Saturday, July 29, 2017

БОРИС НИКОЛАЕВИЧ ЧИЧЕРИНЫ УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Орос оронд үндсэн хуулийн эрх зүйг хөгжүүлэгч, улс төрийн сэтгэгч, гүн ухаантан, нийтлэлч, сурган хүмүүжүүлэгч нэгэн бол Москвагийн Их Сургуулийн хууль зүйн ухааны профессор Б. Н. Чичерин (1828-1904 он) билээ.
Б. Н. Чичерин 1828 онд Тамбов губерны Краул сууринд чинээлэг, язгууртны гэр бүлд мэндэлсэн. Москвагийн их сургуулийн хууль цаазын салбарт суралцаж, Хэгэлийн эрх зүйн философид татагдан Т. Н. Грановский, В. С. Соловьев, К. Д. Кавелин нарын лекцийг сонсож явсан. Анхны бүтээл нь 1856 онд хэвлэгдсэн «XVII зууны Оросын мужийн байгууллага» нэрт бүтээл бол сүүлийнх нь 1904 онд нийтлэгдсэн «Философийн асуудлууд» гэх өгүүллийн эмхэтгэл болно. 1861-1868 онуудад Борис Николаевич Москвагийн их сургуулийн профессор байсан бол 1882-1883 онуудад Москва хотын даргаар ажиллажээ.
Удалгүй албан ажлаасаа бууж төрөлх сууриндаа амьдрах болсон. 
Чичерин тал бүрийн мэдлэг хосолсон нэвтэрхий эрдэмтэн байжээ. Тухайлбал, онолын химийн чиглэлээр дорвилог бүтээл туурвисан учир Д. И. Менделеевийн санал болгосноор Оросын Хими-Физикийн Нийгэмлэгийн хүндэт гишүүнээр сонгосон байна. Мөн К. Д. Кавелины зэрэгцээ Оросын түүх бичлэг дэх төрийн дэг сургуулийг үндэслэгчдийн нэг гэж тооцогддог байна. XIX зууны хоёрдугаар хагасын үеийн Оросын цолгорсон улс төрийн сэтгэгч Б. Н. Чичерин кадетуудын үзэл санааг илэрхийлж байжээ.
Тэрээр 1904 онд бие баржээ.
Б. Н. Чичерин нийгэм-улс төрийн шинжтэй «Эрхлэн хэвлүүлэгчид хандсан захидал» (1856 он), «Оросын эрх зүйн түүхийн туршлагууд» (1858 он), «Өнөө цагийн хэдэн асуудал» (1862 он), «Ард түмний төлөөллийн тухай» (1866 он), «Төрийн шинжлэх ухааны хичээл» (1894—1898 он), «Эрх зүйн философи» (1900 он) зэрэг олон арван бүтээлүүд нийтлүүлсэн байдаг.
Туйлын үнэт зүйлийг агуулагч хүний төрөлх мүс чанараас эрх зүйн үндсийг хайх хэрэгтэй. Хүний эрх чөлөөг туйлчлах юм уу эсвэл материаллаг талаас авч үзэх хэрэггүй юм. Эрх чөлөө хүний дотоод мөн чанарыг илэрхийлдэг. Эрх чөлөөтэй хүн боломж л олдвол эрх чөлөөнийхөө хүрээ, хил хязгаарыг тэлэхийг эрмэлздэг. Эрх чөлөөт хүмүүс бие биеэнсээ харилцан хүндэтгэх, нэг нэгнээ дэмжин тэтгэх, хүч, чадалтай нэг нь сул доройгоо нунжлан дарахгүй байх тэр нөхцөлийг эрх зүй бий болгож хангаж өгдөг. Өөрөөр хэлбэл, ерөнхий хуулийн хүрээнд нийцүүлж хүмүүсийн эрх чөлөөг харилцан тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх, хэтэрхий эрх чөлөөг хязгаарлах явдал нь эрх зүй юм. Эрх зүй ерөнхий хууль тогтоомжийн хүрээнд эрх чөлөөг харилцан, шударгаар хязгаарлах явдал болно.
Б. Н. Чичерин жам ёсны эрхийн үзэл баримтлалыг үгүйсгэсэн. Түүний хувьд эрх зөвхөн төр улсын дотоодод үүсэх бололцоотой. Эрх чөлөө хүн позитив хуулинд захирагдсан субьектив эрх зүйн этгээд болсон цагт биелэлээ олно.
Нийгмийн амьдралын үндэс нь эрх зүйн субьект байх явдал юм. Хувь хүний эрх чөлөөний хязгаарлалт нийтийн эрх ашгийн үүднээс эрх чөлөөг хязгаарлах эрх бүхий төрийн эрх мэдлээс хамаарна.
Хэгэлийн нэгэн адил Чичерин төрийг ард түмний үндэсний сэтгэл зүйн онцлогоор илрэх нийгмийн харилцааны дээд дэг журам хэмээн үзжээ. Төр хүн оршин байх орчин буюу эх орон, нутаг дэвсгэрийг зохион байгуулна.
Үзэл санааны хувьд Б. Н. Чичерин үндсэн хуульт хаант засаглалыг талархан дэмжиж байсан. Үндсэн хуульт эзэн хаант засаглал нь ганц хүний хүчтэй эрх мэдэл, хууль ёсыг дээдлэх үзэл, хувь хүний эрх чөлөөг эрхэмлэн хүндэлдэг зэргээрээ онцлогтой. Үндсэн хуульт засгийн хүрээнд ардчилсан өөрчлөлтийг бий болгоно гэдэг засаг төрийн эрхийг ард түмэнд өгнө гэсэн үг хараахан биш юм. Улс төрийн үйл ажиллагаанд ард түмнийг татан оролцуулахдаа тодорхой шалгуурыг гол болгож ангилах хэрэгтэй. Хүн бүр улс төрийн хувьд позитив утга тээдэггүй гэсэн санааг тэрээр гаргасан. Үндсэн хуульт засгийн үед төрийн засаглалын нэгдмэл байдлыг хангахын зэрэгцээ эрх мэдлийн хуваарилалт хийх хэрэгтэй. Бүх эрх мэдлийн дээр орших эзэн хаан эрх мэдлийн зохистой хуваарилалтын баталгаа болох ёстой.
Эрх чөлөө, тэгш байдлын дунд тэнцвэрт байдлыг хангах нь төрийн байгуулал тогтвортой оршихын үндэс мөн гэж Б. Н. Чичерин үзсэн. Хэрэв тэгш байдлыг чухалчилбал дарангуйлал үүснэ. Харин эрх чөлөөг эрхэмлэвэл анархи тогтоно.

БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР (ཐ་ཆུ་ང་ནོར་བུ་།༡༩༨༢ཟླ་༦ཚེས་༡༣ཉིན།)