь
Философийн оршин ахуйг тогтоох нь
 Гурвал ведийн тухай сургаал, аж ахуйн тухай сургаал, төрийн засаглалын тухай сургаал, философи бол шинжлэх ухаан мөн.
Гурвал ведийн тухай сургаал, аж ахуйн тухай сургаал, төрийн засаглалын тухай сургаал бол философи, гурвал ведийн тухай мэдлэгийн хэсэг мөн гэж Манава сургуулийнхан үздэг.
Аж ахуйн тухай сургаал, төрийн засаглалын тухай сургаал бол – амьдралын хэв маягийг өнгөц танин мэдэхэд зориулагдсан гурвал ведийн тухай мэдлэг мөн гэж Брихаспати сургуулийнхан үздэг.
Төрийн засаглалын тухай сургаал бол бүх мэдлэгийн эхлэл болсон цорын ганц шинжлэх ухаан мөн гэж Ушанаса сургуулийнхан үздэг.
Шинжлэх ухаан нь дөрвөн төрөлтэй хэмээн Каутилья үзсэн. Ашиг тус, хууль зүй тогтолыг танин мэдэхэд хэрэгтэй учраас шинжлэх ухааны ойлголт үүсдэг.
Философи бол санкхья, йога, локаята мөн.
Философи нь аливаа үзэгдэл, үйл явцыг логик нотолгооны тусламжтайгаар судладаг ухаан мөн: гурвал ведийн тухай сургаал-зохистой болон зохисгүйг, аж ахуйн тухай сургаал нь-ашиг тустай хийгээд ашиг тусгүй зүйлийг, төрийн засаглалын тухай сургаал нь-зөв болон буруу улс төрийн бодлогыг судлах ба ингэхдээ хүмүүст ашиг тусаа өгч, тэдэнд сэтгэх, ярих, амьдрах дадал олгохын сац дээрх сургаалуудын сайн болон сул талуудыг нээн илрүүлж өгдөг.
Философийг бүх шинжлэх ухааныг гэрэлтүүлэгч, аливаа үйл хэрэг цогцлоох  хэрэгсэл, бүх цааз хуулийн тулгуур хэмээн үздэг.
Гурвал ведийн тухай сургаалын оршин ахуйг тогтоох нь
 Сама, Риг, Яджур нь гурвалыг бүрдүүлэгч ведүүд мөн. Атхарвавед болон Итихасавед бас  ведүүд мөн. Дуун ухаан, ёслол мөргөл, хэл шинжлэл, үгийн гарал, үүсэл судлал, хэмжигдэхүүн ухаан, одон орон судлал нь хавсрага ухаан мөн.
Гурвал ведийн дээрх хууль нь каст бүрт ашигтай байхын сац аж төрөх хэлбэрт нь нийцсэн байдаг учир тустай болно.
Брахман хүний хувьд бус хүнээс суралцах, оорцог хүнийг сургах, өөрийн болон өрөөлийн төлөө тахил өргөх, хишиг түгээх, түүнийг олж авах тэргүүтэн нь цааз болно. Кшатри хүний хувьд бус хүнээс суралцах, тахил өргөх, хишиг түгээх, цэргийн явдалаар амьдрах, амьд амьтадыг хамгаалах тэргүүтэн нь цааз болно. Вайшья хүний хувьд бус хүнээс суралцах, тахил өргөх, хишиг түгээх, газар тариалан, мал аж ахуй эрхлэх, худалдаа арилжаа хийх тэргүүтэн нь цааз болно. Шудр хүний хувьд хоёр төрөлтөний буулга дор аж ахуйгаа эрхлэн явуулах, тэдэнд захирагдах, гар урлал эрхлэх тэргүүтэн нь цааз болно.
Өөрийн зэрэг зиндаанд нийцүүлэн амьдрах арга ухаанд шамдах, өөрийн варн лугаа гэр бүл дэвжээх, тогтоосон хугацаанд эр, эмийн ёсыг үйлдэх, эзэн бурхан, өвөг дээдэс, эрхэм зочин, дорд боол тэргүүтэнд хишиг түгээх, тахилын идээг гүнцэглэх зэрэг нь айл гэрийн эзний цааз болно.
Суралцах, ариун голомтыг дэвжээх, номын ёсыг сахих, гуругт амьдралын эцэс хүртлээ сүслэх, түүнийг бие барсны сүүлээр гуругийн хөвүүн эсвээс хамт номын ёс сахигчдад ачлалыг үзүүлэх тэргүүтэн нь шавь хүмүүний цааз болно. Хорвоогийн хуудгай нунж, эр, эмийн хүслийг тэвчих, ариун голомтыг дэвжээх, борог хувцас асаах, эзэн бурхан, өвөг дээдэс, эрхэм зочин, аян замын цав манзыг хүндлэх тэргүүтэн нь зэлүүд ойд буйд сэтгэл үүсгэгч хүмүүний цааз болно.
Хүсэл сэтгэлээ огоорох, (аливаа) үйлийг эс цогцлоох, хөрөнгө хогшил эс хураах, оорцог хүнтэй эс харилцах, нигүүлсэнгүй сэтгэл үүсгэх, газар бүхнээ буйдыг хичээх, бие, сэтгэлээ амирлуулах тэргүүтэн нь диян сэтгэл үүсгэгч хүмүүн бүрийн цааз болно.
Эс хүчирхийлэх, чиг шударгуу, ёстойг хичээх, оорцог хүнд эс өшлөх, муу үйлийг эс бүтээх, ууч, хүлцэнгүй сэтгэл дэвжээх тэргүүтэн нь хүний биеийг ологч амьд бүхний цааз болно. (Хүн бүр) өөрт оногдсон цаазыг хичээн сахих нь төгс хутагийг олох үүд болно. Тогтоосон цаазыг тэрслэж, кастууд хоорондоо уусах аваас хорвоогийн жам хөсөрдөх нигуур буй.
Цааз хууль хэрэгжих аваас энэ болоод хойд наснаа цэнгэл буян эдлэхийн учир хаан хүн амьтай бүхний цаазыг чандлан сахиулбаас зохилтой. Гурвал ведийг сүслэж, хүмүүний аж төрөхүй, каст бүрийг хичээнгүйлэн тогтоосон газар үгүйрэлийг эс мэдэх агаад цэцэглэн батжих болно.
Төрийн удирдлагын тухай сургаал, аж ахуйн тухай сургаалын оршин ахуйг тогтоох нь 
Газар тариалангийн тухай, мал аж ахуйн тухай, худалдаа арилжааны тухай сургаал нь аж ахуйн тухай сургаалыг бүрдүүлдэг болно. Энэхүү сургаал нь үр тариа, мал адгуус, алт мөнгө, эд таваар, албан хөдөлмөрийн үр шимийг хураан цогцлооход ашгаа өгдөг болно. Үүний үрээр хаан хүн төрийн сан, цэрэг арми хэмээх хоёр зэвсэгээ батлаж дөрвөн зүгийг хураан захирдаг болно.
Философи мэдлэгийг хадгалах, хөгжүүлэх тэр зүйл мөн гувал вед, аж ахуй тухай сургаал нь очир эрдэнэ агаад тэдгээрийг удирдан чиглүүлэх мэдлэг нь төрийн удирдлагын тухай шинжлэх ухаан мөн. Төрийн удирдлагын шинжлэх ухаан нь эзэрхэж чадаагүйг эзэрхүүлэх, олж авсан зүйлээ хадгалж үлдэх, хадгалж буй зүйлээ өсгөн нэмэгдүүлэх ухаан бөгөөд олон ардад мэргэн ухааны үрээр хувиарлан олгодог болно. Энэ ухаан нь амар жимэр байдлыг цогцлоох ба хэн ажил, үйлсдээ амжилт олохыг хүснэ, тэр очир эрдэнэ мэт хүндлэл олно. Олон амьтадыг хатуу чангаар засаглах шиг найдвар төрүүлэх арга үгүй хэмээн мэргэн багш айлдах ажгуу.
Мэргэн Каутилья хатуу чангаар засаглах хаан олон амьтанд айдас төрүүлэх учир амжилт олж эс чадна хэмээн өгүүлэх ажгуу. Хэн цааз хуулийг зохистойгоор хэрэглэнэ, тэр олонд хүндлэл олно. Учир юун хэмээвээс зохистой хэрэглэх цааз нь хүмүүст хууль ёс сахих, ашиг тусаа хичээх цэнгэн баясах мэдрэмж үүсгэнэ. Цаазыг үл хэрэгсэх нь олон ардад зүдээл болохын зэрэгцээ хүний ёсноос ангид орших диян сэтгэлтэнд хүртэл төвөг болох аж. Гэвч цааз хуулийг хэрэглэхдээ загас мэт чиглүүргүй явахыг үл зөвшөөж, тодорхой, утга төгөлдөр байх хэрэгтэй.
Аж төрөх ёсны дөрвөн хэв мөн төдий тооны кастад харъяалах олон ард хатуу цаазын ачаар хааны буулгад захирагдах аж: үүрэг, эрхээ эдлэх тэд өөрсдийн байрандаа сайнаар аж төрөх ажгуу.(......)  
11-р хэсэг. Зөвлөгөө авахын учир холбогдол
Оорцог хүний зөвлөгөөг ямагт сэрж ухаар, зөвлөгөө хэмээгч (үйл) цогцлоохын эхлэл болмуй.
Яриа олонд ил болох учиргүй тул зөвлөгөөнийг хаалттай хийвээс зохино. […] Хамаа бус хүмүүнийг зөвлөгөөнд бүү оруул. Үг дамжуулсан хүмүүнийг мөчлөн албаас зохино.
Зөвлөгөөнд хаан сайд, элчин хүний үг, дохиог хэлэлцэж болно. Дохио хэмээгч хөдөлгөөнөөр илэрхийлэгдэнэ. Үг хэмээгч оорцог хүний аман илэрхийлэл мөн.
Алимад хүн сурвалжлан мэдээд санааны дураар бусниулах учир зөвлөгөөн нууцгай явагдбал зохино. […]
16-р хэсэг. Хаан хүний үүрэг
Хаан хүн хичээнгүй, зүтгэлтэй бол түүний хүрээлэгчид мөн адил хүчээнгүй, зүтгэлтэй болдог. Хаан хүн зүтгэлгүй бол түүнийг дагагсад мөн зүтгэлгүй байх агаад эцсийн дүнд тэдэндээ хаан хүн үзэх ядагдах болно.Тиймийн учир хаан хүн үйлс зүтгэлтэй байвал зохино. […]
ЗУРГААДУГААР ДЭВТЭР
ТӨР УЛСЫН ҮНДЭСИЙН ТУХАЙ
96-р хэсэг. Төр улсын үндэсийг төгөлдөржүүлэх тухай
 Аливаа төр улс нь эзэн хаан, сайд түшмэд, үржил шимт газар, бат бэх цайз хэрэм, улсын сан, цэрэг, холбоотноос бүрдэнэ.
Өндөр сурвалжит язгууртай, хувь зохиол сайтай, ахмад, туршлагатай хүний зөвлөгөөг сонсож чаддаг эерэг зантай, чигч, шударгуу, үгэндээ эзэн бологч, өгөөмөр, буянтай, дээд зэргийн эрч хүчтэй, өөрийн албатын эзэн болдог, сэтгэлгээ хурдантай, хүчтэй хүсэл зориг бүхий хүн төгс хаан болох нигууртай. Эдгээр чанарууд хаан хүний бусдыг дагуулах үндэс мөн.
(Хаан хүн) мэдлэг ухааныг шүтэгч, ямар ч зүйлийг эрэгцүүлэх, танин мэдэх, ухан ойлгох, бусдаас суралцах чадвартай, худал хуудуу зүйлийг няцааж, үнэнийг олох билэг ухаантай байх ёстой. Эдгээр чанаруудыг (хаан хүн заавал эзэмших учиртай).
(Тэрээр) эрэлхэг дайчин, хурдан шаламгай байх ёстой. Эдгээр нь түүний үйл ажиллагааг тодорхойлох чанарууд мөн. […]
97-р хэсэг. Амар жимэр амьдрал, хөдөлмөрийн тухай
 Хөдөлмөр хийгээд амар жимэр амьдрал бол сайн сайхан байдлын үндэс мөн. Үйл хэргийн эцэс хүртэл өөрийн хүчээ дайчлан ажиллахыг хөдөлмөр гэнэ. Харин ажлын үр шимийг үзсэний эцэст бий болох сайн сайхныг бид амар жимэр амьдрал хэмээнэ.
Амар жимэр амьдрал, хөдөлмөрийн үндэс нь улс төрийн бодлогын зургаан арга мөн.
Эдгээр аргуудыг (хэрэглэсний) үр дүнд улс орон нэг бол хөгжих, эсвээс уналт, зогсонги байдалд ордог байна.  […]
ДОЛДУГААР ДЭВТЭР
(ГАДААД) УЛС ТӨРИЙН БОДЛОГЫН ЗУРГААН АРГЫН ТУХАЙ
98,  99-р хэсэг. Төрийн бодлогын зургаан аргын тухай хураангуй. Хөгжил, уналт, зогсонги байдлыг тодорхойлох нь
 (Гадаад) бодлого хэмээгч нь төрийн бодлогын зургаан аргыг хэрэглэх үндэс болно. Мэргэн багшийн өгүүлэх ину: энэхүү зургаан арга болбоос дайтах, найрамдах, азнах, довтлох, тусламж эрэх, хоёр нүүрт улс төрийн бодлого явуулах зэрэг болно.
Ватавьядхи сургуулийнхан дайтах, найрамдах гэсэн хоёр арга буй. Бусдын тухайд ердөө илрэх хэлбэр хэмээн үзэх аж.

Харин мэргэн Каутилья энэхүү зургаан аргыг цаг үедээ нийцүүлж тохируулан хэрэглэвээс зохино хэмээсэн байна.
Эх сурвалж: Отгонбаяр Нямаев. Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг - 1. Ред: Г. Энхтуяа, Ш. Гаваа, УБ: "БТМ" ХХК хэвлэх үйлдвэр, 2013 он. х. 73-88.