Хүн төрөлхтөний улс төрийн сэтгэлгээний түүхэнд Москва
гурав дахь Рим үзэл баримтлал онцгой байр суурь эзэлдэг. Гэвч судлаачид уг үзэл
баримтлал үүссэн түүхэн нөхцөл ямар байв гэдэгт төдийлөн анхаарал хандуулдаггүй
мэт санагдана. Иймд хомс судлаач энэ хүрээнд хэдэн үг өгүүлэхийг хүснэ.
1453 оны тавдугаар сарын 29 нд зуун мянган цэрэгтэй Түрэгийн хаан II Мехмед эртний түүхт Константинополь хотыг буулган авч,
нийслэл Агсарай хотоо орхин, шинэ нийслэлээ Фосфорын хоолойд шилжүүлж, Истанбул
буюу Ислам шашинтны хот хэмээх нэрийг хайрлажээ. Зүүн Ромын эзэн хаан X
Константин Палеолог Драгаш золгүй тавилантайгаа эвлэрч, нөгөө ертөнцөд
заларчээ. Хамгийн гол нь, Зүүн Ромын эзэнт улс мөхсөнөөр Орос, Византийн улс
төрийн харилцаа бүхэлдээ өөрчлөгдөж, олон олон өөрчлөлтийн эх тавигдсан билээ.
Үүссэн нөхцөл байдалтай
холбоотойгоор Зүүн Ромын түшмэг байсан орнууд, тэр дундаа Серби, Болгарын хаад
ураг төрлийн ойр байдлаа ашиглан өөрсдийгөө эзэнт гүрний залгамжлагчид гэж
илээр зарлах болжээ. Тухайлбал, энд Сербийн хаан (краль)
Стефан Урош IV Душан, Болгарын эзэн хаан Иван Александър нарыг нэрлэж болох
байна. Тухайн үеийн Болгарын нэгэн түүхэн
сурвалжид Тырнова балгас шинэ Константинополь мөн гэж бичсэн байна.
Яг ийм эгзэгтэй үед Москвагийн их
ван III Иван Зүүн Ромын сүүлчийн гүнж София Фоминична Палеологтой 1472 онд
урагласан байх бөгөөд ингэснээр Оросын улс төрийн байр суурь илтэд бэхжсэн
байна. Ташрамд дурдахад, София Палеолог нь их ван III Василийн эх, Догшин Иваны
эмэг болно. Хэдийгээр Москвагийн ванд тухайн үед гурав дахь Рим болох үзэл
санаа байгаагүй ч дээрх гэрлэлт нь Орос орны хувьд үнэн алдартны их гүрэн болох
урт удаан замналын эхлэл болж өгчээ (translatio imperii).
Москва гурав дахь Рим үзэл
баримтлалын үүслийн хувьд Филофей санваартнаас гадна ширээт лам Зосимийн 1492
онд бичсэн бүтээлтэй холбон үзсэн таамаглал судлаачдын дунд байдгийг дурдах
байна. Гэхдээ Зосим Москва гурав дахь
Рим бус, Москва шинэ Константины хот гэсэн томьёоллыг бий болгожээ. Далимлан
өгүүлэхэд, Оросын түүхч Н. И. Ульянов Москва гурав дахь Рим үзэл санаа Филофей
санваартантай огт хамаагүй бөгөөд сүүлд II Александр хааны үед дорно дахиныг
колончилох бодлогоор зохиосон суртал ухуулгын шинжтэй зүйл мөн гэж үзжээ (Ульянов,
1994, хуудсд. 152-162) .
Моска гурав дахь Рим үзэл баримтлал
Оросын төрт ёсны үзэл санааны түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. Гэхдээ энэ
үзэл баримтлал XIX зууны дунд үе хүртэл бүрэн мартагдсан байв. Оросын цолгорсон
эрдэмтэн В. С. Иконникова 1869 онд түүхийн ухааны докторын зэрэг горилсон
бүтээлдээ уг үзэл баримтлалын талаар анх дэлгэрэнгүй дурджээ (Иконникова, 1869) . Гэвч үүнээс хэдэн жилийн өмнө
1861-1863 онуудад “Үнэн алдартны сүсэг айлдагч” сэтгүүлд Псковын
санваартан Филофейн Москвагийн их ван III Василий, түүний албат Михиал
Григорьевич Мунехин нарт илгээсэн айлтгал бичгүүд нийтлэгдсэн байна (Филофей, Послание Кисюрю-Мунехину и предисловие, Май 1861, хуудсд.
84-96; Филофей, Послание князю и предисловие, Март 1863, хуудсд. 337-348) . Энэ үеийг хүртэл
Оросын ард түмэн Москва гурав дахь Рим үзэл баримтлалын талаар нэн хомс
мэдлэгтэй байжээ. Хэдийгээр Филофей санваартны цадаг намтрын талаар мэдээлэл
хомс ч судлаачдын үзсэнээр эрхэлсэн түшмэл М. Г. Мунехинд өргөсөн айлтгал бичиг
чухал ач холбогдолтой гэнэ.
Филофей Мунехин ноёнд айлтгал өргөсөн
нь түүхчдийн үзсэнээр дараах явдлаас болсон байна. Их ван III Василийн дэргэд
оточ, бичиг хэргийн түшмэлээр шадарласан Николай Булев нэрт герман гаралтан
1524 онд усан галав юүлэх тухай бошогилсон Штоффлерийн эш үзүүлбэрийг 1522 онд
Орос хэлнээ хөрвүүлжээ. Мунехин уг эш үзүүлбэрт тайлал хийхийг мөнөөхөн Филофейд
даалгажээ. Филофей хариу айлтгалдаа од эрхэс хүмүүний явдал үйлд үл нөлөөлөх
тул сэтгэлээ чилээх нь илүүц гэдгийг тайлбарласан байна. Ялдарт нь, хүний
орчлонгийн элдэв хувиралын чухам шалтгаан нь ертөнцийн эзний хүсэл зориг болой.
Үнэн итгэлийг үл сүслэх нь улс гэр доройтохын үндэс мөн гэжээ. Ингээд олон үг
нуршихыг урьтал болголгүй Филофей санваартны айлтгалыг уншигчдад хүргэж байна (Тайлбар чимж, утгачилсан Удирдлагын Академийн докторант
Нямаагийн Отгонбаяр).
ПСКОВЫН ИЛЕАЗАРОВЫН ХИЙДИЙН
ДОРД САНВААРТАН ФИЛОФЕЙ БЭЭР ИХ ВАНГИЙН ЭРХЭЛСЭН ТҮШМЭЛ МИХАИЛ ГРИГОРЬЕВИЧ
МУНЕХИНД ӨРГӨСӨН АЙЛДВАР
Елизарьевын хийдийн дорд санваартан Филофей би вээр
бие, сэтгэлээ зүдээн энэхүү айлтгалыг их вангийн эрхэлсэн түшмэл Михаил
Григорьевич танаа өргөн мэдүүлэх учир нь гэгээн дээдэст дэвшүүлэн золгуулж,
айлтгахыг чин сүсгээр мөргөн гуйна.
Аглаг хүүш газрын өчүүхэн санваартан би вээр
зориглон өгүүлэхэд одон зурхай үзсэнгүй, мэргэн ухаанд сүсэлсэнгүй, бичиг үсэгт
югүүртсэн, соёл ялгай, аннай нэгэн болой. Чивэлт хүслээ нүглийн буулганаас
чөлөөлөх чинхүү сүсэг өвөрлөж бичиг үсэгт хичээн суралцав.
Герегийн хаант улс сарнин бутарч шилгүүтснээс инагш
санаа унсайж, бид ерэн оныг элээв. Ингэснээр үнэн алдартны Герег шүтлэг латин
хэлтнүүдэд шахагдах болов. Латин хэлтнүүд манай Римын хаант улс ялагдашгүй
хэмээн мэтгэх авч бидний эзэн болж хараахан чадсангүй ээ. Санаа агуулсан сайхан
үгэнд нь хууртсангүй. Чухамдаа бол тэд үнэн алдартны чин шүтлэгээс хазайсан
алуун тэрс номтон, алдалтангууд мөн.
Бидэнтэй хамт 780 илүү оныг элээсний эцэст тэрслүү
санаатны башир аргад автаж чин үнэн христ суртлыг огоорч, ангаалав.
Константинополь болон Римын сүр сүлдийг айхаглаж,
ертөнцийн аригуй хийдийн тэнгэрлэг сэнтийд залрагч бүх христийн хүчирхэг хааны
соёрхолд багтах үнэн алдартны язгуур өндөр хот Москвагийн хаант улсын тухайд
хэдэн үг өгүүлсүү. Нарны гэрэл түмэн үедээ сацарна: Бүх христ улс унсайн
доройтож, манай хааны улсад, ёрчдийн өгүүлснээр, Оросын хаант улсад нэгдэх
нигуур буй. Хоёр Рим уналаа, гурав дахь нь цүглэж байна, дөрөв дэх нь алга.
Манай улсын хааны ивгээл дор шашны тэрслүү этгээдээс эгнэгт ангижирсан христийн
хаант улсууд үнэний замаар замнах болно.
Үтэр шавхагдах алт, мөнгө тэргүүтэн эд баялагт бус,
агуу гэсгээл, эзний мөнхийн хайр ивээлд сүсэглэж амьдарцгаа.
Тэнгэрт гялалзах одод бөхөхийн цагт хэн боловч
зогсоож эс чадна....
Эх сурвалжийн жагсаалт
Иконникова, В. С. (1869). Опыт
исследования о культурном значении Византии в Русской истории. Киев.
Ульянов, Н. И. (1994). Комплекс Филофея. Вопросы истории, № 4.
Филофей. (Май 1861). Послание Кисюрю-Мунехину и предисловие. Православный
Собесъдникъ.
Филофей. (Март 1863). Послание князю и предисловие. Православный Собесъдникъ.
БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН
АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
No comments:
Post a Comment