Эртний Мисир
(Египет улсыг Монгол газар ингэж нэрлэдэг
байв., орчуулагчийн тайлал) нь МЭӨ III дахь мянган жилийн үед
нэгдсэн төр улсыг цогцлоосон байх бөгөөд өөрийн хүчирхэгжилтийн оргил үедээ 400
гаруй өвчнийг анагааж чаддаг, хүн амынх нь 50% бичиг үсэг тайлагдсан их улс,
нөлөө бүхий гүрэн (Гүрүн хэмээгч нь улс
гэр хэмээх утга бүхий манж үг болно., орчуулагчийн тайлал) байв. Төрийн байгууллын хувьд эртний
Мисирт тэргүүн шадар сайд жати хэмээгчээр удирдуулсан түшмэд хаан буюу
фараонд засгаа удирдахад түшиг болж байсан бөгөөд тэдгээр түшмэд нь их төлөв
шажны лам нар байв. V Мерикари Хети фараон-Гераклеопол удмын үеийн
эртний Мисирийн фараон (Фараон гэдэг нь “том агуулах,
амбаар” хэмээх үг., орчуулагчийн тайлал) ба III Хети эсвэл IV Хети фараоны хойчис мөн. Түүний засаглалын үед
төрийн эрх мэдэл жанжин, Сиутын номарх (тэр үеийн Мисирийн засаг захиргааны нэгжийн нэр., орчуулагчийн тайлал)-ийн захирагч II
Хет-ийн гарт төвлөрч байв. Дэлхийн улс төр сэтгэлгээний магадгүй, хамгийн
анхны реалист бүтээл “Гераклеополийн хаан
өөрийн хөвүүн Мерикариг сургамжилсан захиас” нь энэ фараонд зориулагджээ. Мерикари фараоны бунхны үлдэц өнөөдөр
Саккарид хадгалагдаж байна.
Энэхүү
“Сургаал” бүтээл нь МЭӨ XXI зуунд Гераклеопол удмын хаадын үед бичигдсэн.
Он цагийн хэлхээнд ихээр сүйдсэн боловч дэлхий дээр хамгийн сайн хадгалагдсан
хувилбар нь ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажид байна (Бичвэрийг
Монгол хэлнээ буулгасан Отгонбаяр Нямаев).
ГЕРАКЛЕОПОЛИЙН ХААН ӨӨРИЙН ХӨВҮҮН МЕРИКАРИГ СУРГАМЖИЛСАН
ЗАХИАС
[Их хаан өөрийн хөвүүн…]1 Мерикарид зориулан
бичиглэсэн сургаалын өмнөтгөл […]. Хамгийн чухал хэмээн үзсэн ажил хэрэгтээ
хэзээ ч битгий хуумгай хандаж бай […], хэрэв чи өөрөө үйлс буруу бол өөрөө
өөрийгөө зэмлэж сур […], учир юун хэмээвээс энэ бол аливаа бусцар муу (бусцар муу хэмээх нь самуун гэсэн үг болно.,
орчуулагчийн тайлал)
[тэрслүү…] үйл тохиохын эхлэл мөн. Их үйлс эхлэх бол […] олон хүний өмнө, ямагт
хатуу чанга байж сур […]. Хэрэв хэн нэгэн чамайг егүүтгэх гэж буйг мэдсэн бол
[…] хамгийн дотны хүн чинь байсан ч албал зохилтой. Хэрэв тэр хүн (олон) овгийн [тэргүүн] юм уу том суурингийн эзэн байх
аваас, түүнийг өөрийн төлөө (ажилд) зүтгүүл,[…] гэхдээ ямагт сэрэмжилж бай.
Зарлиг хэрэгжүүлэгч албатыг бүү зүдээ […].
[…] саруул ухаант хүнийг чандлан сахь; хэсэг зуур […] өөрийн биеэр зүтгэе
хэмээвээс түүнд өршөөнгүй ханд […] гэмээ хүлээж чиний төлөө ирэх аваас сэтгэл
өргөж хүлээн авахыг мэдтүгэй […]
[…] Хэрэв чи түүнийг мунхаг барлаг бус, цэцэн хүн гэж үзвэл бүү [үлдээ],
гэхдээ түүний хүн, иргэнийг хотлоор нь[…] өөртөө татах учиртай […] гэдгийг
байнга санагтүн […]. Айварч хүн (айварч хүн хэмээх үг нь хоосон чалчигч гэсэн
утгатай болно., орчуулагчийн тайлал) – самуун явдалтан мөн; ийм
хүнийг хатуу чангаар гэсгээ, үр хойчисыг нь егүүтгэ, түүний гэр орон, албат
иргэнийг нь тал, түүнийг хүндлэгч оорцог
(оорцог хэмээх нь олонтоо үл
харилцагч хүн гэсэн утгатай үг болно., орчуулагчийн тайлал) хүнийг
устга[үгүй хий], түүний талаарх дурсамжийг арчиж хая.
Авчин (авчин хэмээх үг нь санаа муу, зальхай хүнийг хэлнэ., орчуулагчийн
тайлал) хүн – идэр настныг (дайсагнуулж) улс гэрийг самууруулах чивэлт
үйлстэн мөн. Хэрэв түүнийг мэдэх […] аваас олны өмнө гэсгээн шийтгэ: үг хэл
хурц хүн – улс гэрийг бусниулагч мөн. Идэр настныг самуунд турхирагч түүнийг
гэсгээ2, эсвээс улс
гэрээсээ […] үлдэн хөөвөл зохилтой3.
Өлсгөлөн хүн цэргийн дунд ямагт самуун өдөөнө […]. Цэргийн дунд самуун
өдөөж, идэр настангууд хилэн үүсгэх аваас тэднийг (хүнс), хоолоор
(залгуулж), сэтгэлийг нь өөртөө тат […].
Хөөрсөн […хүмүүсээс] ял асуухдаа өршөөнгүй бай […]. Бурханы суу алдрыг4 магтан алдаршуул:
энэ мэт явбаас бус хүн чиний үгүйд ч чамайг магтан сайшаах болно. Сайн суртахуун гэгч –дээд хүний шинж5 боловч хэмжээ хэтэрвэл тусаа үл
үзүүлэгч зүйл мөн.
Үг яриа хурц бол үйлс, бүтээл чинь өнөд батажна; хаан хүний хүч үг,
яриандаа байх агаад үг, яриа гэгч ямар ч зэвсгээс хүчтэй. Хаширлан мэхлэгчээс
зайлсхийвэл […] зохилтой; [17-р
хуудас] мэргэн ухаан хэмээгч – түшмэл хүний [үндэс] мөн. Мэдлэг ухаан
төгс хүнийг бүү зүдээ, гагц түүнийг хүрээлэгч өөр санаа өвөрлөгчдийг [өөрчил];
аливаа үйл цоглоохдоо эртний мэргэн сургаалыг (үнэнийг) ямагт санаж, сэтгэж яв 6.
Өөрийн эцэг, өвгөдийг сүслэн хүндэл, […] үг, яриаг нь судар, шастирт
мөнхөл. Ухаан, бодолдоо нийцүүлж, уншиж баясахын учир (папирус) дээр бичиглэн
үлдээ: хэн үүнийг сайн хэрэгжүүлнэ, тэр мэргэн (захирагч) болохыг мэд. Өнө
мөнхөд дуурсах их алдраа мандуулж7, (оорцог хүнээр) өөрийгөө хүндлэн
тахиулах нь муу зүйл биш гэдгийг сана. Хөвүүн чиний [нэрээр]8 эзэн бурхадыг
сүслэн алдаршуулах албат иргэдийг өөртөө нэгтгэ, […] ивээн тэтгэ: чиний нэрээр
эзэн бурхадыг сүслэн алдаршуулах хэмээгч хөвүүн чиний өнөд оршихыг дээд эзнээс
гуйсан хэрэг мөн.
Сайд түшмэдээ хүндэтгэ, улс иргэнээ хөл хөсөр, гар газар амирлуул: хил
хязгаараа чандлан сахиж, албат иргэнээ (бус хүнийг) захиран засагла: үр хойчдоо
их үйлс бүтээ. Улс гэрээ холч ухаанаар залж, аливаа саад тотгорыг сэтгэлийн
хатаар ширгээ: [хөвүүн чи
өөрийн төлөө]! сайн үйлсийг
хичээн хийтүгэй. Улс гэрийг хотлоор эрхшээн захирах эзэн […]; санаа сувдаг, ухаан мулгуу байх нигууртай.
Өчүүхэн хүний [амьдрал] мөнх үгүй бөгөөд хойчдоо үлдээх хөвүүн чиний алдар- [өнө
мөнхийн] шүншиг9 мөн. Олон түмэн иргэнийг засаглаж, хоёр газрыг
эзэгнэх нь үгүй: […] ертөнцөд юу мөнх буй? [Осириса]10 эзний мутарт
хүрч энэ ертөнцөөс салан одохын цагт хөвүүн чамайг цэнгээх бүх зүйлс үгүй болох
нигууртай.
Сайд, түшмэдээ жаргаа, тэд хөвүүн чиний цаазыг ёсчлон гүйцээх болно.
Хөрөнгө эрхшээгч зальхай, сувдаг учир бүү алагчил. Эдээр хомс хүнийг11 бүү зүдээ:
өөрийн газар маат- аар засагла.
Ийн явах аваас улс гэр амаржиж, хаан чиний сүр хүчжихийн ялдамд сайд, түшмэд
номоор цэнгэж12 эзэн бурхны суу
алдар түмэн оноо дуурьсах болно13.
Маат-ыг хэрэгжүүл,
чи өнө удаан улс гэрээ засаглах болно. Зүдэн явагч хүмүүнийг бүү хүчэл,
хүмүүний хойчийг эд агуурсаас нь бүү хагацаа, сайд түшмэдээ бүү гутаа. Ёс
бусаар явагч хүмүүнийг хатуу чангаар гэсгээ! Хөвүүн чамд тусаа үл үзүүлэх бол
оорцог хүний амь бүү тасал, бүү гэсгээ: үүний учир хөвүүн чи улс гэрийн сайн
эзэн болно: хэдий энэ мэт боловч самуун, ёс бус хүнийг гэсгээн шийтгэхээ
мэдтүгэй. Эзэн хэрцгий, хэдэр хүнийг чандаар гэсгээдэг билээ: ухаан саруул,
оюун төгс, үйлс тахимдуу хүнийг бүү егүүтгэ!14 (сүүдэрт
ертөнцөөр) хэрэн явсан эзний тухай судар, шастир унш: Ба15 (өнөд мөнх)
сүүдэрт ертөнцөөр хэрэх авч хэзээд сонгосон замаас үл хальтрав: хичнээн ч муу
заль түүнийг үл гажаах агаад эцэст эзэн өөрийн соёрхолыг хүртсэн болно.
Эдээр хомс хүнийг16 (эзэн) шүүхэд
эеэргүү сайнаар шүүх учиртай: харин амалхай
(хэлэмгий хүнийг нэрлэх үг болно., орчуулагчийн
тайлал) хүнийг шүүхэд бэрхтэй болно[18-р
хуудас]
Аливаа хэрэгт идэр настаныг зүтгүүл, ингэх аваас тэд чиний улсыг хайрлан
зүтгэх болно. Идэр настануудыг өөрийн талд зүтгүүл: ингэх аваас чиний улс өнөд
амгалан орших болно. Гэвч идэр настан мөхөс хүний үг дагахдаа хойрго гэдгийг
санаж явагтун: сайд түшмэдээ жаргаа, идэр настаныг албандаа зүтгүүл […], хичээн
зүтгэсэн нэгэнд хишиг түгээ.
Хүмүүнийг хөрөнгө чинээгээр нь бүү ялгаварла: хөвүүн чиний төлөө зүтгэх
мөхөс хүнийг дэвшүүлэн хэрэглэ:хил хязгаараа чандлан сахь, хөвүүн чамайг магтан
алдаршуулах [иргэнийг] ивгээлдээ багтаа. Эзэн бурхныг […] алдаршуулан магт, чингэвээс санасан бүхэн чинь
сайнаар бүтэх нигууртай: сүм хийд цогцлоо, тахил өргө, эзнийг магтан дуул17.
Тахилын эдийг шинэтгэн тогтоо, (тахилыг) нэмэгдүүл, тогтоосон хэмжээнээс ямагт
илүүг өргөж занш, ийн явах аваас хөвүүн чамд ашгаа үзүүлэх болно. Хойч үедээ
суу алдраа дуурсга, сүр хүчээ ямагт дэвжээж яв: нэг өдрийг өөртөө зориул, нэг
цагийг хойчистоо үлдээ. Хэн сэтгэл оюунаа чилээж буйг эзэн тэнгэр мэдэх
нигууртай: хөвүүн чиний суу алдар алсын алсад алслан дуурьсах учиртай. Зальхай
самуун хүмүүнийг хатуу чангаар гэсгээ, ийн аваас нийт Мисир орноо зальхай
арилах болно. […]
Хөвүүн чамд эд таваараар өргөл өргөгч оорцог хүнд сайнаар22 ханд. Гэхдээ
эдээр хомс хүнийг зүдээх учиргүйг сана. Бусдын өргөсөн зүйлийг авахдаа өгөөмөр,
сайнаар ханд, тийн аваас хөвүүн чиний мөнхийн алдар дуурсахыг мэд. Бус хүний
хэрэгсүүрийг бүү сандаач, Ра-ау23 чулуу зөөвөрлөж
болохыг сана: өөрийн бунханг дэмий эдээр (чанаргүй чулуугаар!!!) бүү цогцлоо.
Хаан хүн хэмээгч баяр баясгалангийн эзэн […] агаад энэ мэт явж, олон түмнийг
баясга, цэнгүүл. Хөвүүн чи эцгийн сургаалаар явтугай, энэ мэт аваас зальхай
хулгай чиний улсад арилахыг мэд.
Мөхөс миний бие Хут-шенээс Семеб-ка хүртэл, өмнө зүгт хоёр мөрний суваг24 хүртэл үргэлжилсэн
их улсын эзэн (сууринд) суув. Гэхдээ өрнө
зүгт мөхөс бие далай хүртэлх газрыг төвшитгөв: эрхшээн дагуулсны дараа мөхөс
миний улсад эл газар хуш өгөв25: эл газар арц, хүж тэргүүтнийг миний улсад бас
өгөв. Дорно зүг хэмээгч чийрэг баян […]; Дундад газрыг26 эрхшээн
агуулсны сүүлээр улс иргэн бүр [19-р хуудас] миний улсад багтав: аж ахуй эрхэлсэн их яам
мөхөс хүнд “та сүр хүчин хэтийдсэн агуу
дээдэс бөлгээ!” хэмээв.
Мөхөс миний бие эрхшээн дагуулсан (Азийн) орнуудаа дахин ном (хот улс хэмээх үг болно., орчуулагчийн тайлал) хэлбэрээр
бүтээн цогцлоож, номын […] засгийг арван хүний гарт өгөв. Мэргэн түшмэдийг их,
багаар дэвшүүлэн, засаг цаазыг явуулав: лам нарт хишиг түгээх аваас тэд хөвүүн
чиний төлөө сэтгэлээ чилээж, өөр санаа агуулах хүсэл үгүй болохыг мэд27. Албан гувчуур
татварлахын сац ужид зовлон учраагүй бол хөвүүн чи сэтгэлээр амгалан байж сур.
Дорно зүгт Хебенээс Хорагийн зам хүртэл мөхөс миний байгуулсан хилийн цайзуудад
гадны халдлагаас улс гэрийг хамгаалах цэрэг эрс байршуул28. Мөхөс миний
зориг хүчээс ямагт илүү зориг хүч гарга.
Гэвч нэг зүйлийг сайтар хичээнгүйлэн сана: Ази бол нүд алдам, ус олоход
бэрхтэй зовлонт газар гэдгийг мэдтүгэй. Тэндэхийн зам уул, толгод сүлжсэн,
давахад бэрхтэй болно: хүнс (тэжээл) олоход бэрхтэй. Хора29гийн үеэс манай
олныг зүдээсээр ирсэн ч өнөөг хүртэл ялагдаж, ялсан нь нэгээхэн бээр ч үгүй
болой: эзнийг нь эзгүйчилж, эс өгснийг авах чивэлт хүн мэт дайн зарлахгүйгээр
завшаалан довтлох нь тэдний зан болно.
Мөхөс миний биеийг улс гэр захирч байх үед тэд (үерийн ус мэт) замдаа
тааралдсан бүгдийг хүчлэн дайлах барс лугаа адил явсан учир хилийн цайз
цогцлоож зэвсэглэн тэмцсээр ирсэн бөлгээ. Ингэхдээ мөхөс бие хоёр мөрнөөс
тэднийг үлдэн хөөхийн учир завшаалан эзгүйчилж улс гэрийг нь дайлж, адуу малыг
нь олзлон хүчийг барж Мисир нутгаас хөөн гаргасан бөлгээ. Тэдэнд бүү тал өг!
Ази бол олзоо анах матар лугаа адил: тэд зам гудас тонох авч их хот, балгадад
үл ойртох бөлгээ.
Өөрийн (их хотын) захиргааг байгуулахын өмнө Меденит30 –ийг (хувь
газруудад) хуваа, түүний эсрэг талд байрлах Горькийн нуур бол буруу санаатны
үүр, уурхай гэдгийг мэдтүгэй31! Энэ газар хэдий хатуу чанга, тэрслэн байлдах хүч их
боловч түүний зэвсэг агссан их цэрэгт манай заншлаач олон байгааг мэд32: үүнээс гадна
Джед-исут тойрогт лам нар нэлээдгүй бөлгээ. Тэдний тоо албан гувчуураас
чөлөөлөгдсөн нэг түмэн ламд хүрчээ: алба гувчуур, үр тариагаар тэтгэж, хил
хязгаар, цайз бэхлэлтээ чандлан сахь. …; энэ бол хоёр мөрөнд хүрэх үүд гэдгийг мэд. Тэд Гераклеополь хотод хаалт болохын сац [улс иргэд нь] үнэнч албат нар
болно. Залуу хүмүүсийг албанд зүтгүүл, зальхай хүнээс ангид бай.
Хэрэв чиний улсыг өмнө талаас сэтлэх аваас цэрэг армиа хөдөлгөж, (Азиуд
довтолж) байна гэдгийг мэд. Хоёр мөрөнд цайз хэрэм барих нь (сайн) гэдгийг
сана:дайснаа дарсан бус хүний нэрийг мөнхлөн алдаршуул. Гэхдээ өөрийн суу
залийг илүү ихээр алдаршуул33! Нэр алдар
горилогч хүн хоосон газар хий босгодог нигууртай. (Түүнд) цэцэн билэгт Ахтой34 (хаан) лугаа
адил гэсгээл хүртээ: номхон хүлцэнгүй хүн (хүртэл) алдар горилохоороо ичгүүрээ
алддаг жамтай.
Зарим нэг нэр томъёо буюу нэрний тайлбар
Гор (Хор) – шонхорын
дүртэй нарны бурхан <…>. МЭӨ IV–III мянган жилийн үед эхлээд дээд
Египетийн, дараа нь нийт Египетийн эзэн хаадын онцгой нэр хэмээн үзэж байв [650 хуудас]
Маат (египет. “шударга, үнэн”) – Ертөнцийн эмх, журамгүй
байдлыг сөрөх дээд бурхад болон фараонуудын цогцлоосон сансар огторгуйн дэг
журмыг илэрхийлэх Египетийн ертөнцийг үзэх үзлийн үндсэн ойлголт.
(“исефет”);
Энэхүү нэр нь Ра бурхны охин, нийт Египетийн охин тэнгэрийг дүрсэлжээ
(тэргүүндээ өд хатгаж суусан эмэгтэй хүнээр дүрслэгдсэн байдаг). [651 хуудас]
Мериибра – хааны нэр Ахто (Хети) I – Гераклеополь удмын
фараонуудын анхдагч (IX династи, МЭӨ 2175–2150
онуудын орчим) [651 хуудас]
Осирис – Эртний
Египетийн үхэгсэд, хойд ертөнцийн бурхан, хаан, хойд ертөнцийн шүүгч [652 хуудас]
Газар орны нэршил заасан үгийн тайлбар
Гераклеополь (египет. Нен–Несут) – Дээд Египетийн XX дахь номын гол
хот бөгөөд өнөөгийн Эхнас болно: I-р Шилжилтийн үед (МЭӨ XXII–XXI зуун) дээд
болон доод Египетийн нийслэл байв: хотын ивээн тэтгэгч нь бухан толгойт Харшеф
(грек. Арсаф) хэмээн үздэг. [656-р хуудас]
“Горькийн нуур” – Гераклеополиос өрнө зүгт Фаюмд байх
нуур. [656-р хуудас]
“Хоёр газар” – Эртний бичвэрт МЭӨ IV–III мянган жилийн
зааг үед дээд, доод Египетийг нэгтгэх явцад нийт улсыг нэрлэж асан нэршил.. [658-р хуудас]
“Хорагийн зам” (“Хорын зам”) – Сиригээс Египет орох зам
дагуу зүүн Дельтейд орших хилийн цайз бөгөөд үлдэц нь өнөөгийн Эль-Кантара
нутагт байна. [658-р хуудас]
Тинис (Тин) –Хойд Фивт орших дээд Египетийн VIII хот-улсын нэр [659-р хуудас]
Хебен – Дорнод Дельте дахь хилийн цайз . [660-р хуудас]
Эх сурвалж: Отгонбаяр Нямаев. Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг - 1. Ред: Г. Энхтуяа, Ш. Гаваа, УБ: "БТМ" ХХК хэвлэх үйлдвэр, 2013 он. х. 24-33.
This comment has been removed by a blog administrator.
ReplyDelete