Wednesday, April 19, 2017

ФРАНЦЫН СЭТГЭГЧ ЖАН БОДЭНЫ УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Жан Бодэн (1530-1596 онууд) болбоос эзэн хааны хэмжээгүй эрхт засаг төрийн үзлийг үгшрэн хамгаалагч нэгэн мөн. Ж. Бодэны үйл ажиллагаа эзэн хааны засаглал сулран доройтож асан Францын түүхэн дэх хамгийн цөвүүн цагт идэвхижсэн байдаг. XVI зууны хоёрдугаар хагасаас эхлэлтэй хуучны католиг болон шинэ цагийн кальвинистуудын хооронд дах шашны зөрчилдөөн Францын нийгмийг бүчин авав. Үр дүнд нь улс орон цэргийн довтолгоонд сүйтгэгдэх болжээ.
Хууль зүйн боловсролтой Бодэн Тулузийн их сургуулийн профессор байсан ба дараагаар нь Париж хотноо өмгөөлөгч, Лион хотноо прокурор зэрэг албыг үүрэглэсэн байна. Итгэл бишрэлээ гээсэн тэрээр католиг болон гугенотуудын хооронд зөвшилцөл тогтоохыг чармайж эзэн хааны хүчтэй засаглалын ачаар нийгэмд амгалан байдал үүснэ гэж үздэг байжээ. Улс төр-эрх зүйн асуудлаарх өөрийн зарчмуудыг Бодэн 1566 онд бичсэн “Түүхийг хялбаршуулан судлах арга” бүтээлдээ хөгжүүлжээ.
Төр улс нь ертөнцийн эзний хүслээс ангид байгалийн орчны нөлөөн дор үүсэх зүйл мөн гэж Бодэн үзжээ. Харин төр улсын хөгжил нь шинжлэх ухаан, түүхийн мэдлэг болно. Энэ учраас дэлхийн олон ард түмнүүдийн түүх хэмээгч нь улс төр дэх хэн хүний даган мөрдвөл зохих үлгэр, загвар болно.
Төр, эрхийн үзэл санаа, сургаал номлолоо Бодэн 1576 онд бичсэн “Төрийн тухай зургаан ном” бүтээлдээ хөгжүүлсэн байна. Үүндээ төрийн байгуулал, түүний мөн чанарыг тодорхой судлахын сац дээд эрх мэдлийн онцлог буюу гол шинжүүдийг тоймлон гаргах оролдлого асаасан байна.
Төр гэдэг нь “нийтлэг дээд эрх мэдэлд захирагдах олон гэр бүлүүдийн эрх зүйт удирдлага мөн” гэжээ. Энэ тодорхойлолтоос үзэхэд хэд хэдэн онцлог шинжүүд байгаа нь илэрхий байна.
  1. Төр нь байгалийн хууль цаазад нийцүүлэн шударга ёсыг цогцлоох эрх зүйт удирдлага мөн. Үүгээрээ төр нь самуун дээрэмчдийн бүлэглэлээс ялгагддаг аж.
  2. Гэр бүл. Боден гэр бүлийг эцгийн засаглал дор орших хэд хэдэн хүний эрх зүйд тулгуурласан удирдлага гэж тодорхойлсон байна. Гэр бүл хэмээгч төрийн үндэс мөн. Айл гэрийн бат тулгуур эцсийн дүндээ улс гэр өнө удаан оршин тогтнохын үндэс болдог аж. Айл гэрт засаглалын гурван хэлбэр байдаг. Үүнд: Эр нөхрийн, эцэг, эхийн, эзний засаглал орно. Эр нөхрийн засаглал аливаа нийгмийн үндэс авч авааль эхнэрээ зардсаны хэмжээнд хэрхэвч авч үзэж үл болно. Эцгийн засаглал төрийн тулгуур мөн. Эцэг хүн үр удмаа үлдээх, орших, эс оршихийг шийдэх бүрэн эрхтэй. Гэр бүлийн засаглалын хэлбэрүүд ийм бөлгээ. Гэр бүлийн тэргүүн улс орны дотоодод төрийн цааз хуулинд захирагдана. Эзнээс улс гэрийн албат болох ёсон ийм бөлгээ. Энэ ёс нэг нь нөгөөгөө хүчирхийлэн эзэрхэх самуун аргаар хэрэгжинэ. Илүү хүчирхэг нэг нь сул дорой нэгнээ засагласнаар ноён болмуй. Төр улс ингэж асах ёсон буй. Төр улс гэрээний үндсэн дээр бус, хүчирхийллийн үр дүнд бий болдогийг өнгөрсөн цагийн үүх түүх, эдүгээ цагийн саруул ухаан гэрчлэх аж.
  3. Боолын харилцааг шүүмжлэхүй. Боол, зардас хүмүүн эзний оноосон ажилд салан задгай, нүдний үзүүр төдий хандах учир боолчлол нь хортой, ашиггүй төдийгүй шударга ёсонд үл нийцнэ. Иймд боолчлолыг аажим алгуур халж арилгаваас зохино. Гэвч эрдэмт хүмүүн нэгэн зүйлийг чандлан ойлговоос зохилтой. Бүх хүмүүс эхээс мэндлэхдээ адил тэгш гэх үзэл боолчлолоос дутуугүй хөнөөлт санаа мөн. Учир юун хэмээвээс байгаль эхээс заяахдаа хэвцээ бусаар мэндлэх хүмүүсийг нэгэн адил хэмээх нь “байгалийн жам хуулинд санааны дураар тэрслэн халдсан хэрэг болно”. Хувийн өмч гэдэг нь байгалийн жамт зүйл бөгөөд айл гэрийн мэдэлд оршино. Иймд бүхий л төр улсад хувийн өмч халдашгүй дархан болно. Дараагаар нь Бодэн төрийн бүрэн эрх буюу суверенитетийн асуудлыг хөнджээ.
  4. Төр улсын бүрэн эрх хуваагдашгүй, үл тасрах, гарцаагүй шинжтэй болно. Төрийн эрх мэдэл тодорхой бус хугацаанд оршдог нь түүний бүрэн эрхийн байнгын шинж чанарыг нөхцөлдүүлдэг байна. Хэн засаг төрийн эрхийг шилжүүлсэнд бус, харин хэн засаг төрийн эрхийг барьж байгаад дээд эрх оршино. Ромын эзэнт гүрний үеийн диктатор дээд эрхийг үл эдлэж байсан учир түр хугацаагаар бүрэн эрхийг атгаж байв. Засаг төрийн бүрэн эрх илрэн гарах өөр нэг сэжүүр нь түүнийг агуулах этгээд санааны дураар цааз хууль гаргах, олонд түгээн таниулах эрхтэй байдагт оршино. Төрийн дээд эрхийг агуулагч этгээд хууль цаазаас ямагт дээгүүр байна. Гэвч энд бусад ард түмэн, үндэстний улс төрийн дээд эрх атгагчдын хүсэл зоригийг үл ойшоох санаа байх ёсгүй. Төр засгийн дээд эрхийг атгагчийн засаглал, бүрэн эрх юунд ч үл хязгаарлагдана. Боден эндээс нэг мөхлөг санааг ургуулан гаргажээ.
  5. Хувийн өмч нь ертөнцийн эзний хүсэл зориг, байгаль эх, нийт хүн төрөлхтөний цааз хуулинд үндэслэгдсэн байдаг. Ингэхлээр засаг төрийн дээд эрхийг агуулагч этгээд санааны дураар бусдын эд зүйлд халдаж үл болно. “Учир юун хэмээвээс хэнд ч болов эзнийх нь хүсэлгүйгээр бусдын эд баялагт халдах эрх байхгүй”. Гэхдээ энд агуулагдсан онолын үндэслэгээ нь өөрөө нэлээд маргаан дагуулдаг. Дээд эрх мэдэл агуулагч этгээдийн эрх юунд ч үл хязгаарлагдана гэсэн атлаа эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар албат иргэдийнхээ саналыг харгалзах хэрэгтэй болж байна.
  6. Бодэн төрийн дээд эрх мэдэл хуваагдашгүй, нэгдмэл байна гэдгээр засаг төрийн эрх зөвхөн нэг хүн юм уу нэг байгууллага эсвэл этгээдэд оршихийг ойлгосон байна.
Төрийн дээд эрх мэдлийн шинжүүд:
·         Хууль гаргах:
·         Дайтах, найрамдах эрх:
·         Дээд албан тушаалтныг томилох:
·         Дээд шатанд хэрэг, заргын хэлэлцэх, шийдвэрлэх эрх:
·         Өршөөл үзүүлэх эрх:
·         Хүндийн нэгжийг тогтоох:
·         Мөнгө гаргах эрх:
·         Татвар ноогдуулах эрх багтдаг байна
Төрийн дээд эрх мэдэл хэний гарт байна гэдгээс хамааруулан Боден төрийн гурван хэлбэрийг гаргажээ.
Иргэдийн олонх буюу бүгдээр засаг төрийн дээд эрхийг атгах төрийг ардчилсан төр гэнэ. Харин иргэдийн цөөн тооны хэсэг нь засаг төрийн эрхийг агуулах хэлбэрийг язгууртны төр гэнэ. Засаг төрийн эрх ганц хүний гарт байх төрийг эзэн хаант засаглал гэнэ.
 Төрийн хэлбэрийн тогтвортой байдлыг Бодэн ард түмэн хэт үгүйрэх, нийгмийн баялаг цөөн хүний гарт төвлөрөх үзэгдэлээс зайлсхийхэд оршино гэжээ. Үүний тулд мөнгө хүүлэх, өв залгамжлах хуулийг цаазлан хорьж, нийгмийн дунд ангийг зүйл бүрээр дэмжих хэрэгтэй аж. Шашин шүтэх эрхийг хүлээн зөвшөөрөх далбаан дор нийгмийг хагалан бутаргах нь хамгийн хөнөөлтэй. Төрийн засаглалын тодорхой хэлбэр тогтвортой байхыг гол үндэс нь тодорхой ард түмнүүдийн түүхийн болон байгаль, цаг уурын онцлог болно.
  1. Хойд зүгт амьдрах хүмүүс зан чанарын хувьд эр зоригтой дайчин хүмүүс байдаг бол өмнө зүгийн ард түмнүүд оюун ухааныг түлхүү сүслэдэг. Тийм ч учраас өмнө зүгт шинжлэх ухаан, мэдлэг, оюун цэцэглэн хөгжих нь олонтаа. Хойд зүгийн ард түмний засгийн газруудын гол хүч нь хүч байдаг бол дунд хэсэгт байрлах ард түмнүүдийн хувьд шударга ёс, харин өмнө зүгт оршигчид шашинд хэт автах хандлагатай. Хойд зүгт сонгуульт хаант засаглал юм уу ардчилсан засаглал, өмнө зүгийхэнд хаант засаглал илүү нийцтэй. Дорно Дахины улсууд өмнө зүгийхэнтэй, харин Өрнө Дахины ард түмнүүд хойд зүгийнхэнтэй илүү ойр байдаг.
  2. Дараагаар нь Бодэн төрийн засаглалын ямар хэлбэр нийцтэй болох асуудалд анхаарал хандуулсан байна. Ардчилсан болон язгууртны засаглал нь тогтворгүй байдлыг үүсгэх хандлагатай учир төрийн засаглалын муу хэлбэрүүд болно. Харин улс орныг нэгтгэж, дэг журам нийгэмд бий болгох чадвартай эзэн хааны засаглал хамгийн сайн хэлбэр юм. Эзэн хааны засаг үл хуваагдах нэгдмэл шинжийг өөртөө агуулдаг. Хууль ёсны буюу вангийн засаглал нь албат иргэнийхээ хувийн өмчийг дээдлэхийн сац хууль цаазыг иш болгодог аж. Эзэн хааны засаг ертөнцийн эзний хүсэл сонирхолыг иш болгосон зүй ёсны засаглал мөн. Дээд эрхийг агуулагч этгээд нь ердийн нэг дээрэмчинтэй үл нийцэх ба аливаа цааз хуулиас гадуур үл оршино. Нийгмийн бүтцийн хувьд Бодэн дунд давхаргын хүмүүсийг сайшаан үздэг байв. Хэрэв цааз хуулинд тэрсэлж олны санааг хөсөр хаяваас тэр хаан тирани бөгөөд ийм засаглагчид ард түмэн захирагдах албагүй гэж Бодэн сургажээ.
Франц улсын хувьд хамгийн сайн засаглал нь эзэн хааны засаглал болно. Төрийн дээд эрхийг агуулагч цорын ганц этгээд нь эзэн хаан мөн. Гэхдээ төрийн үйл ажиллагаанд ардчилсан болон язгууртны засаглалын зарим зарчмыг хэрэгжүүлж болно гэсэн санааг гаргасан. Энэ утгаар нь Бодэн Францын ерөнхий штатын үйл ажиллагааг өндрөөр үнэлжээ.
Бодэн төрийн нэгдэлийн хоёр үндсэн төрлийг нэрлэсэн. Холбооны болон холбоолсон улсуудын төрийн хэлбэр болно. Холбооны улсад төрийн дээд эрх ганц байдаг бол холбоолсон улсуудад тухайн нэгжийг бүрдүүлэгч бүх гишүүн улс төрийн дээд эрх мэдлийг агуулдаг байна.
-----------------------

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment