Вэй улсаас гаралтай ШАН ЯН (МТӨ 390–338 он) Цинь улсын үед тэргүүн
зөвлөхийн алдар хүлээж, хагас зэрлэг дайнч улсын төрийн үзэл сурталыг
боловсруулж өгснөөрөө олонд нэр түгсэн нэгэн билээ. Шан Ян өөрийн улс төрийн
сургаалыг “Шан цзюнь шу” буюу “Шан мужийн захирагчийн ном”
бүтээлдээ өгүүлсэн байна. Улсыг засахад хатуу засаг ус, агаар мэт хэрэгтэй.
Хатуу засаг улсын сүрийг өргөхийн сац нийгмийн хэв ёсыг хадгалах үндэс болно.
Татварын чанд тогтолцоо, хатуу чанга шийтгэл дээр суурилсан засаг захиргаа улс
гэр хөгжихийн үндэс мөн гэж сургасан.
Хүн төрөлхийн мунхаг, самуун явдалтан мөн. Хүний мунхаг, самуун чанарыг
удирдан засахад хялбар байдаг. Үүний тулд хатуу чангаар гэсгээл дээр суурилсан
улсын хууль хүн бүрт алагчлалгүй хандах хэрэгтэй. Тушаал, зарлиг хэн бүхэнд
ойлгомжтой, хүрээмжтэй байх ёстой. Харин тэдгээрийг нарийн чанд хэрэгжүүлэх нь
засаг захиргааны гол үүрэг болно. Хууль язгуур гарваль, нийгмийн байр суурь,
хөрөнгө чинээнээс үл хамааран хүн бүрт адил тэгш үйлчлэх учиртай. Ингэхлээр,
хууль дүрэм улсын доторх засаг цаазыг чангатгаж, хүчирхэн мандахын эхлэлийг
бүрдүүлдэг.
Бүгдэд нэгэн адил үйлчлэх хууль, ял шийтгэлийн тогтолцоо нийгмийн
байгууллын суурь юм. Хүн нэгэнт муу төрөлх мүс чанартай учир түүнийг хатуу
хууль цааз, харгис ял шийтгэлийн тогтолцоогоор засч залруулах учиртай. Газар
тариалан, цэргийн үйл улс дэвжих эдийн засгийн үндэс болдог учир ард иргэдийн
хөдөлмөрийг үүнд чиглүүлбээс сая болох. Газар тариалан улсад шаардлагатай эд
материалыг хангах бол цэргийн хүч – улсын хүчин чадлыг нэмэгдүүлдэг байна.
Захиргаа авилгач чанартай тул түүнд ажиллагсадыг хатуу гараар барих
хэрэгтэй. Засаг захиргаанд хэтэрхий чадвартай, мэдлэгтэй нэгнийг дэвшүүлэн
хэрэглэх хөнөөлтэй. Харин эзэндээ үнэнчээр зүтгэх дундаж иргэдээр бүрдүүлбээс
сая болно. Тэд хувийн болон бүлгийн эрх ашгаас ангид байж улсын хэрэгт хоёргүй
сэтгэлээр зүтгэх учиртай.
Төрийн засаглалын хувьд эзэн хаант засгийг талархан хүлээн авсан байдаг.
Гэхдээ эзэн хаанд туйлын утга дайлгаагүй нь Шан Яны философийн онцлог юм. Хүн
нэгэнт төгөлдөр бус шинжтэй учир эзэн хаан зан үйлийн хувьд төгс төгөлдөр байх
албагүй. Нийгмийн анги давхарга ялгалгүй бүгдэд адил үйлчлэх гавьяа шагнал, ял
шийтгэлд суурилсан хууль ноёрхож буй улс хамгийн нийцтэй, зохистой гэсэн санааг
тэрээр гаргасан байна.
"Сул дорой ард түмэн – хүчтэй төр" – гэх үзлийг Шан Ян
дэвшүүлсэн нь Хятадын байлдаант улсуудын үеийн төрийн тогтолцоонд гүн гүнзгий
ул мөрөө үлдээсэн байдаг.
"Шан мужийн захирагчийн ном" – бүтээлийг МТӨ
III зууны үед Хятадын төрийн их хүн Шан
Ян эмхэтгэсэн гаргажээ. Ард түмэн, улс гэрийг хэрхэн жолоодох, удирдах арга
ухаан, тогтолцооны талаар ихэд сонирхолтой санааг хөгжүүлсэн байдаг. Товчоор
хэлбэл, "Шан цзюнь шу" – хүн төрөлхтний улс төрийн
сэтгэлгээний түүхэнд дорнын деспоти төрийн загварыг бүрэн хэмжээгээр
боловсруулсан цөөхөн бүтэлийн нэг юм. Уг бүтээлд өгүүлсэн үзэл санаа эртний
Хятадын төрт ёсны хөгжилд үлэмжхэн нөлөөлөл үзүүлсэн байна.
ШАН МУЖИЙН ЗАХИРАГЧИЙН НОМ
ТЭРГҮҮН БҮЛЭГ
ХУУЛЬ ЦААЗ[1]-ЫГ
ХУВИРГАН ӨӨРЧЛӨХ ТУХАЙ
Сяо гүн[2] [улс гэрээ жолоодох] арга ухаан сүвэгчилж сууна. Хаан эзний
дэргэд да фү[3]
зэрэгтэй – Гунсун Ян[4],
Ган Лун[5],
Ду Жи[6]
гэх гурван түшмэл шадарлана. Тэд цаг үеийн байдлыг шүүн хэлэлцэхийн ялдамд засаг
цаазыг хэрхэн шийтгэх хийгээд олон ардыг хэрхэн ухаалгаар шашлах тухай
хүүрнэлдэн сууна. Хаан эзэн өгүүлэх ану: «Эзний алтан ширээнд залраад
олны сэтгэлийг хөсөр хаяваас хаан суухын хэрэг юусан билээ. Сайн засаг улсдаа
хөгжөөж, [бүх иргэнд] хааны гавьяа мэт таниулах нь түшмэл тануусын
эрхэм үүрэг болой. Өнөөдөр мөхөс хүн олон ардад хэв суртхал болох сайн цааз
явуулахыг хүснэ. Гагц мөхөс хүний энэ мэт хүслийг тэнгэрийн доорх олон иргэн
хэрхэх бол гэдгээс эмээнэ».
Гунсун
Ян хариу өгүүлрүүн: «Дорд боол би [юунд ч] үл хүрэх хэрнээ [юу хийхээ] үл мэдэгч, амжилт үл
олох хэрнээ үйл хэрэгтээ шийдмэг бус олон хүмүүнийг мэдэх бөлгээ. Дээдэс та
хууль цаазыг засаж шашлах бат итгэл өвөрлөж буй аваас тэнгэрийн доорх олон
иргэн хэрхэн шүүх бол хэмээн сэтгэлээ чилээх хэрэг юусан билээ. Их хүмүүний
хэргийг өчүүхэн ард тэрслэх нигуур буй. Эртний мэргэдийн өгүүлэх ану: “Өтөл
мунхаг тэнэгүүд юмны учир эс олоод дэмий махрах, эрдэм төгс хүмүүн юмны учир
олоод сэтгэлийн сайнаар цогцлоох” гэсэн буй. [Тиймийн учир] олон ардын итгэмжгүй
үгтэй зэрэгцээд их хэрэг [цогцлох] ёсон буй. Го Ян[7]-ы
цаазад “хэн сайн үйлийг эрэгцүүлэн сэтгэнэ, тэр олон ардад хүндлэл эс олно:
хэн агуу үйл цогцлооно, тэр олон иргэнтэй үл харилцах” хэмээсэн буй. Цааз
гэгч олон ардыг энэрэх сэтгэл буюу: үйл хэрэг хөгжөөх үндэс буюу. Тиймийн учир
ухаан билиг хүмүүн эрт үеэ сүсэлсний үрээр бус, сайн цаазын хүчээр улсаа
хүчжүүлэх бөгөөд ямар ч тохиолдолд цаазаа олон ардад хүртээл болгохыг
чухалчилдаг бөлгээ».
Сяо
гүн «Ёстой үг, зүйтэй!» хэмээн уулга алдав.
Энэ
ялдамд Ган Лун түшмэл өгүүлрүүн: «Боол миний санахад
хараахан тийм биш болов уу. Ухаан төгс хүмүүн [хэв суртхал] хувиргалгүй олон
иргэнийг засах, хууль цааз өөрчлөлгүй сайн засгийг хөгжөөх хэмээн олонтоо
сонссон бөлгээ. Олон иргэнийг санаа бодолд нь нийцүүлж засаглаваас зүдрэл үл
үзэх: эртнээс дадсан хэв хууль, төрийн зангарагатай түшмэлээр сайн засгийг
хөгжөөвөл сайнаар дагах нигуур буй. Дээдэс та боолын сонсоход цааз өөрчлөх
санаа асааж буй хийгээд Цинь улс эртний [журмаа] үл дагах хэмээн
айлдаж байна. Олны итгэлийг [хөсөр] хаяваас тэнгэрийн
доорх олон иргэн хэрхэн үзэх бол гэдгээс дорд боол туйлаас эмээх бөлгээ. Дорд
боол луугийн биеийг их хэргийг сэдэхдээ энэ мэтээс сэрэмж авахыг хүснэ».
Гунсун Ян хариу өгүүлрүүн: «Таны энэ мэт үгийг өнөө
бидэнд ихэд хэлэх болжээ. Чухам үнэнийг өчвөөс энгийн аран хуучны ёс суртхалд дадах,
мэдлэг төгс хүмүүн [эрт цагийн] төсөөлөлдөө баригдах ёсон буй. Энэ мэтс [эрт үеийн] хэв суртхал сахихаас
цааз цогцлоож алба үүрэглэх чадвар мөхөс бөлгээ. Санаваас, элдэв олныг хэрэглэн
байж гурван улс[8]
тэнгэрийн доорх иргэнийг эрхшээсэн бол таван хүмүүн[9]
олон цаазыг [сахин байж] түмэн иргэнийг дагуулав гэдгийг өчих
байна. Тиймийн учир ухаан билигт хүмүүн цаазыг цогцлоож, мунхаг тэнэгүүд тэр
жамаар аж төрөх ёсон буй. [Эртний] хэв суртхалд
сүслэгчид үйл хэрэгтээ хувирал үл үзүүлэх буй. Дээдэс та сэдсэн хэрэгтээ санаа
үл эргэлзэхээ мэдтүгэй».
Ду Жи өгүүлрүүн: «Дорд боолын сонсох ину ашиг
ихэдсэн ч цаазыг хувиргаж эс болох: амжилт ихэдсэн ч багажаа өөрчилж эс болох
хэмээх хэлц буй бөлгээ. Эрт үеэ сүслэвээс осол үл гарах хэмээн сонссон бөлгээ.
Ли-г дэмживээс самуурал эс үүснэ. Дээдэс та энэ мэт явбаас болох буюу».
Гунсун Ян хариу өгүүлрүүн: «Эрхэм хүмүүн юуны учир
энэ мэт айлдана вэ? Урьд үеийн [хаад] эрт үеэ дагаж, [олон ардыг] дагуулсан хэрэг үү?
Эзэн хаад, ханууд [эртний] ли лугаа адил бие
биеэсээ үлгэрлэн дуурайж байсан хэрэг үү? Фу Си, Шэн Нун нар олон иргэнийг
хилсдүүлэлгүй, сурган тэжээхийг чухалчилсан: гэтэл хуанди Яо, Шун нар сурган
тэжээхийг урьтал болголгүй, олон иргэнийг зүдээсэн байдаг. Тан ван, У ван нар
цагийн аясад нийцүүлэн засаг цаазыг хөгжөөж байсан байна. Хэрэгтэй цагт засаг,
цааз зохиож, цаг [үеийн хэрэгцээнд] нийцүүлэн хувирган
өөрчлөх ёсон байжээ. Хөдөлмөр хөнгөвчлөх багаж зэмсэгийн хувьд ч мөн тэр мэт
байв. Иймд дорд боолын санахад сайн засаг явуулахын тулд эрт үеэ үлгэрлэн
дуурайх хэрэггүй мэт. Улс гэрт ашиг тусаа үзүүлэх их үйл цогцлоохын тулд эрт
үеэ үлгэрлэх албагүй буюу. Тан [ван], У [ван] нарын гавьяа болбоос
эрт үеэ үлгэрлэн дуурайх бүрэг, бядуу зан гаргаагүйд оршино. Инь, Ся улс хуучны
хэв хуулиа үгшрэн хамгаалж мөхөлд хүрсэн билээ. Их хэрэг цогцлоох хүмүүн засаг,
цаазыг хувирган өөрчлөх ёс буй. Дээдэс та энэ мэт явбаас ямар буй».
Сяо гүн санаа эрслэж: «Зүйтэй, ёстой үг! Олон
сайд зээглэн сууж [хомс миний дэвшүүлсэн хэргийг] шүүмжлэн хэлэлцэхийн
сац цэц булаалдаж буйг сонслоо. Мунхаг тэнэгийн инээд барах зүйл ухаантан
мэргэдэд гуртамшиг болох ёсон буй. Балай мунхаг [өдгөө цагийн] ярианд үл автан [эхэлсэн хэрэгтээ] амжилт олох ёстойг
хомс хүн мэдэж авлаа» хэмээв.
Н.
Отгонбаяр. Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг – I. Ред: Г. Энхтуяа, Ш. Гаваа, Улаанбаатар хот:
2013 он. х. 116-124.
[1]
Хууль цааз (фа) – эртний Нанхиадын
шашдируудад «арга», «загвар», «дүр төрх»,«хууль цааз» гэх
ойлголтуудыг илэрхийлсэн ухагдахуун болно. Тянь фа гэх ойлголт нь жам ёны эрх
зүй гэх утгыг илэрхийлж байсан. Гэвч Шан Ян болон түүний талынханы сургаалд
дээрх ойлголтыг жам ёсны эрх зүй гэх утгаар ашиглаж байгаагүй юм. Гавьяа,
шагнал, ял шийтгэлд дулдуйдан ардыг удирдах тогтолцоог хууль цааз гэж үзсэн. Шан
Яны үзсэнээр, тэнгэрийн доорх бүх иргэн байр сууриасаа үл хамааран хууль цаазыг
чанд биелүүлэх учиртай. Шан цзюнь шу-д хууль цаазыг Күнз багшийн ли хэмээх
ойлголтын эсрэг сөргүүлэн тавьсан байна.
[2]
Сяо гүн – МТӨ 361-338 онуудад Цинь улсыг захирч байсан Цюй Лин хааны өргөсөн
нэр.
[3]
Цинь улсын үеийн дээд тушаалын түшмэдийн цол.
[4]
Вэй Ян, Шан Ян гэх зэргээр нэрлэгдэх Гунсун Ян нь Цинь улсын Сяо гүн хааны
зөвлөх нэгэн. Вэй улсын хохь язгууртны гэр бүлээс гаралтай бөгөөд 365-362
онуудад Хуй вангийн ордонд алба үүрэглэж байсан. Сяо гүнд алба үүрэглэсний
төлөө Шан мужийн захирагч болсон ба түүхэнд Шан Ян нэрээр мөнхөрсөн.
[5]
Ган Лун – Цинь улсын Күнз багшийн суртхалыг дэмжигч язгууртан нэгэн. Шан Янтай
нэгэн үе амьдарч байсан түүхэн бие хүн.
[6]
Ду Жи – Жоу улстай хийсэн тулаанд оролцож байсан Цинь улсын цэргийн жанжин,
Күнз багшийн суртхалыг дэмжигч. Шан Янтай нэгэн үе амьдарч байсан түүхэн бие
хүн.
[8]
Гурван улс – домгийн Ся улс (МТӨ XXIII-XVIII зуун),
Инь улс (XVIII-XI зуун), Жоу улс (X-III зуун) болно.
[9]
Таван хүмүүн – VII-V зууны үеийн хүчирхэг таван хаан –
Цинь улсын Хуан Гүн хаан (685-643), Цинь улсын Вэн Гүн (643-628), Цинь улсын Мү-Гүн хаан (659-620),
Сүн улсын Сян Гүн хаан (650-636), Чу улсын Жуан Ван хаан (613-590) нар болно.
No comments:
Post a Comment