Ипусерын яриа (урьд нь —
Ипуверын яриа хэмээдэг байв) нь Шинэ үеийн хаанчлалын зохиол бүтээл хэмээн
тооцогддог бөгөөд 1828 онд Мемфис хотын ойролцоо орших Саккаригаас Египетид
суух Шведийн консул Ж. Анастаси (Giovanni
Anastasi) олж 1846 онд
олны хүртээл болгожээ. Өнөөдөр Нидерланд улсын Лейден хотын музейд 1344 гэсэн
номертой хадгалагдаж байна. Дашрамд өгүүлэхэд энэ бүтээлийг египет судлаач Алан Гардниер (Alan Gardiner “The Admonitions of an Egyptian Sage from a Hieratic
papyrus in Leiden” (Pap. Leiden 344 recto ) . Leipzig: 1909) 1909 онд Англи хэл дээр анх хөрвүүлжээ. Мөн судлаач Барри Кэмп (Barry
Kemp), Людовиг Моренц (Ludwig
D. Morenz), Хэнри Брестид (Henry
Breasted) нарын хүмүүс
энэхүү зохиолыг судлахад жинтэй хувь нэмэр оруулсан байдаг.
Энэ бүтээлийг
цэвэр утга зохиолын шинжтэй бөгөөд өгүүлэн буй үеийн цаг үеийн онцлогийг
тусгаагүй хэмээн ихэнх судлаачид үздэг хэдий ч тийм биш агаад өөрийн цаг, үеийн
ороо бусгай, самуун нийгэм, улс төрийн байдлыг хамгийн сайн тусгасан бүтээвэр
хэмээн үзэж болох юм. Анхлан МЭӨ 1750-иад оны орчим Дундад болон Шинэ үеийн
хаанчлалын үйл явдалтай энэ зохиолыг холбон үздэг байсан бол өнөөдөр эрдэмтдийн
үзэл санаанд томоохон хувирал бий болж, Эртний болон Дундад үеийн хаанчлал,
тодруулбал цаг хугацааны хувьд МЭӨ 2100-2050 оны хоорон дах үйл явдлыг харуулсан
гэсэн хандлага давамгайлах болжээ. Эхэн болон төгсгөл хэсэг нь сүйдсэн боловч
үндсэн хэсэг нь өнөө бидний үе хүртэл хадгалагдан үлджээ.
Шүлэглэлийн
хэлбэрээр долоон бүлэг болж гарсан энэхүү бичвэрийг зохиогч нь нийгмийн дээд
хэсгийг төлөөлсөн язгууртан хүн байсан болов уу гэсэн таамаг байдаг. Монгол
хэлнээ урьд өмнө нь орчуулан түгээж байгаагүй бөгөөд өчүүхэн дуун хөрвүүлэгч Отгонбаяр Нямаев би бээр хүчирдэн
буулгав. Таалан болгооно уу.
Орчуулгын эх
сурвалж: Gardiner А. Н. The Admonitions of an Egyptian Sage from an hieratic papyrus in Leiden.
Leipzig, 1909. (Бичвэрийг Монгол хэлнээ буулгасан
Отгонбаяр Нямаев)
ИПУВЕР БУЮУ
ИПУСЕРЫН ЯРИА
[Өмнөтгөл]
I... Хаалга1
[сахигч] албат нар “Бусдыг дээрэмдвэл ямар”[ хэмээх аж]. Зоог гүнцэг
бэлтгэгчид...., угаал үйлдэгч бус хүмүүс ажил үйлээ цалгайдуулахыг хичээх
болов. [Ваар сав урлагчид], ... [загасчид]
цэрэг эрсийг орлох болов2 ... [Дельтийн оршин суугчид ирт мэс, исгэлүүн
ундаа бэлтгэх болов... Алив хүн өөрийн хөвүүнийг атаатан дайсан мэт үзэж байна.
Иймийн учир зүтгэлт хүмүүн улсын төлөө сэтгэлээ зүдээж шаналах цаг ирэв. Цөлийн
хүмүүс [зэрлэгүүд] Мисир хүн мэтээр ихэмсэглэн алхах цаг ирэв3.
[А. Улс орны
байдлыг бичиглэн өгүүлсэн тэргүүн хэсэг]
Үнэнийг өчих
аваас хүмүүс хэрцгий хэдэр болж байна... Эртний мэргэдийн өгүүлсэн зөгнөл
[хэрэгжив] ... (энд байх хоёр, гурван мөр бүрэн устсан.)
II. Улс орны үржилт шимт бүх газар самуун
дээрэмчний гарт оров. Аргаа барсан хүмүүн ирт мэсээрээ газар хагалах болов.
Үнэнийг өчих аваас “Балмад хэрцгий хүмүүс
газар сайгүй. Хэн ч маргаашаа төсөөлж үл чадах цаг ирэв” хэмээн хүмүүс
хүүрнэлдэх аж. Үнэнийг өчих аваас дээрэмчид газар сайгүй. Тэд бусдыг олзлон авч
боол, зардас болгох аж. Үнэнийг өчих аваас Нил мөрөн үеэрлэж, хэн ч ойртож эс
чадна. “Улс оронд юу болохыг бид
ойлгохгүй байна” хэмээн хүн бүр өгүүлнэ.Үнэнийг өчих аваас хүүхнүүд хөвүүд
төрүүлэхээ больж, давхар биетэй эмийг
олоход бэрхтэй болов. Улс гэрийн байдлаас болж Хнум* бүтээж чадахаа болив.
Үнэнийг өгүүлэх аваас энгийн дорд ард хүртэл эрхэм дээд баялаг эзэмших болов.
Өөртөө ганц [шаахай ч] бэлдэж эс чадах үгээгүй зардас хүртэл баялаг цуглуулах
болов.
Үнэнийг өчих
аваас боол, зардасын зүрх сэтгэл уйтгар гунигаар дүүрчээ: Түшмэд өөрсдийн хөөр
баясалаа бусадтай үл хуваалцах аж. Үнэнийг өчих аваас хүмүүсийн зүрх сэтгэл мөс
лугаа адил болжээ. Улс орон бүхэлдээ тахалд нэрвэгджээ. Хаа сайгүй цус, нулимас
байх аж. Хэн ч үхлээс зайлсхийж үл чадна. Бүхнийг харанхуй бүчжээ4. Үнэнийг өчих
аваас үхдэлүүд [Нил] мөрний урсгалыг
бохирдуулах аж. Агуу гол, мөрөн асар том бунхан болж хувирав. Үнэнийг өчих
аваас дээд хэргэмт нэг нь зовлон, шаналалд автаж, харц боолуудын жаргах цаг
ирэв. Тосгон балгад бүр өөр хоорондоо дайсагнах аж. Үнэнийг өчих аваас хүмүүс
улаа үзсэн араатан арчаагүй шувуу мэт болов.
Улс орон
бүхэлдээ чивэлт хүслийн үүр болов. Үйлс бүтээл тахимдуу, үнэнч сэтгэлтнийг олох
бэрхтэй болов. Үнэнийг өчих аваас газар ганшсан тал мэт үржилгүй болов.
Дээрэмчид баялагийн эзэн сууж, сурвалжит иргэд дээрэмчнийг [орлов]. Үнэнийг
өчих аваас зүрх сэтгэл [айдасын буулгад] дарагдсан арчаагүй шувуу мэт болов.
Улс орон
бүхэлдээ чивэлт хүслийн үүр болов. Үйлс бүтээл тахимдуу, үнэнч сэтгэлтнийг олох
бэрхтэй болов. Үнэнийг өчих аваас газар ганшсан тал мэт үржилгүй болов.
Дээрэмчид баялагийн эзэн сууж, сурвалжит иргэд дээрэмчнийг [орлов]. Үнэнийг
өчих аваас зүрх сэтгэл [айдасын буулгад] дарагдсан шувуу мэт болов. Нэжэс хүмүүн
(Эртний Египетэд язгуур тодорхойгүй
хэрнээ газар, хөрөнгө бүхий чинээлэг иргэдийг ингэж нэрлэдэг байв., орчуулагчийн тайлал) “Бүх зүйл аймшигтай. Бид одоо юу хийвэл
зохистой” хэмээн халаглах аж. Үнэнийг очих аваас оорцог хүн бусдын цусанд
амтшиж, ухаан солио болов. Үнэнийг очих аваас хаан эзний орд өргөө бусдын
мэдэлд шилжиж, эзэн хүмүүн боолын хэмжээнд үнэлэгдэх болов. Үнэнийг өчих аваас
Өмнөдийн хөлөг онгоц5 самуун бослогод идэгдэв. Хот, балгад үнс нурам болов.
Өмнөд газар эзгүй хоосон цөл болж хувирав. Үнэнийг очих аваас хүмүүс өөрсдөө
матар, загас тэргүүтний идэш болж, үүнийгээ таатай үхэл хэмээх болов. Хүмүүс загас лугаа адил матрын хоол болох аж.
Хүмүүс ахас эхэсийг хүндлэхээ байж, ах дүүс өшөөтөнгүүд болов. Нөхрийн хүүхэд
төрөхөө байж, боолын хойчис эмийн хэвлийд бойжих цаг ирэв7.
III. Үнэнийг өчих аваас бусдын газар нутаг [Египет улсынх]
мэт болов. Номууд самууран үгүйрэв. Бүдүүлэг дайснууд Египетийг гаднаас нь
хэмлэх аж. Алт, мөнгө, үнэт эрдэнэ, эд агуурс бүгд хүнийх болов. Эрхэмсэг эмс
эр хайж улс орноор бидрэх болов. Айл гэрийн эзэд “Хэрэв идэх хоол байсан бол” хэмээх халаглах баг ирэв. Үнэнийг өчих
аваас ёсыг сахисан журамт эм гэж үгүй болов. Эмсийн бие талхилагдаж, бие,
лагшинг асуухад элэг эмтэрнэ. Үнэнийг өгүүлэх аваас үнэт мод олдохоо больж,
энгийн харц иргэд гамгүй түлэх болов8.
Үнэнийг өчих аваас барилга баригчид газар эзэмшигчид [болов]. Хүмүүс
хойд зүгийг зорихоо болив. (......) Самуун
цуугай үг эцэс төгсгөлгүй үргэлжлэх болов. Хөгшин, залуу бүгд “үхэх хамгийн
бахтай” гэх аж. Инээмсэглэл, баяр бахдал мартагдаж, хүмүүс дүнсгэрийн туйл
болов. Азиуд бүгд Мисир хүн мэт ихэмсэглэж,
язгуурын Мисир хүн дорд боол мэт үнэлэгдэх цаг ирэв.
Үнэнийг өчих аваас ухаан бүхий хүн бүрийн сэтгэл зүрх
эмтэрч байна. Эцэггүй амьтас орон гэрийг эзлэх болов. Бүгд худал, цуугай үгнээс
эмээх аж. Он цаг улиран одсон ч худал, цуугай үг үл тасрах аж. Цуугай үгэнд
төсгөл гэж үгүй мэт. Хнум* хүчгүйдэж улс гэр самуурав. Олон зуун жилийн
уламжлал бүхий хүн занданшуулах ариун горим олонд ил болов. Үнэнийг өчих аваас бүх Дельта хамгаалалтгүй
болов. Хойд зүгийг чиглэх зам харгуй атаатан дайсанд ил болов. Зэрлэгүүд
Дельтагийн хэрэгт хүч түрэн орох болов10. Чинээлэг иргэд гар
тээрмээр ажлаа амжуулах цаг ирэв. Гоёмсог торгон хувцас бүхий ихэмсэг хүмүүс
бус хүнийг хэрцгийгээр занчих аж. Хэн ч энэ үйлийг зогсоож эс чадна. Эзнээ
хүндэтгэх боол, зардас эс олдоно.
Язгуур өндөр
хүмүүн хийгээд боол зардас тэргүүтэн нь эрхбиш хоорондоо ялгаатай байх боловч
тийнхүү ялгахад бэрхтэй болжээ13. Үр хүүхдэд хоол хүнс эс олдоно.
Хэнд ч гэсэн хоол эс олдоно. Бүх зүйлс самуурчээ.
Үнэнийг очих
аваас эрхэм түшмэд гэдэс гутуу явах болов. Боол зардас зүдгүүрийг.......амсах
цаг ирэв. Үнэнийг өчих аваас өчүүхэн иргэд “Хэрэв
бурхан гэж байдаг аваас гэсгээл хүртэх болтугай” хэмээн өгүүлэх болов. Үнэнийг
өчих аваас улс оронд өөрийн нэрнээс өөр [юу ч эс оршино]. [Хилэнцэт нүгэл]
хэмээгчийг [хүмүүс] өөрсдөө хийх цаг ирэв. Үнэнийг өгүүлэх аваас цэрэг эрс
дээрэмчин мэт олонд самуун өдөөх болов: оорцог хүний эдийг хулгайлан, шамшиглах
цаг ирэв. Улс оронд нүүрлэсэн байдлаас үүдэн мал үл үзэгдэх аж. Үнэнийг өчих
аваас маханд дурлагсад тэднийг муучлах аж. Аймхай өчүүхэн хүмүүс “Хэрэв [тэд энэ мэт аваас] хэн хүн биднийг
атаатан дайснаас хамгаалах буй?” хэмээн халаглах болов. ...... энэ бүхнээс
үүдэн баян хүн гэж үгүй болов. . ...... энэ бүхнээс үүдэн баян хүн гэж үгүй
болов......... улс орон бүхэлдээ боол, зардас тэргүүтнээр дүүрчээ. Хүчтэй нь
хүчгүйгээ дарлах цаг ирэв. Нэг эхийн хэвлийгээс цуварч төрсөн ахан дүүс нэгнээ
хөнөөх цаг ирэв 15. “Бид юу
хийвэл зохилтой” хэмээн хүн болгон өгүүлэх аж. Үнэнийг өгүүлэх аваас зам
харгуйд босуул, дээрэмчид бүгж, энгийн хүн явах эцэсгүй болов. .......Өчигдөрийн
харсан бүхэн маргаашдаа үгүйрэх цаг ирэв. Улс орон талхилагдсан тариан талбай
мэт хэн хүний өмнө хүчгүйдэх аж. Нэжэс16 хүмүүн чиний зүдрэх цаг
ирэв. Алтан гарт инжааны хувьд хэрэгцээгүй болох цаг ирэв.
Эх сурвалж: Отгонбаяр Нямаев. Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг - 1. Ред: Г. Энхтуяа, Ш. Гаваа, УБ: "БТМ" ХХК хэвлэх үйлдвэр, 2013 он. х. 17-23.
No comments:
Post a Comment