Wednesday, April 19, 2017

АНГЛИЙН СЭТГЭГЧ ЖОН ЛОККИЙН УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Жон Локк
John Locke
Хотфрид Кнэллэрийн зурсан Локкийн хөрөг
Мэндэлсэн он:
1632 оны 8-р сарын 29
Мэндэлсэн газар:
Англи улс, Сомэрсэт, Рингтон
Таалал болсон он:
1704 оны 10-р сарын 28 (72 нас)
Таалал барсан газар:
Англи улс, Эссэкс
Дэг сургууль:
Английн эмпиризм
Чиглэл:
Английн философи
Үе:
XVII зууны философи
Үндсэн сонирхол:
Метафизик, улс төрийн философи, ухамсарын философи, боловсрол
Голлох үзэл санаа:
tabula rasa, government with the consent of the governed; state of nature; rights of life, эрх чөлөө, өмч хөрөнгө
Өмнөх үеийн төлөөлөгчид:
Платон, Аристотель, Аквины газрын Фома, Декарт, Хоббс
Хойшдын талархагчид:
Беркли, Юм, Хант гэх мэтийн олон улс төрч, гүн ухаантнуудад, ялангуяа АНУ-ыг үндэслэгчид, Шопэнхауэр
Гарын үсэг:
Жон Локк (англ. John Locke; 1632 оны 8-р сарын 29 нд Англи улс Сомэрсэт, Рингтон — 1704 оны 10-р сарын 28 нд Англи улс Эссэкс) — нь Английн нэртэй сурган хүмүүжүүлэгч, гүн ухаантан, эмпиризм, либерализмийн томоохон төлөөлөгч болно. Түүний үзэл санаа хойч үеийн улс төрийн философид асар хүчтэй нөлөөлсөн байдаг. Локкийг соён гэгээрүүлэлтийн нөлөө бүхий сэтгэгч, либерализмийн онолч хэмээн алдаршсан. Локкийн захидалууд Вольтэр, Руссо зэрэг олон хүмүүст гүн хүртээл болжээ. Түүний дам нөлөө Америкийн тусгаар тогтнолын тунхагт хүртэл тусгагдсан байдаг.
Локкийн гүн ухааны олон санааг хоч үеийн Дэвид Юм, Иммануэл Хант нарын хүмүүс чухалчлан хөгжүүлжээ. Ухамсарын тасралтгүй үйл явцын үр дүнд тодорхой бие хүнийг нээн илрүүлж танин мэдэж болно гэж үзсэн. Оюун ухаан хэмээгч оргүй хоосон бөгөөд хүн хүртэн мэдрэх замаар өөрөөр хэлбэл туршлагаар түүнийг бүтээдэг. Хүнд төрмөл ухаан, оюун сэтгэлгээ, үзэл санаа байдаггүй гэжээ.
Цадиг намтар
1632 оны 8-р сарын 29 нд Английн өрнө зүгт Бристолийн ойролцоо орших Рингтон хэмээх багашаархан хотноо хөдөөгийн өмгөөлөгчийн гэр бүлд мэндэлжээ.
1646 онд өөрийн эцгийн заавраар (өгүүлэн буй үед эцэг нь генерал Кромвелийн армид ахмад цолтой байв) Вэстминстэр сургуульд бүртгүүлжээ. Сургуулийн хамгийн сайн сурагчдын нэг Локк 1652 онд Оксфордын их сургуульд дэвшин суралцжээ. 1656 онд бакалавр, 1658 онд магистр болсон байна.
1667 онд Локк Шэфтсбэрийн гүнлэг, лорд Эшлигийн саналаар түүний гэрт гэрийн эмч, хүүхдийн хүмүүжүүлэгчээр ажилласан бөгөөд энэ үеэс эхлэн улс төрд идэвхийлэн оролцох болжээ.  
Гүнтэний хүсэлт ёсоор Локк Хойд Америкийн Каролина муж улсад үндсэн хууль зохиох ажилд оролцосон байна.
Улмаар 1668 онд Хатан хааны нийгэмлэгийн гишүүн, 1669 онд түүний Зөвлөлийн гишүүнээр тус бүр сонгогдсон байна. Энэ үед тэрээр байгалийн ухаан, анагаах ухаан, улс төр, эдийн засгийн ухаан, сурган хүмүүжүүлэх ухаан, төр сүм хийдийн харилцааны асуудал, шашин шүтлэг, өрөвч нинжин сэтгэлийн тухай судлан шинжлэх болжээ.
1671 онд хүний оюун ухааны танин мэдэхүйн чадварын асуудалд голлон анхаарч 16 жилийн нөр ажлын үр шим болсон “Хүний оюун ухааны туршлага” нэртэй ном гарчээ.
1972-1679 онуудын хооронд Локк Английн засгийн газарт янз бүрийн алба үүрэглэсэн байдаг. Гэвч түүний төрийн албаны амжилт Шэфтсбэрийн гүнлэгтэй холбоотой байсан бөгөөд 1675-1679 онуудад эрүүл мэндийн шалтгаанаар Франц улс руу одсон байна.
1683 онд улс төрийн шалтгаанаар Холланд улс руу цагаачилсан байна. Алдарт хувьсгал мандаж Ораны гүнлэг III Вильгэльм Английн эзэн хаанаар зарлагдав. Локк 1688 оны төрийн эргэлтэд идэвхийлэн оролцож, Ораны Вильгэльмтэй ойр шадарлаж үзэл санааны нөлөө үзүүлсэн нь үр дүнгээ өгч 1689 онд эх орондоо эргэн иржээ.
1690-ээд оноос Локк төрийн албаны зэрэгцээ шинжлэх ухааны ажилд ханцуй шамлан оров. 1690 онд “Хүний оюун ухааны туршлага”, “Төрийн засаглалын тухай хоёр шашдир”, 1693 онд “Хүмүүжлийн тухай эрэгцүүлэл”, 1695 онд “Христ шашны мөн чанар” нэртэй зохиолууд тус бүр гаргав.
Английн алдарт улс төрийн онолч Жон Локк 1704 оны 10-р сарын 28 нд өөрийн хамтран амьдрагч Дэмэрис Мэш хатагтайн хотын захад орших эдлэнд өвчний улмаас насан хутгийг олжээ.
Английн улс төрийн сэтгэгч, онолч Жон Локк философи үзэл санааны хувьд материалист нэгэн байсан ба өөрийн судалгаанд танин мэдэхүйн эмпирик аргуудыг түгээмэл ашигладаг байв. Локк орчин үеийн либерали үзэл санааны суурь үндэсийг боловсруулсан байна. Тэрээр өөрийн төр, эрхийн тухай сургаалаа “Төрийн засаглалын тухай хоёр шашдир” бүтээлдээ хөгжүүлжээ.
Английн алдарт улс төрийн сэтгэгч Т. Хоббсоос ялгаатай нь хүн хоорондын тэгш эрхийн зарчим төргүй байгалийн байдалд ч хүмүүсийн үйл ажиллагаа, харилцааны суурь үндэс болж байсан гэжээ. Энэхүү байдал нь хүмүүсийг эрх чөлөө, тэгш эрхийн зарчмаа хадгалахын зэрэгцээ нийгмийг илүү шинэ шатанд гаргаж хөгжүүлэх боломж, бололцоо бүхий төрт ёс үүсгэхэд хүргэсэн байна. Үр дүнд нь нийгмийн гэрээний үндсэн дээр үүсвэрлэх төр бий болсон аж. Өөрөөр хэлбэл нийгмийн гэрээ нь хүмүүс хийгээд төрийн хооронд хийгддэг байна.
Төр оршин байхын тулгуур зорилго нь амьд явах, өмч хөрөнгө эзэмших гэх мэтчлэн хүний төрөлх эрхийг хангаж, хамгаалах явдал юм. Хоббс байгалийн аймшигт “бүгдээрээ бүгдийн эсрэг дайтсан” байдлаас ангижрахын тулд хүмүүс төрөлх эрх чөлөөнөөсөө бүрэн татгалзах замаар хоорондоо гэрээлж төрийг цогцлоосон гэж үзжээ. Гэтэл мөнөөхөн Локк хүмүүс төр улс оршин байхын зайлшгүй шалтгааныг ухан ойлгож өөрсдийн төрөлх эрх чөлөөний тодорхой хэсгийг бусдад шилжүүлэх замаар хоорондоо гэрээлж төрийг үүсгэсэн гэжээ. Ингэхлээр Локкийн үзэл санаа Хоббсын санаанаас зарчмын ялгаатай болох нь харагдаж байна. Аливаа төр иргэдийнхээ амьд явах, өмч хөрөнгө эзэмших, өмчлөх төрөлх эрхийг хангах үүрэгтэй. Төр нийгмийн өмнө хэдий чинээ өргөн үүрэг хүлээнэ, иргэд төдий хэмжээгээр илүү эрх эдлэх учиртай. Төр бол үнэмлэхүй эрхтэй нийгмийн субъект биш юм. Амьд явах эрх, өмч хөрөнгө эзэмших эрх, тэгш байдлыг ямар ч үед, ямар ч үндэслэлээр хүнээс салгаж болохгүй. Нийгмийн гэрээ бол Локкийн үзснээр иргэдийнхээ өмнө хүлээх төрийн үүрэг юм. Хэрэв төр өөрийн үүргийг хэрэгжүүлж чадахгүй бусдын амьд явах, өмч хөрөнгө эзэмших эрхэд халдвал иргэд төрийн эсрэг тэрслэн босох бүрэн эрхтэй хэмээн Локк үзжээ.
Төр бол иргэдийн хэрэг маргааныг таслан шийдвэрлэх, гэмтнийг гэсгээх эрх бүхий дээд шинжийг агуулахын сац тогтоосон нийтийн ёс зүйгээр иргэдээ хамгаалах институт мөн. Нийгмийн бусад институтаас ялгаатай нь төр нийгэм дэх улс төрийн засаглалыг хэрэгжүүлэх, өмчийн харилцааг хадгалах, зохицуулах зорилгоор хууль гаргах, төрийг гадны халдлагаас хамгаалах, дээрх хуулийг хэрэгжүүлэхэд нийгмийн хүчийг ашиглах онцгой эрх бүхий этгээд болно.
Локк төрийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд байх ёстой гэж үздэг байв. Төрөөс батлан гаргасан болгоныг хууль гэж хэлдэггүй. Хууль бол иргэдэд нийтийн эрх ашгийг хүндэтгэн өмч хөрөнгө захиран зарцуулах эрх олгож буй тэр зүйл юм.
Локк төрийн засаглал өөрийн эрх хэмжээндээ байх үндсэн хуулийн онцгой механизм боловсруулжээ. Энэ механизмын чухал нэгэн шинж нь засаглал хуваарилах үзэл санаа юм. Төрийн засаглал нэг этгээдийн гарт хэт төвлөрөхгүй байх, нийтийн эрх ашиг зөрчигдөхгүй байхын гол баталгаа бол засаглал хуваарилах зарчим мөн. Локк төрийн засаглалыг хууль тогтоох, гүйцэтгэх, холбооны гэсэн гурван төрөлд ангилсан байна.
Төрийн засаглалыг Локк эзэн хаант, олиграхи, ардчилсан гэж ангилаад ямар ч төрийн байгуулал сайн байж болно. Хамгийн гол нь төрийн үйл ажиллагааны үндэс төрийн засаглалын дээрх зарчмуудыг хангасан байх учиртай гэжээ. Тэрээр эзэн хаант засаглал гэдгийг үндсэн хуульт хаант засаглал гэж үзсэн байдаг.
Жон Локкийн хөгжүүлж асан үзэл санаа тухайн цаг үедээ төдийгүй өнөөдөр ч шинжлэх ухааны үнэ цэнээ алдаагүй байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР



No comments:

Post a Comment