Эртний Хятадын
гүн ухааны охь манлай, мэргэн багш Күнз авгай бээр МЭӨ 551 онд Цюйфу хэмээх газар өндөр сурвалжит
түшмэл Шу Лянхэ хэмээгчийн татвар эм
Янь Жэнцзай-гаас төрсөн
авай. Хөвүүн мэндлээд төдий удалгүй эцэг нь бие барсан тул Кун Цю (Күнз авгайн эцгээс хүртсэн их алдар болно., орчуулагчийн тайлал) өөрийн эхийг
дагаж, хал үзэн, халуун чулуу долоож, ядуу, буурайн туйл болон амьдарч байв. Кун
Цю эцгийнхээ 63-ны, эхийнхээ 17-ны жил мэндэлсэн хэмээн түүхэнд тэмдэглэн
үлдээжээ. Идэр насандаа тэрээр Лу ханлигт хүчээ өгч, өчүүхэн тушаал үүрэглэж
байв. Хорь гаруй наснаасаа эхлэн “Тэнгэрийн
доорх агуу багш” хэмээн хүндлэгдсэн Кун Цю 3000 орчим шавьтай байсан гэх
ба түүнд ойр шадарлах 70 орчим хүнийг
тодлосон байдаг ч өнөөгийн байдлаар тэдний ердөө 28 шавь нь олонд танил болжээ.
Кун Цю авгайн
хамгийн дотны шавь нар нь Ю Жо, Зэн-цзы,
Янь Юань нар байв. Эртний хэв хуулийг шүтэж, хүн бүр ёс суртахуунд сүслэн
амьдрах зол буянт нийгэм цогцлоохыг хүсэмжилж асан их хүмүүн газар, тэнгэрийн
савслага дахь бядуу оршихуйгаа хэтэрхий мэргэн болох үйлсэд зориулсан амой. Кун
Цю авгайн үзэл санаа Цинь эзэнт гүрнийг бядуу ухаант Ху Хай бээр мөхөөн
унагасны эцэст ер бусын хүчээр түмэн иргэнийг засаж, өнөөг хүртэл оршсоор авай.
Кун Цю авгай бээр “Чуньцю” буюу “Хавар, намар”, “Ши-цзин” буюу “Уран яруу
үгийн бүтээвэр”, “Лунь Юй” буюу “Яриа, бодрол” зэрэг олон шастир туурвиж,
хүмүүний ертөнцөө олон зуунаар дуурсах гэгээн алдрыг олжээ. Олон оныг хэрэн
элээж, үзэл санаагаа түмэн ардад таниулж асан Кун Цю авгай МЭӨ 479 онд Дүшидийн
орноо морилов (таалал барав хэмээх үг
болно., орчуулагчийн тайлал) (Бичвэрийг
Монгол хэлнээ буулгасан Отгонбаяр Нямаев).
КҮН ЦЮ
“ЯРИА, БОДРОЛ”
Тэргүүн бүлэг
5. Мэргэн багш айлдсан нь:
-Нэг мянган байлдааны
тэрэг дайчлах хошуу захирагч үйл хэрэгтээ чигч, шударгуу, оорцог хүнийг энэрэн
нигүүлсэхийн сац эд таваар арвилан хэмнэгч, улирлын аясад таацуулан ардыг аж
төрөх хэв хуулинд сургамжлагч нэгэн байвал зохилтой.
Дэд бүлэг
Засаг баригч
3. Мэргэн багш айлдсан нь:
-Хэрэв цааз,
хуулинд заасан ёсоор улсыг засаж, гэмтнийг гэсгээх аваас ард олон ичгүүр үл
хүлээх авч болгоомжлон сүрдэх бөлгээ. Хэрэв сайн үйлийг цааз болгож, эртний ёс
горимоор улсаа засах аваас ард олон ичгүүр хүлээхийн сац төвшин зүтгэлээр зүтгэх
амой.
Зургаадугаар бүлэг
Юн бөлгээ
7. Сэцэн ухаант идэр настан асууруун:
-Чжу Ю-г төрийн
хэрэгт зүтгүүлж болох болов уу?
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Ю болбоос эрс
шийдмэг хүмүүн. Юуны учир албанд зүтгүүлж эс болох билээ?
-Тэгвэл Цы
эрхэмийг төрийн хэрэгт зүтгүүлж болох болов уу?
-Цы болбоос
сийрэг ухаант хүмүүн. Юуны учир албанд зүтгүүлж эс болох билээ?
-Мэргэн Цю-г
төрийн хэрэгт зүтгүүлж болох болов уу?
-Мэргэн Цю
болбоос ухаан хэтийдсэн хүмүүн. Юуны учир албанд зүтгүүлж эс болох билээ?
Арван хоёрдугаар бүлэг
Янь Юань
Чжунгун хүнлэг байхын учир холбогдлын тухай асуув. Мэргэн
багш хариу өгүүлрүүн:
-Үг хэл, хурц
хүмүүн бус хүмүүнийг өөртөө хурааж чадах агаад ард олныг түүн лугаа адил хураан
захирч чадах аж: өөрийн үл хүсэмжлэх зүйлийг оорцог хүмүүнээс бүү шаард: улс
орныг бүү самууруул, орон гэрээ бүү сандаач.
Чжунгун хэлэх нь:
-Би хэдий бядуу
ухаант боловч таны энэ мэт ёстой үгийг хичээнгүйлэн дагасугай.
7. Төрийг удирдан
жолоодохын арга, ухаан юунд орших тухай Цзыгун асуув. Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Ард олон мөр
бүтэн, гэдэс цатгалан үед олны итгэл болмуй.
-Мэргэн багш
таны айлдсан зүйлсээс юу нь илүүц буюу? хэмээн
Цзыгун асуув.
-Хахир хатуу
зэвсэг агсах нь илүүц буюу.
-Мэргэн багш
таны айлдсан зүйлсээс дахин юу илүүц буюу? хэмээн
Цзыгун ахин хүчлэн асуув.
-Хоол, хүнс
илүүц буюу.
Эртнээс инагш үхэл хэмээгчээс
амь зулбасан нь нэгээхэн бээр ч үгүй болой.
Олны итгэл хөсөр болбоос улс
гэр амаржихад бэрхтэй амой.
9. Тэрслүү
бодолтой ван хэргэмтэн Ю Жогоос асууруун:
-Хэрхэн
аюумшиггүй тийн хэлэх. Өнөө жил ургац муу, ган гачиг нүүрлэсэн бэрхтэй жил
амой.
Ю Жо хариу өгүүлрүүн:
-Эрхэм хүмүүн та юуны учир бус
хүнээс аравны нэгийг татварлан авч болохгүй билээ?
-Мөхөс хүмүүн аравны хоёрыг
авсаар атал үл хүрэлцэх амой. Тийн атал аравны нэгийг яахан авч болох билээ хэмээн засаг баригч ван хариу өгүүлэв.
Ю Жо хэлэх нь:
-Олон ард хүндлэн өгсөөр атал
та хэрхэн үл хүрэлцэх хэмээн вэ?, олон ард нийтээр үгүйрэх аваас та хэрхэн
татварлах билээ?
11. Хошуу захирагч их ван Ци улс, гэр засахад юуг хичээвэл зохилтой хэмээн
Күнз авгайгаас асуув. Күнз авгай хариу өгүүлрүүн:
-Хаан хүмүүн хаан лугаа адил,
албат иргэн мөн лугаа адил, эцэг хүмүүн эцэг лугаа адил, хөвүүн хөвүүн лугаа
адил байхад оршмуй.
-Бурхан зүг! Ёстой үг, хэрэв
хаан хүмүүн хаан лугаа адил, албат иргэн мөн лугаа адил, эцэг хүмүүн эцэг лугаа
адил, хөвүүн хөвүүн лугаа адил эс болох аваас юуны учир мөхөс хүн надад таатай
идээ олдож, гүнцэглэх билээ? хэмээн ван
хариулав.
14. Цзычжан улс гэр удирдах хэрэг юунд суурилах учиртайг асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Олон иргэнийг засаглах үед
бие, сэтгэлээ зүдээ
Зарлиг цааз хэрэгжүүлэх аваас
чигч, шударгууг хичээ
17. Сэцэн ухаант идэр настан засаглан удирдахын үндэс юунаас бүтэх амой
хэмээн мэргэн Күнз авгайгаас асуув.
Мэргэн Күнз авгай хариу өгүүлрүүн:
-Засаглах хэмээгч нь засах
хэмээх үг болой.
Өөрийгөө засаж үл чадах хүмүүн
улс гэрээ хэрхэн засах билээ?!
18. Сэцэн ухаант идэр настан эс өгснийг авагч бус хүний үйлдэлийн тухай
сэтгэлээ чилээж, мэргэн багш Күнз авгайгаас зөвлөгөө хүсэв.
Мэргэн Күнз авгай хариу өгүүлрүүн:
-Хүслээ
хязгаарлаж, төлөв даруу байж сур
Бусдын эс өгснийг авахыг цээрлэ
19. Сэцэн ухаант идэр настан мэргэн Күнз авгайтай улс гэр хэрхэн удирдах
тухай хэлэлцэхийн ялдамд асуусан нь:
-Үйл чигч шударгуутай
шадарлахын тулд үйлс гажуу хүмүүнийг гэсгээн шийтгэж болох уу?
Мэргэн Күнз авгай хариу өгүүлрүүн:
-Улс гэр
удирдах эрх хөвүүн чиний гарт буй бол юуны учир бус хүмүүнийг хилсээр гэсгээх
билээ? Гагц сайн үйлийг тэгш хэмээр дэвжээх аваас улс иргэн хотлоор үйлс чигч
болмуй. Ухаан саруул эрийн үйлс-салхи болой, бус хүмүүн-өвс болмой: өвс салхины
аясаар налах ёсон буй амой.
20. Цзычжан асууруун:
-Ухаант цэцэн хүмүүн билэг
авъяас хэтийдэхийн тул ямар байхыг айлдаж соёрхоно уу?
-Хөвүүн чиний үзэж буйгаар
билэг ухаан хэтийдэх гэгч юу болохыг хэлж өгнө үү? хэмээн мэргэн багш асуув.
-Орон гэртээ
хүндлэгдэж, улс иргэндээ сайшаагдахыг хэлэх амой хэмээн Цзычжан хариу өгүүлэв. Мэргэн багш санаа эс нийлж, хариу
өгүүлрүүн:
-Энэ бөгөөс ухаан хэтийдэх бус,
олонд нэр олох явдал болмуй. Ухаан хэтийдэх хэмээгч нь шударгуу, ёстойг
хичээхийн сац дорд хүмүүний төлөө сэтгэлээ зүдээж, тэдний төлөө үйлс цогцлоох
их хүмүүнийг хэлмой. Ийм хүмүүн өрх гэртээ төдийгүй улс орондоо олонд
хүндлэгдмой. Олонд хүндлэгдсэн хүмүүн төв даруйг цогцлоох агаад үйлс нь
эргэлзээ үл төрүүлмой. Энэ мэт явбаас өрх гэртээ төдийгүй олон иргэнд нэр олох
болой.
Арван гуравдугаар бүлэг
Цзылу
1.Цзылу захирагч гэж хэнийг хэлэх тухай асуув. Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Өөрийн зүтгэлээр олныг
дагуулахыг хэлмой.
Цзылу бээр дахин хүчлэн асуухад мэргэн багш хариу
өгүүлрүүн:
-Алжаал үл мэдэн зүтгэхийг
хэлмой
2. Чжунгун өчүүхэн тушаал үүрэглэж, захирагч гэж хэнийг хэлэх тухай асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Олон ардыг түүчээлэн явж,
өчүүхэн хэрэгт санаа зүдээлгүй, эрхэм чадвартайг дэвшүүлэн хэрэглэхийг хэлмой
-Дэвшүүлэн хэрэглэхийн учир
эрхэм чадвартайг хэрхэн таних билээ хэмээн
Чжунгун асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Олонд нэр олсон бус хүмүүнийг
дэвшүүлэн хэрэглэ
3. Цзылу өгүүлэх нь:
-Вэй улсын хаан их багш таныг
засаг, цаазын хэрэгт дэвшүүлэн хэрэглэхийг хүснэ.
Эрхэм хүмүүн юунаас эхлэх
хэрэгтэй хэмээн сэтгэнэ вэ?
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Нэрээ засах учиртай
Цзылу санаа эс нийлж асууруун:
-Эрхэм та юуны учир ийн айлдана
вэ? Энэ бөгөөс хэтэрхий хуудгай хэрэг болмуй.
Мэргэн багш та юуны учир их
алдраа засах хэмээн сэтгэнэ вэ?
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Эвий, Ю хөвүүн минь, ухаан
чинь балчир байна! Ариун шударгуу хүн үл ойлгох зүйлээ чимээгүй сонсон суухыг
илүүд үзнэ. Хэрэв нэр эс нийцэх аваас бус хүнд тайлбарлаж үл чадна. Хэрэв бус
хүнд тайлбарлаж эс чадах аваас ажил
үйлсдээ амжилт эс олно. Хэрэв ажил үйлсдээ амжилт эс олох аваас эртний ёс горим
цэцэглэж эс чадна: эртний ёс горим, дуу эгшиг цэцэглэж эс чадваас ял шийтгэл
зорилгоос гадуур болох, ял шийтгэл зорилгоос гадуур болох аваас олон ард үймэн
цуугих болмуй. Иймийн учир эрхэм хүмүүний алдрыг хүлээх бүх хүн юмсыг
тайлбарлан таниулж чаддаг, түүнийгээ хэрэгжүүлэх чадвар бүхий байвал зохино. Эрхэм
хүмүүн ажил үйлс цалгайдахаас зайлсхийж явбал зохино.
9. Вэй улсад аялан явах зуур эрхэм багшийн хамт Ю Жо тэрэг жолоодож авай.
Мэргэн багш өгүүлрүүн:
-Ямар олон иргэн буй!
Ю Жо асууруун:
-Энэ олон ардыг хэрхвээс зохих?
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Тэднийг баяжуулваас зохино
Ю Жо дахин хүчлэн асууруун:
-Олон ардын баяжуулсны сүүлээр
хэрхвээс зохино?
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Тэднийг сургаваас зохино
11. Мэргэн багш бахдан өгүүлрүүн:
-Улс гэрийг олон оны турш сайн
хүмүүс захиран засаглах аваас хүчирхийлэл хэмээгчийг үл санахын сац ял
шийтгэлийн хэрэг үгүй болмуй!
12. Мэргэн багш өгүүлрүүн:
-Засаг төрийн эрхэнд үнэн
захирагч хүмүүн гарсан ч хүнлэг зан хэдий удаан хугацааны эцэст цогцлохыг гагц
тэнгэрийн санаа мэдэх
13. Мэргэн багш асууруун:
-Чи улс гэрээ засан тохинуулж
эс чадваас өөрийн биеэ хэрхэн засах буй?, чи өрийн биеэ засаж эс чадваас бус
хүнийг хэрхэн тийн явуулах буй?
14. Жань авгай эргэн ирэхийн цагт мэргэн багш асууруун:
-Юуны учир энэ мэт цалгайдав?
-Төрийн хэрэг хэлэлцээд энэ мэт
болов хэмээн шавь хариу айлтгав.
Мэргэн багш санаа эс түвдэж хариу өгүүлрүүн:
-Энэ болбоос төр иргэний хэрэг
бус буюу. Мөхөс хүн хичээн зүтгэхийг эс мэдээд энэ мэт өгүүлэхийн түмэнтээ
сонсов.
15. Хатуу зоригт ван асууруун:
-Улс иргэнийг
ганц суртхаалиар хөгжөөн дэвжээж чадах эсэхийг айлдан соёрхоно уу?
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Ганц суртхаалиар түмэн иргэнийг
хэрхэн засан тохинуулах буй. Гэвч олон ардын өгүүлэх ину:”захирагч байх бэрхтэй, албат байх хялбар бус амой” хэмээх буй.
Хэрэв олныг засах их ноён байх бэрхтэй гэгчийг ухан ойлгох аваас хэрхэн
аюумшиггүй улс гэрийг ганц суртхаалиар хөгжөөн дэвжээх буй?
-Тийн аваас ганц суртхаалиар
улс гэрийг зүдээн мөхөөж болох эсэхийг айлдан соёрхоно уу? хэмээн ван асуув.
Күн-цю авгай хариу өгүүлрүүн:
-Ганц
суртхаалиар хэрхэн энэ мэт болох буй. Гэв
олон ардын өгүүлэх ину: “албат иргэнийхээ
үгийг хүндлэн үзэх захирагч мэргэн буй” хэмээжээ. Сайн, муу зүйлийг өгүүлэх
дор хэн татгалзаж чадах буй? Хэрэв самуун ёсгүй үг өгүүлэх дор хэн татгалзах
хийгээд энэ мэт болбоос хэрхэн ганц суртхаалиар улсыг мөхөөж болох буй буюу?
16.
Ван Шэ улс гэрийг удирдан залах хэмээх
юу буй тухай асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Ойр
явбаас цэнгэлдэх, хол буй аваас эв эеэ хичээх явдал амой.
17.
Цзыся Цюйфу газрын захирагч болсны
сүүлээр захирагч хүн хэрхэн ажиллавал зохилтой тухай асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Түрхэн
зуурын амжилтанд бүү сатаар, өчүүхэн ашигт бүү дурла. Өчүүхэнд дурлаж, зорилгоо
умартваас их хэргийг бүтээж эс чадмуй.
19.
Фань Чи хүнлэг байхын учир юунд оршихыг
лавлан асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Гэр
орондоо хүндлэгдэж, үйл хэрэгтээ чин сэтгэлээр хичээн зүтгэ, бус хүнтэй сайны
дээдээр харьц, дайсан (Варвар хэмээх
үгийг дайсан хэмээн дүйж орчуулав., орчуулагчийн
тайлал) тань тэвчээр алдсан ч энэ мэт яв.
20.
Цзыгун асуусан нь:
-Эрдэмт хүмүүн
хэрхэн аж төрвөөс зохистойг заан сургах ажаамуу
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Зан
ааш даруй, төлөв, эзний зарлигийг хичээнгүйлэн хэрэгжүүлж, бие сэтгэлээ зүдээх
хүмүүнийг эрдэмт хүмүүн хэмээн нэрлэх буюу.
-Үүнийг
хэрхэн танин мэдэх буй?
-Гэр
орондоо эцэг, эхээ ачлах, тосгон сууриндаа ахмад настнаа хүндлэх хүн болмуй.
-Үүнийг
хэрхэн танин мэдэх буй?
-Эргэлзээгүй,
бага хүмүүс болой. Тэдний үг яриа нь чигч шударгуу, үйлс бүтээл нь шийдмэг байх
амой. Тэд олон хүний эвийг олохын сац үйлс хэрэг нь зүйтэй сайн байх нигуур
буй.
20-р бүлэг
2.
Цзычжан Кун-Цю авгайгаас асуусан нь:
-Улс гэрийг
засахад оролцооны нөхцөл ямар байвал зохистойг айлдан соёрхоно уу?
-Улс
гэрийг засахад таван эрхэмийг дэвжээж, дөрвөн муу үйлийг цээрлэж явбаас бүтэх
амой.
-Таван
эрхэм хэмээгч юу болохыг айлдан соёрхоно уу? гэж Цзычжан асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
-Нигүүлсэнгүй
сэтгэл асаах их хүмүүн өчүүхэн
ашгийг үл хичээх: хичээн зүтгэх олон иргэнд саар үйл үл хийх: хүсэл сэтгэлээ
шунаг зангаас ангид авч явах: сүр хүч ихдэхийн цагт авчин сэтгэлд үл автах:
дайчин эрэмгийг хичээх ч хэрцгий авир үл гаргах тэргүүтнийг таван эрхэм хэмээн
нэрлэх амой.
-Дөрвөн
муу үйл хэмээгч юу болохыг айлдан соёрхоно уу? хэмээн Цзычжан асуув.
Эх сурвалж: Отгонбаяр Нямаев. Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг - 1. Ред: Г. Энхтуяа, Ш. Гаваа, УБ: "БТМ" ХХК хэвлэх үйлдвэр, 2013 он. х. 89-102.
No comments:
Post a Comment