Monday, May 22, 2017

ФРАНЦЫН ҮЛ ГҮЙЦЭЛДЭХ ҮЗЭЛТЭН ЖАН МЕЛЬЕ

XVII-XVIII зууны үеийн цолгорсон улс төрийн сэтгэгч, гүн ухаантан, хувьсгалт ардчилсан үзлийг номлогч, үл гүйцэлдэх коммунист онолыг хөгжүүлэгч нэгэн бол Жан Мелье (Jean Meslier, 1664-1729 он) билээ.
Мелье 1664 оны зургаадугаар сарын 15 нд Арденна нутгийн Мазерни тосгонд нэхмэлчний гэрт мэндэлсэн. Бага наснаас латин хэлнээ зэгсэн боловсорсон учир эцгийн зөвлөсний дагуу 1689 оны нэгдүгээр сард Шампаны хийдэд санваартан болжээ. Гэхдээ Мелье бүх насаараа атиест нэгэн байсан юм. Өөрийн үзэл баримтлалд хатуу зогсч, нийгмийн бурангуй, шударга бус бүхэнтэй эрс шийдвэртэй тэмцэл өрнүүлсэн нь Мельегийн амьдралд гунигтайгаар нөлөөлсөн байдаг. Шахалт, хавчилт, хардлага, сэрдлэгэд автсан Мелье үхэл ойрхон байгааг мэдэрч, өөрийн үзэл санааг хойч үед үлдээх зорилгоор «Гэрээслэл» (Testament: Завещание) нэрт зохиол эхлүүлсэн боловч харамсалтай нь, дуусгаж чадалгүй 1729 оны зургаадугаар сарын 17 нд 65 насандаа жанч халжээ.
Хэдийгээр соёл, шинжлэх ухааны үйл ажиллагаанаас хөндий, аглаг буйдад амьдарч байсан боловч өөрийн зүтгэл, хүчээр тухайн цаг үедээ гайхагдсан эрдэм мэдлэгийн оргилд хүрч чадсан юм. Франц дахь эзэн хааны бурангуй нийгмийн байгууллыг хурцаар шүүмжилж, “... бүх хүн хүнд хэцүү амьдралыг замнаж, ажил хөдөлмөр, бусдыг энэрэх сэтгэлгүй нэг нь нийгмийн баялагийн хүртэж жарган суух юм” хэмээн бичжээ. Бүх зүйлийг нийгэмчлэн хэрэглэж байсан алтан зууны тухай эртний Грек-Римийн хууч ярианы талаар дурдаад “(…) хүмүүсийн зөвшөөрөн хүлээсэн муу муудаа хамгийн муу нэг зүйл нь бусдыг үл хайрлах хүмүүс баялагийг амин хувийн зорилгоор ашиглах болсонд оршино” гэжээ. Өөрөөр хэлбэл, Мелье хувийн өмчийг хурцаар шүүмжилсэн байна. Нийгмийн хөгжлийн үйл явцыг тодорхойлохдоо хувийн өмч үүссэнээр хүн хүнээ дарлан мөлжих бусчир үйл цэцэглэх болсон гэдгийг онцолжээ.
Ард түмэн хийгээд өмчтөний хоорондын харилцаа эвлэршгүй шинжтэй билээ. Үүнтэй холбоотойгоор нийт нийгэмд үйлчлэх «гэгээрсэн эзэн хаан»-ы үзлийг үгүйсгэж ард түмнийг бослого, тэмцэлд уриалан дуудсан байна. “Өөрийн ноён, эзэн хаадын дарангуй ноёрхлыг түлхэн унагахын тулд нэгдэцгээ: Шударга бус бүхнийг үгүй хийж эзэн хаадын тэргүүнийг цаазын тавцанд хүргэ. Тэдний шударга бусын хаанчлалыг дахин бүү дэврээ”.
Нэгэн газарт бүх баялагийг эрх тэгшээр хүртэх ах дүү мэт найрсан хөдөлмөрлөж буй гэр бүл адил нийтийн амьдрал хамгийн зохистой бөгөөд нийцтэй. Чухам хүй элгэн, гэр бүлийн хүрээнд л энх тунх, харилцан итгэлцлийг тэтгэгч нийцтэй, шударга засаг тогтох зүй тогтолтой. Нийтийн хүч, нийгмийн арга хэрэгсэлд дулдуйдан эрх тэгш хүмүүжлийг хүүхэд нэг бүрт олгосноор сайн сайхан иргэд төрөн гарах үндэс бүрдэнэ.
Дарангуй засаг ард түмэн өөрийн хүчин чадал, нөөц боломжоо зуурам дутуу ухамсарласантай шууд холбоотойгоор бий болдог гэж Мелье үзсэн. Ард түмнийг мунхаруулж, оюун санааг нь бохирдуулагч шашныг хурцаар шүүмжилсэн. Шашны төсөөлөлд байх хойд нас, тамын тухай ойлголт нь дарангуй засаг оршин тогноход нөлөөлдөг. Шашин, улс төр хоёр бол “харилцан нэгнээ дэмжин тэтгэх халаасны хулгайчид” юм. Шашны мухар сүсэгтэй тэмцэх, ард түмнийг гэгээрүүлэх нь “ухаант хүмүүс”-ийн гүйцэтгэх ажил болно. Тэдний зүтгэлээр гэгээрэлд хүрсэн олон түмэн дарангуй засгийн эсрэг бултаараа эрслэн босч, шударга, эрх чөлөөт, баялагийн нийгэмчлэл дээр суурилсан гэр бүл, хүй элгэнүүдийн холбоон улс бий болох учиртай.
Энэ нийгэмд дарлал, мухар сүсэг, хувийн өмч, Ромын хутагтын болон эзэн хаад, шувдаг язгууртны эрх эгнэгт устсан байна. Хэдийгээр Мелье амьдралынхаа 40 орчим жилийг Ромын хутагтын харьяанд байх хийдэд өнгөрөөсөн ч үзэл бодлын хувьд дэвшилтэт нэгэн байв. Үүнтэй холбоотойгоор харгис, хэрцгийгээрээ гайхагдсан орон нутгийн нэгэн язгууртныг сүм хийдэд адислахгүй гэсэнтэй холбоотойгоор үүссэн Мельетэй хамаарал бүхий нэгэн маргааныг энд дурдаж болох байна.
Ертөнцийг үзэх үзлийн хувьд Мелье материалист нэгэн байв. Грек-Римийн үеийн атомизмын сургаал, Декартын номлол, Монтены материалист үзэл Мельед үлэмжхэн нөлөөлөл үзүүлсэн байдаг. Идеалист философийг бүрэн үгүйсгэсэн байна. Байгаль дэлхий дээр материаллаг бус, оюун санааны мөн чанар болох бурхан үл оршино. Байгаль өөрөө өөрийнхөө бүтээгдэхүүн, шалтгаан, хөгжил, мөн чанар болдог. Үүнтэй холбоотойгоор материйг ахуйтай адилтган авч үзсэн. Матери мөнх, бүтээгдэшгүй, хувирашгүй. “Матери өөрөө өөрөөрөө орших бөгөөд өөрийнхөө хөдөлгөөн, анхдагч шалтгаан болно”. Орон зай, цаг хугацаа бол материйн хэлбэрүүд юм. Харин хүртэхүй, сэтгэхүй нь материйг танин мэдэх үйл явц болно.
Мелье нотлох хэрэгцээ шаардлагагүй туйлын үнэн байж болохыг үгүйсгээгүй. Нөгөө талаар түүний үзэл санаанд эмпиризм, сенсуализмын бүрдэл хадгалагдсан байдаг. Хүртэхүй бол бидний ихэнх мэдлэгийн үндэс мөн.
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд хэдийгээр Мелье «Гэрээслэл» нэрт гурван дэвтэр зохиолоо дуусгаж чадаагүй боловч түүнийг жанч халсны дараах жилээс эхлэн Европын сэхээрэлт хүмүүс хуулбарлан тархааж болжээ. Нэлээд хожуу буюу 1864 онд бүрэн эхээрээ хэвлэгдсэн боловч XVIII зуунд Францын соён гэгээрүүлэгч Ф. Вольтерын зүтгэлээр Мельегийн үзэл санаа олонд танигдсан байна. Мөн Францын гүн ухаантан Поль Анри Хольбах 1772 онд бичсэн «Кюре Мельегийн саруул ухаан» нэрт зохиолдоо Жан Мельегийн материалист үзэл санааг өндрөөр үнэлж, дарангуй засаг, шашин хоёр ард түмнийг хордуулан дарлагчид гэсэн санааг нь онцолжээ.

БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment