ГЕРЕГИЙН СЭТГЭГЧ ПОЛИБИЙ
Полибий (Герег
хэлээр: Πολύβιος, Латин хэлээр: Polybius; МЭӨ
200 оны орчим Аркади, Мегалопол хот — МЭӨ
120 оны орчим мөн тэнд) — болбоос
эртний Герегийн түүхч, төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин, МЭӨ 220-МЭӨ 146
онуудын хооронд Ром, Герег, Македони, Бага Ази болон бусад бүс нутгуудад
өрнөсөн үйл явцыг нэг бүрчлэн хураан өгүүлсэн 40 дэвтэр бүхий «Дэлхий
дахины ойллого түүх»(«The
Histories») нэрт
бүтээлийг зохиогч нэгэн юм. Харамсалтай нь, энэхүү бүтээлээс өнөө бидний үед
ердөө 5 дэвтэр нь уламжлагдан иржээ.
Полибий хот-улсдаа нэр
нөлөө бүхий язгууртны гэр бүлд мэндэлжээ. Түүний эцэг Ликорт (Lycortas) нь
Ахейн Холбоонд томоохон албан тушаал үүрэглэсэн нэгэн байв. Ликорт холбоотны
морин цэргийн командлагч, стратегич, туслах армийн жанжин, элчин сайд зэрэг
албыг хашиж байсан түүхтэй. Полибийн эцэг Ликорт улс төрийн үзэл бодлын хувьд
Ахейн Холбоо бие даан оршин тогтнох ёстой гэдэгт хатуу итгэсэн нэгэн байжээ. Хэдийгээр
Ахейн Холбоо хүчирхэг байсан боловч дотроо Ромыг аялдан дагагчид, Ромыг
эсэргүүцэн тэрслэгчид, Спартын талынхан гэсэн гурван бүлэгт хуваагдаж эв эе
муутай байсан (Перов, 1994, pp. 19-25) талаар түүхч В. И.
Перов дурджээ. Эндээс үзэхэд, Ликорт үзэл санааны хувьд Спартын талыг
баримтлагч нэгэн байжээ.
Полибий Хомэрийн яруу
найргийн шидээвэр дээжсийг чээжээр мэддэг, 158 хот улсын төрийн байгууллыг
өгүүлсэн Аристотелийн бүтээлээр цэц булаалддаг байсан гэдэг. Харамсалтай нь, Аристотелийн
эл туурвил өнөө бидний үед уламжлагдан ирсэнгүй ээ. (Беликов, 2003) .
МЭӨ 169 онд Полибий
Холбоотны гиппархийн албан тушаалд сонгогджээ. Энэ үед тэрээр Ромтой
харилцаагаа хэвийн болгох хүчин чармайлт гаргаж, ардын хуралд яриа хийхийн сац
цэргийн тусламж үзүүлэх зорилгоор Македон дахь Ромын цэргийн хүрээнд хүрэлцэн
очиж байжээ. Тэрээр Македоны эзэн хаан Персейтэй дайтах Ром-Герегийн нэгдсэн
цэргийн хүчний командлагч Луции Эмил Павло (Lucius Aemilius Paullus)-гийн
дэргэд гиппархийн алба үүрэглэж байв. Нэгдсэн холбоотны арми МЭӨ 168 онд
Пиднагийн дэргэдэх тулаанаар Македоныг буулган авчээ. Гэвч энэ тулаанд Ромын
талаас хангалттай дэмжлэг аваагүй гэдэг (Werner, 1877; Тыжов, 1986, p. 95).
Ингээд Ромчуудын бодлогыг эсэргүүцсэн 1000 язгууртны тоонд багтаж, Итали нутаг
руу хөлгийн жолоо залжээ. Гэвч Ромчууд тэдний эсэргүүцлийг нухчин зарж,
олонхийг нь нутаг заан цөлжээ. Харин Полибийн хувьд Луции Эмил Павлогийн
чармайлтаар ацаг ялаас хэлтэрч, Ром хотноо үлдсэн гэдэг. Зөвхөн арван долоон
жилийн дараа л гурван зуу орчим язгууртан Сенатын зөвшөөрснөөр эх нутагтаа
буцсан байна (Беликов, 2003, p. 224) . Италид байх 17
жилийн хугацаанд Полибий Ромын олон язгууртнуудтай нөхөрсөг харилцаа тогтоож
чаджээ. Үүнийхээ ачаар Полибий улс төрийн хувьд «Сципионы
бүлэглэл»-д
нэгдсэн байна. Тэрээр Мисир, Александр, Хадэс,
Кэрнэ, Атлантын далайгаар аялсан байдаг. МЭӨ 151 онд Полибий Сципионд үзүүлсэн
нөлөөллөө ашиглан амьд үлдсэн Ахейн Холбооны язгууртан иргэдийг чөлөөлжээ. Пунийн
Гуравдугаар Дайн шувтрах үед нутагтаа эргэн ирсэн Полибий Карфагэн хот улс
газрын хөрснөөс арчигдахыг Ромын цэргийн хүрээнд байхдаа нүдээр үзсэн гэдэг.
Ойролцоогоор МЭӨ 145 оны
орчим Полибий эзлэгдсэн Герегийг засан тохинуулах Сенатаас томилогдсон 10
хүнтэй комиссийн бүрэлдэхүүнд орсон байна. Полибийн хүсэлтээр Ромчууд Ахей, Аратын
соёлын өвийг сүйтгээгүйгээр барахгүй, өөрсдийнх нь эсрэг тэмцсэн язгууртнуудын
эд, хөрөнгийг дайчлан хураагаагүй гэдэг. Полибийн алдар гавьяа, үйл ажиллагааг
өнөөдөр ч түүхчид өндрөөр үнэлдэг. Лукианы гэрчилж буйгаар, Полибий 82-ны
сүүдэр зооглох жилээ мориноос унаж бэртэн, насан зүг болсон гэжээ.
Полибийн «Дэлхий
дахины ойллого түүх» нэрт
бүтээл нь өөрийн цаг үеийнхээ цэрэг, улс төрийн харилцаанд голчлон анхаарсан
онцлогтой байв. Гэхдээ тэрээр үйл явдлыг зүгээр нэг бичиглэхэд бус, харин учир
шалтгаан, харилцан хамаарлыг тогтоох, үйл явцыг тайлбарлан таниулах нь түүхч
хүний зорилго мөн гэж үзэж байжээ.
Титий Ливий Полибийн
бүтээлд өөрийн гэсэн үнэлэлтийг өгчээ.
Полибийн түүхийн бүтээлд
хамгийн сайн тайлбарыг Ливэрпулийн Их Сургуулийн профессор Фрэнк Уильям Уолбэнк
“Полибийн тухай түүхэн тайлбарууд” (A
Historical Commentary on Polybius) нэрт гурван дэвтэр (1957,
1967, 1979) зохиолдоо гаргасан байна.
Профессор Э.
Д. Фролов Полибийг
Герегийн агуу их түүхч хэмээн нэрлээд тэрээр «түүхэн
үзэгдэл, үйл явцын учир шалтгаан, мөн чанарыг ухан ойлгох тухайд томоохон эрэл,
хайгуул эхлүүлж, үзэгдлийн обьектив харилцан уялдаа, хамаарлыг хувь заяа (Tyche) гэсэн
ойлголтоор илэрхийлсэн байдаг»гэжээ.Хувь
заяа болбоос дахин давтагдашгүй, түгээмэл шинж чанартай бөгөөд үзэгдэл, үйл
явцад зайлшгүйг тээнэ.
Профессор А. П.
Беликов Полибийг «Үзэгдэл,
үйл явцыг ухан ойлгон, шинжлэн судлахын хувьд Фукидидын дараа
орох нэгэн» (Беликов,
2003) хэмээн
үнэлж бичжээ.
Полибийн улс төр, эрх зүйн
сургаал тухайн цаг үеийн сэтгэлгээнд, тэр дундаа шударга ёс, хууль цааз, төрийн
засаглалын тухай ойлголтод томоохон нөлөө үзүүлсэн байна. Эртний Герегийн улс
төр, эрх зүйн сэтгэлгээнд байх уламжлалт «эвноми» (сайн сайхан байдал), «дикэ»
(шударга үнэн), «тэмис» (шударга ёс), «номос» (хууль ёс), «диэном» (дур зоргоор
авирлах) тэргүүтэн олон ойлголтуудын зэрэгцээ жам ёсны эрх, хот улсын зохистой
хууль цаазын тухай шинэ санаанууд хөгжүүлжээ.
Төр улс болоод хувь хүмүүсийн
харилцааг шударга ёсоор зохицуулах хэрэгтэй. Харин шударга ёсны зарчмуудыг
нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн баримт бичгүүдээр (дикайон номой)
баталгаажуулж өгвөл сая зохилтой гэж Полибий авгай үзжээ. Полибийн улс төрийн
сургаал төлөвшин тогтоход Герегийн сэтгэгч Платон (жинхэнэ алдар Аристокл),
Аристотель нар багагүй нөлөө үзүүлсэн байна. Төрийн засаглал, тэдгээрийг
ангилах тухайд Платоны, харин хүний жам ёсны эрхийн санаанд Аристотелийн нөлөө
хүчтэй тусчээ.
Хүний жам ёсны эрхийг хоёр
төрлийн ёс горимоор зохицуулна. Үүнд нөхцөлт эрх зүй, жам ёсны эрх зүй орно.
Хууль цааз хэмээгч хүмүүсийн хэлэлцэн тогтоох нөхцөлт эрх зүй бол зан заншил,
хэв хууль (этос) нь жам ёсны эрх зүй болно. Жам ёсны эрх зүйг хэн ч, хэзээ ч
тогтоодоггүй. Тэр болбоос түүхийн хөгжлийн явцад өөрийн жамаар үүсэх хувь
заяаны тусгал юм. Хувь заяа хүний төдийгүй байгаль эхийн бүхий л харилцаанд
зайлшгүй, түгээмэл шинжийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, хүний амьдарч байгаа
хүрээлэн буй орчин бүхэлдээ хувь заяанд захирагдана. Тиймээс хүн жам ёсны эрх
зүйн үндсэн хэлбэр болох ёс заншил, хэв хуульдаа захирагдаж амьдарваас байгаль
дэлхийтэй нийцлийг олно. Гэхдээ энд нэг зүйлийг Полибий онцолсон нь нөхцөлт эрх
зүй буюу хот улсын хууль цааз жам ёсны эрх зүй дээр тулгуурлах ёстой гэж үзсэнд
оршино. Эндээс Полибий улс үндэстэн үл харгалзан бүх ард түмэнд нийцтэй хууль
ёсыг тогтоож болно гэсэн санаа гаргажээ.
Полибий төрт ёсны хөгжлийн
тухай асуудлыг хууль эрх зүйн үүсэлтэй холбон тайлбарлажээ. Хувь заяаны жам
ёсны шаардлагаар нийгмийн харилцаанд орсон хүмүүс эхний ээлжинд ухаан чадал
хэтийдсэн нэгнээ дотроосоо сонгож, түүнд засаг төрийн эрхийг атгуулах, улмаар
цааз хууль зохиосон гэжээ. Төрт улс бий болохоос өмнө хүмүүс хүчтэй, чадалтай
нэгэндээ захирагдаж амьдардаг байсан ба энэ үед хүч чадал, айдас эрх мэдлийн
бэлгэ тэмдэг болж байсан бол төр бий болсноор хууль цааз бүхнийг орлох болжээ.
Гэхдээ төрийн хууль цааз хувь заяаны бодит хэлбэр болох хэв хууль дээр суурилах
учиртай.
Ганц хүний дарангуй,
баячуудын, зохион байгуулалтгүй олон түмний засаглал нийгмийн харилцааны зүй
ёсны суурь, үндэс болсон шударга үнэнд суурилсан хэв ёс, цааз хуулинд үл
захирагддаг учир муу засаглалын хэлбэрүүд болно. Харин эзэн хааны, язгууртны,
ардчилсан засаглал нь хууль цааз, хэв ёсыг хэлбэрэлтгүй сахидаг учир хамгийн
сайн засаглалын хэлбэрүүд юм. Гэхдээ Полибий эзэн хааны, язгууртны, ардчилсан
засаглалын суурь зарчмууд дээр тулгуурласан холимог засаглал байж болохыг
үгүйсгээгүй юм. Ялангуяа Ромын эзэнт гүрний төрийн байгууллыг судлаж үзээд
холимог засаглалын сонгодог хэлбэр гэж тодорхойлжээ.
Олон улсын харилцаа, улс
хоорондын түвшинд жам ёсны эрх зүйн бодит биелэл болсон шударга ёсыг тогтоох
явдал туйлын чухал. Үүнд нэгдсэн хууль цааз тогтоох замаар хүрч болно гэж
үзжээ.
Полибий авгайн улс төр, эрх
зүйн сургаал хойч үеийн мэргэдэд, тухайлбал, Холландын эрдэмтэн Хуго Хроций,
Барух Спиноза нарын бүтээлүүд гүн тусгалаа олжээ.
Гэвч
Полибий авгайг алдар хүндийн оргилд хүргэсэн өөр нэг зүйл бол түүний бичсэн дөчин
дэвтэр бүхий «Дэлхий дахины ойллого түүх» нэрт зохиол юм. Улс төрийн
хувьд Полибийэзэн хааны, язгууртны, ардчилсан засаглалын сайн шинжийг
хослуулсан холимог төрийн үзлийг хөгжүүлжээ(Нэмэлт тайлбар бичиж, утгачилсан докторант Нямаагийн
Отгонбаяр).
ДЭЛХИЙ ДАХИНЫ ОЙЛЛОГО ТҮҮХ
<...>Төрийн
байгууллыг эзэн хааны, язгууртны, ардчилсан гэх гурван хэлбэрт ангилж болох юм.
Мөхөс хүний санахад, эдгээр хэлбэрийн нэгийг онцгойлох юм уу, хамгийн сайн гэж
үзэхэд учир дутагдалтай.Гэвч хэрэв дээрх хэлбэрүүдийн сайн шинжийг хослуулсан
төгс төрийн байгуулал гэж байдаг бол мөхөс хүн зуурам дутуу боджээ гэсэн үг юм.
Энэ үзлийг бид эрэгцүүллээр төдийгүй, бас туршлагаар баталж болох байна. Учир
нь, Ликург яг ийм хэлбэртэй лакедемони төрийг цүглэж байсан түүхтэй. Дээр
дурдсан төрийн гурван хэлбэрийг бүхэлд хамгийн сайн гэх юм уу, эсвэл онцгойлох
боломжгүй. Эзэн хааны болон ганц хүний дарангуй засаг олон зүйлээр хоорондоо
ижил боловч бас ялгаатай гэдгийг бид мэднэ шүү дээ.Хэрэв энэ утгаар нь авч
үзвэл, эзэн хаан бүхий төрийн засаглалуудыг бүхэлд нь, хэмжээгүй эрхт төр гэж
нэрлэж болох талтай. Цааш нь, язгууртны төр баячуудын төртэй олон талаараа
ижилхэн, бас ялгаатай. Энэ бодол санааг ардчилсан төрд ч үргэлжлүүлэн хэрэглэж
болох юм. <...>
Мөхөс
хүний дурдсан засаглалын гурван хэлбэр Ромын төрд ч мөн адил байна. Гэхдээ тэд
дээрх гурван хэлбэрийн засаглалыг нэг төрд гайхамшигтайгаар хослуулж чаджээ.
Үүнийхээ ачаар ганц эзэн хааны, язгууртны, эсвэл ардчилсан засаглалаас ч
илүүтэйгээр төрийн удирдлагыг зүй зохистойгоор хэрэгжүүлж чаддаг болсон байна. Тиймээ,
энэ бүхэн ойлгомжтой. Хэрэв Ромын төрийн консулийн эрх мэдлийг авч үзвэл эзэн
хааны, сенатын эрх мэдлийг язгууртны, ард түмнээ ивгээх бодлогыг авч үзвэл
ардчилсан засаглалтай адилтгаж болох байна. Цөөн хэдэн тохиолыг эс тооцвол
Ромын төр холимог төрийн байгууллын зохистой жишээ юм. Цэрэг эрстэй хамт аян
дайнд үл мордох консулууд Ромд төрийн бүх хэргийг шийдвэрлэдэг: Учир нь,
трибуныг эс тооцвол бусад бүх албан тушаалтан консулд захирагдана: Тэд мөн
сенатад хэлэлцүүлэг өрнүүлэх эрхтэй. Сенатад асуудал хэлэлцүүлж шийдвэрлэхээс
гадна тушаал, зааврын хэрэгжилтэд хяналт тавина. Консул ард түмний эрх ашигт
нийцүүлэн төрийн хэргийг шийдвэрлэх бүрэн эрхтэй. Тэд ардын хурлыг зарлан хуралдуулж,
санал оруулах юм уу, олонхийн шийдвэрийг хэрэгжүүлдэг. Үүний сац, дайтах, аян
дайнд бэлтгэх бүрэн эрхтэй. Учир нь, холбоотноосоо цэргийн тусламж эрэх, жанжин
дарга нарыг томилох, цэрэг эрс дайчлах, цэргийн алба хаах хугацаа товлох зэрэгт
консулын нөлөө хүчтэй илэрдэг. Цэргийн хүрээнд тушаал зөрчих, дэг журамд хамаа
бусаар хандагсадыг гэсгээх нь консулын үүрэг мөн. Тэд улсын хөрөнгийг захиран
зарцуулах эрхтэй. Энэ бүхнээс дүгнэж үзвэл, Ромын төрийг хэмжээгүй эрхт эзэн
хааны засаг гэж тодорхойлж болох юм. Гэвч мөхөс хүний дор өгүүлэх зүйл энэ
дүгнэлтэд ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах болов уу гэж найдна.
Сенатын
хувьд түүний мэдэлд төрийн сан хөмрөг, орлого, зарлагын хамт бүхэлдээ
харьяалагдана. Консулийн шаардснаас бусад тохиолдолд квестор хэргэмтэнгүүд
Сенатын тогтоол юм уу, зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн хэлбэрээр улсын хөрөнгийг
захиран зарцуулах эрхгүй байжээ. Таван жил тутамд Сенатын соёрхон баталснаар
цензорууд нийтийн эзэмшлийг гудамж, талбай, барилгыг засан сэлбэх зорилгоор
мөнгө захиран зарцуулна. Итали улсад болон хилийн гадна үйлдэгдэж буй бүхий л
төрлийн хуйвалдаан, төрийн эргэлт, хүний амь санаатайгаар бусниулах зэрэг
хэргийг Сенат авч хэлэлцэнэ. Хамгаалал эрсэн, бусдад туслах, бусдыг яллах бүх
төрлийн гэмт хэрэгт Сенат санал оруулж шийдвэрлэх эрхтэй. Дайн зарлах,
найрамдал байгуулах, бусад ард түмнээс тусламж эрэх зорилгоор албан ёсны
харилцаа гадны улс гүрнүүдтэй тогтоох нь Сенатын онцгой эрх юм. Элчин харилцаа
тогтоох, элчийг эгүүлэн татах зэрэг нь мөн адил Сенатад хамаарна. Өөр ямар ч
байгууллага энэ төрлийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Хэрэв консул байдаггүй
бол Ромыг язгууртны төр гэж тодорхойлж болох юм. Төрийн ихэнх хэргийг Сенат
шийдвэрлэх учир Герегчүүд ингэж үзэх болжээ.
Төрийн
хэрэгт ард түмний оролцоо тодорхой хувиар оршин байна гэж худал болохгүй билээ.
Учир нь сенат төрийн хэргийг эрхлэн хөтлөх, консул цэрэг, армийн хэргийг түлхүү
анхаарах байдал Ромд ажиглагдана. Гэвч энэ бүхний зэрэгцээ, ард түмний оролцоо
байсаар байгааг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Улс оронд шийтгэн муучлах, соёрхон
батлах эрх чухамхүү ард түмний мэдэлд байдаг. Шийтгэн муучлах, соёрхон батлахын
хооронд хатуу зааг багатай ч хэнийг шийтгэн муучлах, хэнийг соёрхон батлахыг
гагц ард түмэн шийдвэрлэнэ. Ард түмнээр шүүлгэхээс илүү шударга, ёстой зүйл
байдаг гэж үү? Ард түмэн төрийн хүний хөрөнгө мөнгө шамшигдуулж, хүнд гэмт
хэрэг үйлдснийг тодлож өгдөг. Үхэх ял тулгах эрх зөвхөн ард түмэнд байна. Энэ
утгаараа Ромын төрийн байгуулал нийцтэй бөгөөд зохистой: Үхэх ял тулгах, нутаг
орноосоо хөөн зайлуулах эрх гагцхүү ард түмний гарт оршино. <...> Ард
түмэн эрхэм дээд хүмүүст бахархал, нэр төр, эрх мэдлийг хайрлана. Тэд хууль
гаргах, цуцлах, мөн дайн, энхийн асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй. Харин
дараагаар нь, ард түмэн өөрийн эрх ашигт нийцснийг хүлээн зөвшөөрөх, эсвэл эс
дагана. Энэ бүхнээс үзэхэд, Ромын төрд ард түмэн төрийн удирдлагад тодорхой
үүрэгтэй байх бөгөөд түүнийг ардчилсан төр ч гэж тодорхойлж болох юм (Полибiй,
1890, pp. 312-327).
Эх сурвалжийн жагсаалт
Werner, H.
M. (1877). De Polybii vita et itineribus questiones chronologicae.
London.
Беликов, А. П. (2003). Рим и
эллинизм. Онсновные проблемы политических, экономических и культурных
контактов. Диссертация на соискание учёной степени доктора исторических
наук, Ставрополь.
Перов, В. И. (1994). Ахейская война
(147-146 гг. до. н. э). Политическая история и историография: Сбоник
научных статей .
Полибiй. (1890). Всеобщая исторiя
въ сорока книгахъ. Переводъ съ Греческаго Ө. Г. Мищенка , Москва:
Типографiя Е. Г. Потапова, Старая Басманная, д. Мараевой.
Тыжов, А. Я. (1986). Полибий в Риме.
In Античная гражданская община: Проблемы социально-политического развития
и идеологии. Ленинград .