Monday, May 22, 2017

МОСКВА ГУРАВ ДАХЬ РИМ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Хүн төрөлхтөний улс төрийн сэтгэлгээний түүхэнд Москва гурав дахь Рим үзэл баримтлал онцгой байр суурь эзэлдэг. Гэвч судлаачид уг үзэл баримтлал үүссэн түүхэн нөхцөл ямар байв гэдэгт төдийлөн анхаарал хандуулдаггүй мэт санагдана. Иймд хомс судлаач энэ хүрээнд хэдэн үг өгүүлэхийг хүснэ.
1453 оны тавдугаар сарын 29 нд зуун мянган цэрэгтэй Түрэгийн хаан II Мехмед эртний түүхт Константинополь хотыг буулган авч, нийслэл Агсарай хотоо орхин, шинэ нийслэлээ Фосфорын хоолойд шилжүүлж, Истанбул буюу Ислам шашинтны хот хэмээх нэрийг хайрлажээ. Зүүн Ромын эзэн хаан X Константин Палеолог Драгаш золгүй тавилантайгаа эвлэрч, нөгөө ертөнцөд заларчээ. Хамгийн гол нь, Зүүн Ромын эзэнт улс мөхсөнөөр Орос, Византийн улс төрийн харилцаа бүхэлдээ өөрчлөгдөж, олон олон өөрчлөлтийн эх тавигдсан билээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Зүүн Ромын түшмэг байсан орнууд, тэр дундаа Серби, Болгарын хаад ураг төрлийн ойр байдлаа ашиглан өөрсдийгөө эзэнт гүрний залгамжлагчид гэж илээр зарлах болжээ. Тухайлбал, энд Сербийн хаан (краль) Стефан Урош IV Душан, Болгарын эзэн хаан Иван Александър нарыг нэрлэж болох байна. Тухайн үеийн Болгарын нэгэн түүхэн сурвалжид Тырнова балгас шинэ Константинополь мөн гэж бичсэн байна.
Яг ийм эгзэгтэй үед Москвагийн их ван III Иван Зүүн Ромын сүүлчийн гүнж София Фоминична Палеологтой 1472 онд урагласан байх бөгөөд ингэснээр Оросын улс төрийн байр суурь илтэд бэхжсэн байна. Ташрамд дурдахад, София Палеолог нь их ван III Василийн эх, Догшин Иваны эмэг болно. Хэдийгээр Москвагийн ванд тухайн үед гурав дахь Рим болох үзэл санаа байгаагүй ч дээрх гэрлэлт нь Орос орны хувьд үнэн алдартны их гүрэн болох урт удаан замналын эхлэл болж өгчээ (translatio imperii).  
Москва гурав дахь Рим үзэл баримтлалын үүслийн хувьд Филофей санваартнаас гадна ширээт лам Зосимийн 1492 онд бичсэн бүтээлтэй холбон үзсэн таамаглал судлаачдын дунд байдгийг дурдах байна.  Гэхдээ Зосим Москва гурав дахь Рим бус, Москва шинэ Константины хот гэсэн томьёоллыг бий болгожээ. Далимлан өгүүлэхэд, Оросын түүхч Н. И. Ульянов Москва гурав дахь Рим үзэл санаа Филофей санваартантай огт хамаагүй бөгөөд сүүлд II Александр хааны үед дорно дахиныг колончилох бодлогоор зохиосон суртал ухуулгын шинжтэй зүйл мөн гэж үзжээ (Ульянов, 1994, хуудсд. 152-162).
Моска гурав дахь Рим үзэл баримтлал Оросын төрт ёсны үзэл санааны түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. Гэхдээ энэ үзэл баримтлал XIX зууны дунд үе хүртэл бүрэн мартагдсан байв. Оросын цолгорсон эрдэмтэн В. С. Иконникова 1869 онд түүхийн ухааны докторын зэрэг горилсон бүтээлдээ уг үзэл баримтлалын талаар анх дэлгэрэнгүй дурджээ (Иконникова, 1869). Гэвч үүнээс хэдэн жилийн өмнө 1861-1863 онуудад “Үнэн алдартны сүсэг айлдагч” сэтгүүлд Псковын санваартан Филофейн Москвагийн их ван III Василий, түүний албат Михиал Григорьевич Мунехин нарт илгээсэн айлтгал бичгүүд нийтлэгдсэн байна (Филофей, Послание Кисюрю-Мунехину и предисловие, Май 1861, хуудсд. 84-96; Филофей, Послание князю и предисловие, Март 1863, хуудсд. 337-348). Энэ үеийг хүртэл Оросын ард түмэн Москва гурав дахь Рим үзэл баримтлалын талаар нэн хомс мэдлэгтэй байжээ. Хэдийгээр Филофей санваартны цадаг намтрын талаар мэдээлэл хомс ч судлаачдын үзсэнээр эрхэлсэн түшмэл М. Г. Мунехинд өргөсөн айлтгал бичиг чухал ач холбогдолтой гэнэ.
Филофей Мунехин ноёнд айлтгал өргөсөн нь түүхчдийн үзсэнээр дараах явдлаас болсон байна. Их ван III Василийн дэргэд оточ, бичиг хэргийн түшмэлээр шадарласан Николай Булев нэрт герман гаралтан 1524 онд усан галав юүлэх тухай бошогилсон Штоффлерийн эш үзүүлбэрийг 1522 онд Орос хэлнээ хөрвүүлжээ. Мунехин уг эш үзүүлбэрт тайлал хийхийг мөнөөхөн Филофейд даалгажээ. Филофей хариу айлтгалдаа од эрхэс хүмүүний явдал үйлд үл нөлөөлөх тул сэтгэлээ чилээх нь илүүц гэдгийг тайлбарласан байна. Ялдарт нь, хүний орчлонгийн элдэв хувиралын чухам шалтгаан нь ертөнцийн эзний хүсэл зориг болой. Үнэн итгэлийг үл сүслэх нь улс гэр доройтохын үндэс мөн гэжээ. Ингээд олон үг нуршихыг урьтал болголгүй Филофей санваартны айлтгалыг уншигчдад хүргэж байна (Тайлбар чимж, утгачилсан Удирдлагын Академийн докторант Нямаагийн Отгонбаяр).
ПСКОВЫН ИЛЕАЗАРОВЫН ХИЙДИЙН ДОРД САНВААРТАН ФИЛОФЕЙ БЭЭР ИХ ВАНГИЙН ЭРХЭЛСЭН ТҮШМЭЛ МИХАИЛ ГРИГОРЬЕВИЧ МУНЕХИНД ӨРГӨСӨН АЙЛДВАР
Елизарьевын хийдийн дорд санваартан Филофей би вээр бие, сэтгэлээ зүдээн энэхүү айлтгалыг их вангийн эрхэлсэн түшмэл Михаил Григорьевич танаа өргөн мэдүүлэх учир нь гэгээн дээдэст дэвшүүлэн золгуулж, айлтгахыг чин сүсгээр мөргөн гуйна. 
Аглаг хүүш газрын өчүүхэн санваартан би вээр зориглон өгүүлэхэд одон зурхай үзсэнгүй, мэргэн ухаанд сүсэлсэнгүй, бичиг үсэгт югүүртсэн, соёл ялгай, аннай нэгэн болой. Чивэлт хүслээ нүглийн буулганаас чөлөөлөх чинхүү сүсэг өвөрлөж бичиг үсэгт хичээн суралцав. 
Герегийн хаант улс сарнин бутарч шилгүүтснээс инагш санаа унсайж, бид ерэн оныг элээв. Ингэснээр үнэн алдартны Герег шүтлэг латин хэлтнүүдэд шахагдах болов. Латин хэлтнүүд манай Римын хаант улс ялагдашгүй хэмээн мэтгэх авч бидний эзэн болж хараахан чадсангүй ээ. Санаа агуулсан сайхан үгэнд нь хууртсангүй. Чухамдаа бол тэд үнэн алдартны чин шүтлэгээс хазайсан алуун тэрс номтон, алдалтангууд мөн. 
Бидэнтэй хамт 780 илүү оныг элээсний эцэст тэрслүү санаатны башир аргад автаж чин үнэн христ суртлыг огоорч, ангаалав. 
Константинополь болон Римын сүр сүлдийг айхаглаж, ертөнцийн аригуй хийдийн тэнгэрлэг сэнтийд залрагч бүх христийн хүчирхэг хааны соёрхолд багтах үнэн алдартны язгуур өндөр хот Москвагийн хаант улсын тухайд хэдэн үг өгүүлсүү. Нарны гэрэл түмэн үедээ сацарна: Бүх христ улс унсайн доройтож, манай хааны улсад, ёрчдийн өгүүлснээр, Оросын хаант улсад нэгдэх нигуур буй. Хоёр Рим уналаа, гурав дахь нь цүглэж байна, дөрөв дэх нь алга. Манай улсын хааны ивгээл дор шашны тэрслүү этгээдээс эгнэгт ангижирсан христийн хаант улсууд үнэний замаар замнах болно. 
Үтэр шавхагдах алт, мөнгө тэргүүтэн эд баялагт бус, агуу гэсгээл, эзний мөнхийн хайр ивээлд сүсэглэж амьдарцгаа.
Тэнгэрт гялалзах одод бөхөхийн цагт хэн боловч зогсоож эс чадна.... 

Эх сурвалжийн жагсаалт

Иконникова, В. С. (1869). Опыт исследования о культурном значении Византии в Русской истории. Киев.
Ульянов, Н. И. (1994). Комплекс Филофея. Вопросы истории, № 4.
Филофей. (Май 1861). Послание Кисюрю-Мунехину и предисловие. Православный Собесъдникъ.
Филофей. (Март 1863). Послание князю и предисловие. Православный Собесъдникъ.



БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

ФРАНЦЫН ҮЛ ГҮЙЦЭЛДЭХ ҮЗЭЛТЭН ЖАН МЕЛЬЕ

XVII-XVIII зууны үеийн цолгорсон улс төрийн сэтгэгч, гүн ухаантан, хувьсгалт ардчилсан үзлийг номлогч, үл гүйцэлдэх коммунист онолыг хөгжүүлэгч нэгэн бол Жан Мелье (Jean Meslier, 1664-1729 он) билээ.
Мелье 1664 оны зургаадугаар сарын 15 нд Арденна нутгийн Мазерни тосгонд нэхмэлчний гэрт мэндэлсэн. Бага наснаас латин хэлнээ зэгсэн боловсорсон учир эцгийн зөвлөсний дагуу 1689 оны нэгдүгээр сард Шампаны хийдэд санваартан болжээ. Гэхдээ Мелье бүх насаараа атиест нэгэн байсан юм. Өөрийн үзэл баримтлалд хатуу зогсч, нийгмийн бурангуй, шударга бус бүхэнтэй эрс шийдвэртэй тэмцэл өрнүүлсэн нь Мельегийн амьдралд гунигтайгаар нөлөөлсөн байдаг. Шахалт, хавчилт, хардлага, сэрдлэгэд автсан Мелье үхэл ойрхон байгааг мэдэрч, өөрийн үзэл санааг хойч үед үлдээх зорилгоор «Гэрээслэл» (Testament: Завещание) нэрт зохиол эхлүүлсэн боловч харамсалтай нь, дуусгаж чадалгүй 1729 оны зургаадугаар сарын 17 нд 65 насандаа жанч халжээ.
Хэдийгээр соёл, шинжлэх ухааны үйл ажиллагаанаас хөндий, аглаг буйдад амьдарч байсан боловч өөрийн зүтгэл, хүчээр тухайн цаг үедээ гайхагдсан эрдэм мэдлэгийн оргилд хүрч чадсан юм. Франц дахь эзэн хааны бурангуй нийгмийн байгууллыг хурцаар шүүмжилж, “... бүх хүн хүнд хэцүү амьдралыг замнаж, ажил хөдөлмөр, бусдыг энэрэх сэтгэлгүй нэг нь нийгмийн баялагийн хүртэж жарган суух юм” хэмээн бичжээ. Бүх зүйлийг нийгэмчлэн хэрэглэж байсан алтан зууны тухай эртний Грек-Римийн хууч ярианы талаар дурдаад “(…) хүмүүсийн зөвшөөрөн хүлээсэн муу муудаа хамгийн муу нэг зүйл нь бусдыг үл хайрлах хүмүүс баялагийг амин хувийн зорилгоор ашиглах болсонд оршино” гэжээ. Өөрөөр хэлбэл, Мелье хувийн өмчийг хурцаар шүүмжилсэн байна. Нийгмийн хөгжлийн үйл явцыг тодорхойлохдоо хувийн өмч үүссэнээр хүн хүнээ дарлан мөлжих бусчир үйл цэцэглэх болсон гэдгийг онцолжээ.
Ард түмэн хийгээд өмчтөний хоорондын харилцаа эвлэршгүй шинжтэй билээ. Үүнтэй холбоотойгоор нийт нийгэмд үйлчлэх «гэгээрсэн эзэн хаан»-ы үзлийг үгүйсгэж ард түмнийг бослого, тэмцэлд уриалан дуудсан байна. “Өөрийн ноён, эзэн хаадын дарангуй ноёрхлыг түлхэн унагахын тулд нэгдэцгээ: Шударга бус бүхнийг үгүй хийж эзэн хаадын тэргүүнийг цаазын тавцанд хүргэ. Тэдний шударга бусын хаанчлалыг дахин бүү дэврээ”.
Нэгэн газарт бүх баялагийг эрх тэгшээр хүртэх ах дүү мэт найрсан хөдөлмөрлөж буй гэр бүл адил нийтийн амьдрал хамгийн зохистой бөгөөд нийцтэй. Чухам хүй элгэн, гэр бүлийн хүрээнд л энх тунх, харилцан итгэлцлийг тэтгэгч нийцтэй, шударга засаг тогтох зүй тогтолтой. Нийтийн хүч, нийгмийн арга хэрэгсэлд дулдуйдан эрх тэгш хүмүүжлийг хүүхэд нэг бүрт олгосноор сайн сайхан иргэд төрөн гарах үндэс бүрдэнэ.
Дарангуй засаг ард түмэн өөрийн хүчин чадал, нөөц боломжоо зуурам дутуу ухамсарласантай шууд холбоотойгоор бий болдог гэж Мелье үзсэн. Ард түмнийг мунхаруулж, оюун санааг нь бохирдуулагч шашныг хурцаар шүүмжилсэн. Шашны төсөөлөлд байх хойд нас, тамын тухай ойлголт нь дарангуй засаг оршин тогноход нөлөөлдөг. Шашин, улс төр хоёр бол “харилцан нэгнээ дэмжин тэтгэх халаасны хулгайчид” юм. Шашны мухар сүсэгтэй тэмцэх, ард түмнийг гэгээрүүлэх нь “ухаант хүмүүс”-ийн гүйцэтгэх ажил болно. Тэдний зүтгэлээр гэгээрэлд хүрсэн олон түмэн дарангуй засгийн эсрэг бултаараа эрслэн босч, шударга, эрх чөлөөт, баялагийн нийгэмчлэл дээр суурилсан гэр бүл, хүй элгэнүүдийн холбоон улс бий болох учиртай.
Энэ нийгэмд дарлал, мухар сүсэг, хувийн өмч, Ромын хутагтын болон эзэн хаад, шувдаг язгууртны эрх эгнэгт устсан байна. Хэдийгээр Мелье амьдралынхаа 40 орчим жилийг Ромын хутагтын харьяанд байх хийдэд өнгөрөөсөн ч үзэл бодлын хувьд дэвшилтэт нэгэн байв. Үүнтэй холбоотойгоор харгис, хэрцгийгээрээ гайхагдсан орон нутгийн нэгэн язгууртныг сүм хийдэд адислахгүй гэсэнтэй холбоотойгоор үүссэн Мельетэй хамаарал бүхий нэгэн маргааныг энд дурдаж болох байна.
Ертөнцийг үзэх үзлийн хувьд Мелье материалист нэгэн байв. Грек-Римийн үеийн атомизмын сургаал, Декартын номлол, Монтены материалист үзэл Мельед үлэмжхэн нөлөөлөл үзүүлсэн байдаг. Идеалист философийг бүрэн үгүйсгэсэн байна. Байгаль дэлхий дээр материаллаг бус, оюун санааны мөн чанар болох бурхан үл оршино. Байгаль өөрөө өөрийнхөө бүтээгдэхүүн, шалтгаан, хөгжил, мөн чанар болдог. Үүнтэй холбоотойгоор материйг ахуйтай адилтган авч үзсэн. Матери мөнх, бүтээгдэшгүй, хувирашгүй. “Матери өөрөө өөрөөрөө орших бөгөөд өөрийнхөө хөдөлгөөн, анхдагч шалтгаан болно”. Орон зай, цаг хугацаа бол материйн хэлбэрүүд юм. Харин хүртэхүй, сэтгэхүй нь материйг танин мэдэх үйл явц болно.
Мелье нотлох хэрэгцээ шаардлагагүй туйлын үнэн байж болохыг үгүйсгээгүй. Нөгөө талаар түүний үзэл санаанд эмпиризм, сенсуализмын бүрдэл хадгалагдсан байдаг. Хүртэхүй бол бидний ихэнх мэдлэгийн үндэс мөн.
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд хэдийгээр Мелье «Гэрээслэл» нэрт гурван дэвтэр зохиолоо дуусгаж чадаагүй боловч түүнийг жанч халсны дараах жилээс эхлэн Европын сэхээрэлт хүмүүс хуулбарлан тархааж болжээ. Нэлээд хожуу буюу 1864 онд бүрэн эхээрээ хэвлэгдсэн боловч XVIII зуунд Францын соён гэгээрүүлэгч Ф. Вольтерын зүтгэлээр Мельегийн үзэл санаа олонд танигдсан байна. Мөн Францын гүн ухаантан Поль Анри Хольбах 1772 онд бичсэн «Кюре Мельегийн саруул ухаан» нэрт зохиолдоо Жан Мельегийн материалист үзэл санааг өндрөөр үнэлж, дарангуй засаг, шашин хоёр ард түмнийг хордуулан дарлагчид гэсэн санааг нь онцолжээ.

БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР