Sunday, April 16, 2017

ПТАХОТЕПЫН СУРГААЛ БҮТЭЭЛ

Птахотеп хэмээх үг нь бүхнийг бүтээгч дээд бурхан, түүний мөн чанарыг илэрхийлсэн ерөнхий утгатай бөгөөд нийслэл Мемфис хотын өмнө зүгт Птаха бурхныг шүтэх сүм оршдог байжээ. Чухам энэ нэрээр мөнхөрсөн олон суутнууд эртний Египетэд төрсөн ба тэдний нэг нь гүн ухаантан, жати түшмэл Птахотеп болно.
Птахотеп бээр V династийн фараон Менкаухорын хүү Жэдкара фараоны үед засаг төрийн шийдвэр гаргах үйл явцад нөлөөтэй нэгэн болж, жати (Эртний Египетэд тэргүүн сайдыг ингэж нэрлэдэг байсан ба өнөөгийн судлаачид везир гэж нэрлэж байсан мэт ташаа ойлгосоор иржээ. Жати хэмээх үг нь Египет хэлээр, харин Везир хэмээх үг Араб хэлээр тэргүүн түшмэлийг илэрхийлдэг үгс болно., орчуулагчийн тайлал) түшмэлийн албанд тохоогдсон байна. Жати түшмэл хэмээгч нь цэргийн хэргээс бусад төрийн бүх хэргийг хамааран хөтлөх их хүмүүн, тэргүүн сайд болно. Жати түшмэлийн алба МЭӨ XXVIII-IV зууны үед байсан. Зарим үед дээд, доод Египетийг төлөөлсөн хоёр хэргэмтэн хашиж асан тухай эртний сурвалж бичигт дурьдсан байдаг. Ташрамд өгүүлэхэд энэ албаны эрх, үүргийг нарийн заасан бичвэр эртний Египетэд байсан нь нотлогдсон бөгөөд үүний нэг гэрч нь МЭӨ XV зуунд бичигдсэн гэх “Жати түшмэлийн албан үүргийн тухай бичвэр” бүтээл олдсон явдал болно.
Жэдкара фараоны засаглал МЭӨ 2405-2367 онуудад оршин тогтож байсан. Өгүүлэн буй үеийн гол онцлог нь цаг зуурын дотоодын самуун, нийгмийн зөрчил, бужигнаан дунд өрнөсөн хийгээд дээр нэр дурдсан Птахотепын сургаал бүтээлд тусгагджээ.
Мэргэн ухаантан Птахотеп төр, нийгмийг удирдан залах арга, ухааны талаар дахин давтагдашгүй үзэл баримтлалыг хөгжүүлсэн байдаг.
Тэнгэр бурхнаас бошго авсан фараон олон иргэнд шүтэгдэж, нийгмийн харилцааны цөм болох нь зайлшгүй. Энэ ертөнцөд бурхан, фараон хоёроос илүү эрхэм дээд зүйл гэж үгүй. Тэрээр нийгмийн тэгш бус байдлыг зөвтгөж, дорд гаралт хүмүүн ёс бус, муу гэсэн бол лам, санваартан, өндөр дээд сурвалжтай иргэдийг эрхэм дээд гэдгийг онцолжээ. Дорд боол хүн эрхэм дээд хүмүүнд хүндэтгэлтэй хандах ёстой.  Боол, зардаст оноох гэсгээл хатуу чанга байвал зохино гэжээ.
Хэдийгээр агуулгын хувьд хуучин нийгмээ үгшрэн хамгаалах чигийг баримталж байсан боловч зарим нэг асуудал дээр ихээхэн дэвшилттэй санаа гаргажээ.
Птахотепын сургаал”-д чати түшмэл Птахотеп бээр өөрийн хөвүүнд “Хэрэв хөвүүн чи олон хүнийг дагуулсан жанжин сайд болох аваас самуун үйл дэгдээлгэхгүйн тулд ямагт сайныг хичээн хийтүгэй. Шударгуу ёс хэмээгч агуу тул түүнийг хичээтүгэй”  хэмээн сургажээ. Мөн төрийн зангарагатай түшмэл хүний хувьд фараоны цааз тэрслэх, доодост хэрцгий хэдэр хандахыг сэрэмжилж байх хэрэгтэйг захисан. “Хэрэв хөвүүн чи өөрийн эзэн хааны ойр шадар явах аваас төрийн зөвлөгөөнд юмны учир эс ухаад санааны дураар дэмий үг өгүүлэхийг цээрлэ. [Гагц] үйл хэргийн үнэн учрыг [ухан] ойлгосны сүүлээр үгээ хэлбээс зохилтой. Аливаа үйлээс сэтгэл сэргэтэл урнаар өгүүлэх [бэрхтэй]” хэмээжээ. Птахотеп бээр аливаа хүмүүнийг дээд, доодод хуваах нь бурхны соёрхол хийгээд үүнийг тэрслэн тэмцэх нь нүгэл гэсэн санааг бүтээлдээ тусгасан. Энэ нь нэг талаас тэр үеийн Египетийн дээд хэсгийн эрх ашгийг илэрхийлэл, нөгөө талаас фараоны засгийг тэрслэх нам нийлэгчдийг шүүмжилсэн явдал байв.
Фараоны хамгийн итгэлт түшмэлийн хувьд тэрээр төвлөрсөн хааны засгийг тууштай дэмжигч нэгэн байв.
Үүний зэрэгцээ “аливаа хүмүүн мэндлэхдээ ухаан төгс байдаггүй” хэмээсэн нь дээрх зүйлтэйгээ зарим талаар зөрчилдсөн санаа тусгасан хэмээн өнөөгийн судлаачид өгүүлсэн байдаг. Магадгүй, үүнийг бас нөгөө талаас нь хойч үедээ сургамжлан захисан бичвэр гэдгээр ухан ойлгож болно. Хүн хэмээгч хэлэхээс нааш, цаас хэмээгч чичихээс нааш хэмээх цэцэн үг байдаг нь энэ мэт болой.
дүгнэн хэлэхэд Птахотеп бээр дээд бурхнаас тогтоосон фараоны засгийг хэн ч тэрсэлж үл болох бөгөөд хэрэв тэрслэн тэмцсэн тохиолдолд улс гэр самууран унаж түмэн иргэн гайд өртөх болно гэсэн санааг гаргасан. Ка буюу дээд эзнээс тогтоож өгсөн бурхны цаазаар энгийн дорд боол төдийгүй фараон хүртэл аж төрөх учиртай.

Птахотепын сургаал” бүтээлийг өмнө нь Монгол хэлнээ хөрвүүлэн түгээж байсан тохиол эс олдох бөгөөд мөхөс дуун хөрвүүлэгч Нямаагийн Отгонбаяр би бээр хүчирдэн буулгав. Санааны дураар дэмий, ташаа буулгасан аваас сэтгэлийн сайнаар ариутган шүүхийг хүснэ. Таалан болгооно уу (Бичвэрийг Монгол хэлнээ буулгасан  Нямаагийн Отгонбаяр).
ПТАХХОТЕПЫН СУРГААЛ
1
Өчүүхэн эрдэмд бүү сагсуур!
Өөдтэй эрдэмтэн болж үл чадахыг мэдтүгэй!
Ухаантан мэргэдэд төдийгүй
Ухаан мунхагт ч зөвлөгөө тустай.
Урлаг гэгчийг үл таниваас
Уран зураач үйлс бүтээлийн оргилд хэрхэн хүрэх. (…)
2
Эрхэм сайн андтай учирваас
Орон гэртээ
Ахан дүүс мэт сайнаар зочил.
Урин тачаангуй эмд хөл алдваас
Ухаан мунхрахыг мэдтүгэй! (…)
Эмэгтэй хүний бие гэгч
Эрхгүй бусдын сэтгэл татах эмзэг нарийн шаазан буюу.
Эзэмдэж түүнийг эдэлнэ гэдэг — ахархан шөнийн зүүд манах адил.
Олж түүнийг хайрлана гэдэг — өнөө биеэ бүрлэх адил! (…)
ДОТООД СЭТГЭЛИЙН ТУУЛИЛАГ
АНХНЫ ГОМОРХОЛ
Үдийн наран халхлах
Үхээрийн шувууны сангас адил
Цөвүүн цагийн байдлыг үзэн ядахаа мэдтүгэй!
Жин үдийн наранд загасчилсны сүүлээр
Жингийн туухайд дэнслэгдэн хаягдах жараахай адил
Цөвүүн цагийн байдлыг үзэн ядахаа мэдтүгэй!
Үнэр ихт намагт ургасан хулсан дээр
Үүрээ зассан нугас адил
Цөвүүн цагийн байдлыг үзэх ядахаа мэдтүгэй!
Загасчны торонд орооцолдсон
Замаг, ногоолжин адил
Цөвүүн цагийн байдлыг үзэх ядахаа мэдтүгэй!
Матрын муухай амьсгалыг
Матрын дэргэдэх хүн сурвалжлан мэдээд жигшихийн адил
Цөвүүн цагийн байдлыг үзэн ядахаа мэдтүгэй!
Авааль нөхрийнх нь өмнө
Авсан эмийг нь гутаах гүтгэлэг адил
Цөвүүн цагийн байдлыг үзэн ядахаа мэдтүгэй! (…)
Улс гэрийг бүрлэх
Урагшгүй муу адил
Цөвүүн цагийн байдлыг үзэн ядахаа мэдтүгэй!
ХОЁР ДАХЬ ГОМОРХОЛ
Амраг садан үйлс гажиж
Анд нөхөд буруу санах тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Оорцог хүний сэтгэл хомхойрч
Олон хүний эдэд шунах тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Сэтгэл сайтныг заншлаж
Саар хүнд соёрхол хайрлах тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Сайхан бүхэн адлагдаж
Саар бүхэн дээдлэгдэх тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Наадам зугаа хэтэрч
Нандин шүтээн доромжлогдох тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Итгэлт саднаас илүүтэй
Ирмүүн дайсныг дотночлох тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй? (…)
Ахан дүүс биесээ өшлөж
Амраг сэтгэл гудайх тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Хомхой сэтгэл олныг идэж
Хуудгай үнэнийг орлох тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Чигч шударгууг бусцарлаж
Цэрвүү сэтгэлтэнд эзлэгдэх тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Итгэлт андын сэтгэл үгүйлэгдэж
Энгүй орчлон хоосрох тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Дарлал, зовлон шушнахын цагт
Далай сэтгэлтэн үл олдох тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Бусцар бүхэн ёсчилж
Бусгаарлах арга эс олдох тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
ГУРАВ ДАХЬ ГОМОРХОЛ
Үхэл гэгч хомс надад
Өвчнөөс салгах агшин
Өнөдийн зовлонгоос гэтэлгэх мөч мэт санагдана.
Үхэл гэгч хомс надад
Сайхан үнэрт цэцэгс
Салхинаас халхлах суудал мэт санагдана.
Үхэл гэгч хомс надад
Сайхан үнэрт бадамлянхуа
Сархдад хөлчүүрхэх мөч мэт санагдана.
Үхэл гэгч хомс надад
Аянаас буцах орон гэр
Алсаас бараалах дардан зам мэт санагдана. 
Эх сурвалж: Отгонбаяр Нямаев. Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг - 1. Ред: Г. Энхтуяа, Ш. Гаваа, УБ: "БТМ" ХХК хэвлэх үйлдвэр, 2013 он. х. 7-16.

No comments:

Post a Comment