Saturday, May 28, 2016

ХАММУРАБИЙН ЗАСАГЧЛАХ БИЧИГ

ВАВИЛОНЫ ЭЗЭН ХААН ХАММУРАБИЙН ЗАСАГЧЛАХ БИЧГИЙН ТАЛААРХ ТАЙЛБАР

Дэлхийн улс төр сэтгэлгээний түүхэнд Вавилоны эзэн хаан Хаммураб (Ammurapi буюу удмаа цэнгүүлэгч гэх үг болно)-ийн засагчлах бичиг томоохон байр суурь эзэлдэг. Нэгдүгээрт, ердийн нэг хот улсын юм уу, овог, аймгийн холбооны хэв хуулинд суурилсан эрх зүйн бүрдүүлбэр бус, нийт хоёр мөрний улсыг хураан эрхшээсэн Вавилоны эзэнт гүрний нийгмийн харилцааг зохицуулах цаазын бичиг байсан учир, хоёрдугаарт, их эзэн хааны эрх ашигт нийцүүлж нийгмийн харилцааг зохицуулах ерөнхий агуулгатай байсан учир, гуравдугаарт, эзэн хаанаа бурханчлан сүслэх дорнын деспоти төрийн үзэл баримтлалыг хэлбэрийн хувьд шинэтгэн тогтоосон шинж чанартай байсан учир нэршлийн хувьд «Хаммурабийн засагчлах бичиг» гэж утгачилах нь зүйтэй хэмээн үзлээ.
Бурхдын хаалга Вавилоны эзэн хаан Хаммурабийн засагчлах бичгийн тухай өгүүлэхийн өмнө Европчуудад Хаммурабийн талаарх ойлголт хэдий үед үүссэнийг тодлох хэрэгтэй болов уу.
XIX зууны дунд үе хүртэл Европчууд Хаммурабийн талаар ямар ч ойлголт, төсөөлөлгүй байв. Английн эрдэмтэн Остин Хэнри Лэйард (Austen Henry Layard)-ын 1853 онд хийсэн археологийн судалгааны явцад, эзэн хаан Хаммурабийн талаарх мэдээ агуулсан анхны түүхэн бичвэр олджээ. Дараагийн жил нь, газарзүйч Уильям Кэннэт Лофт (William Kennet Loftus) өнөөгийн Ирак улсын нутгаас Хаммураби, Самсуилин, Римсулин нарын үед холбогдох худалдаа, арилжааны хэлцлийн талаар дурдсан түүхийн сурвалж олсон байна. Археологийн судалгаа цааш өргөжиж, 1898 он гэхэд эрдэмтэд шадар түшмэл Син-Иддинтэй харилцаж асан Хаммурабийн томоохон хэмжээний бичээс нээн илрүүлсэн байдаг. Уг бичээст тухайн цаг үеийн хоёр мөрний улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн харилцаа, хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Германы эрдэмтэн, нармай вавилонч үзэлтэн Фридрих Делич (Friedrich Delitzsch) Ниневи дахь Ашшурбанибал номын санд хадгалагдах бичвэрүүдийг судалсны эцэст Хаммурабийн тогтоосон засагчлах бичгийн талаар 1899 онд анх дурджээ.
Гэтэл Францын археологич Гюстав Жекье (Gustave Jequrier) Ираны Хузестан мужид орших эртний Эламын нийслэл Сузад малтлага хийх явцдаа 1901 оны арванхоёрдугаар сард 2,25 м өндөртэй, 1,65-1,90 м өргөнтэй, тус бүр нь 4 тонн жинтэй үл мэдэгдэх бичвэр бүхий хүрмэн чулуун хавтангууд олжээ. Удалгүй энэ нь Вавилоны Аморей угсааны Яхрурум овгийн зургаа дахь хаан Хаммурабийн засагчлах бичиг болох нь тогтоогдсон байна. Түүнээс өмнөх таван хаад (Сумуабум, Сумула-Эль, Сабиум, Син-Мубаллит, Синмубаллита) нийт хоёр мөрний улсыг хураан захирч чадаагүй билээ. Хаммурабийн эцэг Синмубаллита МЭӨ 1812-1793 онуудад Вавилоныг захирч, гадагш чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан баримт байдаг.
МЭӨ XX зууны сүүл үеэс-XVI зууны эхэн үеийг түүх бичлэгт эртний Вавилоны үе гэх бөгөөд өгүүлэн буй үед Хаммураби хаан хоёр мөрний улсыг нэгтгэгч нэрээр түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. МЭӨ 1810 оны орчим мэндэлж, МЭӨ 1792-1750 онуудад ор залгасан гэх Хаммураби хаан МЭӨ 1764 онд Мари ханлигтай холбоолж Эламчуудын сүр хүчийг нухчин дарахын ялдар олон жижиг ханлиг, аймгийг нэгтгэж Шумер, Аккадын хүчирхэг гүрнийг дахин цүглэжээ. Субарта, Эшнун, Дияль, Ларсо, Навара, Загрос, Мальгиум ханлигуудыг нухчин дарсны дараа өөрийн холбоотон Мари улсыг гэнэдүүлэн довтолж нийт хоёр мөрний улсыг МЭӨ 1755 онд эрхшээсэн түүхтэй.
Хаммураби хаан аккад хэлээр өөрийн засагчлах бичгийг туурвиж, нийт хоёр мөрний улсын нийгмийн харилцааг зохицуулж байв.
Францын эрдэмтэн, профессор Жан-Винсэнт Шейл (Jean-Vincent Scheil) 1902 оны намар олны хүртээл болгосон «Перс элчийн өчил» (Memoires de la Delegation en Perse) нэрт зохиолдоо Хаммурабийн засагчлах бичгийн 3638 шологийг 282 зүйл болгон судалсан байна. Харин профессор Доминик Шарпен 275 зүйлээр судалсан бол Данийн судлаач Вилгельм Эйлерс (Wilhelm Eilers), Чехсловакийн эрдэмтэн Жозеф Клима (Josef Klima), Америкийн профессор Марта Тоби Рот (Martha Tobi Roth) нар Шейлийн зүйчлэлд бага зэрэг засвар хийсэн байна. Европын орнуудаас франц хэл дээр анх удаа (Жан-Винсент Шейлийн орчуулгаар 1902 онд) хөрвүүлэгдсэн бол герман хэлнээ Хуго Винклер , Дэвид Хэнрих Мюллер (David Heinrich Muller), англи хэлнээ Клауд Уольтер Жонс , итали хэлнээ Пиетро Бонфант , орос хэлнээ А. Г. Гусаков, В. А. Краснокутский нар утгачилсан байна. Хэдийгээр судлаачдын зүгээс өндөр үнэлэлт авч чадаагүй ч Петроградын Улсын Их Сургуулийн профессор Иван Михайлович Волковын 1914 онд аккад хэлнээс утгачилсан орчуулга нэлээд сонирхол татдаг. Ташрамд өгүүлэхэд, судлаач миний бие түүний эл бүтээлийг Америкийн профессор Марта Тоби Ротын орчуулгатай харгуулан монголчилсон болно.
Засагчлах бичиг агуулгын хувьд оршил, үндсэн бичвэр, төгсгөл гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. 35 зүйл нь МЭӨ 1155 оны орчим Халлутуш-Иншушинакийн хүү, Эламын хаан I Шутрукнаххунт (Шударга ёсыг тэтгэгч нарны бурхан)-ын довтолгооны үеэр сүйдэж гэмтсэн боловч Ниневи дахь Ашшурбанибал номын сангийн бичвэрийг судалсны үр дүнд эрдэмтэд дахин сэргээсэн байна. Луврт хадгалагдах уг засагчлах бичгийг 1947 он хүртэл хүн төрөлхтөний хамгийн эртний эрх зүйн дурсгал гэж үзэж байлаа.
Чулуун хавтангийн дээд хэсэгт очирт таяг барьж, сэнтийд заларсан шударга ёсны бэлгэдэл, нарны бурхан Шамашийн өмнө Хаммураби өөрийн биеэр бараалхаж буй зураг дүрслэгджээ. Санаа нь, Хаммураби шударга ёсыг жандаглан сахигч их хаан болохыг илтгэнэ.
Вавилоны эзэнт улсын чакраварди буюу загдхорлоо хаан учир Хаммурабийг ердийн нэг лугалье юм уу, энсигээс зааглан “ишшиакка” хэмээн өргөмжилдөг байжээ. Дээд бурхдаас засаг төрийн эрхийг бошголсон ишшиакка (эзэн хаан) улс гэрийн хүчирхэг эзэн бөгөөд эрх мэдлийн хуваарьгүй, цорын ганц эх сурвалж болно. Ишшиакка албат иргэнээ засаглахын зэрэгцээ, шашны хэргийг бүрэн хамаарна. Эзэн хаанаа бурханчлан сүслэх улс төрийн үзэл санаа Хаммурабийн үед дээд цэгтээ хүрчээ.
Эртний хоёр мөрний улсуудад эрх зүйн субьект нь хувь хүн байсан бөгөөд хуулийн этгээд гэсэн ойлголт байгаагүй  талаар Д. А. Суровень онцолсон байна. Чикаго Их Сургуулийн профессор А. Лео Оппенхейм “энэ хуулийг тухайн цаг үеийнхээ хууль цаазын практиктай хамааралгүй байсан гэж үзэж болохоор байна. Уг хуулийг агуулгын талаас авч үзэхэд, ихэнхдээ хүссэн зүйлээ нийгмийн харилцаанд тулган хүлээлгэх эзэн хааны хүсэл, сонирхлын илэрхийлэл төдий байжээ. Иймээс Хаммурабийн засагчлах бичгийг Ромын юм уу Библийн эрх зүйтэй адилтгахуйц бичвэр байсан гэж үзэхэд учир дутагдалтай” гэсэн бол Оросын түүхч Б. А. Тураев “Библи агуулгын хувьд Вавилоны засагчлах бичигтэй зарим талаар давхацаж байгаа нь тухайн цаг үед Хаммурабийн эзэнт гүрний хязгаар нутаг болох Палестинид эртнээс нааш Вавилоны эрх зүй хэрэгжиж байсны гэрч болно. Еврейчүүдийн гэр бүлийн харилцаа бол Хаммурабийн засагчлах бичигт хийсэн тайлбараас өөр юу ч биш юм. Энэ утгаараа Авраам, Иаков, Лаван нар Вавилоны эрх зүйгээр амьдарч байсан гэж үзэж болохоор байна”  гэжээ. Өмнө нэр дурдсан Францын цольд эрдэмтэн Жан-Винсент Шейл Хаммурабийн засагчлах бичиг нь “..., зөвхөн Дорно Дахины төдийгүй, нийт хүн төрөлхтөний түүхийн нандин өв болно” хэмээн бичсэн нь зүйтэй мэт санагдана.

Вавилоны нийгэмд нийт хүн амыг авелим (хүй элгэний гишүүн), мушкенум (хаан эзний албат), вардум (боол) гэсэн гурван давхаргад хуваадаг байжээ. Өөрөө өөрийгөө удирдах зарчимтай, хүй элгэний бүрэлдэхүүнд багтах эрх чөлөөт иргэдийг авелим гэнэ. Тухайн цаг үедээ авелим 60-80 га газар хувь болгон авдаг байсан талаар түүхэн сурвалжид тэмдэглэжээ. Хүй элгэний зохион байгуулалтын хэлбэр, дотоод үйл ажиллагаанд эзэн хаан ч оролцох эрхгүй байв. Гэхдээ эзэн хаан шүүлэн дэмч дамжуулан хүй элгэн болон авелимаас алба татварлах эрхтэй байжээ. Эмэгтэй хүний хувьд Вавилонд эрх үл эдлүүлэх авч бусчирлан дорд үзэхийг цээрлэдэг байсан. Авелимийн эхнэрийг авелитум гэнэ. Авааль эм авелитумаас гадна, авелим нь шугетум буюу татвар эм буулган авч болно.
Хүй элгэнд хамааралгүй, өөрийн гэсэн эд хөрөнгө, газаргүй, эзэн хаанд ильк (алба) ацаглаж, төрийн албаны хангамж эдлэх иргэдийг мушкенум буюу хаан эзний албат гэнэ. Төрийн түшмэд, цэргийнхэн бүгд энэ давхаргад харьяалагдана. Авелимаас ялгаатай нь, мушкенум авелим давхаргад шилжиж болох ч төрийн ильк ацаглах, хангамж эдлэх эрхээ хадгалсаар байдаг. Энэ ч учраас Вавилоны нийгэмд мушкенум давхарга үлэмж хэмжээгээр өсөх хандлагатай байжээ.
Вардум язгуур нь нийгмийн доод давхарга болно. Үүнээс гадна, өмнөх хоёроо бодвол эрх чөлөөгүй бөгөөд язгуураа өөрчлөх боломжгүй байдагт онцлог нь оршино. Тэр ч байтугай, шериктум (өмч хөрөнгө) эзэмших, өөрийгөө худалдан авах чичир цуглуулах, эхнэр, хүүхэдтэй байх эрхгүй болно. Вардум давхарга удам дамжина. Терхатум буюу гэр бүлээс гадуур садарлах, дайн тулааны үед олзлогдох, үхэх ялаа ацаглах, өрөнд баригдах замаар вардум давхарга үүснэ . Хаммурабийн үед Вавилонд нийт 40 орчим хууль зөрчсөн үйлдэлд нөгчөөх ял тулгаж байжээ. Варад авелим буюу хүний боолтой янаг үүсгэгч эмийг тухайн цаг үеийн эрх зүйн зохицуулалтаар ашшатум (хүний эхнэр) гэдэггүй, харин марат авелим (ураглаагүй охин) гэж үзнэ. Гурваас доош жилийн дотор төлөгдөх өрийн боолыг непутум гэнэ. Эртний Вавилонд непутумаас вардум давхаргыг зааглан авч үздэг байжээ. Ташрамд өгүүлэхэд, Хаммураби МЭӨ 1791 онд тусгай мишарум (өр тэглэх чимин) гаргаж, олон ардыг өрийн боол болох ялаас хэлтэлж байсан түүхтэй.
Хүй элгэн бүр өөрийн гэсэн ялгах түшмэлийн албатай байна. Ялгах түшмэлийг эзэн хааны санал болгосноор хүй элгэний шебум (ахмад)-ын дотроос томилно. Үүнээс гадна, томоохон хот, суурин бүр ялгах түшмэлийн албатай байна. Ялгах түшмэлийн албанд нэг хэргийг дахин хэлэлцэхгүй гэсэн зарчим баримталдаг байжээ.
Хот, суурин бүрийг эзэн хаанаас томилогдсон рабианум, хазианум нар толгойлно. Тэд эзэн хаанд ильк ацагласны төлөө газар, хөрөнгөөр шагнагдана. Сүм хийдийн хувьд надитум, энтум, кадиштум, зикрум, кульмаштум, угбабтум гэх мэт санваартнууд сууна. Эдийн засгийн салбарт тамгар буюу худалдаачид ноёрхоно. Хаммураби хаан хувийн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хориглож, улсын нэрийн өмнөөс, улсын хөрөнгөөр худалдаа, арилжаа хийхийг зөвшөөрчээ. Тамгарын туслахыг шамаллум буюу дамнуурын худалдаачин гэнэ. Нэг тамгар хоёроос гурван шамаллумтай байна.
Эзэн хаанаас ильк ацагласны төлөө соёрхогдох газрыг худалдан борлуулах, бусдад санааны дураар шилжүүлэхийг хатуу хориглодог байв.
Вавилоны армийг редум (явган цэрэг), баирум (морин цэрэг) гэсэн хоёр төрөлд хувааж, декум (бага тушаалын цэргийн хэрэг мэдэгч), шахаттатум (цэргийн хэрэг мэдэгч хэргэмтэн), лаппутум (цэргийн хэрэг мэдэгч хэргэмтэн) нараар захируулжээ. Үүнээс гадна, эзэн хааны ордны шадар цэрэг буюу манзазум гэж байна.
Хаммурабийн засагчлах бичиг нь дараах бүрдэл хэсэгтэй болно. Үүнд:
1-4 дүгээр зүйлд иргэн хүний нэр төр, үнэлэмжийг хэрхэн хамгаалах асуудлыг тусгасан. Хэрэв хүний нэр төрд халдсан бол хүндээр шийтгэхээр заасан байх бөгөөд “егүүтгэн албал зохино” хэмээжээ.
5 дугаар зүйлд ялгах түшмэлийн шийдвэр эргэлзээ үл төрүүлэх агаад түүнийг хөрөнгө, мөнгөөр өөрчилж үл болно гэдгийг заасан.
6-13 дугаар зүйлд хулгай, дээрмийн хэргийг тогтоож өгсөн. Энэ төрлийн хэрэг өдүүлсэн авелимд үхэх ял оноох тухай дурдсан.
14 дүгээр зүйлд хүний балчир үр хулгайлсан хүнд үхэх ял онооно гэжээ.
15-20 дугаар зүйл нь боолт ёсыг хамгаалсан заалт байсан. Дорд боол хүнийг оргон дайжихад хүргэсэн хүнийг егүүтгэн алах гэжээ.
21 дүгээр зүйлд авелимын орон гэр халдашгүй дархан байх агаад зөрчсөн этгээд үхэх ялтай гэжээ.
22-24 дүгээр зүйлд авелимд дээрмийн этгээдийн учруулсан хохирлыг нийгэмлэг буюу өтгөсийн зөвлөл барагдуулах учиртай гэжээ.
25 дугаар зүйлд түймэр далимлан бусдын эд агуурс хулгайлсан хүнд “галд амьдаар нь шидэж шатаах” ял онооно гэжээ.
26 дугаар зүйлд цэргийн албанаас оргон зайлсан редум, баирумд үхэх ял оноох хэрэгтэй гэж заасан.
27-39 дүгээр зүйлд хааны цэргийн албанд зүтгэснээр хаан эзнээс редум, баирумд соёрхох эд хөрөнгийн (газар, цэцэрлэг, орон гэр) тухай өгүүлсэн. Эд хөрөнгө, цэргийн үүрэг хэрхэн удам дамжин өвлөгдөх тухай заажээ. Хааны соёрхсон эдийг бусдад арилжих, эхнэр, охиндоо шилжүүлэн өгөхийг хориглоно гэжээ.
40-41 дүгээр зүйлд эд хөрөнгөөр зольж, авелимын нэр хүндээ сэргээх асуудлыг зохицуулсан.
42-46 дугаар зүйлд тарианы талбай түрээслэх хийгээд түрээслэгч хүний цалан наазгай байдалтай холбоотойгоор үүсэх хариуцлагын асуудлыг зохицуулсан.
47 дугаар зүйлд түрээсээ сэргээхэд түрээслэгч давуу эрхтэй байхыг заажээ.
48 дугаар зүйлд түрээслэгч этгээдийг ургац алдсан жилээс хамгаалах санаа туссан ба ийм тохиолдолд “түрээсийн мөнгө” үл төлөх гэжээ.
49-52 дугаар зүйлд тариан талбайд хөлсний хөдөлмөр эрхлэгч авелим хөдөлмөрийн үр шимээ үл хүртэх буюу гэж заасан.
53-56 дугаар зүйлд хэрэв өөрийн газар орших далан сувгийг бэхлэх ажилд хойрго хандсан бол тэрхүү хүнд үүнээс үүдэн гарах хохирлыг нөхөн төлүүлэхээс агаад боол болгон арилжих хүртэл хүнд ял оноож болно гэжээ.
57-58 дугаар зүйлд тарианы газар санааны дураар мал хариулсан хүний тухай өгүүлсэн. Хавар эрт тариан талбайд малаа оруулбал 20 гур тариагаар торгох, намар орой оруулбал 60 гур тариагаар торгох, ургац алдахад хүргэсэн бол малчин өөрөө газраа хураалгах гэжээ.
59 дүгээр зүйлд абилум хүний цэцэрлэгт санааны дураар халдаж үл болно. Халдсан тохиолдолд мод бүрт  1/2 мин мөнгөн анз авах гэжээ.
60-66 дугаар зүйлд цэцэрлэг түрээслэх хийгээд цэцэрлэгч хөлслөх тухай асуудлыг тусгасан. Цэцэрлэг түрээслэн авах болбоос нийт орлогын 2/3-ийг уул эзэнд өгөх гэж заасан. Харин шинэ цэцэрлэг байгуулсан тохиолдолд цэцэрлэгч хүн 5 жил цэцэрлэгээс олох орлогын хагасыг авах ба хойшид юу ч авч үл болно. Өөрөөр хэлбэл, хөлсгүй ажиллах ёстой гэжээ.
67-70 дугаар зүйлүүд хадгалагдаж үлдээгүй.
71 дүгээр зүйлд албаны бус газрыг чөлөөтэй арилжиж, худалдаалах асуудлыг тусгасан.
73 дугаар зүйлд орон байрны түрээсийн асуудлыг зохицуулсан. Хэрэв орон байрны эзэн хүсэх аваас түрээсийн гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрийг түрээслэгч эзэнд буцаан олгож болно гэжээ.
74-87 дугаар зүйлүүд хадгалагдаж үлдээгүй.
88 дугаар зүйлд мөнгө хүүлэгч хүний авах хувийг зааж өгсөн: Нийт үр тарианы 33, 5% буюу мөнгөний 20%-ийг авах эрхтэй. Хэрэв зааснаас их хэмжжэний хувь нэхвэл зээлдэгч хүнийг үүргээс чөлөөлж болно.
89-90 дүгээр зүйлд өр төлбөрийг үр тариа хэлбэрээр эргэн төлөгдөх журмыг тогтоосон: 100ка мөнгө = 1 гур тариатай тэнцэнэ.
91-92 дугаар зүйлүүд хадгалагдаж үлдээгүй.
93-96 дугаар зүйлд мөнгө хүүлэгч хүн өөрийн гэрээг төрийн төлөөлөгчийн өмнө батлах үүрэгтэй. Хэрэв үүргээ умартвал бүх мөнгөө алдах ялтай гэж заажээ.
97-98 дугаар зүйлүүд хадгалагдаж үлдээгүй.
99 дүгээр зүйлд нөхөрлөлийн орлого, зарлагын хуваарилалт бурхны өмнө тэгшээр явагдах учиртай гэжээ.
100—282 дугаар зүйлүүд бүрэн нэгтгэгдээгүй. Ихэнх хэсэг нь гэр бүлийн харилцааг зохицуулахад оршиж байсан.
Гэхдээ энд нэг зүйлийг сайтар анхаарч үзэх хэрэгтэй болов уу. Учир юу гэвэл Хаммурабийн засагчлах бичгээс өмнө нийт хоёр мөрний улсад олон цааз хуулиуд мөрдөгдөж байжээ. Тухайлбал, МЭӨ 2093-2046 онд амьдарч байсан Ур хотын захирагч Шульгагийн цаазын бичиг, МЭӨ 1934-1924 онуудад мөрдөгдөж асан Иссина хотын захирагч, “ухаалаг малчин” Ишма-Даганы хүү, хаан Липит-Иштарын цаазын бичиг, Шадуппум хотын тууриас олдсон Дадуш хааны цаазын бичиг, Хаммурабийн засагчлах бичигтэй нэгэн үе хэрэгжиж асан гэх хаан Билаламын буюу Эшнуннын цаазын бичиг зэргийг нэрлэж болох байна.
МЭӨ 2318 оны орчим гарсан гэх Урукагины цаазын бичиг эдгээр дотроос нэлээд сонирхол татдаг. Түшмэл хүн цааз тэрсэлж, ялт хэрэг өдүүлэх, засаг төрийг гутаан доромжлох, арилжааны иргэд санааны дураар үнээ өсгөж бараа дамлан зарах зэргийг хүнд гэмт үйлд тооцсон байдаг. Эмэгтэй хүнийг эр хүнтэй адил тэгш эрхтэй гэж үзэхийн ялдар дээд бурхан Нин-гирсээс бошго авч цаазыг даяар олноо зарлан тунхаглав гэжээ.
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд 9 хэсэг, 43 зүйлээс бүрдэх Липит-Иштарын цааз бичиг нь агуулгын хувьд нэлээд өргөн хүрээтэй байсан агаад Хаммурабийн засагчлах бичигт зарим талаар тусгалаа олсон байна.
Монгол хэлнээ Хаммурабийн засагчлах бичгийг орчуулан түгээж байгаагүй болно (Оршил, тайлбар бичсэн Нямаагийн Отгонбаяр).
ХАММУРАБИЙН ЗАСАГЧЛАХ БИЧИГ

Ануннакуудын хаан хамгийг мэдэгч Анум, улс гүрнүүдийн хувь заяаг тольдож, тэнгэр, газрыг хураан эрхшээгч Эллиль нар ертөнцийн олон ардыг засаглагч Эа-гийн ууган хөвүүн Мардук-ыг сонгож, сүр хүчийг нь игигүүдийн дотор алдаршуулахын ялдар Вавилоныг түүний нэр сүрээр хурааж, тэнгэр, газарт ивгээгдсэн мөнхийн хаанчлалыг тогтоон, улсын дээд улс болгож хүчжүүлэв. Улс орноо асарч, хар толгойтны нэр сүрийг өргөгч Шамаш-ийн адил шударга ёсыг дэлгэрүүлж, тэрслүү этгээдийг цээрлүүлэхийн тулд хамгийг мэдэгч Анум, Эллиль нар бурхдад сүслэгч, мөхөс хүн Хаммураби миний биеийг өргөмжлөв.
Хаммураби миний бие—Тэнгэр, газрын холбоос Ниппур-ын төлөө баялаг, нэр сүрийг хураагч, Эллиль гэгдэх малчин, Экура-г халамжлагч, улс орондоо Эабз-ын ёсыг дарж, Эрид-ийг сэргээгч хүчирхэг хаан бөлгээ.
Хаммураби миний бие—Өөрийн эзэн Мардукын үнэнч албат, Эсагил-д үйлчлэх Вавилоны нэр сүрийг өргөгч, дөрвөн зүгийг хураан төвшитгөгч: Син бурхны мөнхийн хаанчлалыг тогтоогч, Экишнугаль-д ёсыг цүглэгч бөлгээ.
Хаммураби миний бие—Тэнгэр эрхсийн харш лугаа адил Эбарра сүмийг тордогч, Айи-н тахилын суурийг тавигч, Шамашийн дуулгаварт зарц, ухаалаг хаан бөлгээ.
Хаммураби миний бие—Шамаш бурханд зориулж Эбаббарыг шинэтгэгч, Ларсо-г нигүүлсэгч баатар бөлгээ.
Хаммураби миний бие—Анум, Иштарт тахил өргөгч Эанна-ы тэргүүнийг ивгээгч, хүн ардыг нь ундаасахын зовлонгоос гэтэлгэж, Урукт амьдрал бэлэглэгч эзэн бөлгээ.
Хаммураби миний бие—Эгалма сүмд тахил өргөж, Иссина хотын зүдэрсэн олныг төвшитгөсөн улсын хамгаалагч бөлгээ.
Хаммураби миний бие—Хурсагкаламм сүмийг алдаршуулж, охин тэнгэр Иштарын тахилыг сэргээгч, Эметеур-саг сүмийн нэр сүрийг өргөгч, Киш хотыг цүглэгч, Забаб-ын садан, хаадын доторх хүрхрэх луу бөлгээ.
Хаммураби миний бие—Месламын төлөө сэтгэл зүрхээ зориулагч, Кут хотыг дэвжээх хүсэл сонирхлоо хэрэгжүүлэгч, Эрра-гийн итгэлт анд, түүний дайснуудад ташуур бологч бөлгээ.
Хаммураби миний бие—Эзид-ийн төлөө сэтгэлээ зүдээгч, Борсиппид хүндлэгдэж, Тута-д хайрлагдагч, тэтрүү санаатныг сэжигч догшин бух бөлгээ.
Хаммураби миний бие—Дильбатын тариалангийн газрыг өргөтгөж, хүчирхэг бурхан Ураш-ийн ачлалаар үр тариаг нөөцлөгч, ухаан хэтийдсэн хаадын доторх эзэн бөлгээ.
Хаммураби миний бие—Охин тэнгэр Нинта-д тахил өргөж, Кеш хотын хил хязгаарыг бататгагч, Мама-гийн урласан эрдэнийн таяг, хаан сэнтийг агуулагч дээд төрөлтөн бөлгээ.
Хаммураби миний бие—Энинна-гийн сүмд тахил өргөгч, Лагаш, Гирсэд бэлчээр, ус хайрлагч зүтгэлт, хутагт хаан бөлгээ. Атаатан дайсантай алалдан тэмцэгч, Иштарын сэтгэлийг цэнгүүлэгч, Халлаб хотын эш бошгын биелэл, өндөр дээд охин тэнгэр-ийн сэтгэлт амраг бөлгээ.
Хаммураби миний бие—Эма сүмийг сэргээн цогцлоож, Адабад амьдрал хайрлах Эугалгала-гийн сүмийг ивгээгч, Адад-ын сэтгэлийг амирлуулагч, Адад бурхны ёсыг сахигч гэгээн хаан бөлгээ.
Хаммураби миний бие—Эмесла сүмд баялаг хурааж, Машканшабри хотноо амьдал бэлэглэгч зүйрлэшгүй дайнч баатар бөлгээ.
Хаммураби миний бие—Мальгиум хотын иргэдийг гачигдлаас авран хамгаалж, хангалуун амьдралд хөтлөгч хүслийн эзэн мэргэн жолоодогч бөлгээ. Бурхан Эа, охин тэнгэр Дамгальнунна нарын гэгээн сүрийг өргөж, тахилын ёсыг сэргээгч бөлгээ.
Хаммураби миний бие—Мэр, Туттул-ийн хүн ардыг өршөөн нигүүлсэж, Даган-ы хүчээр Евфрат мөрнөө нутагтлагч зон олныг хураан тохинуулагч хаадын дээд хаан бөлгээ.
Хаммураби миний бие—Хүн ардаа ядуурлын балчгаас аварч, Вавилон газраа дээд ёсыг тогтоон, Ниназ бурханд тахил өргөгч, охин тэнгэр Иштарын саруул мэлмий, ачлалт ван бөлгээ.
Хаммураби миний бие—Ашшур хотыг сэргээж, Эулмаш сүмд Иштарын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэгч, Ламассын сэтгэлийг цэнгүүлэгч хүмүүсийн малчин бөлгээ. Самуун дайныг эцэслэгч, Ниневи газраа Эмишмиш сүмд Иштарын нэр сүрийг сэргээгч хаан бөлгээ.
Хаммураби миний бие—охин тэнгэр Иштарын сэтгэлт хүн, дөрвөн зүгийг төвшитгөгч, Шумер, Аккадын газраа гэрэл түгээгч, Вавилоны наран, хүчирхэг хаан, мөнхийн эзэн, их бурханд ивгээгдэгч,  Суиулаэл-ийн залгамж, Синмубаллит-ын хойч, нигүүлсэнгүй хаан бөлгээ.
Улс оронд жаргал цогцлоож, хүн ардыг шударгаар удирдуулахын тулд их эзэн Мардук бээр өөрийн биеэр мөхөс хүнд дараах зүйлийг цааз болгон зарлигласан ану:
(§ 1) Хэрэв хэн хүн бусдыг хүний амь бусниулсанд буруутгаад түүнийгээ нотолж эс чадваас гүжирдэгч хүнийг егүүтгэн албал зохино.
(§ 2) Хэрэв хэн хүн бусдыг ид шидэд буруутгаад үүнийгээ нотолж эс чадвал гүжирдүүлэгч хүнийг Ордалинд унагаж, живүүлэх: Живсэн тохиолдолд гүжирдсэн хүмүүн гэр, хөрөнгийг нь эзлэн суух. Эс живбээс гүжирдсэн хүмүүнийг нөгчөөж, гүжирдүүлэгч хүнд гэр, малыг эзлүүлэх.
(§ 3) Хэрэв хэн хүн бусдыг гэмт үйлдэлд буруутган ялгах түшмэлийн албанд мэдүүлж эцэстээ өөрөө нотолж эс чадваас хүмүүний амьдралд зоргоор халдсан тул гүжирдэгч хүнийг нөгчөөх.
(§ 4) Хэрэв хэн хүн үр тариа, алт мөнгө завшаалах хомхой сэтгэлээр ялгах түшмэлийн албанд худал мэдүүлэг өгвөөс нөгчөөх.
(§ 5)  Хэрэв ялгах түшмэлийн алба хэргийг авч үзээд шийдвэрээ гаргаж, баримтыг нийтэлсний эцэст өөрийн шийдвэрээ өөрчлөх аваас түүнийг нь тодлосны эцэст зүй бусаар өөрчилсөн аваас анзлах: Зальхай ялгагч түшмэлийг хөөн гаргаж, олны хэрэг дахин шийтгэхгүй болгох.
(§ 6) Хэрэв хэн хүн ордны алт мөнгө, бурхан тахилын эд хулгайлах аваас түүнийг нөгчөөх: Хулгайн эдийг мэдсээр авсан хүнийг мөн адил нөгчөөх.
(§ 7) Хэрэв хэн хүн бусдын насанд хүрээгүй хүүхэд, вардумаас алт мөнгө, боол зардас, мал агуурс тэргүүтнийг гэрээ хэлцэл хийлгүй, хөндлөнгийн гэрчгүй худалдан авбаас хулгайч мөний тул нөгчөөх.
(§ 8) Хэрэв хэн хүн бурханд өргөсөн эсвээс, ордны мэдлийн амбан шар, үнээ мал, агт морь тэргүүтнийг хулгайлсан бол түүнийг гуч дахин, хэрэв мушкенумийн мэдэлд байх зүйлийг авсан бол арав дахин өсгөж төлүүлэх. Хулгайч төлөх хөрөнгө үгүй бол нөгчөөх. (….)
(§  14) Бусдын балчир үрийг хулгайлах аваас нөгчөөх.
(§ 15)  Хэн хүн ордны боол, боол эмэгтэйг тэрчлэн ноёны боол, боол эмэгтэйг хулгайж оргон зайлахад туслах аваас нөгчөөх.
(§ 16) Хэрэв ордны юм уу ноёны босуул боолыг орон гэртээ нууцгайлан хадгалж зараалын хүний үгийг эс хэрэгсвээс уул гэрийн эзнийг гэсгээн шийтгэх.
 (§ 17) Хэрэв хэн хүн босуул боол, боол эмэгтэйг боолын эзэнд хүргэж өгвөөс эзэн хоёр мөнгөн зоос шагнал болговоос зохино.
(§ 18) Хэрэв босуул өөрийн эзний алдрыг эс хэлвээс түүнийг баригч хүн ордонд хүргэх ба хэргийг хэлэлцсэний сүүлээр уул эзэнд буцаан олговол зохино.
(§  19) Хэрэв босуул боолыг танигч хүн түүнийг орон гэртээ агуулсны эцэст өөрийн хогшил мэт үзэх аваас уул хүнийг нөгчөөх. (….)
(§ 20) Хэрэв босуул боол хэн нэгэн хүний гараас дахин босон зайлах бол уг хүн боолын эзэнд дээд эзний нэрээр андгай өгөх ба үүний сүүлээр чөлөөлөгдөх.
(§ 21) Хэрэв хэн хүн бусдын орон гэрийг санааны зоргоор эвдлэн сүйтгэх аваас түүнийг сүйтгэгдсэн гэрийн өмнө нөгчөөх.
(§ 22) Хэрэв хэн хүн дээрэм хийгээд баригдах аваас түүнийг мөчлөн алах.
(§ 23) Хэрэв дээрэмчин, тонооч эс баригдах аваас тонуулд өртсөн хүн эзний өмнө алдсан зүйлээ зүйтэйгээр мэдүүлэх ба тонуул болсон газрын настнуудын зөвлөл уул хэргийг ёсоор болгож, тонуулсан хүнд алдсан эдийг нь тоо ёсоор буцаан нөхвөр болговол зохино.
(§ 24) Хэрэв тонуулч дээрэм хийх явцдаа хүний аминд хүрсэн бол настнуудын зөвлөл уул хүний ар гэрт 1 мин (эртний Вавилоний мөнгөн тэмдэгтийн нэгж мөн. Хамгийн бага мөнгөний нэгжийг сикл гэх ба 8,7 грамм алт юм уу мөнгөтэй тэнцэнэ. 0,5 кг илүүгүй алт юм уу мөнгө нь нэг мин болно. Харин 60 мин нь нэг талант болно. Талант нь хамгийн том мөнгөний нэгж мөн., орчуулагчийн тайлал) мөнгө нөхвөр болговол зохино. (…..)
 (§ 26) Хаан эзний их аянд редум, баирум нарыг дайчлан явуулах цааз гарсаар атал үл хэрэгсэн орны хүн илгээх аваас тэдгээр редум, баирум нарыг гэсгээхийн зэрэгцээ орны хүнийг хүндээр шагнаж, орон, гэрийг эзлүүлбэл зохино.
(§ 27) Хэрэв хаанд алба өргөгч редум, баирум нар олзлогдох аваас түүний газар, эд малыг албанд зүтгэгч өөр хүнд өгөх, хэрэв олзны хүмүүс эргэн ирэх аваас уул газар, хөрөнгийг буцаан олговол зохино: Гагц эзний албыг чин сүсгээр хичээн гүйцэтгэвээс болох.
 (§ 28) Хэрэв хааны албанд зүтгэгч редум, баирум нар бусдад олзлогдсоны сүүлээр түүний хойчис хааны албыг үргэлжлүүлэн хаах хүсэлтэй бол хөрөнгө, малыг мөнхүү хойчист нь эзлүүлэх.
(§ 29) Хэрэв тэдний хойчис хааны албыг залгуулах нас хүрээгүй, балчир байх аваас нийт хөрөнгө, малын гурван хувийг бэлэвсэрч үлдсэн эмд нь үлдээх, үр хүүхдээ өсгөхийг цааз болговоос зохино.
(§ 30)  Хэрэв редум, баирум албаны хэргээс үүдэн өөрийн газар, цэцэрлэг, орон гэрээсээ алслан холдсны сүүлээр өөр хүн  түүний газар, цэцэрлэг, орон гэрийг гурван жилийн дараа эзэгнэн сууж атал уул эзэн эргэн ирж өөрийн эдээ шаардах бол түүнд уг зүйлийг эс өгөх: Гагц улс гэрт зүтгэсэн хүн үүнийг эдлэх.
(§ 31) Хэрэв албанд зүтгэх хүн нэг жил орон гэр, цэцэрлэг, газраасаа алслан холдсны сүүлээр эргэн ирэх аваас түүнд газар, цэцэрлэг, орон гэрийг нь уул ёсоор эзлүүлбэл зохино.
(§ 32) Хэрэв тамгар хааны албанд зүтгэж яваад бусдын олзонд орсон редум юм уу баирумыг зольж авсны сүүлээр уул хүмүүс өөрсдийгөө худалдан авч чөлөөлж болно: Гэвч ямар ч тохиолдолд өөрийгөө зольж чөлөөлөхдөө газар, цэцэрлэг, гэр орноо өгч үл болох.
(§ 33) Хэрэв цэрэг татлагад хамааралгүй хүнийг хааны цэрэгт хөлсний цэргээр татаж, түүнийг зүдээх аваас энэ мэт хэрэг өдөөсөн аравтын болон зуутын даргыг нөгчөөх.
(§ 34) Хэрэв цаазыг сайнаар хэрэгжүүлэгч үнэнч редумийг тарчилган зовоох, хилсээр гэсгээх, соёрхолын эдийг нь бусчирлан авбаас тэрхүү зуутын болон аравтын захирагчийг мөн адил нөгчөөх.
(§ 35) Хэрэв редум хүнээс хаан эзний соёрхсон амуу буудай, амбан шарыг худалдан авбаас тэр хүн мөнгөө дэмий үрснээс өөрцгүй буюу.
(§ 36) Редум, баирум юм уу өөр хэн нэгэнд соёрхсон газар орон, гэр, цэцэрлэгийг хэн нэгэнд арилжиж үл болох.
(§ 37) Хэрэв редум, баирум юм уу өөр хэн нэгэнд соёрхсон газар орон, гэр, цэцэрлэгийг хэн хүн худалдан авбаас тэрхүү арилжаа шууд цуцлагдах агаад өөрийн мөнгийг агаарт хийсгэх лугаа адил болмуй: Газар орон, гэр, цэцэрлэгийг уул эзэнд нь буцаан олговоос зохино.
(§ 38) Албанаас соёрхсон орон гэр, цэцэрлэг, тариан газрыг редум, баирум нар өөрийн эм юм уу охинд шилжүүлэн өгөх, гэрээслэн үлдээж үл болно.
(§ 39) Өөрийн хүслээр худалдан авсан юм уу олж авсан орон гэр, цэцэрлэг, тариан газраа өөрийн эм юм уу охинд шилжүүлэн өгөх, гэрээслэн үлдээж болно.
(§ 40) Надитум, тамгар юм уу энэ мэт албанд зүтгэгчид өөрийн орон гэр, цэцэрлэг, тариан газраа бусдад арилжиж болно: Харин худалдан авагч хүн орон гэр, цэцэрлэг, тариан газрынхаа төлөө хаан эзэнд алба гүйцээх учиртай.
(§ 41) Хэрэв хэн хүн санааны зоргоор редум, баирум юм уу хэн нэгэнд байгаа газар орон, гэр, цэцэрлэгийг арилжиж ашиг олох аваас өөрийн газар орон, цэцэрлэг, гэрээ редум, баирум тэргүүтэнд олсон ашгийн хамт нөхвөр болгон өгвөөс зохино. (…..)

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.
УТГАЧИЛСАН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР