Wednesday, June 19, 2019

ГЕРМАНЫ ЛИБЕРАЛИСТ ҮЗЭЛ САНААГ ХӨГЖҮҮЛЭГЧ КАРЛ ФОН РОТТЭК

Карл фон Роттэк
Karl von Rotteck
Төрөлх алдар
Karl Wenzeslaus Rodeckher von Rotteck
Мэндэлсэн он
1775 оны зургаадугаар сарын 18
Мэндэлсэн газар
Фрайбург хот
Бие барсан он
1840 оны арваннэгдүгээр сарын 26 (65 насандаа)
Бие барсан газар
Фрайбург хот
Харьяалал
·         Герман улс
Үйл ажиллагааны төрөл
Улс төрч, түүхч, эрх зүйч
Эцэг
Карл Антон Родэкхэр фон Роттэк
Эх
Шарлотта Пуаро д’Ожэрон
Эхнэр
Катарина Морс
Хүүхэд
Карл, Юлиус, Герман, Фанни, Густав
Карл фон Роттэк (Karl von Rotteck1775 оны зургаадугаар сарын 18 нд Фрайбург хотноо — 1840 оны арваннэгдүгээр сарын 26 нд Фрайбург хотноо ) — болбоос Бадэн мужийн улс төрч, түүхч, эрх зүйч нэгэн болно.
Герман дахь либерал урсгалыг үндэслэгчдийн нэг гэгдэх тэрээр хуучны лотарин овгийн франц эмэгтэй Шарлотта д’Ожэрон гэгчийн хүү болно. Эх нь зэгсэн боловсорсон, тал бүрийн авьяас хэтийдсэн нэгэн байв. Хүүгийнхээ үзэл санаа хэлбэржин тогтоход тэрээр идэвх зүтгэл гаргаж ажилласан байна. Карл Францын утга зохиол, хэлийг сайн мэддэг нэгэн байв. Роттэк сүүлд эхийнхээ зүтгэлийг олон талаар үнэлсэн байдаг.
Карлын эцэг болбоос Фрайбургийн Их Сургуулийн анагаах ухааны салбарын декан бөгөөд өвөг эцэг нь Фрайбургт биеийн бүтцийн факультетийг үүсгэн байгуулжээ. Гэвч Карлын гэр бүл тайж угсаатай байгаагүй юм. 16 насандаа эцгээ алдсан тэрээр түүний үйл хэргийг үргэлжлүүлээгүй билээ.
Карл фон Роттэкийн хувь сэтгэл зүйн онцлог нь түүний үзэл санаа, онолын сургаалд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн байна. Франц хэл, утга зохиолд шимтэх болсон нь түүнийг либерал үзэл санаанд ээнэгшин дасахад нөлөөлсөн байна. Цэвэр онол, үзэл санааны өв уламжлалыг хөгжүүлсэн гэдгээрээ тухайн цаг үеийн ихэнх судлаачдаас ялгардаг болно.
1790 онд Фрайбургийн Их Сургуульд элсэж орсон тэрээр эхэндээ гүн ухаан, хэл шинжлэлийн чиглэлд мэргэшиж байгаад сүүлээр 1792 оноос хууль цаазын ухаанд шимтэх болжээ. Эхийн талын гэр бүлийн уламжлалаа дагаж өмгөөлөгч болохоор шийдсэн байна. Эрүүл мэндийн байдал илтэд дордсон, холэрик зан суртхаалтай байсан зэрэг олон саад түүнийг тойроогүй юм. Эрүүл мэндийн байдал ихээхэн дордсон тул хөдөө гарч, биеэ сувилж байжээ.
1798 онд Их Сургуулийн дэлхий дахины түүхийн тэнхимийн профессор болсон тэрээр үеийнхэндээ нэр цолгорч үлдсэн байдаг. Өгүүлэн буй үед багшлах ажилд өөрийгөө бүрэн зориулж, түүх, гүн ухааны сор бүтээл болсон Фукидад, Плутарх, Хэродит, Ливи, Локк, Смит, Филдинг, Монтескье, Вольтэр, Руссо, Макиавэлли, Лэссинг, Хэрдэр нарын зохиолтой танилцсан байна.
1812-1829 оны хооронд “Дэлхий дахины түүх” нэртэй олон дэвтэр бүтээлээ нийтлүүлсэн байна. Хэдийгээр Германид нэр цолгорсон, түүний бүтээл өндөр үнэлэлт авдаг ч мөн чанарын хувьд онолын шинжтэй байсныг дурдахгүй өнгөрч болохгүй билээ.
1818 онд тэрээр түүхийн тэнхимийн профессорын ажлаа орхиж, эрх зүйн тэнхимд шилжсэн байна. Хууль эрх зүй гэгч Роттэкийн хувьд бодит байдал төдийгүй төгс байгаль-эрх зүйн үзэл баримтлал байв. 1819 онд “Төрийн түшмэдийн тухай үзэл санаа” гэх хоёр дахь бүтээлээ нийтлүүлсэн байна. Үүндээ тэрээр ард түмний төлөөлөх хэлбэрийн төгс хэв маяг гаргаж ирэхийг хичээсэн байдаг.
1829-1836 онуудад Роттэк төр, эрх зүйн онолын дөрвөн дэвтэр сурах бичиг бүтээсэн байна. Рационализмын уламжлалын хүрээнд XVIII зууны хийсвэр сэтгэлгээний нэгэн ноён оргил болж үлдсэн байна.
Дахин нэр цохож хэлэхэд Роттэк болбоос либерал сэтгэлгээний тод томруун төлөөлөгч байсан билээ. Их гүн Карлын 1818 оны наймдугаар сарын 28 нд ёсчилсон Бадэны үндсэн хуулийн дараа их сургуулийн нөхдийн хамт Бадэны Ландтагийн дээд танхимийн гишүүнээр сонгогдсон байна. 1831 оноос эхлэн амьдралын сүүл үе хүртлээ доод танхимийн гишүүн байлаа. Өөрийгөө ард түмний төлөөлөгч хэмээн үзэж, тэрслүү байр сууринд шилжсэн бөгөөд парламентын либерал үзэл бодол бүхий бүлгэмийн удирдагч байжээ. Үндсэн хуульт засаг тогтоох, хүн бүрт хэвлэн нийтлэх эрх чөлөө олгох, хэмжээгүй эрхт засгийг халж, хамжлагат ёсыг устгахын төлөө цогтой тэмцэгч нэгэн байжээ.
1832 оны зунаас Роттэк дахин утга зохиолын ажилд шилжсэн байна. Алдарт эдийн засагч Фридрих Лист Роттэкт Вэлькэртэй хамтран «Төрийн мэдээ» сэтгүүлийн шүүдэглэгч болох санал тавьсан байна. Ингээд эрх зүй, түүх, эдийн засаг, шашин, сүм хийд зэрэг сэдвээр нийтдээ 90 гаруй өгүүлэл бичиж нийтлүүлсэн байдаг.
Шургуу ажилласны сүүлд их эрдэмтний эрүүл мэндийн байдал дордож, аажмаар үхэж эхэлсэн байна. «Би алгуур үхэж байна» хэмээх үг түүний сүүлчийнх байлаа. Роттэкийн үхэл зөвхөн Бадэнчуудын төдийгүй нийт Германы хувьд эмгэнэл байлаа. Учир нь Германы либерал хөдөлгөөн өөрийн нэг удирдагчийг алдсан юм.
Карл фон Роттэкийн онолын өргөн хүрээтэй өвийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг нь түүний улс төр-эрх зүйн сургаал билээ. Юуны түрүүнд, түүний эрх зүйн онол хүний байгалийн буюу жам ёсны байдлын талаарх үзэл санаан дээр суурилдаг. Өөрийгөө үхэглэн өмгөөлөх, эдэд тачаадах хүсэл үгүй байхдаа л хүмүүс нэг нэгнийхээ эсрэг дайсагнах нөхцөлөө бий болгосон байдаг. Энэ нь эргээд төрт харилцаа үүсэхийн угтал болсон байна. Роттэкийн үзсэнээр төрийн үүсэлд өмчийн харилцаа суурь нөлөө үзүүлсэн байна. Гэхдээ өмчит харилцаа хөгжлийн явцдаа энгийнээс нарийн руу, бүдүүлэг харилцаанаас нарийн, зохион байгуулалт бүхий харилцаанд дэвшин орох хэлбэрээр эрэмблэгдэж иржээ. Энгийн хүртэхүй, эзэмшихүй, өмч хөрөнгө гэх гурван үе шатыг дамжсан болно.
Роттэкийн улс төр-эрх зүйн онолын өөр нэг бүрэлдэхүүн хэсэг нь эрх чөлөө, тэгш байдал юм. Эрх чөлөө гэдэг нь хүн хүсэл сонирхлоо хязгаарлалтгүй илэрхийлэх боломжийг хэлнэ. Нэг талаас бусдаас хараат бусаар ямар нэгэн юм хүсэхийг, нөгөө талаас, бусдын хүсэл сонирхолд өөрийн хүсэл сонирхлоо хязгаарлахыг эрх чөлөө гэнэ. Эхний тохиолдол нь дотоод, хоёр дахь тохиолдол нь гадаад эрх чөлөөний илрэл юм. Тэгш байдал гэгч эрх чөлөө, эрхтэй энэ тэнцүү ойлголт болно. Германы либерал сэтгэлгээний үндсэн санаа нь төр, нийгмийн үүслийн тухай асуудалд төвлөрдөг байна. Төр, нийгмийн үүсэл нь тэдгээрийн легитим шинжтэй шууд холбогдоно. Роттэкийн үзсэнээр, төр, нийгэм цаг хугацааны хувьд нэгэн зэрэг үүссэн болно. Төрийн үндсэн чиг үүрэг нь иргэдийг хамгаалахад оршино. Харин нийтлэг зорилгод хүрэх явцад оюунлаг хүмүүсийг эрх зүйд тулгуурлан нэгтгэх нь нийгэм болно. Эндээс үзвэл төр гэдэг нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий хүмүүсийн нэгдэл юм. Төрийн зорилго нь хүний жам ёсны, уламжлагдсан эрхийг баталгаажуулж, иргэний эрх чөлөөг дээд зэргээр хангах явдал юм. Юуны түрүүнд, төр өмчийн харилцааг хадгалж, баталгаажуулах бөгөөд өмчид халдсан хэн бүхнийг хатуу чангаар гэсгээн шийтгэх байх ёстой болдог. Учир нь өмч гэгч хүний төрөлх мүс чанарт нийцсэн суурь үнэт зүйл юм. Гэрээнээс гадуур эрх, үүрэг гэсэн ойлголт байдаггүй. Нийтлэг хүсэл сонирхлын гол зорилго нь нийтийн сайн сайхан байдлыг хангахад оршино. Гэхдээ хамгийн гол нь, хүмүүсийн дунд зөрчил үүссэн тохиолдолд шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх дээд зарчим, төрийн дээд эрх мэдлийг тогтоох явдал чухал байдаг. Сонгуулийн эрхийн хувьд Карл фон Роттэк цэвэр либерал зарчмыг хөгжүүлсэн байна. Түүний үзсэнээр төр засгийг бүрдүүлэх язгууртны зарчим мөн чанарын хувьд харгис шинж чанартай юм. Гэхдээ эмэгтэйчүүд, боол зардас, эрхээ хасуулсан хүмүүс сонгуулийн эрх эдлэх боломжгүй.
Иргэний болон улс төрийн тэгш байдлыг бий болгох учир хоёр танхимт төлөөллийн тогтолцоо нийцгүй гэдгийг Роттэк онцолсон. Шүүх эрх мэдэл хууль тогтоох болон захиргааны эрх мэдлээс тусгаар, ангид байх ёстой. Ингэхдээ уг тусгаар байдал нь төрийн мэдлийн шүүх байгууллагыг устгаснаар бий болох бололцоотой.
Үндсэн хууль гэгч улсын тэргүүн-вангийн зүгээс эрх мэдлээ хязгаарлахыг хүлээн зөвшөөрсөн чимин бичиг бөгөөд засгийн газар, ард түмний хоорондын харилцааг зохицуулахад чиглэгддэг байна. Төрийн засаглалын төгс хэлбэр нь бүгд найрамдах засаг юм. Ингэхдээ бүгд найрамдах засагт эрх мэдэл хуваарилах замаар нийтийн хүсэл сонирхлыг хангах бололцоотой. Гэхдээ өөрийн амьдарч байсан цаг үедээ бүгд найрамдах засгийг үхэглэн хамгаалж байсангүй. Тухайлбал, Германид үндсэн хуульт хаант засаг нийцтэй гэсэн түүний үзэл санаа үүнийг гэрчилнэ. Карл фон Роттэк болбоос XIX зууны тэргүүн хагас дахь Германы нэр цолгорсон эрдэмтэн болно. Хүн төрөлхтний, ялангуяа Европын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэгийг онцлох хэрэгтэй болов уу.
МОНГОЛ ХЭЛНЭЭ УТГАЧИЛСАН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

АНГЛИЙН ГҮН УХААНТАН ТОМАС ХОББСЫН СЭТГЭЛ ЗҮЙН СУРГААЛ


XVI-XVII зууны зааг үеийн нэр цолгорсон эрдэмтэн, гүн ухаантан болбоос Английн бичгийн их хүн Томас Хоббс (1588-1679 он) билээ. Эрдэмтэн судлаачид түүний улс төр, эрх зүйн болон философи сэтгэлгээний түүхэнд оруулсан хувь нэмрийг ихэд дотночлон үздэг боловч сэтгэл зүйн талаар гаргасан санааг тэр бүр дэлгэрүүлэн авч үздэггүй, энэ хэрээрээ уг чиглэл дэх судалгаа зуурам дутуу орхигдох хандлагатай байдаг. Тэрээр 1642 онд «Иргэний тухай», 1651 онд «Левиафан», 1655 онд «Биетийн тухай», 1658 онд «Хүний тухай» зэрэг зохиолууд гаргажээ. Монгол улсын тухайд ч мөн адил байгааг цохон тэмдэглэх хэрэгтэй.
Юуны түрүүнд, материаллаг бус, онцгой субстанци болох сэтгэл санаа оршин байхыг Хоббс бүрэн үгүйсгэсэн байдаг. Декарт “Би сэтгэж байна. Ингэхлээр би оршиж байна” хэмээн үзсэн бол Хоббс эсрэг үзэл санааг дэвшүүлсэн байдаг. Сэтгэл санаа гэгч бие махбодын үйл ажиллагааны илрэл төдий болно. Байгаль дэлхий гэгч механик хууль, зүй тогтолд захирагдах биетийн харилцан үйлчлэл, хөдөлгөөнөөс өөр юу ч биш юм. Харин хүртэхүй нь хөдөлгөөнийг үүсгэгч мэдэрхүйн субьектэд хөдөлгөөнд орших обьектын зүгээс нөлөөлөл үзүүлж, дүр, төсөөлөл бий болгох үйл явцыг хэлнэ. Тухайлбал, сэтгэл ханамжтай байх, өвдөж шаналах, хүсэж тэмүүлэх, хайрлаж дурлах, үзэн ядаж тачаадах бүгд мөн чанартай хөдөлгөөн болно.
Туршлагаас үл хамаарах үзэл санаа оршин байх тухай Декартын заяагдмал санааны онолыг Хоббс үгүйсгэж байв. Декартын рационализмын эсрэг өөрийн сенсуалист эмпиризмыг сөргүүлэн гаргажээ. Хүний танин мэдэхүйн эхлэл нь хүртэн мэдэрхүй, туршлага байх бөгөөд эх үндэс нь бодит ертөнц болно. Өөрөөр хэлбэл, бодит ертөнц, бидний хүрээлэн буй бүхэн үгүй бол танин мэдэхүй, тэрчлэн оюун ухаан, үзэл санаа байх бололцоогүй билээ. Тиймдээ ч “хүртэхүй, мэдэрхүй гэж үгүй бол оюун ухаанд тусагдах нэг ч ойлголт үүсэхгүй байх байлаа” хэмээн бичжээ. Улмаар цааш нь бичихдээ хүртэхүйн шалтгаан нь – “ гадаад биет буюу юмс” болно гэжээ. Организмд нөлөөлөл үзүүлэгч материаллаг биет, юмс нь хүртэхүйг бий болгоно. Хүртэхүй гэгч нь гадаад хөдөлгөөн дотогш шилжихийг хэлнэ. Сэтгэцийн бусад үзэгдэл цөм хүртэхүйгээс эхтэй. Хүртэхүйгээс инерцийн хууль, зүй тогтлоор төсөөлөл бий болно. Төсөөлөл гэгч нь сэтгэлгээний гинжин холбоос юм. Хэл яриа гэгч холбоолсон үйл явц юм. Гэхдээ холбоог танин мэдэхүйн доод хэлбэр хэмээн үзээд оюун ухаан, хүсэл зоригийн хяналтын үүрэг гүйцэтгэгч холбоонд тэргүүлэх ач холбогдол өгч байсан Лэйбниц, Спиноза, Декарт нараас ялгаатай нь Хоббс холбоосыг сэтгэл зүйн түгээмэл зүй тогтол гэж тайлбарласан байдаг. Холбоосын механизм нь сэтгэцийн бүхий л үйл явцын үндэс байж, түүний дээд илрэл болох рационал танин мэдэхүй, дур зоргын үйлдлийг бий болгодог байна. Ийнхүү Хоббс механик-шалтгаант шинж чанар бүхий үзэл санаагаа хөгжүүлсэн байна.
Хоббс сенсо-мотор үйл явц хэмээн рефлексийг үзсэн Декартаас ялгаатай нь сенсо-сенсор үйл явц мөн гэж үзсэн байдаг. Оюун ухаан гэгч амьд биетийн зүгээс материаллаг эдийг хүртэн мэдрэх явцад өөрөөр хэлбэл, туршлагын явцад үүсэх зүйл мөн гэжээ. Оюун ухааны мөн чанар нь өөрөө механик шинж чанартай. Тооцоолох, бодох, санах зэрэг нь бүгд механик шинжтэй болно. “ Оюун ухаан гэдэгт миний бие тооцоолохуйг ойлгож байна. Тооцоолох гэгч нь нэрийтгэл нэгэн эдийг бусдаас зааглах юм уу юмсын нийлбэрийг тогтоох үйл явц мөн. Ингэхлээр би сэтгэж байна гэдэг нь уг чанартай юмсыг тооцоолох, нэгтгэн илэрхийлэхийн нэр болно” гэж Хоббс бичжээ. Сэтгэхүйн үйл явцын жишээ нь а) хүн = амьд амьтан + сэтгэдэг: б) амьд амьтан = хүн + сэтгэдэг. Оюун ухаан гэгч нэгэн төрлийн тооцоолох машин болно. Иймд Хоббсыг кибернитик хандлагыг үндэслэгч мөн гэж үздэг болно.
Хөдөлгөөн, түүний үр дагаврыг урьдаас хатуу тогтоосон байдаг тул хүнд эрх чөлөө хэрэггүй гэж Хоббс үзсэн байна. “эрх чөлөө буюу чөлөөт хүсэл гэгч бусад амьтадаа бодвол хүнд хамгийн хэрэггүй зүйл юм....Хүсэл гэгч өөрөө хүслийнхээ суурь шалтгаан болж байдаг” гэж тэрээр бичжээ. Эрх чөлөө гэгч зайлшгүйтэй огтоос хамааралгүй болно. Харин дур зорго мөн. Сайн сайхан гэгч хүний зорин тэмүүлэхүй болно. Муу муухай гэгч хүний зугтаан дайжих тэр зүйл юм. Иймд ёс суртахуун гэгч ямар ч ач холбогдолгүй зүйл болно. Ингэхлээр ёс суртахууны прагматик үүдлэг орлох учиртай. Хүн мүс чанарын хувьд амин хувиа хичээгч, өөдгүй амьтан болно.
МОНГОЛ ХЭЛНЭЭ БУУЛГАСАН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn