Wednesday, April 19, 2017

АНГЛИЙН СЭТГЭГЧ ТОМАС ХОББСИЙН УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Томас Хоббс
Thomas Hobbes
Thomas Hobbes
Мэндэлсэн он:
1588 оны 4-р сарын 5
Мэндэлсэн газар:
Английн вант улсын Уилтшир,  Малмсбэри хот
Бие барсан он:
1679 оны 12-р сарын 4 (91 насандаа)
Бие барсан газар:
Английн вант улсын Дэрбишир
Харъяалал:
Английн вант улс
Дэг сургууль/уламжлал:
Эмпиризм, нийгмийн гэрээ
Чиглэл:
Философи, Улс төрийн философи, Улс төр судлал, Төр, эрхийн онол
Үе:
XVII зууны философи
Үндсэн сонирхол:
Төр, эрхийн онол, түүх, ёс зүй, геометр, философи
Тулгуур үзэл санаа:
Нийгмийн гэрээний онол: Төрийн тухай онол, бүгдээрээ бүгдийн эсрэг дайтах тухай, механик материализмийн онол, ардчиллын онол, төрийн суверенитетийн онол
Өмнөх хүмүүс:
Платон, Аристотель, Гроций, Фрэнсис Бэкон
Хойч үе:
Жон Локк, Жан Жак Руссо
Томас Хоббс (Англ. Thomas Hobbes) (1588 оны 4-р сарын 5 нд Английн вант улс Уилтшир, Малмсбэри1679 оны 12-р сарын 4 нд Английн вант улсын Дэрбишир) — нь Английн материалист гүн ухаантан, нийгмийн гэрээ, төрийн суверенитетийн онолыг үндэслэгчдийн нэг мөн. Ёс зүй, бурхан судлал, физик, геометр, түүхийн салбаруудад дэвшүүлсэн үзэл санаагаараа нэрд гарсан.
Агуулга
Цадиг намтар
Глостершир гүнлэгт хэр тааруухан боловсролтой хөдөөгийн санваартны гэр бүлд мэндэлсэн[1]. Чинээлэг айлын хүүхдүүдийг хүмүүжүүлж байсан. Хоббс эртний Грег-Римийн утга зохиол, сонгодог хэлүүдийг зэгсэн сайн мэддэг байсан. Арван таван насандаа Оксфордын Их Сургуульд элсэн орж, 1608 онд төгссөн.
1608 онд Гардвикийн барон Уильям Кавэндишийн том хүү Уильям (Сүүлд Дэвонширын түшээ гүн болсон)-ийн сурган хүмүүжүүлэгч болсон. Амьдралынхаа эцэс хүртэл шавьтайгаа холбоотой байж түүнээс санхүүгийн дэмжлэг авч байжээ. Шавийнхаа тусламжаар Бэн Жонсон, Фрэнсис Бэкон, Гэрберт Чарбэрси зэрэг тэр үеийн тэргүүний аугаа хүмүүстэй танилцжээ.
1628 онд гүн Уильям Кавэндиш тэнгэрийн орноо заларч мөнөөхөн Хоббс эрхэм ноён Жэрвэйс Клифтоны хүүгийн хүмүүжүүлэгч болжээ. Улмаар энэ гэр бүлийн хамт Итали орж, 1636 онд алдарт Галилео Галилейтэй уулзсан байдаг.  
Хоббсын ертөнцийг үзэх үзэл үүсэн бүрэлдэхэд Ф. Бэкон, Галилео Галилей, П. Гассенди, Р. Декарт,  И. Кеплер нарын хүмүүс томоохон нөлөө үзүүлжээ.
Үзэл санаа
Философи үзэл санаа
Хоббс өөрийн амьдарч асан үеийн байгаль шинжлэлийн суурь зарчимд тулгуурлан механик материализмийн бүхэл бүтэн тогтолцоо бий болгожээ. Сэтгэдэг ямар нэгэн субстанц оршин байдаг хэмээн үзэж асан Декарттай маргалдан сэтгэдэг юмс тусгаар үл орших бөгөөд мөн чанартай материаллаг шинжтэй гэж маргаж байв. Геометри, механик нь Хоббсын хувьд төгс хэлбэрийн шинжлэх ухаанч сэтгэлгээ аж. Байгаль хэмээгч хэмжээ, хэлбэр, байдал төлөв, хөдөлгөөний хувьд ялгамжтай орших физик биетүүдийн нийлбэр юм. Хөдөлгөөн бол механик шилжилтээс өөр юу ч биш юм. Хоббс мэдэрхүйн шинж нь алив юмсын өөрийнх нь бодот шинж бус, харин түүний ойлгогдох хэлбэр мөн гэж үзжээ. Хоббс учир шалтгаант дедукци, эмпирик физикийн индукци гэх танин мэдэхүйн хоёр аргыг гаргасан байдаг.
Төр, эрхийн тухай нийгэм-улс төрийн үзэл санаа
Бодэнээс хойших үеийн ихэнх сэтгэгчдийн нэгэн адил Хоббс ардчилсан, язгууртны, эзэн хаант гэсэн төрийн гурван хэлбэрийг гаргасан байдаг. Мэргэн ухаанд үл сүслэх мулгуу олон түмний засаг учир ардчилал хамгийн адгийн төрөл засаглал бөгөөд ямагт самуун ужид дайсагналыг төрүүлдэг гэжээ. Харин язгууртны засаглал өмнөх хэлбэрээ бодвол харьцангуй сайн төрийн засаглалын хэлбэр юм. Төрийн эрх мэдэл хуваагдашгүй, нэг хүний гарт чанд төвлөрдөг учир эзэн хааны засаг бүхнээс илүү дээр гэж Хоббс сургасан байдаг.
Төр нь бүгдээрээ бүгдийн эсрэг дайтсан байгалийн байдлыг эцэс болгож хүмүүс хоорондоо гэрээ, хэлцэл хийсний үр дүнд үүсчээ. Хүмүүс эхэндээ бүгд тэгш эрхтэй байжээ. Ертөнцийн эзэн хүмүүсийг оюун ухаан, бие бялдарын хувьд адил тэгшээр заяаж, мөнхүү адил боломж, чөлөөт хүслээр шүншиглэв. Гэвч энэхүү байдалд хэн ч эрх чөлөөг эдлэж үл чадахын ялдар өвөр зуураа дайсагнан тэмцэлдэх болжээ. Энэ учирт хүмүүс сайн дураараа хоорондоо гэрээлж төр хэмээх институтыг бий болгожээ. Өөрсдийн эрх чөлөөгөөр ерөндөглөн байж байгуулсан төрийн хамгийн дээд бөгөөд эцсийн зорилго нь хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, тэдний дунд найртай харилцаа тогтоох явдал байв.
Гэхдээ Хоббс авгай бүх төр гэрээ, хэлцлээр байгуулагддаг гэж үзээгүй юм. Засаг төрийн дээд эрхийг атгах хүчирхийлэлд суурилсан, гэрээ хэлцэлд тулгуурласан гэх хоёр аргын тухай тэрээр өгүүлжээ. Эхний аргад суурилсан төрийг олз ашигт дулдуйдсан төр гэсэн бол хоёр дах аргад тулгуурласан төрийг тогтоол дээр үндэслэгдсэн буюу улс төрийн төр гэж нэрлэсэн байдаг.
Хоббс эрх зүйн позитивист сургаалыг дэмжиж, төр улсын суверен эрхийг дээдэлсэн байдаг. Төрийн засаглалын хувьд эзэн хааны засгийг дэмжиж байсан бололтой. Сүм хийд төрд захирагдах учиртайг журамлаад шажин суртхаалаар ард олныг номхотгон дарж болно гэж үзжээ.
Ёс суртахууныг хүмүүний амьдралаас зааглан авч үзэх ёсгүй. Ёс суртахууны үндэс нь хүний өөрийн оршин ахуйг хадгалах, хэрэгцээгээ хангах тэмүүлэлд суурилсан байгалийн хууль гэж үзжээ. Нийт байгалийн 19 хууль байна. Найртай сайхныг эрхэмлэх, түүнийг ямагт хичээн хэрэгжүүлэх, хэрэв найртай сайханд үл нийцэх аваас өөрийн илүүдэл эрхээ таягдах, бусадтай байгуулсан гэрээ, хэлцлээ чандлан сахих гэх мэт нь байгалийн хууль болно. Энэ хуулийн суурь зарчим нь өөрийн үл хүсэл зүйлийг бусдад бүү ацагла гэсэн санаа юм. Ёс суртахуун нийгмийн гэрээнээс улбаалсан хүний иргэний эрхтэй зөрчилдөх ёсгүй, харин нийцэж байх ёстой гэж Хоббс сургасан.
Гол бүтээлүүд
  • The Elements of Law, Natural and Politic (1640)
  • Treatise on Human Nature (1650)
  • Philosophicall Rudiments concerning Government and Society (Энэхүү бүтээлийг Латин хэлнээ хөрүүлбэл «De Cive» гэх утгыг илэрхийлнэ )(1651)
  •  «Философийн үндэсүүд» хэмээх гурвал:
  • «Левиафан буюу Төрийн сүм хийдийн болон иргэний засаглал, тэдгээрийн хэлбэр, эх сурвалж» (1651 он, Орос хэл дээр — 1936 он).
  • Letters upon Liberty and Necessity (1654)
  • The Questions concerning Liberty, Necessity and Chance (1656)
  • Postumously A Dialogue between a Philosopher and a Student of the Common Laws of England (1666 онд бичигдэж, 1681 онд олон нийтэд хүртээл болсон)
  • Posthumously Behemoth, or The Long Parliament (1668 онд зохиогдож, 1681 онд нийтлэгдсэн)
-----------------------

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment