Sunday, September 4, 2016

ЖОН УИЛЬЯМ БЭРЖЕСС "КОЛУМБЫН КОЛЛЕЖ ДАХЬ УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГАА"



ЖОН УИЛЬЯМ БЭРЖЕСС
(JOHN WILLIAM BURGESS)

Америк дахь улс төрийн шинжлэх ухааныг үндэслэгч, Колумбын Их Сургуулийн профессор Жон Уильям Бэржесс 1844 оны наймдугаар сарын 26 нд Тэнниси муж улсын Корнсвэлл хотноо Томас Т. Бэржесс, Мэри Жүди Эдвардс нарын гэрт мэндэлжээ. Жон Бэржессийн өвөг 1630 онд Массачусэттст суурьшсан Томас Бэржесс гэгч бөгөөд боолын худалдаагаар хөрөнгөжсөн нэгэн байв. Сонирхуулахад, Жон Бэржесс Америкийн иргэний дайны үед Холбоотны армид үйлчилж байжээ. 1867 онд Эмхерст Коллежийг түүхийн чиглэлээр суралцаж дүүргээд 1871-1873 онуудад Германы Хэттингин, Лэйпциг, Берлины Их Сургуульд хууль цааз, түүх, улс төрийн шинжлэх ухаанаар дахин суралцсан байна. 1873 онд эх орондоо эргэн ирээд Эмхерст коллежид багшилсан боловч удалгүй Колумбын коллеж руу шилжсэн байна. Өөрөөр хэлбэл, Бэржесс авгай 1876-1912 он хүртэл Колумбын коллеж болон их сургуульд багшилжээ. 1880 онд Колумбын Их Сургуулийн дэргэд Улс Төрийн Шинжлэх Ухааны Сургууль (School of Political Science) байгуулж, мөн ондоо Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Академийн үйл ажиллагааг эхлүүлсэн. 1886 оны гуравдугаар сараас Нью-Йоркын хэвлэлийн үйлдвэрийн эзэнтэй хамтарч нийтийн удирдлага, төрийн бодлого, улс төрийн шинжлэх ухааны чиглэлийн өгүүлэл нийтлэх Америкийн анхны сэтгүүл Политикал Скайнс Коуртели (Political Science Quarterly)-г эрхлэн гаргах болжээ (John William Burgess, 2016).
Америкт улс төрийн шинжлэх ухааныг хэн анх хөгжүүлсэн тухайд судлаачдын дунд нэгдсэн байр суурь өнөөдрийг хүртэл төлөвшиж хараахан чадаагүй байна. Нэг хэсэг судлаачид Герман-Америкийн эрдэмтэн, Колумбын коллежийн профессор Фрэнсис Либэр (Francis Lieber)-ийг нэр цохдог бол нөгөө хэсэг судлаачид нь Бэржессийн нэртэй холбон тайлбарласан байдаг. Юутай ч, Ф. Либэр 1858 онд Колумбын коллежид түүх, улс төрийн шинжлэх ухааны тэнхим байгуулж, улс төрийн шинжлэх ухааны анхны сурах бичиг (1837 он) зохиосон нь түүхэн үнэн билээ. Нью-Йоркийн Улсын Их Сургуулийн профессор Албэрт Сомит, Принстоны Их Сургуулийн профессор Жозэф Танэнхаус нар “Америк дахь улс төрийн шинжлэх ухааны хөгжил” нэрт бүтээлдээ Бэржесс бол Америк дахь улс төрийн шинжлэх ухааны “эцэг” огтоос биш бөгөөд томоохон төлөөлөгчдийн нэг нь мөн гэсэн дүгнэлт хийжээ (Albert Somit & Joseph Tanenhaus, 1967, pp. 4, 5).
Хэдийгээр Бэржесс авгайн үед Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Академи Колумбын Их Сургуулийн дэргэдэх судалгааны байгууллагын статустай байсан боловч 1910 оноос эхлэн эдийн засаг, улс төрийн чиглэлээр судалгаа хийх их сургуулиас хараат бус бие даасан байгууллага гэгдэх болжээ. Колумбын Их Сургуулийн үндсэн хуулийн эрх зүй, улс төрийн шинжлэх ухааны профессор, нэрт эрдэмтэн, бичгийн их хүн Жон Уильям Бэржесс Бруклинд 1931 оны нэгдүгээр сарын 13 нд насан егүүджээ.
Энэ удаад та бүхэнд Бэржессийн 1882 онд The International Review сэтгүүлд нийтлүүлсэн «Колумбын коллеж дахь улс төрийн шинжлэх ухааны судалгаа» (Burgess, 1882, pp. 346-352; Берджесс, January 2016, pp. 1-4) нэрт өгүүллийг толилуулж байна. Ташрамд дурдахад, Оросын судлаач, Санкт-Петербург дахь Европын Их Сургуулийн профессор Татьяна Землякова ахайтны орчуулгыг цахим сүлжээнд байршуулсан Жон Бэржесс авгайн эх бичвэртэй харгуулан монголчилсон болно (Нэмэлт тайлбар хийж, утгачилсан Удирдлагын Академийн докторант Нямаагийн Отгонбаяр).
КОЛУМБЫН КОЛЛЕЖ ДАХЬ УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГАА
(THE STUDY OF POLITICAL SCIENCES IN COLUMBIA COLLEGE: ИЗУЧЕНИЕ ПОЛИТИЧЕСКИХ НАУК В КОЛУМБИЙСКОМ КОЛЛЕДЖЕ)

Сүүлийн таван жилд улс төрийн шинжлэх ухааныг шимтэн судлах явдал манай үндэстэн бүрэлдэн тогтсноос хойш гарч байгаагүй тийм өндөр түвшинд хүрсэн байна. Улс төрийн мэдлэг ухаан, шалгарсан туршлагыг эзэмшихгүйгээр ямар ч сайн бүгд найрамдах улсын тогтолцоо ялзарч, төрийн байгууллын эд ширхэг бүр хуурмаг шинжтэй болдогийг олон нийт гадарлах болжээ. Гэвч улс төрийн дээд боловсрол бидэнд хэрэгтэй юу гэдэг асуулт өөрөө хариулт эрэлхийлсэн хэвээр байна. Олон нийтэд нэгдсэн хариулт өгөх үүднээс асуудлыг шийдвэрлэх янз бүрийн гарцыг эрж хайх болсон. Мэдээж хэрэг, эдгээр гарцын нэг нь үндэсний хэмжээний их, дээд сургууль, коллеж байгуулах явдал юм. Аливаа үндэстэн бүр хүүхэд залуучуудаа сурган боловсруулах газар байгуулж, тэдэнд улс төрийн наад захын мэдлэг түгээх, эрүүл саруул сэтгэлгээг төлөвшүүлэх эрхтэй байдаг. Энэ хэрэгцээ, шаардлагыг хэрэгжүүлэх үүднээс олон ч боловсролын байгууллага дээрх зорилтыг шийдвэрлэх оролдлого хийсээр иржээ. The International Review сэтгүүлийн ерөнхий шүүдэглэгчийн санал, хүсэлтийн дагуу бид бүхэн Нью-Йорк хотод байрлах эртний боловсролын байгууллага Колумбын коллежид улс төрийн шинжлэх ухааны сургалт, судалгааны тогтолцоо бий болгох ерөнхий төлөвлөгөөг танилцуулж байна.
Уг тогтолцоо нь бакалаврын түвшний сургалтын тэнхим, улс төрийн шинжлэх ухааны сургууль, улс төрийн шинжлэх ухааны академи, улс төрийн шинжлэх ухааны номын сан гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх болно.
1. Бакалаврын сургалтын тэнхим.  
Манай тогтолцооны ерөнхий зарчим түүхэн арга дээр тулгуурлан түүхийн туршлагыг судлах замаар мэргэжилтэн бэлтгэх явдал болно. Ямар ч төр түүхэн хөгжлийн явцад бүрэлдэн бий болж, тодорхой үе шатыг дамжсаар өнөө бидний үед өртөөлөн ирэх зүй тогтолтой. Тийм ч учраас түүхийг тал бүрээс нь, ул суурьтай судлах явдал жинхэнэ нийтийн эрх зүй, жинхэнэ улс төрийн шинжлэх ухаан хөгжихийн үндэс мөн. Улс төрийн шинжлэх ухаан дахь онол, таамаглал нь түүхэн баримт дээр түшиглэх, юм уу түүхэн баримтаас урган гарч байдаг: Эсрэг тохиолдолд, ямар нэгэн хийсвэр сэтгэлгээний «бай» болох нь олонтаа.  Энэ учирт бакалаврын сургалтын эхний хоёр жилийг бид бүхэн түүхийг судлахад зориулах болно. Энд бид гимназийн аргыг ашиглаж, оюутнуудын улс төрийн газарзүй, он цаг тоолол, түүхэн хүмүүсийг цадиг намтарын талаарх мэдлэгийг өргөтгөх, улс төр, эдийн засгийн ухагдахууныг тодорхойлоход нь туслах зорилгоор герман, франц, английн түүхийн сурах бичгийн асуултанд хариулах, дасгал ажиллуулах, улс төрийн эдийн засгийн ухааны анхан шатны мэдлэг олгоно. Бакалаврын сургалтын хөтөлбөрийн гурав дахь жил дуусснаар гимназийн шинжтэй сургалтын үйл явц өндөрлөнө. Дөрөв дэх жилээс сургалт шинж чанар, багшлах аргын хувьд их сургуулийн төрхтэй явагдана. Өөрөөр хэлбэл, бид бүхэн гурав дахь жилийн эцсээс гимназийн болон их сургуулийн сургалтыг зааглахаар төлөвлөсөн болно: Сургалтын сүүлийн жилд Улс төрийн шинжлэх ухааны сургуульд суралцуулна. АНУ-ын коллежуудад гурван жил амжилттай суралцсан, эсвэл гадаадын их, дээд сургууль, гимнази, лицей дүүргэсэн, эсвэл бакалаврын сургалтын хөтөлбөрөөр гурван жил суралцаж, төгсөх шалгалтаа амжилттай өгсөн хэн бүхэн энэ сургуульд суралцах эрхтэй.
2. Улс төрийн шинжлэх ухааны сургууль. 
Энэ бол социологи, дипломат ёс, хууль цаазын ухаан, нийтийн эрх зүй, эдийн засаг, философи, түүхийн чиглэлээр их сургуулийн, юм уу эрдмийн зэрэг олгох зорилгоор бидний явуулж буй сургалтын ерөнхий нэр юм. Сургалт явуулах хугацаа гурван жил байна: Эдгээр гурван жил нь дараах байдалтай төлөвлөгдөнө: Эхний жилд Европ тивийн улс төрийн байгууллын түүх, Англи, АНУ-ын үндсэн хуульт байгууллын түүх, төрийн философи онолын түүх, эдийн засгийн онол, тогтолцооны түүхийг судлах болно: Хоёр дахь жилд нь Европын томоохон улс орнууд, АНУ, Нэгдсэн Улсын Нөхөрлөлийн орнуудын үндсэн хуулийн эрх зүйн харьцуулсан шинжилгээ, Ромын эрх зүй, харьцуулсан хууль цаазын ухаан үзэх болно: Гурав дахь жилд нь Европын томоохон улс орнууд, АНУ, Нэгдсэн Улсын Нөхөрлөлийн орнуудын захиргааны эрх зүйн харьцуулсан судалгаа, дипломат албаны түүх, олон улсын нийтийн эрх зүй, эдийн засаг, статистик, нийгмийн шинжлэх ухааныг судална.
Ийнхүү бид Улс төрийн шинжлэх ухааны сургуульд түүхийг, тэр дундаа улс төрийн байгууллага болох төрийн үүсэл, хөгжил, өнөөгийн хандлагыг судлах замаар институтын түүхийг давтан үзэх болно: Цаашид бид бүхэн төрийн эрх зүйн харилцааны түүхийг судлах замаар улс төрийн философийн суурь зарчмыг танин мэдэж, ядмагхан эмпиризм, баримтгүй хийсвэрлэлтээс ангижирч чадна. Заах арга зүйн хувьд гимназийн сургалтаас их сургуулийн сургалтад шилжснээр заах хичээл ч өөрчлөгдөнө. Профессороор хязгаарлагдаж, оюутны чөлөөт сэтгэлгээг боомилсон хичээл, дасгал ажиллах сурах бичиг хэрэглэгдэхээ болино. Энд анхдагч материал, эх сурвалжтай ажиллах илүү шаардлага үүснэ. Бид бүхэн хялбаршуулсан гарын авлага ашиглахаас аль болох зайлсхийж, эх сурвалж түшиглэн ажиллах, түүнээс өөрийн гэсэн дүгнэлт, оюун бодомжийг гаргах зэрэгт хичээн суралцах шаардлагатай болно. Профессор бол тодорхой бичвэрт баригдсан зааварлагч биш ээ: Харин ч өөрийн хичээлийн талаар эх бичвэр, судлагдахуун цуглуулж, ангилахын ялдар үзэл санаагаа нэгтгэн илэрхийлэгч судлаач мөн: Оюутан гэдэг нь номын сандаа төөрөлдсөн гимназийн сонсогч биш ээ: Судалгаа, шинжилгээ хийх, судлаачдын үзэл бодлыг харьцуулах, нэгтгэх дүгнэх, бие даан суралцах чадвар эзэмшсэн нэгнийг хэлнэ. Товчоор хэлэхэд, их сургуулийн профессор гэдэг нь багшлах ажлын ихэнх хугацааг лекци унших, өөрийн бүтээл, туршлагын үр дүнг практикт нэвтрүүлэх, үзэл санаагаа хөгжүүлэхэд зориулсан хүнийг хэлнэ: Үүний зэрэгцээ, их сургуулийн оюутан гэдэг нь анхаарлаа төвлөрүүлж, орж буй бүх хичээлээр материал цуглуулж, дүн шинжилгээ хийх, номын санд сууж мэдлэг ухаанаа ямагт тэлэгч нэгэн юм. Өөрийн гэсэн үзэл санаа, хараат бус итгэл үнэмшил, олон талт мэдлэг ухаан гэгч оюутан, багш нарын хичээн тэмүүлэх зорилго мөн. Улс төрийн шинжлэх ухааны сургуульд сургалтаа амжилттай дүүргэсний эцэст эзэмших эрдмийн дээд зэрэг нь философийн ухааны доктор юм. Докторын зэрэг горилохоос өмнөх шалгалт хоёр хэсгээс бүрдэнэ. Сургалтын эхний жилийн шалгалт нь коллежийн бакалаврын шалгалтаас төдийлөн ялгах зүйлгүй. Шалгалтаа амжилттай өгсөн эрдэмтэн философийн бакалавр болно. Гурав дахь жилээ дууссаны эцэст өгөх шалгалт өмнөхөө бодвол нэлээд хэцүү байдаг. Энэ шалгалт гурван хэсгээс бүрдэнэ: Эхнийх нь бүх багш нарын бүрэлдэхүүнийг оролцуулан тэдний тавьсан асуултад горилогч нэг бүр хариулт өгөх аман шалгалт гэж байна: Хоёр дахь нь латин хэлний зэрэгцээ горилогчийн сонголтыг харгалзан франц, юм уу герман  хэлний мэдэц тогтоох шалгалт байна: Гурав дахь нь сургуулийн багшийн нэг хичээлээр сонгож өгсөн, эсвэл горилогч өөрөө сонгож, хамгаалалт болохоос зургаан сараас доошгүй хугацаагаар бэлдсэн диссертаци хамгаалах шалгалт гэж байна: Хэлэлцүүлгийн үед горилогч сургуулийн эрдэмтдийн хуралд өөрийн судалгааны ажил, түүний үндэслэл, дүгнэлтээ танилцуулж, хамгаална. Хэрэв амжилттай хамгаалсан тохиолдолд, философийн докторын зэрэг олгоно. Гэхдээ горилогч эрдэмтдийн хурлаас ямар оноо авснаас хамааран cum laude философийн доктор, эсвэл их өндөр оноо авсан тохиолдолд, magna cum laude докторын зэрэг хүртээнэ.
3. Улс төрийн шинжлэх ухааны академи. 
Энэ бол гадаадын их, дээд сургуульд мэргэжил дээшлүүлсэн, эсвэл улс төрийн шинжлэх ухааны сургуульд багадаа л хоёр жил суралцсан улс төрийн шинжлэх ухаан юм уу эрх зүйн шинжлэх ухааны сургуулийн оюутан, эрдэмтэн багш нар, сургуулийн удирдлагаас бүрдсэн сайн дурын нэгдэл юм. Академи жил бүр шинэ гишүүдээр эгнээгээ өргөтгөнө. Түүний зорилго нь улс төрийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлалыг хөгжүүлэх, төгөлдөржүүлэхэд оршино. Энэ байгууллага нь манай тогтолцооны үндсэн бүтэц юм. Түүнээс манай ажлын үр дүн, амжилт ихээхэн шалтгаална. Академи бол хэмжээ хэтэрч, хяналтаас гарсан оюутныг харгалзах байгууллага огтоос биш бөгөөд эрдэмтэн судлаачдыг хөгжлийг тэтгэх байнгын үйл ажиллагаатай бүтэц болно: Холбоо манай тогтолцооны элемент нэг бүрийн тасралтгүй хөгжлийн хангах үүрэгтэй. Салбартаа мэргэшин ажиллагч хүн бүр академийн гишүүн байх ёстой. Үүнээс гадна, академийн гишүүн жилд багаар бодоход, эрдэмтдийн хурлаар хэлэлцүүлсэн нэг бүтээл нийтлүүлж байх үүрэгтэй. Академийн гишүүний бүтээл академийн өмч бөгөөд нийт гишүүд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гагцхүү нийтийн эрх ашгийн төлөө нийтэлж болно. Хэвлэгдсэн бүтээлүүд улс төрийн шинжлэх ухааны номын сангийн архивт хадгалагдаж, боловсролын үйлчилгээний эхлэл болох учиртай. Академийн гишүүдийг түүх, улс төрийн шинжлэх ухааны багш нараас бүрдүүлэх бөгөөд ингэснээр сургалт, судалгаанд шинэлэг арга, барил нэвтрэх, бидний ажил уялдаа холбоотой, байнга сайжирч байх зөв хандлага бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, энэ нь төгс, дээд утгаараа улс төрийн сэтгэлгээний сургууль болох боломжийг олгож буй хэрэг юм. Чухам үүнд л манай тогтолцоон дахь академийн ач холбогдол, үүрэг оршино.
4. Улс төрийн шинжлэх ухааны номын сан.
Шинжлэх ухааны арвин сан хөмрөг бүхий, үйлчилгээ үзүүлэгч номын сан нь ямар ч их сургуулийн зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг байдаг. Шугам, харандаагаар зэвсэглэсэн архитекторч хүнээс том барилга барихыг шаарддаггүйтэй нэгэн адил судалгаанд шаардлагатай материал, бэлдэц ховортой үед судлаачаас бүтээл гаргахыг шаардах нь утгагүй билээ. Гэхдээ судалгааны ажил хийхэд ердийн нэг сурах бичиг, хялбаршуулсан гарын авлага, дээж бичиг байх хангалтгүй. Судлаачдад тодорхой эрэмбэ дараатайгаар ашиглаж, үзэгдэл, үйл явцыг ухан ойлгоход дөтлөх анхдагч эх сурвалж зайлшгүй шаардлагатай.  Харамсалтай нь, нийтийн номын санд хадгалагдах уншиж, судлах зүйлс байдгаас их сургуулийн номын санд ийм зүйл ховор байна. Их сургуулийн номын сангийн гол зорилго нь үндсэн хууль, засгийн газрын тогтоол, журам, хууль тогтоох хурлын хэлэлцүүлэг, нийтийн эрх зүйн асуудлаарх шүүхийн шийдвэр, олон улсын харилцааны баримт бичиг, шашдир, засгийн газрын комиссийн тайлан, худалдааны танхим, үйлдвэр, хөдөө аж ахуй, эрүүл хамгааллын хурал, зөвлөгөөн, олон улсын хурал, улс төрийн хурал, улс төрийн шинжлэх ухааны академи, холбооны сэтгүүл, түүхэн баримт, төрийн мэдлийн хэвлэл, мэдээлэл, сонин сэтгүүлийн тойм зэрэг улс төрийн шинжлэх ухааны мэдлэгийн бүх төрлөөр эх сурвалж цуглуулж, ангилах, хадгалж, үйлчилгээ үзүүлэхэд оршино. Энэ мэтчлэн дөрвөн жилийн өмнөөс бид бүхэн хичээл зүтгэл гаргаж ажилласны үр дүнд манай улс төрийн шинжлэх ухааны номын сангийн үйл ажиллагаа тасралтгүй сайжирч байна. Бусдын сайхан сэтгэл, хандив тусламжийн ачаар АНУ, Англи, Франц, Герман, Австри, Итали зэрэг орнуудаас судалгааны анхдагч эх сурвалж авчирсаар байна. Цуглуулсан анхдагч эх сурвалжийн дийлэнх хэсэг судалгааны эргэлтэд орж, бид ч чадахын хэрээр номын сангийн багтаамжаа нэмэгдүүлсээр байна. Улс төрийн шинжлэх ухааны сургуулийн оюутнуудтай танилцуулахын зэрэгцээ академийн гишүүдэд хэрэглүүлж, шинэ шинэ бүтээл хэвлэгдэн гарч байгаа бөгөөд манай номын сангийн үйл ажиллагаа ч өргөжих болсон.
Энэ бол зургаан жилийн туршид бий болгосон Колумбын коллеж дахь улс төрийн шинжлэх ухааныг судлах сургалтын тогтолцоо юм: Юуны урьд, энэхүү өгүүлэлд санал, шүүмж хайрлаж, хамтран хэвлүүлэхэд тусалсан эрхэм нөхдөд гүн талархал илэрхийлэхийг хүсч байна.

Эх сурвалжийн жагсаалт

Albert Somit , & Joseph Tanenhaus. (1967). The Development of American Political Science; from Burgess to behavioralism. New York: Allyn and Bacon.
Burgess, J. W. (1882). The Study of Political Sciences in Columbia College. The International Review, Vol. XII
John William Burgess. (2016, August 26). Retrieved from www.wikipedia.org: https://en.m.wikipedia.org/wiki/John_Burgess_(political_scientist)
Берджесс, Д. У. (January 2016). Изучение политических наук в Колумбийском колледже. Judgment Journal of Political Outlook, Vol. I, No. 2.


БИЧВЭРТ МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment