Friday, June 30, 2017

ШАН ЯН "ШАН МУЖИЙН ЗАХИРАГЧИЙН НОМ"

Вэй улсаас гаралтай ШАН ЯН (МТӨ 390–338 он) Цинь улсын үед тэргүүн зөвлөхийн алдар хүлээж, хагас зэрлэг дайнч улсын төрийн үзэл сурталыг боловсруулж өгснөөрөө олонд нэр түгсэн нэгэн билээ. Шан Ян өөрийн улс төрийн сургаалыг “Шан цзюнь шу” буюу “Шан мужийн захирагчийн ном” бүтээлдээ өгүүлсэн байна. Улсыг засахад хатуу засаг ус, агаар мэт хэрэгтэй. Хатуу засаг улсын сүрийг өргөхийн сац нийгмийн хэв ёсыг хадгалах үндэс болно. Татварын чанд тогтолцоо, хатуу чанга шийтгэл дээр суурилсан засаг захиргаа улс гэр хөгжихийн үндэс мөн гэж сургасан.
Хүн төрөлхийн мунхаг, самуун явдалтан мөн. Хүний мунхаг, самуун чанарыг удирдан засахад хялбар байдаг. Үүний тулд хатуу чангаар гэсгээл дээр суурилсан улсын хууль хүн бүрт алагчлалгүй хандах хэрэгтэй. Тушаал, зарлиг хэн бүхэнд ойлгомжтой, хүрээмжтэй байх ёстой. Харин тэдгээрийг нарийн чанд хэрэгжүүлэх нь засаг захиргааны гол үүрэг болно. Хууль язгуур гарваль, нийгмийн байр суурь, хөрөнгө чинээнээс үл хамааран хүн бүрт адил тэгш үйлчлэх учиртай. Ингэхлээр, хууль дүрэм улсын доторх засаг цаазыг чангатгаж, хүчирхэн мандахын эхлэлийг бүрдүүлдэг.
Бүгдэд нэгэн адил үйлчлэх хууль, ял шийтгэлийн тогтолцоо нийгмийн байгууллын суурь юм. Хүн нэгэнт муу төрөлх мүс чанартай учир түүнийг хатуу хууль цааз, харгис ял шийтгэлийн тогтолцоогоор засч залруулах учиртай. Газар тариалан, цэргийн үйл улс дэвжих эдийн засгийн үндэс болдог учир ард иргэдийн хөдөлмөрийг үүнд чиглүүлбээс сая болох. Газар тариалан улсад шаардлагатай эд материалыг хангах бол цэргийн хүч – улсын хүчин чадлыг нэмэгдүүлдэг байна.
Захиргаа авилгач чанартай тул түүнд ажиллагсадыг хатуу гараар барих хэрэгтэй. Засаг захиргаанд хэтэрхий чадвартай, мэдлэгтэй нэгнийг дэвшүүлэн хэрэглэх хөнөөлтэй. Харин эзэндээ үнэнчээр зүтгэх дундаж иргэдээр бүрдүүлбээс сая болно. Тэд хувийн болон бүлгийн эрх ашгаас ангид байж улсын хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэх учиртай.
Төрийн засаглалын хувьд эзэн хаант засгийг талархан хүлээн авсан байдаг. Гэхдээ эзэн хаанд туйлын утга дайлгаагүй нь Шан Яны философийн онцлог юм. Хүн нэгэнт төгөлдөр бус шинжтэй учир эзэн хаан зан үйлийн хувьд төгс төгөлдөр байх албагүй. Нийгмийн анги давхарга ялгалгүй бүгдэд адил үйлчлэх гавьяа шагнал, ял шийтгэлд суурилсан хууль ноёрхож буй улс хамгийн нийцтэй, зохистой гэсэн санааг тэрээр гаргасан байна.
"Сул дорой ард түмэн – хүчтэй төр" – гэх үзлийг Шан Ян дэвшүүлсэн нь Хятадын байлдаант улсуудын үеийн төрийн тогтолцоонд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн байдаг.
"Шан мужийн захирагчийн ном" – бүтээлийг МТӨ III  зууны үед Хятадын төрийн их хүн Шан Ян эмхэтгэсэн гаргажээ. Ард түмэн, улс гэрийг хэрхэн жолоодох, удирдах арга ухаан, тогтолцооны талаар ихэд сонирхолтой санааг хөгжүүлсэн байдаг. Товчоор хэлбэл, "Шан цзюнь шу" – хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний түүхэнд дорнын деспоти төрийн загварыг бүрэн хэмжээгээр боловсруулсан цөөхөн бүтэлийн нэг юм. Уг бүтээлд өгүүлсэн үзэл санаа эртний Хятадын төрт ёсны хөгжилд үлэмжхэн нөлөөлөл үзүүлсэн байна.
ШАН МУЖИЙН ЗАХИРАГЧИЙН НОМ
ТЭРГҮҮН БҮЛЭГ
ХУУЛЬ ЦААЗ[1]-ЫГ ХУВИРГАН ӨӨРЧЛӨХ ТУХАЙ
Сяо гүн[2] [улс гэрээ жолоодох] арга ухаан сүвэгчилж сууна. Хаан эзний дэргэд да фү[3] зэрэгтэй – Гунсун Ян[4], Ган Лун[5], Ду Жи[6] гэх гурван түшмэл шадарлана. Тэд цаг үеийн байдлыг шүүн хэлэлцэхийн ялдамд засаг цаазыг хэрхэн шийтгэх хийгээд олон ардыг хэрхэн ухаалгаар шашлах тухай хүүрнэлдэн сууна. Хаан эзэн өгүүлэх ану: «Эзний алтан ширээнд залраад олны сэтгэлийг хөсөр хаяваас хаан суухын хэрэг юусан билээ. Сайн засаг улсдаа хөгжөөж, [бүх иргэнд] хааны гавьяа мэт таниулах нь түшмэл тануусын эрхэм үүрэг болой. Өнөөдөр мөхөс хүн олон ардад хэв суртхал болох сайн цааз явуулахыг хүснэ. Гагц мөхөс хүний энэ мэт хүслийг тэнгэрийн доорх олон иргэн хэрхэх бол гэдгээс эмээнэ».
Гунсун Ян хариу өгүүлрүүн: «Дорд боол би [юунд ч] үл хүрэх хэрнээ [юу хийхээ] үл мэдэгч, амжилт үл олох хэрнээ үйл хэрэгтээ шийдмэг бус олон хүмүүнийг мэдэх бөлгээ. Дээдэс та хууль цаазыг засаж шашлах бат итгэл өвөрлөж буй аваас тэнгэрийн доорх олон иргэн хэрхэн шүүх бол хэмээн сэтгэлээ чилээх хэрэг юусан билээ. Их хүмүүний хэргийг өчүүхэн ард тэрслэх нигуур буй. Эртний мэргэдийн өгүүлэх ану: “Өтөл мунхаг тэнэгүүд юмны учир эс олоод дэмий махрах, эрдэм төгс хүмүүн юмны учир олоод сэтгэлийн сайнаар цогцлоох” гэсэн буй. [Тиймийн учир] олон ардын итгэмжгүй үгтэй зэрэгцээд их хэрэг [цогцлох] ёсон буй. Го Ян[7]-ы цаазад “хэн сайн үйлийг эрэгцүүлэн сэтгэнэ, тэр олон ардад хүндлэл эс олно: хэн агуу үйл цогцлооно, тэр олон иргэнтэй үл харилцах” хэмээсэн буй. Цааз гэгч олон ардыг энэрэх сэтгэл буюу: үйл хэрэг хөгжөөх үндэс буюу. Тиймийн учир ухаан билиг хүмүүн эрт үеэ сүсэлсний үрээр бус, сайн цаазын хүчээр улсаа хүчжүүлэх бөгөөд ямар ч тохиолдолд цаазаа олон ардад хүртээл болгохыг чухалчилдаг бөлгээ».
Сяо гүн «Ёстой үг, зүйтэй!» хэмээн уулга алдав.
Энэ ялдамд Ган Лун түшмэл өгүүлрүүн: «Боол миний санахад хараахан тийм биш болов уу. Ухаан төгс хүмүүн [хэв суртхал] хувиргалгүй олон иргэнийг засах, хууль цааз өөрчлөлгүй сайн засгийг хөгжөөх хэмээн олонтоо сонссон бөлгээ. Олон иргэнийг санаа бодолд нь нийцүүлж засаглаваас зүдрэл үл үзэх: эртнээс дадсан хэв хууль, төрийн зангарагатай түшмэлээр сайн засгийг хөгжөөвөл сайнаар дагах нигуур буй. Дээдэс та боолын сонсоход цааз өөрчлөх санаа асааж буй хийгээд Цинь улс эртний [журмаа] үл дагах хэмээн айлдаж байна. Олны итгэлийг [хөсөр] хаяваас тэнгэрийн доорх олон иргэн хэрхэн үзэх бол гэдгээс дорд боол туйлаас эмээх бөлгээ. Дорд боол луугийн биеийг их хэргийг сэдэхдээ энэ мэтээс сэрэмж авахыг хүснэ».
Гунсун Ян хариу өгүүлрүүн: «Таны энэ мэт үгийг өнөө бидэнд ихэд хэлэх болжээ. Чухам үнэнийг өчвөөс энгийн аран хуучны ёс суртхалд дадах, мэдлэг төгс хүмүүн [эрт цагийн] төсөөлөлдөө баригдах ёсон буй. Энэ мэтс [эрт үеийн] хэв суртхал сахихаас цааз цогцлоож алба үүрэглэх чадвар мөхөс бөлгээ. Санаваас, элдэв олныг хэрэглэн байж гурван улс[8] тэнгэрийн доорх иргэнийг эрхшээсэн бол таван хүмүүн[9] олон цаазыг [сахин байж] түмэн иргэнийг дагуулав гэдгийг өчих байна. Тиймийн учир ухаан билигт хүмүүн цаазыг цогцлоож, мунхаг тэнэгүүд тэр жамаар аж төрөх ёсон буй. [Эртний] хэв суртхалд сүслэгчид үйл хэрэгтээ хувирал үл үзүүлэх буй. Дээдэс та сэдсэн хэрэгтээ санаа үл эргэлзэхээ мэдтүгэй».
Ду Жи өгүүлрүүн: «Дорд боолын сонсох ину ашиг ихэдсэн ч цаазыг хувиргаж эс болох: амжилт ихэдсэн ч багажаа өөрчилж эс болох хэмээх хэлц буй бөлгээ. Эрт үеэ сүслэвээс осол үл гарах хэмээн сонссон бөлгээ. Ли-г дэмживээс самуурал эс үүснэ. Дээдэс та энэ мэт явбаас болох буюу».
Гунсун Ян хариу өгүүлрүүн: «Эрхэм хүмүүн юуны учир энэ мэт айлдана вэ? Урьд үеийн [хаад] эрт үеэ дагаж, [олон ардыг] дагуулсан хэрэг үү? Эзэн хаад, ханууд [эртний] ли лугаа адил бие биеэсээ үлгэрлэн дуурайж байсан хэрэг үү? Фу Си, Шэн Нун нар олон иргэнийг хилсдүүлэлгүй, сурган тэжээхийг чухалчилсан: гэтэл хуанди Яо, Шун нар сурган тэжээхийг урьтал болголгүй, олон иргэнийг зүдээсэн байдаг. Тан ван, У ван нар цагийн аясад нийцүүлэн засаг цаазыг хөгжөөж байсан байна. Хэрэгтэй цагт засаг, цааз зохиож, цаг [үеийн хэрэгцээнд] нийцүүлэн хувирган өөрчлөх ёсон байжээ. Хөдөлмөр хөнгөвчлөх багаж зэмсэгийн хувьд ч мөн тэр мэт байв. Иймд дорд боолын санахад сайн засаг явуулахын тулд эрт үеэ үлгэрлэн дуурайх хэрэггүй мэт. Улс гэрт ашиг тусаа үзүүлэх их үйл цогцлоохын тулд эрт үеэ үлгэрлэх албагүй буюу. Тан [ван], У [ван] нарын гавьяа болбоос эрт үеэ үлгэрлэн дуурайх бүрэг, бядуу зан гаргаагүйд оршино. Инь, Ся улс хуучны хэв хуулиа үгшрэн хамгаалж мөхөлд хүрсэн билээ. Их хэрэг цогцлоох хүмүүн засаг, цаазыг хувирган өөрчлөх ёс буй. Дээдэс та энэ мэт явбаас ямар буй».
Сяо гүн санаа эрслэж: «Зүйтэй, ёстой үг! Олон сайд зээглэн сууж [хомс миний дэвшүүлсэн хэргийг] шүүмжлэн хэлэлцэхийн сац цэц булаалдаж буйг сонслоо. Мунхаг тэнэгийн инээд барах зүйл ухаантан мэргэдэд гуртамшиг болох ёсон буй. Балай мунхаг [өдгөө цагийн] ярианд үл автан [эхэлсэн хэрэгтээ] амжилт олох ёстойг хомс хүн мэдэж авлаа» хэмээв.
Н. Отгонбаяр. Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг – I. Ред: Г. Энхтуяа, Ш. Гаваа, Улаанбаатар хот: 2013 он. х. 116-124.




[1] Хууль цааз (фа) – эртний Нанхиадын шашдируудад «арга», «загвар», «дүр төрх»,«хууль цааз» гэх ойлголтуудыг илэрхийлсэн ухагдахуун болно. Тянь фа гэх ойлголт нь жам ёны эрх зүй гэх утгыг илэрхийлж байсан. Гэвч Шан Ян болон түүний талынханы сургаалд дээрх ойлголтыг жам ёсны эрх зүй гэх утгаар ашиглаж байгаагүй юм. Гавьяа, шагнал, ял шийтгэлд дулдуйдан ардыг удирдах тогтолцоог хууль цааз гэж үзсэн. Шан Яны үзсэнээр, тэнгэрийн доорх бүх иргэн байр сууриасаа үл хамааран хууль цаазыг чанд биелүүлэх учиртай. Шан цзюнь шу-д хууль цаазыг Күнз багшийн ли хэмээх ойлголтын эсрэг сөргүүлэн тавьсан байна.  
[2] Сяо гүн – МТӨ 361-338 онуудад Цинь улсыг захирч байсан Цюй Лин хааны өргөсөн нэр.
[3] Цинь улсын үеийн дээд тушаалын түшмэдийн цол.
[4] Вэй Ян, Шан Ян гэх зэргээр нэрлэгдэх Гунсун Ян нь Цинь улсын Сяо гүн хааны зөвлөх нэгэн. Вэй улсын хохь язгууртны гэр бүлээс гаралтай бөгөөд 365-362 онуудад Хуй вангийн ордонд алба үүрэглэж байсан. Сяо гүнд алба үүрэглэсний төлөө Шан мужийн захирагч болсон ба түүхэнд Шан Ян нэрээр мөнхөрсөн.
[5] Ган Лун – Цинь улсын Күнз багшийн суртхалыг дэмжигч язгууртан нэгэн. Шан Янтай нэгэн үе амьдарч байсан түүхэн бие хүн.
[6] Ду Жи – Жоу улстай хийсэн тулаанд оролцож байсан Цинь улсын цэргийн жанжин, Күнз багшийн суртхалыг дэмжигч. Шан Янтай нэгэн үе амьдарч байсан түүхэн бие хүн.
[7] Сяо гүн хааны ордонд алба хүлээж асан төрийн зөвлөх (МТӨ 676-650 онуудад).
[8] Гурван улс – домгийн Ся улс (МТӨ XXIII-XVIII зуун), Инь улс (XVIII-XI зуун), Жоу улс (X-III зуун) болно.
[9] Таван хүмүүн – VII-V зууны үеийн хүчирхэг таван хаан – Цинь улсын Хуан Гүн хаан (685-643), Цинь улсын Вэн Гүн (643-628), Цинь улсын Мү-Гүн хаан (659-620), Сүн улсын Сян Гүн хаан (650-636), Чу улсын Жуан Ван хаан (613-590) нар болно. 

Friday, June 9, 2017

2-р бүлэг АРИСТОТЕЛИЙН УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Аристотель — Эртний Грекийн гүн ухаантан, эрдэмтэн, улс төрийн шинжлэх ухаан болон байгалийн ухааны олон мэдлэгийг үндэслэгч, формал логикийн эцэг, ургамал зүй, одон орон судлал, эдийн засаг, төрийн удирдлагын ухааныг хөгжүүлэгч нэгэн.
Цадиг намтар. Аристотель МТӨ 384 онд Фракид орших Грекийн хот улс Стагирд мэндэлсэн. Түүний эцэг Никомах Македоны эзэн хаан II Аминтагийн ордны оточ байсан бөгөөд Аристотель хүүхэд ахуйдаа Их Сулхарнайн эцэг Филипптэй тоглож өсчээ. МТӨ 367 онд Аристотель Афинд очиж, Платоны Академид суралцсан байдаг. Энд тэрээр амьдралынхаа 20 орчим жилийг өнгөрөөсөн байна.
Платоныг өнгөрсний дараа Аристотель Афиныг орхиж, философи, шинжлэх ухааны үйлс эрхлэн бага Азиар аялсан байна. МТӨ 343 онд эзэн хаан II Филипп Македоны нийслэл Пэлла хотноо хожмоо цэргийн нэрт жанжин болсон 13 настай Александр хүүгээ хүмүүжүүлэхээр түүнийг урьсан байдаг. Македонид Аристотель нийтдээ найм орчим жил амьдарчээ. МТӨ 335 онд 50 насандаа Аристотель Афинд эргэн ирж, өөрийн сургуулийг нээн 12 жил багшилжээ. Энэ сургууль Ликейн Аполлон хийдийн дэргэд оршиж байсан учир Лицей нэр авчээ. Лицейн эзэмшилд зугаацан аялахад тохиромжтой цэцэрлэгт хүрээлэн багтдаг байсан тул Аристотель өөрийн сургуулийг перипатетик (Грек хэлний Peripateo — «зугаацан аялах» гэх үг), харин шавь нараа перипатетикчүүд хэмээн нэрлэсэн байна.
Аристотелийн Афин дахь хоёр дахь үе түүний шавь, байлдан дагуулагч Их Сулхарнайн амжилттай холбоотой байсан бөгөөд тэрээр шавьтайгаа байнгын харилцаатай байв. Гэвч Сулхарнайн гэнэтийн үхэл Афин хотноо Грек дэх Македоны дарангуйллыг түлхэн унагахад чиглэсэн бослого гарахад хүргэв. Македоны талыг баримтлагч ялд унасан Аристотель аргагүйн эрхэнд Эвбей арал, Халкид руу зугатаж, МТӨ 322 онд бие баржээ.
Үндсэн бүтээл: «Улс төр» (МТӨ 329 оны орчим), «Никомаховын ёс зүй» (МТӨ 336—322 он), «Их ёс зүй», «Афины төр».
Улс төрийн сургаалын агуулга
Улс төрийн мөн чанар, зорилго. Улс төр бол:
— улс гэрт хүмүүсийн хамтын амьдралыг хамгийн нийцтэй байдлаар зохион байгуулах мэдлэг, шинжлэх ухаан мөн;
— төрийг удирдах урлаг, чадвар мөн.
Улс төрийн зорилго нь — улсын иргэдийг шударга, ёс суртахуунтай амьдруулахын тулд дээд зэргийн ёс зүйн хүмүүжил олгоход оршино. Өөрөөр хэлбэл, улс төрийн зорилго нь шударга ёс буюу нийтийн сайн сайхан байдал юм.
Шударга ёсны тухай ойлголт. Хүний олдмол чанар болох шударга байдал хамгийн сайн зүйл болно. Шударга байдал – юуны түрүүнд, хууль цаазад нийцэж амьдрахыг хэлнэ. Шударга байдал хоёр төрөлтэй:
— тэгштгэх шударга ёс — нийгмийн хүн нэг бүр нэг нэгэнтэйгээ эрх тэгш харилцахад оршино; гэмт хэрэг үйлдснийх нь төлөө ял төлөвлөх болон учирсан хохирлыг арилгахад чиглэсэн шүүхийн үйл ажиллагаа зэрэг иргэний эрх зүй хэлцлийн хүрээг хамардаг;
хуваарилагч шударга ёс — хүн нэг бүрийн онцлог, эрхэм чанарт нийцүүлж баялагийг хуваарилах үйл ажиллагаа мөн; гол төлөв улс төртэй холбогдох бөгөөд «тодорхой төрийн байгууллын иргэдийн дунд олгож болохуйц өмч хөрөнгө, нэр алдар болон бусад зүйлсийн хуваарилалттай» холбогдоно.
Төрийн мөн чанар. Төр  — гэдэг нь «аз жаргалтай амьдрахын тулд» өөрөөр хэлбэл, «таатай сайхан амьдрах зорилгоор нэг нэгэнтэйгээ тогтоож буй харилцаа», «иргэдийн улс төрийн харилцаа» болно.
Төрийн байгуулал гурван зүйлээс бүрдэнэ:
1) дайтах, найрамдах, бусад оронтой холбоолох, эс холбоолох, хөрөнгө дайчлах, бусармаг этгээдийг газар орноос үлдэн хөөх, нөгчөөх ял тулгах, албан тушаалтныг томилох, үйл ажиллагааг нь тайлагнуулах зэрэг үүрэг бүхий хууль тогтоох эрх мэдэл;
2) Хууль тогтоомжийн шийдвэрийг хангаж ажиллах захиргааны эрх мэдэл байна;
3) шүүн таслах үйл ажиллагааг явуулах, ялын хэрэгжилтийг хангах үүрэг бүхий шүүх эрх мэдэл байна.
Улс оронд шүүн таслах үйл ажиллагаа, улсыг удирдах хэрэгт идэвхтэй оролцож, цэргийн алба хаах, сүсэг бишрэлтэй байх тэргүүтэн үүрэг хүлээх иргэн хүн чухал ач холбогдолтой.
Төрийн засаглалын хэлбэрийг гурван хэмжүүрээр ангилна:
тооны хэмжүүр: төрийн эрх мэдэл  — нэг хүний, цөөнхийн эсвэл, олонхийн;
чанарын хэмжүүр: улс орны тэргүүлэх зорилго — хувь ашиг тус эсвэл, нийтийн сайн сайхны төлөө юу гэдгээс хамааруулан;
хөрөнгийн хэмжүүр: нийгэм дэх эд баялагийг ганц хүн, цөөнх, эсвэл олонх эзэмшиж байна уу гэдгийг тодорхойлно. Эд баялагийн хуваарилалт тооны хэмжүүртэй нийцэх бөгөөд үр дүнд нь нэг нэгнээ ээлжлэн солих хоёр бүлийн зургаан төрийн байгуулал бий болно:
Зохист төрийн байгуулал:
1. Эзэн хаант — нийтийн эрх ашгийг чухалчилсан нэг хүний засаглал;
2. Язгууртны засаг — бүх иргэдийн ашиг сонирхлыг илэрхийлэх цөөн тооны сайчуулын засаглал;
3. Полити төр — нийтийн сайн сайхан байдлыг дээдлэхийн зэрэгцээ тодорхой шалгуураар сонгогдсон олонхийн засаглал.
Зүй бус төрийн байгуулал:
1. Тирани засаг — амин хувийн ашиг тусаа хичээх ганц хүний засаглал;
2. Олигархи засаг — өөрийн ашиг тусыг хичээх цөөн тооны чинээлэг иргэдийн засаглал;
3. Демократи засаг — нийт олны эрх ашгийг онцгойлон хамгаалах явар ядуусын засаглал.
Полити оршин буй төрийн хэлбэрүүд дотроос хамгийн сайн төрийн хэлбэр болохын хувьд:
—«туйлын цөөн бөгөөд бага» тохиолдоно; төрийн албан тушаал хашихад шалгуур тогтоож өгсөн Солоны үеийн Афины төрийн байгуулал полити хэлбэртэй байсан;
— иргэдийн сайн сайхан амьдрах орчинг бүрдүүлдэг.
Ийм төр улсад:
— эрх чөлөөт бүх иргэд улсыг удирдах хэрэгт оролцохын зэрэгцээ хуульдаа захирагдан чухал албан тушаалуудад чадвартай нэгнээ дэвшүүлэн хэрэглэдэг;
— иргэдийн дунд давхарга — хувийн өмчтөнүүд — тооны хувьд баячууд болон явар ядуусаас, ядахдаа энэ хоёр ангийн аль нэгнээс давуу байдаг; чухам энэ тохиолдолд «чинээлэг иргэд явар ядуустайгаа эвлэлдсэн, заналхийлэл үгүй дундчууд ноёрхдог байна»; «хамгийн сайн төрийн харилцаа —дундчуудаар дамжин хэрэгжих харилцаа бөгөөд дундчууд нийгмийн олонхийг бүрдүүлж, тэнцвэржилтийг хангах тэр төрийн байгуулал хамгийн сайн»;
—дундаж хэмжээний хувийн өмч ноёрхоно: «иргэд нь өөрсөддөө хүрэлцээтэй хэрнээ дундаж өмч эзэмших төр хамгийн нийцтэй»;
—нийтийн эрх ашигт тулгуурлан олонх захирна. Олигархи болон ардчилсан засаглалын сайн шинжүүд дээр полити төр оршино.
Полити төгс төгөлдөр төр улс болохын хувьд:
— харьцангуй жижиг, «иргэд нь нэг нэгнээ нэгбүрчлэн таньдаг» байхаар «шууд харагдахуйц» хүн амтай байна;
— далай, тэнгисийн эрэг хаяалсан байна;
— дайсан этгээд довтлоход бэрхтэй ч байгаль, цаг уурын аятай нөхцөлд байх зэрэг шинжийг агуулна.
Ийм төр улсад:
— зэвсэг агсах эрхтэй эрх чөлөөт эллин хүмүүсийг эрх тэгш иргэдэд тооцдог. Залуу зандан насандаа тэд эр цэргийн үүрэгтэн байна. Өтөл хижээл насандаа захирагч, шүүгч, санваартан нарын үүрэг гүйцэтгэнэ;
— улсын эрх тэгш иргэд гар урлал, арилжаа наймаа, газар тариалангийн алийг ч эрхлэхгүй, зөвхөн боолын хөдөлмөрөөр амьдарна;
— улсын эрх тэгш иргэд сайн сайхныг бий болгох, ингэхлээр, аз жаргалтай амьдралыг цогцлооход чиглэсэн амьдралын хэв маягтай байна;
— сайн сайхан амьдралыг цогцлооход ач тусаар бага тул улсын эрх тэгш иргэдээс тариачид, гар урчууд, худалдаачдыг хасах ёстой;
— улсын бүх газрыг нийтийн болон хувь эзэмшлийн гэсэн хоёр хэсэгт хуваана;
— улсын иргэдийн өмч хөрөнгө харилцан адилгүй байх ч тэдний дунд хэтэрхий баян юм уу хэтэрхий ядуу иргэд үл байна;
— гэр бүлийн хууль бие эрхтэний хувьд эрүүл саруул залуу үеийг бий болгоход чиглэгдэнэ. Байгалиас «бусдыг эрхшээн дагуулахаар» заяагдсан тул эллин овогтон «оюуны чадвартай, эр зоригтой хүмүүс» байдаг. Төгс төгөлдөр төрийн байгуулал бүх эллин иргэдийг нэгэн цул болгон нэгтгэж, дэлхий дахиныг захирах болно.
Эрх зүйн сургаал. Эрх чөлөөт, сайхан сэтгэлт иргэдийн улс төрийн харилцаанд эрх зүй бий болох бөгөөд нэг нэгэнтэйгээ харилцах харилцаанд илэрнэ. «Ийм харилцаанд байдаггүй хүмүүс нэг нэгэндээ улс төрийн шударга ёсыг мөрдүүлж үл чадна… Шударга ёсны тухай ойлголт нь улс төрийн харилцааг зохицуулагч хэм хэмжээ болсон шударга ёсны хэмжүүр болох төр улс, эрх зүйн тухай төсөөлөлтэй холбогдоно». Эрх зүй улсын баялаг гэдэг утгаараа иргэдийн нийтлэг эрх ашигт үйлчилнэ. Улс төрийн шударга ёс болох эрх зүй нь зөвхөн эрх чөлөөт, тэгш эрхт хүмүүсийн харилцаа, захирах, захирагдах улс төрийн харилцааг зохицуулах бөгөөд эзэн, боолын дарангуй харилцааг хамардаггүй. «“Шударга ёс” хэмээх ойлголт нь нэгэн зэрэг хууль ёсны, ёс зүйтэй гэсэн утгыг, харин шударга бус байдал нь хууль бус, муу муухай гэсэн утгыг илэрхийлнэ». Хүмүүс авьяас чадварын хувьд харилцан адилгүй тул авьяас чадвар дээр суурилсан улс төрийн эрх ямба эрх зүйгээр зохицуулагдана: «Үнэн чанартаа өндөр дээд гарвалтай хүмүүс дорд гаралтай хүмүүсээ бодвол илүү эрхтэй иргэд байдаг».
Шударга ёс «бүгд захирагдахын хэмжээгээр эрх тэгш засаглахыг шаардана. Энд бид бүхэн хуулийн засаглалд оршино. Учир нь дэг журам гэгч хууль билээ. Иргэдийн хэн нэгэнд бус, гагцхүү хуульд захирагдах нь бүхнээс нийцтэй. Чухам үүнийг сайн гэж үзвэл хуулийг хамгаалах юм уу түүнд үйлчлэх хэдэн хүнийг томилох хэрэгтэй. Албан тушаалтнууд оршин байх нь зайлшгүй ч …бүх нийтийн тэгш ёс ноёрхож буй үед нэг хүний гарт хуулийн засаглалыг төвлөрүүлэх нь даан ч шударга бус билээ».
Мэдээж хэрэг, «хууль бүх боломжит тохиолдолуудыг хамарч чадддагүй» боловч «хүн бүхнийг тааварлаж чадваргүй гэдгийг санах хэрэгтэй». Ямар ч тохиолдолд албан тушаалтныг зохистойгоор сурган боловсруулах хууль «улсын хэргийг удирдах, хөтлөн явуулах, шийдвэр гаргах» илүү боломжтой гэдгийг хэлэх байна. «Хуулийн засаглал тогтоохыг эрмэлзэгч хэн боловч оюун ухаан, мэдлэг чадварыг шүтдэг бол хүний засаглал тогтоохыг эрмэлзэгч хэн боловч адгуусны зөн билэгтэйгээ үлддэг. Учир нь шунал гэгч адгууслаг зүйл бөгөөд ямар ч сайн захирагчийг үнэн замаас холбируулах чадвартай; харин эсрэгээр, хууль — хүний шунаг хүслээс ямагт ангид байж чаддаг» юм.
Эрх зүйн төрөл:
1. Жам ёсны эрх зүй:
— аз жаргалтай амьдралыг цогцлоохын тулд хамтаар амьдрах, нэг нэгэнтэйгээ харилцах хүний төрөлх чадварыг хамгийн бүрэн дүүрэн тусгасан ерөнхий шаардлага, төсөөллийн нийлбэр;
— «түүнийг ямар улс хүлээн зөшөөрч байгаагаас үл хамааран бүх газар нэгэн адил ач холбогдолтой»;
— өмч хөрөнгө, эхнэр, нөхөр, эцэг эх, үр хүүхэд, эзэн, боолын харилцааг зохицуулна.
2. Тогтоосон (позитив) эрх зүй:
харилцан гэрээлсний үндсэн дээр хүмүүс хоорондыгн харилцааг зохицуулахын тулд бий тогтоосон тэгш хэмтэй хэм хэмжээ;
хууль цааз (бичмэл эрх зүй) болон ёс заншлаар (бичмэл бус эрх зүй) дамжин хэрэгжинэ. Ингэхдээ аливаа хууль цааз улс төрийн шударга ёсны шаардлагад нийцсэн байх ёстой. Хүмүүсийн нийгэм, улс төр болон хувийн амьдралын бүхий хүрээг хуулиар зохицуулах шаардлагатай: «Хуульд заагаагүй бүхнийг хориглоно». Эрх мэдлийн үйлдэл болох хууль цаазын нэг онцлог нь албадлагын хүч юм. Гэвч хүн ард нь хууль цааз, төрийн байгуулалаа ойлгоогүй бол ямар ч сайн хууль байгаад тусаа үл үзүүлнэ. Хууль тогтоомж — бол улс төрийн хэсэг юм. Хуульд нийцсэн төрийн байгууллыг тогтоох бус, төрийн байгуулалдаа нийцсэн хууль тогтоомжийг гаргах нь хууль тогтоогчийн урлаг болно. Хүмүүсийн бус, хууль тогтоомжийн засаглал нь оршин буй төрийн хэлбэр, түүний улс төрийн дэг журмын тогтвортой байдлыг хангадаг. Хуулийн хэлбэрийг ашиглах хууль тогтоомжоор дамжсан засаглал нь — бүхий л төрийн хэлбэрүүдэд нийтлэг байх харилцааны улс төрийн элемент мөн (Р. А. Бурханов & В. Н. Руденкин, 2009, хуудсд. 11-17).

ОРЧУУЛГЫН ЭХ СУРВАЛЖ

Р. А. Бурханов, & В. Н. Руденкин. (2009). История политических учений от Античности до Нового Времени: Краткий конспект лекций (2-е изд. ed.). Нижневартовск: Изд-во Нижневарт. гуманит. ун-та.

ОРЧУУЛСАН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР