Sunday, April 16, 2017

МАНУГИЙН ЦААЗ ХУУЛЬ

Эртний Энэтхэгийн “Манугийн цааз хууль(Ману-смрити) хэмээх улс төр, эрх зүйн дурсгал бичиг нь Маурьев болон Шунга эзэнт гүрнүүдийг унасны дараа үүссэн нийгмийн эмх замбараагүй байдалд хариу болж бичигджээ. Судлаач Георг Бюлер энэ дурсгал бичиг цаг хугацааны хувьд МЭӨ II зуунаас МЭ II зууны хооронд, судлаач Пандуранг Ваман Канэ  МЭӨ II зуунаас МЭ I зууны хооронд, харин эрдэмтэн К. П. Жаясвала МЭӨ 150-120 онуудын үед гарсан гэж үзсэн байна. “Манугийн цааз хууль” нь эртний Энэтхэгийн улс төр, социологи, эрх зүй, түүхийн томоохон дурсгал бөгөөд өнөөгийн судлаачид ихээхэн анхаарал хандуулж байгаа болно. Гэхдээ “Манугийн цааз хууль”-ийг өөрийн цаг үедээ нөлөөтэй байж чадаагүй хэмээн зарим нэг эрдэмтэд үзэж байгаа ба үүнийг гэрчлэх чамгүй олон зүйлс олдсон байна. Тухайлбал өгүүлэн буй үед хойд болон өмнөд Энэтхэгт вайшнавизм болон шиваизм хэмээх шажнууд хүчтэй байсны дээр “Артха-шастри” бүтээлийг зохиогч мэргэн Чанакья Манугийн цааз, хуулийн талаар огтоос дурьдаагүй байдаг.  Цааз хуулийг анхлан шинжлэх ухааны үндэстэйгээр судлах оролдлогыг Английн эрдэмтэн Уильям Жонс хийсэн байх агаад тэрээр 1794 онд Англи хэл дээр хөрвүүлсэн байна.
Уильям Жонсийн дараагаар Манугийн цааз, хуулийг хэсэгчилсэн болон бүрэн эхээр нь Европ, Энэтхэгийн зарим нэг хэлнээ орчуулсан байх юм. Тэдгээрийн дундаас Г. Бюлер, А. К. Бернелл, Э. У. Хопкинс нарын орчуулгыг өндрөөр үнэлсэн байдаг. Манугийн цааз хуулийн анхны Орос орчуулага 1913 онд Петрбург хотноо С. Д. Эльманович хэмээх хүний нэрээр гарсан байх бөгөөд харин Оросын судлаачид орчуулгын хувьд төгөлдөр болж чадаагүй хэмээн үзсэн байна. Энэтхэгийн судлаач Сурендр Кумар Манугийн цааз хуулийн 2685 зүйлийн 1214 зүйл нь эрт үеийнх бөгөөд үлдэх 1471 зүйл нь сүүлд нэмэгдэж орсон гэсэн томоохон дүгнэлт хийсэн байна. Харин далитуудын удирдагч Бхимрао Рамжи АмбедкарRevolution and Counter-Revolution in India” бүтээлдээ Манугийн цааз, хуулийг мэргэн ухаантан Махариши Бхригу бичсэн гэж үзсэн байна.

Манугийн цааз хуулийн бүтэц

Ману-смритибуюу Манугийн цааз хуульнь 12 бүлэг, 2685 зүйл (шлок)-ээс бүрдэх ба эртний санскрит хэл дээр бичигдсэн байна:

  • I бүлэгт ертөнц дахин, хүний нийгэм, язгуур, давхарга (варн)-уудын үүслийн тухай төсөөллийг бичиглэсэн байна:
  • II бүлэгт сурч боловсрох үеийн амьдралын дүрэм журам:
  • III-IV бүлэгүүдэд гэр бүлийн амьдралд хамаарал бүхий дүрэм журам:
  • V бүлэгт шашны зарим нэг хэм хэмжээ:
  • VI бүлэгт буйд амьдрагч хүний аж төрөх ёс:
  • VII бүлэгт төрийн удирдлага, хааны үүргийн тухай сургамж:
  • VIII бүлэгт шүүн таслах үйл ажиллагааны тухай:
  • IX-X бүлэгт гэр бүлийн харилцаа, ял зэм, варнуудын эрх, үүргийн тухай:
  • XI бүлэгт чивэлт үйлээс гэтлэх хийгээд хэрхэн сахил, санваар хүртэх тухай:
  • XII бүлэгт энэ амьдралдаа хийсэн муу үйлээс болж амирласан хойно ирэх үйлийн үрийн тухай тус бүр өгүүлсэн байна.
Манугийн цааз хууль дүрэм журмын эмхтгэл болох нь
Нийгмийн байгуулал
Манугийн цааз, хууль бярман, кшатрии, вайшия, шудр хэмээх дөрвөн варны аж төрөх ёсны тухай сургасан цаазын эмхтгэл мөн. Вайшия нарыг нийгмийн баялаг бүтээх гол хүч мөн гэсэн бол мөнөөхөн шудр нарыг “дахин төрөгсдөд” үйлчлэх үүрэгтэй хэмээн заасан байна.
Манугийн цааз, хуулинд аливаа хүн боол (даса) болох долоон тохиолдлыг заасан байх бөгөөд үүнд олзлогдох (дхваджарта), өрөнд орох (бхактадаса), боолын гэрт мэндлэх (грихаджа), арилжигдах (крита), бусдад соёрхогдох (датрирна), өв залгамжлагдах (пайтрика), гэсгээгдэх (дандадаса) гэсэн төрлүүд багтдаг байна. Боол хүн ямар ч эрх үл эдлэх ба боолын хойчис боол гэсэн зарчим үйлчлэх аж.
Зэр зэвсгийг зөвхөн кшатрии нар хэрэглэх ба харин бусад хоёр төрөлт варнуудын хувьд “дайн тулааны цагт” зэвсэг агсаж болно гэжээ. Дайн бол улс орон цэцэглэн хөгжихийн үндэс мөн. Эзэн хаанаа хүндэтгэх нь эрхэм дээд ёсны үүтгэл мөн. Хаан хүн олзны эд агуурс, алт, мөнгөний үлэмж хэсгийг хувь болгон авах эрхтэй. Үлдсэн хэсгийг цэрэг эрс хувааж авах нь зүй. Цэрэг нь улсын хэв хуулийг хамгаалан сахихын ялдар дотроо “хоёрт, гуравт, тавт мөн зуутын тосгонд” хуваагдана.
Хаан хүний гол үүрэг нь албат иргэнээ хамгаалах, тэдэнд алба гувчуур (бали) оноох явдал мөн гэжээ. Мөн бярманы хүчээр шүүн  таслах үйл ажиллагаа явуулах, балчир дорой, өвчтэй, бядуу нэгнийг өмгөөлөн хамгаалах нь хаан хүний эрхэм үүрэг хэмээн заажээ. Хаан хүн Ведид нэвтэрхий мэргэн бярманыг шүтэж, түүний зөвлөгөөг сахиж аж төрөх ёстой. Албан тушаалтныг дэвшүүлэх, зальхайг шийтгэн гэсгээх нь түүний үүрэгт хамаарна.
Тосгон бүрийн тэргүүн тэрчлэн аравт, хорьт, зуут болон мянгатын тосгоны тэргүүнүүдийг дэвшүүлэн сонгох нь хааны эрх мөн.
Шүүн таслах ажиллагаанд шүүхээс гадна мэргэн брахмантай зэрэгцэн хаан орж болно. Шүүгчээр бярман хүн дэвшигдэх ёстой. Цааз, хуулийн тайлал хийх нь бярманы үйлс бөгөөд арга ядсан үед кшатрии болон вайшия нарт оногдуулж болно.
Шүүн таслах үйл ажиллагаа эрхлэн явуулах 18 шалтгаан (пада) байх бөгөөд үүнд бусдаас авснаа үл төлөх, бус хүний эдийг соёрхолгүй үрэгдүүлэх, худалдаа, арилжаа эрхлэх, худал, цуугай мэдээ тараах, бус хүнд хөлс үл төлөх, гэрээ хэлцэлээ дур мэдэн халах, арилжаа буцах, эзэнтэйгээ цуугих, газрын маргаан дэгдээх, бус хүнийг гутаах, гүжирдэх, хулгай, дээрэм хийх, хүний амь таслах, бус хүнийг эзэрхийлэх, буруу хурьцах, хөрөнгө салгах, эр, эм салах, мэргэ хийх, мөрий тавих зэргийг багтаасан байна.
Шүүн таслах үйл ажиллагаанд оролцох гэрчийн асуудалд онцгой анхаарал хандуулсан байна. Гэрч хүнийг шүүн таслах үйл ажиллагаанд эрх тэгш оролцуулах хэрэгтэй. Гэхдээ хүнд ялтны гэмийг асуухад гэрчийг үл оролцуулах болно. Балчир нялхс, бүсгүй хүн, өтөл зөнөг хүн, шавь (багшийн хувьд), садан төрлийн хамаадал бүхий хүн, дорд боол хүнийг шүүн таслах үйл ажиллагаанд гэрчээр татаж үл болно.

Эд хөрөнгийн харилцаа

Манугийн цааз, хууль”-д аливаа зүйлсийг ашиглах, эзэмших тэрчлэн эзэмшил нь өмч болох хугацаа зэргийг нарийн авч үзсэн байна. Бус хүний эдийг ашиглах хугацааг 10 жил хэмээн заасан байна. Өмч хөрөнгө олж авах хууль ёсны долоон арга байх бөгөөд үүнд өв залгамжилж авах, бусдаас соёрхогдож авах, худалдаж авах, эзэрхийлж авах, өрөндөө барьцаалж авах, оногдсон ажлаа хийсний эцэст олж авах, өргөл барьцанд авах гэсэн аргуудыг багтаасан байна. Эхний гурав нь бүх варнд, дөрөв дахь нь зөвхөн кшатрии нарт, тав, зургаа дахь нь вайшия нарт, харин долоо дахь нь бярманд хамаатай аргууд болно.
Бус хүнийг эзэрхийлэх, мэхлэх эс бөгөөс ухаан солиотой болон балчир нялхас, өтөл зөнөг, дорд боол тэргүүтнээс  авсан зүйлийг зүйд үл нийцэх хэмээжээ.
Хөлсний хөдөлмөр бол “аж төрөх гутамшигт арга” ба дээд варнууд, ялангуяа бярманууд үл тэвчих хэрэгтэй. Хөлсний хүн оногдсон ажлаа эс хийх аваас элдэв зүйлээр торгох ёстой. Оногдсон ажлаа эс хийвээс өвчин, зовлон тэргүүтэн тохиосон ч хөлсний хүнд пүнлүү үл өгөх гэжээ.
Эр, эмийн харилцаа
Манугийн цааз, хууль”-ийн III болон IX бүлгүүдэд гэр бүлийн харилцаа (эр, эмийн дхарм)-ны асуудлыг авч үзсэн байна.
Энэ цаазад өгүүлэн буй үед Энэтхэг орноо ихээр дэлгэрч асан эр, эм бололцох найман үндсэн хэлбэрийг гаргасан байна. Их эзэн Манугаас бошго авсан бярман нарт хамаадал бүхий эр, эм бололцох дөрвөн зүйлд брахма (эцэг нь өөрийн охиноо бус хүнд бэлэг сэлттэйгээр соёрхох), дайва (ёслол гүйцээсний төлөө бярманд охиноо соёрхох), арша (амбан шар, үнээ, газар тэргүүтнээр охиноо бус хүнд хүргэх хэлбэр), праджапата (“дхармыг хэрэгжүүл”хэмээх зарлигийн ёсоор охиноо бус хүнд соёрхох) гэсэн хэлбэрүүдийг багтаасан байна. Эр, эм бололцох бусад зүйлд асура (бус хүнээс худалдан авч эр, эм бололцох), гандхарва (эр, эм сэтгэл нийлж, эцэг, эхийн зөвшөөрөлгүй эр, эм бололцох), ракшаса (хулгайлан авчирч эр, эм бололцох), пайшача (ухаан, санааг нь мансууруулж, хүчээр эзэрхийлэн эр, эм бололцох) мэтийн хүний ёсноос гажуу хэлбэрүүдийг багтаасан байна. Олон эхнэртэй байхыг таашаан үзээгүй боловч эхний эм нь урин, самуун, зугаа цэнгэлд дурлагч, үрэлгэн байх аваас хоёр дахь удаагаа эхнэр авч болно гэжээ.
Хэдийгээр варн хоорондоо гэрлэхийг сайшаагаагүй боловч хэрэв эр нь эмээсээ дээд зиндааны бол боломжтой гэж үзсэн байна. Гэхдээ гарсан хүүхдүүд нь хөрөнгө өвлөх тал дээр харилцан адилгүй байх бөгөөд тухайлбал шудр эмээс төрсөн хүүхэд эцгийн өгснөөс илүүг авч үл болох аж.
Манугийн цааз хууль”-д эмэгтэй хүнийг бүх насаараа эрчүүдийн эрхэнд байх ёстой гэж үзсэн. Эм хүний гол үүрэг нь хүүхэд, тодруулан хэлбэл бүстэй хүүхэд төрүүлж өсгөх явдал болно. Эхнэр, хүүхдээ худалдахыг таашаагаагүй боловч худалдсан тохиолдолд эм хүн чөлөөлөгдөхгүй, дахин эрийн буулгад орно хэмээжээ. Хэрэв авсан эм чинь хүүхэд үл төрүүлэх аваас 8 жилийн дараа, ухаан самуун хүүхэд төрүүлэх аваас 10 жилийн дараа, охин төрүүлэх аваас 11 жилийн дараа, авсан эм чинь зан, ааш ёсгүй аваас нэн даруй дахин эхнэр ав хэмээн заасан байна. Эрээ алдсан эм дахин эрд гарах ёсгүй авч хэрэв амирласан эрийнх нь төрөгсөд шаардах бол ах, дүү, ойр төрлийнх нь хүнтэй ёсыг гүйцээж болно.
Гэмт үйлдэл ба ял зэм
Манугийн цааз хууль”-нд бярманы амь таслах, самууран цэнгэлдэх, бусдын эс өгснийг авах, гуру (багш)-гийн эмтэй садарлах, чивэлт хүнд дэм өгөх зэргийг их нүгэл (махапатака) хэмээсэн байна. Эдгээр гэмт үйлийн үр нь эд хөрөнгийг нь дайчлан авахаас эхлээд орон нутгаас хөөн гаргах тэргүүтэн ял зэм болно. Гэхдээ хамгийн хүнд нүгэл нь чивэлт хүнд дэм өгөх явдал болно.
Хэрэв эм хүн, брахман хүн эс бөгөөс хохирсон хүн өмгөөлвөл амь бусниулагчийг ялаас хэлтрүүлж болох аж. Гэхдээ энэ зүйл бярман, өтөл хүн, балчир нялхас, гуру хүний амь тасласан  тохиолдолд үйлчлэхгүй. Хүний амь бусниулагчийг егүүтгэх нь “нүгэл” болохгүй.
Ял шийтгэл варнуудаас хамаарч өөрчлөгдөнө. Тухайлбал өөртөө зиндаа адил болон доод варны хүнийг үг, хэл, үйл хэргээрээ гутаан доромжилсон бол торгууль онооно. Харин “хоёр дахин төрөгсдөд”-ийг шудр хүн гутаан доромжилбол хэл, гар, хөл тэргүүтнийг огтлох, уруул сэтлэх, хөнгөлөх зэрэг ял тулгана.
Эм хүнийг шалиглан гутаах нь хүнд гэмт үйл мөн. Бусдын эмийг тачаадан хүсэгч хүнийг хаан хүн нутаг орноосоо үлдэн хөөх, хүнд ял оноох хэрэгтэй ба эм хүнийг шалиглан гутаах гэдэгт “эм хүнд үйлчлэх, хөнгөн сээтэгнэх, хувцас, гоёлд нь хүрэх, зэрэгцэн хамт суух” тэргүүтнийг ойлгоно гэжээ. Бусдын эмд шалиглах брахман бус бүх хүн үхэх ялтай. Гэвч эрийнх нь зөвөөшснөөр эмд нь ойртвол ял үл болно. Хэрэв хүсээгүй байхад охин хүүхдийн нэр төрийг сэвтээх аваас түүний бүх хурууг огтлох ялтай. Зиндаа ижил тохиолдолд зөвхөн торгууль төлнө.
Эрээсээ далдуур садарлагч эмийг нохойд бариулж егүүтгэх бол ёс бусыг хамтран үйлдэгч эрийг түүдэг галд шатаана. Бусдад мордоогүй эмтэй садарлагч эрийг варнаас хамаарч ял тулгана.
Төмс, модны үр, жимс түүх, гал ноцоох, малд тэжээл бэлтгэх” тэргүүтэн нь ялт хэрэг биш. “Язгуур гарваль өндөр эм хүнийг гутаах” нь үхэх ялтай.
Харин үнээ хулгуйлсан тохиолдолд хөлийг нь огтлох. Хаан хүн шийтгэлийн дараахь төрлүүдийг оноож болох: хар гэрт хорих (ниродхана), дөнгөлөх (бандха) болон биеийн бусад шийтгэлүүд (вадха) зэрэг багтана. Бярман хүнд үхэх ял тулгаж эс болох бөгөөд олны өмнө нэр төрийг нь гутаах ял хүртээж болно.
Эртний Энэтхэгийн “Манугийн цааз хууль”-ийг Монгол хэл дээр анх удаа хөрвүүлж, эрхэм уншигч та бүхэнд толилуулж байна. Таалан болгоох ажаамуу (Бичвэрийг Монгол хэлнээ буулгасан Отгонбаяр Нямаев).
МАНУГИЙН ЦААЗ ХУУЛЬ
Тэргүүн бүлэг
81. Ертөнц дахиныг амар амгалан болгохын тулд тэрээр (Брахма) өөрийн ам, мутар, өвдөг, тавхай тэргүүтнээс  бярман, кшатрья, вайшия, шудр нарыг бүтээжээ.
87. Бүхний дээд тэрээр энэ ертөнцийг хадгалж үлдэхийн тулд ам, мутар, өвдөг, тавхай тэргүүтнээс бий бологчдод хийх ажлуудыг нь тогтоож өгчээ.
88. Тэрээр (Ведийг) судлах, сургах, өөрийнхөө болон өрөөл бусдын төлөө тахил өргөх, (хишиг) түгээх, хүртээх тэргүүтнийг бярмануудад тогтоож өгөв.
89. Албат иргэнээ хамгаалах, (хишиг) түгээх, тахил өргөх, (Ведийг) судлах, зугаа цэнгэлд үл автах тэргүүтнийг тэрээр кшатрья нарт зарлиглав.
90. Хонь маллах тэрчлэн (хишиг) түгээх, тахил өргөх, (Ведийг) судлах, худалдаа, арилжаа явуулах, мөнгө хүүлэх, газар тариалан эрхлэх тэргүүтнийг вайшия нарт оноов.
91. Эзэн шудр нарт ганцхан үүрэг оноосон нь-дээд варнууддаа хүлцэнгүйгээр захирагдах явдал болно.
96. Ертөнцийн бүх юмсын дотроос адгуус амьтан, адгуус амьтдын дундаас оюун ухаант амьтан, оюун ухаант амьтдын дундаас хүн, хүний дотроос бярман эрхэм дээд нь болно.
97. Дхармууд (нийгмийн байр суурьт нь нийцүүлсэн хүний үйл ажиллагааны дүрэм, журам)-ын ариун дэглэмийг хадгалахын тулд төрсөн бярман бүх адгуус амьтдын эзэн агаад ертөнцийн дээд төрөлтөн мөн.
100. Ертөнцөд оршин буй бүх зүйлс-бярманы өмч мөн: давуу эрхтэй төрсөн учраас тэр бүх зүйлсийн эзэн мөн.
102. Түүний эрх, үүргийг тодотгохын тулд дээд эзнээс бошго авсан мэргэн Ману бээр энэхүү шастри (үйл ажиллагааны бүх хүрээнд хамаарал бүхий дүрэм, сургаалийн цоморлиг)-ийг зохиосон болно.
107. Энэүү журамд дөрвөн варнын аж төрөх ёсыг заахын сац буянт хийгээд чивэлт үйлийн мөнхийн дүрмийг өгүүлсэн болно.
Тэргүүн дэд бүлэг
12. Дахин төрөгсөд анхлан эр, эм бололцохдоо өөрийн варны (эмийг) авах: сэтгэл нийлсэн эм авахаар болсон ч өөрийн (варны) эмийг тоох ёстой.
13. Шудр эрд шудр эм, вайшия эрд (шудр эмээс) гадна өөрийн варны эм, кшатрии эрд (дорд хоёр эмээс) гадна өөрийн (варны эм), бярман эрд (дорд гурван эмээс) гадна өөрийн (варны эм) байна.
14. Нэг ч шастирт брахман буюу кшатрии эрийн шудр эмийг дурдаж үл болно.
17. Шудр эмийг өргөгч бярман тамд унах буюу: түүнээс төрсөн хөвүүн бярман болох заяагүй буюу.
51. Ухаалаг эцэг хүн өчүүхэн ашгаар охиноо бус хүнд худалдаж үл болно: учир юун хэмээвээс ашиг горилогч ховдог хүн удмаа бузарлагч чивэлт хүн буюу.
55. Эм хүн өөрийн эцэг, ах, эр хүн тэрчлэн хадамдаа сайн бүгдийг хүсэн ерөөхийн ялдар хүндэтгэж явах учиртай.
56. Эмэгтэй хүнийг хүндлэх газарт бурхад баясах агаад хаана тэднийг үл хүндлэнэ, тэнд сүсэг бишрэл үл оршино.
Дөтгөөр бүлэг
138. Таагүй үнэн, таатай худал зүйлийг бүү өгүүл, зөвхөн таатай хийгээд үнэн зүйлийг өгүүл-энэ бол мөнхийн дхарм мөн.
256. Бүх зүйлс үгээр тодорхойлогдож, үгэнд суурилж, үгнээс бүтнэ: хэн үг, яриа хуумгай байна, тэр үйлс бүтээл хуумгай болно.
Долдугаар бүлэг
2. Агуу гэгээрэлд хүрсэн кшатрья нар энэ ертөнцийг хамгаалах учиртай хэмээн Ведид өгүүлжээ.
3.Учир юун хэмээвээс дээрээ эзэнгүй, айдас, хүйдэст автсан үед хүмүүст зориулан эзэн энэ (ертөнцийг) хамгаалуулахын тулд эзэн хааныг бүтээжээ.  
13.... Хаан хүний хүмүүсийн хүсэл зоригт нийцүүлэн тогтоосон дхармыг, ард иргэдэд тааламжгүй дхарм байсан ч хэн ч зөрчиж үл болно.
14. Үүний учир ертөнцийн их эзэн Брахмагийн дүр, дхармын (биелэл), бүх амьд амьтадыг авран хамгаалагч, өөрийн хөвүүн-ГЭСГЭЭЛ-ийг цогцлоожээ.
15. Агуу ГЭСГЭЭЛ-ийн өмнө айн сүрдэх ертөнцийн бүх амьтад ашиг тусыг хичээж, (дхармууд)-ад бишрэн шүтэх болно.
16. (Гэмт үйл) гарсан цаг, газар орон, түүнийгээ ухамсарлаж буй байдал, түвшин зэргийг сайтар харгалзан үзсэний эцэст зүй бусаар явагч бус хүнд (ял зэм) оноох хэрэгтэй.
18. ГЭСГЭЭЛ бүхнийг захирч, өмгөөлөн хамгаалахын ялдар соргог, саруулаар орших: ГЭСГЭЭЛ  драхмын биелэл хэмээн мэргэд айлдах аж.
20. Хэрэв хаан эзэн гэмтнийг гэсгээж, гавъяатныг сайшаахгүй аваас хэв хууль алдагдан, загс мэт хүчтэй нэг нь хүчгүй нэгнээ эзэрхийлэх болно....
48. Цуйгай үг тараах, хүчирхийлэх, итгэл эвдэх, үтээрхэх, самуун залхай байх, бус хүний эд агуурст халдах, үгээр дайрч доромжлох тэргүүтэн нь-нүглийг өдөөх найман (муу үйл) мөн.
111. Ухаан самуурч улсаа зүдээх хааныг төрөл төрөгсдийнх нь хамт нэн даруй егүүтгэ.
Наймдугаар бүлэг
1. Хэрэв хаан хүн шүүн таслах ажиллагаанд оролцох хүсэл буй аваас мэргэн брахман, туршлага бүхий зөвлөхийг шадарлан оролцож болно.
147. Хэрэв оорцог хүний эдийг арван жил зохисоор ашигласан бол түүнийг эргүүлэн эзэнд буцаах учиргүй.
163. Ухаан мунхаг хийгээд балчир нялхс, эмс охид, өтөл зөнөг, дорд боол тэргүүтний үйлдсэн хэлцэл үнэн бус буюу.
164. Хэрэв дхарм зөрчиж байгуулсан аваас оорцог хүний үүсгэсэн алив хэлцэл (бичгээр үйлдсэн аливаа бичиг, баримт) үнэн үгүй болно.
165. Хуурмаглан зальхайлсан эдийг үтэр түргэн хураан авах буюу.
168. Бус хүний эдийг хүч барин залхайлан авах эс бөгөөс хуурмаглан авах нь хүний ёсонд үл нийцнэ.
195. Хэрэв (хэн нэгэн) гэрчгүй бус хүнээс авсан, бус хүнд өгсөн зүйлийг хүчингүйд тооцно.
199. Хөрөнгөгүй хүн бусдад бэлэг өгвөл шүүх түүнийг хүчингүйд тооцно.
201. Хэн хүн гэрчийн дэргэд ямар нэгэн зүйл худалдан авсан бол түүнийг тухайн зүйлийн хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.
203. Бус хүнийг залилан хамаа бусаар тодорхойгүй (эд) худалдахыг хориглоно.
215. Өвдөөгүй хэрнээ ичгүүргүйгээр оногдсон ажлаа эс биелүүлсэн хөлсний хүнд торгууль оноох.... ба хөлс төлж үл болно.
216. Хэрэв тэр хүн өвдөөд илаарь болсны эцэст оногдсон (ажлаа) хийсний сүүлээр урьд тогтсон хөлсөө авч болно.
222. Хэрэв хэн нэгэн бус хүний гэрчгүйгээр эд зүйл худалдан авах буюу бусдад бэлэглээд түүндээ гэмших аваас арав хоногийн дотор буцааж болно.
267. Брахман хараан зүхсэн кшатрийг зуун (панаар) торгох; вайшия бол– хоёр (зуун панаар), харин шудр хүнд хүнд ял тулгана.
268. Кшатрии хүнийг гутаах брахманыг тавин (панаар) торгох; вайшия хүн бол– хорин таваар; шудр хүн бол –арван хоёр панаар торгоно.
270. Хоёр удаа төрөгсдийг хүндээр дайрч доромжилсон нэг удаа төрөгсөд /өөрөөр хэлбэл шудр: “хоёр удаа төрөгсөд” гэдэгт дээд гурван варны хүнийг нэрлэнэ/-ийг хэлийг нь огтлох ялаар шийтгэ.
279. Дээд хүндээ халдсан дорд хүнийг мэргэн Манугийн зарлигласнаар тасчин алах ялаар шийтгэ...
286. Хүн, амьтны биед хохирол учруулах зорилгоор халдсан хэнд ч болов учруулсан хохиролтой нь тэнцэх торгууль оноох хэрэгтэй.
288. Санаатай болон санамсаргүйгээр хүний хөрөнгө гэмтээсэн хэн хүнд- учирсан (хохиролтой) тэнцэх (торгууль) ноогдуулах буюу.
302. Хаан хүн хулгай дээрмийг номхотгоход хичээн зүтгэвэл зохиолтой: ингэснээр түүний алдар хүнд өсөн нэмэгдэж улс орон амаржих болно. 
323. Жирэмсэн эмийг гутаах, үнэт эрдэнэ хулгуйлах (гэмт хүнийг) үхэх ялаар шийтгэ.
345. Бусдад хүч хэрэглэн талагч хүнийг хулгай тэргүүтэн хамаг хилэнц үйлдэгчийн тэргүүн хэмээн үзэж хүндээр гэсгээтүгэй.
349. Өөрийгөө өмгөөлөх хүний амь бусниулагчийг эм хүн, брахман, цаг бусыг үзэгчийн гэр бүл хамгаалах аваас ял тулгахгүй байж болно. 
352. Бусдын эмийг тачаадан хүсэгч хүнийг үлдэн хөөх тэргүүтэн ял зэм оноох буюу.
353. Учир юун хэмээвээс (шалиглан завхайрах) нь варн хоорондоо уусахад хүргэх агаад энэ нь удам тасарч, бүгд гайтах адхарм (үүсэх) шалтгаан ажгуу. 
359. Бус хүнийг шалиглан гутаах брахман бус хүнд үхэх ял оноох: бүх варнын эмүүд хамгаалагдсан байх ёстой.
364. Хүсэл зоригоос ангид охин хүүхдийг гутаах бус хүнд ял тулгаж болох ч гутаагдсан охин үл таашаах аваас ял тулгахгүй байж болно.
366. Дээд хүнтэй садарлах дорд хүнийг үхэх ялаар шийтгэх: зиндаа нэгтэйгээ садарлах хүнийг эцэг нь зөвшөөх аваас үтэр эр, эм болгогтүн.
371. Өөрийн язгуур угсаа, эрхэм чанараа гутааж, эрээ солигч эмийг хаан хүн олны газар нохойд тасчуулж үхэх ялаар шийтгэх буюу.
379. Бярман хүнийг үхэх ялаар шийтгэж үл болох: бусад варныг үхэх ялаар шийтгэж болно.
381. Бярманы амь таслах шиг чивэлт үйл энэ ертөнцөд үгүй учир хаан хүн хүртэл түүний амь таслах бодол үүсгэхээс  цээрлэ.
415. Шалтаглан эзэрхийлэгдэх, өрөнд унах, дорд хүний гэрт мэндлэх, бус хүнд арилжигдах, соёрхогдох, өвлөгдөх, гэсгээл хүртэх тэргүүтэн нь боол болох долоон зүйл мөн.
416. Эм хүн, балчир нялхас, дорд боол гурав-өмч хүртэж үл болно: энэ гурав өөрсдөө өмч мөн.
417. Бярман хүн шурд хүний хөрөнгийг булаан авч болох агаад учир нь шудр хүн гэгч өөрөө хувь хөрөнгө эзэмших эрхгүй эд агуурс ажгуу.
Есдүгээр бүлэг
2. Өдөр, шөнийн аль ч үед эм хүн өөрийн эрдээ үйлчлэх учиртай, тиймээс эм хүн ямагт өөрийн хүсэл зоригийг хязгаарлаж байх ёстой.
3. Эм хүн балчир насандаа эцгийн, залуу насандаа эр хүнийхээ, өтөл насандаа үр хүүхдийхээ хамгаалалд байна: эм хүн хэзээ ч толгой дааж амьдрах учиргүй.
46. Эм хүн эрдээ хаягдах, эс бөгөөс  (эр нь) бус хүнд худалдсан нь түүнийг чөлөөлөхөд огт нөлөөлөхгүй: үүнийг бид дхарм хэмээн нэрлэж байна.
77. Эр хүн өөрийн эмийн гэрлэх насыг хүлээж болох ба харин гэрлэх насанд хүрсэн хойно нь түүнийг бус хүнд соёрхож хамтын амьдралаа отголж болно.
80. Хэрэв авсан эм нь самуун цэнгэлд дуртай, мунхаглан явагч, хэрүүл, тэмцэлд дурлагч, эрүүл бус, үрэлгэн нэгэн байх аваас түүнийг төрхөмд нь буцааж болно.
81. Хэрэв авсан эм чинь хүүхэд үл төрүүлэх аваас найман жилийн дараа, хэрэв төрүүлсэн үр нь ухаан мулгуй байх аваас есөн жилийн дараа, хэрэв дандаа охин үр төрүүлэх аваас арван нэгэн жилийн дараа, хэрэв авсан эм чинь хэрцгий, хэдэр аваас нэн даруй төрхөмд нь буцаах хэрэгтэй.
101. “Энэ насаа жаргатал харилцан итгэлээ сахих” нь- эр, эм бололцогсдын мөнхийн үнэн дхарм мөн.
104. Эцэг, эхээ таалал барсны эцэст үлдсэн хойчис өмчөө зааглах нь зүй билээ: гэвч их, багын ялгаа байхыг сана.
108. Хүний (ахмад) нь багаа эцгийн ёсоор энрэн хайрлах хийгээд балчир, нялхас нь ахмадаа үр нь мэт хүндэтгэн харьцах учиртай.
148. Хэвэл нэгт эгч дүүсдээ өөрийн хөрөнгөний дөрөвний нэгийг хувь болгон хүртээ: харин эс авагсадыг эзний ивээлд даатга (юу ч битгий өг).
185. Үр хүүхэд бүхий хүмүүний хөрөнгийг мөнхүү үр хойчис нь өвлөх: үр хойчисгүй хүмүүний хөрөнгийг ах дүүс нь хувь болгох учиртай.
189. (Таалал барсан) Бярманы хөрөнгийг хаан хүн эзгүйчлэн хураах ёсгүй: харин бусад варны (бус хүний хөрөнгийг) (залгамжлах хүн) үгүй бол хаан хүн дайчлан авах эрхтэй.
270. Бусдын эс өгснийг авсан нь тогтоогдоогүй  хүмүүнийг шудрага эзэн үл гэсгээх: харин завшаалан эс өгснийг авсан хүмүүнийг нэн даруй гэсгээтүгэй.
273 Мөнхийн дхармаар аж төрөх хүмүүн зарлиг, цаазыг зүдээх аваас (алив) гэмтний нэгэн адил гэсгээл хүртэх учиртай.
276. Харуй бүрийг завшаалан бус хүний (гэр нэвтлэн) эс өгснийг авсан бол түүний хоёр гарыг тас чавчих хэрэгтэй.
277. Эхний удаа бусдын эс өгснийг авсан тохиолдолд хоёр хурууг нь таслах, дахин бусдын эс өгснийг авбаас хөл, гарыг нь огтлох, гурав дахиа эс өгснийг авбал егүүтгэх ёстой.
323. Бярмангүй кшатрии үл шалгарах, кшатригүй бярман үл орших: хамтдаа тэд энэ ертөнцийг цогцлоох. Ведийг судлах гэгээн, тунгалаг бярманд шүтэх нь шудр хүний дээд дхарм мөн.
Аравдугаар бүлэг
4. Бярман, кшатрья, вайшия нар – дахин төрөх гурван варн, харин дөрөв дэх – шудр нь – ганц удаа төрдөг болно.
58. Хэрцгий, жигшүүрт, харгис үйл хийхийн сац тогтоосон зарлигаас гадуур аж төрөх нь-энэ ертөнцөд мэндлэгч самуун хүний шинж мөн.
63. Бус хүнд хор үл хүргэх, чигч шударгуу байх, бусдын өгөөгүйг үл авах, олны өмнө биеэ бодох, самуун үйлд үл автах нь—дээд эзэн Манугийн зарлигласан дөрвөн варнын мөнхийн дхарм мөн.
79. Кшатрья нарын аж төрөх хэлбэр нь нум, саадаг, сэлэм агсах, вайшья нарынх худалдаа, арилжаа эрхлэх, мал маллах, газар тариалан эрхлэх, харин  (бярман нарынх) сургах, судлах, тахил өргөх явдал болно.  
115. Өв залгамжлах, олж авах, худалдан авах, булааж авах, өрөндөө авах, ажлаа чин шудрагаар хийж олж авах, буянтнаас хишиг хүртэх замаар олж авах гэсэн хөрөнгө цуглуулах долоон хууль ёсны арга байдаг.
 117. Бярман, кшатрья нарт (мөнгө) хүүтэй зээлдүүлж үл болно: гэхдээ хэрэв хүсэх аваас дхармд  (нийцүүлэн) бага зэргийн хүүтэй мөнгө зээлдүүлж болно.   

130.Эдгээр дөрвөн варны дхарм мөнхөд орших болно: түүнийг чин сүжгээр гүйцэтгэх нь дээд буянт үйлс мөн. 
 Эх сурвалж: Отгонбаяр Нямаев. Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг - 1. Ред: Г. Энхтуяа, Ш. Гаваа, УБ: "БТМ" ХХК хэвлэх үйлдвэр, 2013 он. х. 52-72.

No comments:

Post a Comment