Wednesday, February 20, 2019

INTERNATIONAL POLITICAL SCIENCE ASSOCIATION БУЮУ ОЛОН УЛСЫН УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХОЛБООНЫ ТУХАЙ

Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо (ISPA) нь ЮНЕСКО-гийн ивээл дор 1949 онд үүсгэн байгуулагдсан олон улсын шинжлэх ухааны нэгдсэн холбоо билээ. ISPA нь дэлхий дахинаа улс төрийн шинжлэх ухааныг хөгжүүлэх энэ тэргүүний зорилготой байгууллага юм. Өөрийн түүхэндээ Өрнө, Дорно, Хойд, Өмнөдийн хооронд гүүр болж, өндөр хөгжилтэй болон хөгжиж буй ардчилсан орнуудын эрдэмтэн судлаачдын дунд хамтын ажиллагааг өргөжүүлсээр иржээ. Хүссэн бүхэн үйл ажиллагаанд нь оролцох боломж бүхий дэлхий хэмжээний улс төрийн шинжлэх ухааны нийгэмлэг бий болгох нь түүний зорилго бөгөөд сүүлийн жилүүдэд Зүүн Европ, Латин Америкийн улсууд эрчимтэй хамрагдах болсон. Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо нь НҮБ-ийн Нийгэм, Эдийн Засгийн Зөвлөл (ЭКОСОС), Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан эрхэлсэн НҮБ-ийн төрөлжсөн байгууллага (ЮНЕСКО)-ын дэргэдэх зөвлөх эрхтэй байгууллага бөгөөд Нийгмийн Шинжлэх Ухааны Олон Улсын Зөвлөлийн болон Хөгжлийн Дэлхийн Сүлжээний гишүүн болно.
Үүссэн цагаасаа эхлэн улс болгоны улс төрийн шинжлэх ухааны холбоодыг өөрийн үйл ажиллагааны үндсэн талбар болгосон. Америк, Канад, Франц, Энэтхэгийн улс төр судлаачдын холбоо түүний бүрэлдэхүүнд багтдаг. 1960 он гэхэд дэлхийн 24 орны улс төрийн шинжлэх ухааны холбоо бүрэлдэхүүнд нь багтсан байв. Өнөөг хүртэл тус холбооны гишүүнчлэл өсөн нэмэгдсээр байна. Өнөөдөр дэлхийн 54 улсын улс төрийн шинжлэх ухааны холбоо ISPA-гийн гишүүнчлэлтэй байна. Гишүүн байгууллага бүр ISPA-гийн төв байгууллага болох Зөвлөлд өөрийн төлөөлөлтэй байдаг. Зөвлөл нь холбоонд хамаарал бүхий ерөнхий зарчим буюу дүрмийг тогтоохын  Конгресс хооронд тус холбооны үйл ажиллагааг эрхлэн явуулах Гүйцэтгэх Хороог сонгодог байна.
Хувь болон байгууллагын гишүүнчлэл 1950-аад оны эхээр бий болсон. 1952 онд 52 гишүүдтэй байсан бол өнөөдөр тэдгээрийн тоо даруй 3400 хол давж байна. Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо эмэгтэй гишүүдийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй санаачлагатай ажилласан бөгөөд үр дүнд нь гурван гишүүн тутмын нэгийг бүрдүүлж байна. Үүнээс гадна, улс төрийн шинжлэх ухаанаар сургалт явуулах юм уу улс төрийн асуудлаар судалгаа хийгч 110 гаруй байгууллагыг эгнээндээ элсүүлээд байна. Тус холбооны дүрэмд заасан ISPA-гийн тусгай мандат нь Өрнө, Дорно, Өмнөд, Хойдыг холбогч эрдэм шинжилгээний сүлжээ, дэлхий дахин улс төрийн шинжлэх ухааныг тэрлэн хөгжүүлэхэд нэн таатай нөлөө үзүүлж байна. Ардчилалд шилжиж байгаа болон ардчиллыг сэргээн тогтоож буй орнуудын эрдэмтэн судлаачдын дунд гүн бат хэлхээ холбоо тогтоож, ингэснээр нийгмийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд шаардлагатай эрдэм шинжилгээ, судалгааны эрх чөлөөг хөхиүлэн дэмжих нь тус холбооны тэргүүн зэргийн зорилго болно.
ISPA-гийн бодлого, үйл ажиллагаа нь дэлхийн шинж чанартай юм. Үүнтэй холбоотойгоор улс орнуудын улс төрийн шинжлэх ухааны холбоодыг тэтгэн туслах болсон бөгөөд өнөөдөр тус байгууллагатай ажил хэргийн холбоо тогтоож, дэмжлэг авч ажиллах 50 гаруй улс төрийн шинжлэх ухааны холбоо үйл ажиллагаагаа явуулж байна. ISPA нь Нэгдсэн Үндэстний байгууллагатай нягт хамтран ажиллах замаар олон улсын болон бүс нутгийн улс төрийн шинжлэх ухааны нийгэмлэг, байгууллагуудын хөгжүүлэх үйлсэд идэвхтэй ажиллаж байна.
ISPA-гийн дэлхийн улс төрийн шинжлэх ухааны конгресс нь хоёр жил тутамд хуралдан чуулж, тивээс тивд шилжсээр байна. Буурай хөгжилтэй орнуудын эрдэмтэн судлаачдыг Өмнөдийн дэмжлэг бүхий сангуудын санхүүгийн тэтгэлэгээр дамжуулан үйл ажиллагаандаа татан оролцуулдаг. ISPA-гийн судалгааны хороод нь улс төрийн шинжлэх ухааны тодорхой салбарт ажиллаж буй улс төр судлаачдыг энэ чиглэлээр ажиллаж буй бусад улсуудын судлаачидтай холбогдох боломж олгодог. Дэлхийн Конгресс болон энэ Конгрессын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох судлаачид, улс орнуудын төрөлжсөн холбоодтой хамтран ажиллаж байгаа нөөцөд тулгуурлан судалгаа шинжилгээ хийх нь уг судалгааны хороодын зорилго болно. ISPA нь «International Political Science Review», «Олон улсын улс төрийн рефератууд», «Дэлхийн улс төрийн шинжлэх ухаан, оролцоо» болон цахим хуудсаараа дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт байх улс төр судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийн хэрэгцээг хангадаг. Улс төрийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх ISPA-гийн тэргүүн зорилгын хүрээнд өнөөдөр Өмнөд Америк, Өмнөд Африк гэх мэт бүс нутгуудад судалгааны арга зүйн зуны сургалтууд явуулж байна. Судалгааны хороо, албад байгуулахдаа дор хаяж хоёр тивийн 7-гоос доошгүй улсын төлөөлөл оролцуулахыг хичээдэг нь ISPA бүхий л үйл ажиллагаандаа бүс нутаг, улс орон бүрийн төлөөллийн тэнцвэртэй оролцуулахыг чармайдагт оршино. Уулзалт, дугуй ширээний ярилцлага зэрэгт дээрхийн нэгэн адил нэг тив дөрвөөс багагүй улс оролцуулахыг хичээдэг нь ч үүнтэй холбоотой.
Хойд, Өмнөд, Өрнө, Дорнын судлаачдыг нэгтгэсэн ISPA нь дэлхийн улс төр судлаачдын нийгэмлэгийн үндэс болсон сүлжээг бэхжүүлэхийг эрмэлзэж байна. Иймэрхүү харилцаа холбоо нь дэлхийн дахины харилцан хамааралт байдлыг нэмэгдүүлж гаргасан шийдвэр, зохион байгуулсан хэлэлцүүлгийн чанарыг сайжруулахын зэрэгцээ улс төрийн шинжлэх ухааныг илүү бататган бэхжүүлж өгдөг байна. Эцсийн эцэст ISPA нь дэлхийн хаана ч, ямар ч улс оронд амьдарч буй иргэдийн улс төрийн амьдралд үр дүнтэй оролцох эрхийг баталгаажуулах, эмэгтэй, эрэгтэй хүмүүст адил тэгш боломж олгоход оршидог.
ISPA-гийн академик үйл ажиллагаа дараах гурван үндсэн чиглэл хуваагддаг. Үүнд;
·         Хоёр жил тутам дэлхийн конгресс зохион байгуулах, конгресс хоорондын хугацаанд зохицуулалтын үйл ажиллагаа авч хэрэгжүүлэх;
·         Судлаачдын өргөн хүрээг хамарсан сүлжээ бий болгох замаар улс төрийн шинжлэх ухааны чиглэл дэх судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих;
·         Хэвлэн нийтлэх, үр дүнг нийтэд хүртээх замаар мэдээлэл, судалгааг таниулах ажил хийх болно.
ISPA-гийн үндсэн үйл ажиллагаа нь хоёр жил тутам хуралдах Конгресс болно. 1950-1952 онуудад гурван жил тутамд нэг удаа хуралдах зохицуулалттай байсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн 2000 орчим оролцогчдыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын томоохон эрдэм шинжилгээний байгууллага болж хувирсан. 2012 оноос дэлхийн конгресс хоёр жил тутам хуралдах болсон. Үүнээс гадна ISPA олон улсын эрдэм шинжилгээний хурал, дугуй ширээний ярилцлага, семинар зэрэг шинжлэх ухааны үйл ажиллагааны олон төрлийг санхүүжүүлж байна.
1970-аад оны үеэс эхлэн ISPA-гийн үйл ажиллагаанд бүс нутгийн зохицуулагчид хүч түрэн орж ирсэн. Гурван жил тутам хуралдах конгрессоос гадна гүйцэтгэх хороо конгресс хоорондын үйл ажиллагааг зохион явуулж тайлан мэдээ, нийтлэлүүд гаргах болсон. Өнөөдөр ISPA 49 чиглэлд судалгаа хөгжүүлэхийн зэрэгцээ судалгааны хороод байгуулан ажиллаж байна. Эдгээрт;
·         RC01 – үзэл баримтлал, арга
·         RC02 – Улс төрийн элит
·         RC03 – Европын нэгдэл
·         RC05 – Нутгийн өөрийн удирдлага, бодлогын асуудлаарх харьцуулсан судалгаа
·         RC06 – Улс төрийн социологи
·         RC07 – Эмэгтэйчүүд ба улс төр
·         RC08 – Хууль тогтоомжийн асуудлаарх судалгаа
·         RC09 – Шүүхийн харьцуулсан шинжилгээ
·         RC10 – Цахим ардчилал
·         RC11 – Шинжлэх ухаан ба улс төр
·         RC12 – Биологи ба улс төр
·         RC13 – Ардчилах үйл явцын харьцуулсан шинжилгээ
·         RC14 – Улс төр ба угсаатны бодлого
·         RC15 – Улс төр, соёлын газар зүй
·         RC16 – Нийгэм-улс төрийн олон ургальч үзэл
·         RC17 – Нийгмийн санаа бодлын харьцуулсан шинжилгээ
·         RC18 – Ази-Номхон далай судлал
·         RC19 – Жендерийн бодлого ба улс төр
·         RC20 – Улс төрийн санхүүжилт ба авлига
·         RC21 – Улс төрийн нийгэмшилт ба боловсрол
·         RC22 – Улс төрийн харилцаа холбоо
·         RC23 – Сонгууль, иргэн ба нам
·         RC24 – Зэвсэгт хүчин ба нийгэм
·         RC25 – Эрүүл мэндийн салбар дахь харьцуулсан бодлого судлал
·         RC26 – Хүний эрх, эрх чөлөө
·         RC27 – Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт
·         RC28 – Холбооны улсын харьцуулсан шинжилгээ, олон шатат удирдлага
·         RC29 – Психополитик
·         RC30 – Төрийн бодлогын харьцуулсан шинжилгээ
·         RC31 – Улс төрийн философи
·         RC32 – Төрийн бодлого, захиргаа
·         RC33 – Улс төрийн шинжлэх ухааны мэдлэгийн судалгаа
·         RC34 – Ардчиллын чанар
·         RC35 – Технологи ба хөгжил
·         RC36 – Улс төрийн хүчин
·         RC37 – Тулхтай улс төрийн хөгжил
·          RC38 – Улс төр ба бизнес
·         RC39 – Сайн сайхан төр ба хөгжиж буй нийгэм
·         RC40 – Дэлхий дахины шинэ хэрэгцээ, шаардлага
·         RC41 – Геополитик
·         RC42 – Аюулгүй байдал
·         RC43 – Шашин ба улс төр
·         RC44 – Ардчилах үйл явц дахь зэвсэгт хүчний оролцоо
·         RC45 – Олон улсын харилцаа
·         RC47 – Дэлхий дахин-бүс нутгийн харилцаа
·         RC48 – Захиргааны соёл
·         RC49 – Социализм, капитализм, ардчилал
·         RC50 – Улс төрийн хэл
·         RC51 – Олон улсын улс төрийн эдийн засаг
ISPA нь Бразилийн Сан-Паула (2010 он), Өмнөд Африкийн Стелленбош (2011-2013 онууд), Сингапур (2012 он), Турк улсын Анкара (2013 он), Мексик (2016 он) зэрэг газар зуны сургалтууд явуулсан. Зуны сургалтын давуу тал нь улс төр судлаачдад улс төрийн судалгааны салбарт ашиглагдах сүүлийн үеийн судалгааны арга зүйн ололтуудтай танилцуулахад оршино. Сүүлийн үед цахим хуудсаараа дамжуулан идэвхтэй ашиглагдаж буй улс төрийн шинжлэх ухааны 300 цахим хуудсыг ишлэлд тулгуурлан эрэмбэлэх болсон. Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо, түүний үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын талаар цухас танилцуулахад ийм байна.
БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn