УЛС ТӨРИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮҮХ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠰᠡᠳᠬᠢᠯᠭᠡᠨ ᠦ ᠲᠡᠦᠬᠡ
УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠰᠤᠳᠤᠯᠤᠭᠠᠴᠢ ᠨᠢᠮᠠ ᠶᠢᠨ ᠣᠳᠬᠣᠨᠪᠠᠶᠠᠷ
Tuesday, March 10, 2020
Wednesday, June 19, 2019
ГЕРМАНЫ ЛИБЕРАЛИСТ ҮЗЭЛ САНААГ ХӨГЖҮҮЛЭГЧ КАРЛ ФОН РОТТЭК
Карл фон Роттэк
|
|
Karl von Rotteck
|
|
Төрөлх алдар
|
Karl Wenzeslaus Rodeckher von Rotteck
|
Мэндэлсэн он
|
1775 оны зургаадугаар сарын 18
|
Мэндэлсэн
газар
|
Фрайбург хот
|
Бие барсан он
|
1840 оны арваннэгдүгээр сарын 26 (65 насандаа)
|
Бие барсан
газар
|
Фрайбург хот
|
Харьяалал
|
·
Герман улс
|
Үйл ажиллагааны төрөл
|
Улс төрч,
түүхч, эрх зүйч
|
Эцэг
|
Карл Антон
Родэкхэр фон Роттэк
|
Эх
|
Шарлотта
Пуаро д’Ожэрон
|
Эхнэр
|
Катарина Морс
|
Хүүхэд
|
Карл, Юлиус,
Герман, Фанни, Густав
|
Карл фон Роттэк (Karl von Rotteck, 1775
оны зургаадугаар сарын 18 нд Фрайбург хотноо — 1840
оны арваннэгдүгээр сарын 26 нд Фрайбург хотноо ) — болбоос
Бадэн мужийн улс төрч, түүхч, эрх зүйч нэгэн болно.
Герман дахь либерал урсгалыг
үндэслэгчдийн нэг гэгдэх тэрээр хуучны лотарин овгийн франц эмэгтэй Шарлотта д’Ожэрон гэгчийн хүү болно. Эх нь зэгсэн
боловсорсон, тал бүрийн авьяас хэтийдсэн нэгэн байв. Хүүгийнхээ үзэл санаа
хэлбэржин тогтоход тэрээр идэвх зүтгэл гаргаж ажилласан байна. Карл Францын
утга зохиол, хэлийг сайн мэддэг нэгэн байв. Роттэк сүүлд эхийнхээ зүтгэлийг
олон талаар үнэлсэн байдаг.
Карлын эцэг болбоос Фрайбургийн Их
Сургуулийн анагаах ухааны салбарын декан бөгөөд өвөг эцэг нь Фрайбургт биеийн
бүтцийн факультетийг үүсгэн байгуулжээ. Гэвч Карлын гэр бүл тайж угсаатай
байгаагүй юм. 16 насандаа эцгээ алдсан тэрээр түүний үйл хэргийг үргэлжлүүлээгүй
билээ.
Карл фон Роттэкийн хувь сэтгэл зүйн
онцлог нь түүний үзэл санаа, онолын сургаалд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн
байна. Франц хэл, утга зохиолд шимтэх болсон нь түүнийг либерал үзэл санаанд
ээнэгшин дасахад нөлөөлсөн байна. Цэвэр онол, үзэл санааны өв уламжлалыг
хөгжүүлсэн гэдгээрээ тухайн цаг үеийн ихэнх судлаачдаас ялгардаг болно.
1790 онд Фрайбургийн Их Сургуульд
элсэж орсон тэрээр эхэндээ гүн ухаан, хэл шинжлэлийн чиглэлд мэргэшиж байгаад
сүүлээр 1792 оноос хууль цаазын ухаанд шимтэх болжээ. Эхийн талын гэр бүлийн
уламжлалаа дагаж өмгөөлөгч болохоор шийдсэн байна. Эрүүл мэндийн байдал илтэд
дордсон, холэрик зан суртхаалтай байсан зэрэг олон саад түүнийг тойроогүй юм. Эрүүл
мэндийн байдал ихээхэн дордсон тул хөдөө гарч, биеэ сувилж байжээ.
1798 онд Их Сургуулийн дэлхий дахины
түүхийн тэнхимийн профессор болсон тэрээр үеийнхэндээ нэр цолгорч үлдсэн
байдаг. Өгүүлэн буй үед багшлах ажилд өөрийгөө бүрэн зориулж, түүх, гүн ухааны
сор бүтээл болсон Фукидад, Плутарх, Хэродит, Ливи, Локк, Смит, Филдинг,
Монтескье, Вольтэр, Руссо, Макиавэлли, Лэссинг, Хэрдэр нарын зохиолтой
танилцсан байна.
1812-1829 оны хооронд “Дэлхий дахины
түүх” нэртэй олон дэвтэр бүтээлээ нийтлүүлсэн байна. Хэдийгээр Германид нэр
цолгорсон, түүний бүтээл өндөр үнэлэлт авдаг ч мөн чанарын хувьд онолын шинжтэй
байсныг дурдахгүй өнгөрч болохгүй билээ.
1818 онд тэрээр түүхийн тэнхимийн
профессорын ажлаа орхиж, эрх зүйн тэнхимд шилжсэн байна. Хууль эрх зүй гэгч
Роттэкийн хувьд бодит байдал төдийгүй төгс байгаль-эрх зүйн үзэл баримтлал
байв. 1819 онд “Төрийн түшмэдийн тухай үзэл санаа” гэх хоёр дахь бүтээлээ
нийтлүүлсэн байна. Үүндээ тэрээр ард түмний төлөөлөх хэлбэрийн төгс хэв маяг
гаргаж ирэхийг хичээсэн байдаг.
1829-1836 онуудад Роттэк төр, эрх
зүйн онолын дөрвөн дэвтэр сурах бичиг бүтээсэн байна. Рационализмын уламжлалын
хүрээнд XVIII зууны хийсвэр сэтгэлгээний нэгэн ноён оргил болж үлдсэн
байна.
Дахин нэр цохож хэлэхэд Роттэк болбоос либерал
сэтгэлгээний тод томруун төлөөлөгч байсан билээ. Их гүн Карлын 1818 оны
наймдугаар сарын 28 нд ёсчилсон Бадэны үндсэн хуулийн дараа их сургуулийн
нөхдийн хамт Бадэны Ландтагийн дээд танхимийн гишүүнээр сонгогдсон байна. 1831
оноос эхлэн амьдралын сүүл үе хүртлээ доод танхимийн гишүүн байлаа. Өөрийгөө
ард түмний төлөөлөгч хэмээн үзэж, тэрслүү байр сууринд шилжсэн бөгөөд
парламентын либерал үзэл бодол бүхий бүлгэмийн удирдагч байжээ. Үндсэн хуульт
засаг тогтоох, хүн бүрт хэвлэн нийтлэх эрх чөлөө олгох, хэмжээгүй эрхт засгийг
халж, хамжлагат ёсыг устгахын төлөө цогтой тэмцэгч нэгэн байжээ.
1832 оны зунаас Роттэк дахин утга зохиолын ажилд шилжсэн
байна. Алдарт эдийн засагч Фридрих Лист Роттэкт Вэлькэртэй хамтран «Төрийн мэдээ» сэтгүүлийн шүүдэглэгч болох санал тавьсан байна. Ингээд эрх зүй, түүх,
эдийн засаг, шашин, сүм хийд зэрэг сэдвээр нийтдээ 90 гаруй өгүүлэл бичиж
нийтлүүлсэн байдаг.
Шургуу ажилласны сүүлд их эрдэмтний эрүүл мэндийн байдал дордож, аажмаар
үхэж эхэлсэн байна. «Би алгуур
үхэж байна» хэмээх
үг түүний сүүлчийнх байлаа. Роттэкийн үхэл зөвхөн Бадэнчуудын төдийгүй нийт
Германы хувьд эмгэнэл байлаа. Учир нь Германы либерал хөдөлгөөн өөрийн нэг
удирдагчийг алдсан юм.
Карл фон Роттэкийн онолын өргөн хүрээтэй өвийн салшгүй нэг бүрэлдэхүүн
хэсэг нь түүний улс төр-эрх зүйн сургаал билээ. Юуны түрүүнд, түүний эрх зүйн
онол хүний байгалийн буюу жам ёсны байдлын талаарх үзэл санаан дээр суурилдаг.
Өөрийгөө үхэглэн өмгөөлөх, эдэд тачаадах хүсэл үгүй байхдаа л хүмүүс нэг
нэгнийхээ эсрэг дайсагнах нөхцөлөө бий болгосон байдаг. Энэ нь эргээд төрт
харилцаа үүсэхийн угтал болсон байна. Роттэкийн үзсэнээр төрийн үүсэлд өмчийн
харилцаа суурь нөлөө үзүүлсэн байна. Гэхдээ өмчит харилцаа хөгжлийн явцдаа
энгийнээс нарийн руу, бүдүүлэг харилцаанаас нарийн, зохион байгуулалт бүхий
харилцаанд дэвшин орох хэлбэрээр эрэмблэгдэж иржээ. Энгийн хүртэхүй, эзэмшихүй,
өмч хөрөнгө гэх гурван үе шатыг дамжсан болно.
Роттэкийн улс төр-эрх зүйн онолын өөр нэг бүрэлдэхүүн хэсэг нь эрх чөлөө,
тэгш байдал юм. Эрх чөлөө гэдэг нь хүн хүсэл сонирхлоо хязгаарлалтгүй
илэрхийлэх боломжийг хэлнэ. Нэг талаас бусдаас хараат бусаар ямар нэгэн юм
хүсэхийг, нөгөө талаас, бусдын хүсэл сонирхолд өөрийн хүсэл сонирхлоо хязгаарлахыг
эрх чөлөө гэнэ. Эхний тохиолдол нь дотоод, хоёр дахь тохиолдол нь гадаад эрх
чөлөөний илрэл юм. Тэгш байдал гэгч эрх чөлөө, эрхтэй энэ тэнцүү ойлголт болно.
Германы либерал сэтгэлгээний үндсэн санаа нь төр, нийгмийн үүслийн тухай
асуудалд төвлөрдөг байна. Төр, нийгмийн үүсэл нь тэдгээрийн легитим шинжтэй
шууд холбогдоно. Роттэкийн үзсэнээр, төр, нийгэм цаг хугацааны хувьд нэгэн
зэрэг үүссэн болно. Төрийн үндсэн чиг үүрэг нь иргэдийг хамгаалахад оршино. Харин
нийтлэг зорилгод хүрэх явцад оюунлаг хүмүүсийг эрх зүйд тулгуурлан нэгтгэх нь
нийгэм болно. Эндээс үзвэл төр гэдэг нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах
зорилго бүхий хүмүүсийн нэгдэл юм. Төрийн зорилго нь хүний жам ёсны,
уламжлагдсан эрхийг баталгаажуулж, иргэний эрх чөлөөг дээд зэргээр хангах явдал
юм. Юуны түрүүнд, төр өмчийн харилцааг хадгалж, баталгаажуулах бөгөөд өмчид
халдсан хэн бүхнийг хатуу чангаар гэсгээн шийтгэх байх ёстой болдог. Учир нь
өмч гэгч хүний төрөлх мүс чанарт нийцсэн суурь үнэт зүйл юм. Гэрээнээс гадуур
эрх, үүрэг гэсэн ойлголт байдаггүй. Нийтлэг хүсэл сонирхлын гол зорилго нь
нийтийн сайн сайхан байдлыг хангахад оршино. Гэхдээ хамгийн гол нь, хүмүүсийн
дунд зөрчил үүссэн тохиолдолд шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх дээд зарчим,
төрийн дээд эрх мэдлийг тогтоох явдал чухал байдаг. Сонгуулийн эрхийн хувьд
Карл фон Роттэк цэвэр либерал зарчмыг хөгжүүлсэн байна. Түүний үзсэнээр төр
засгийг бүрдүүлэх язгууртны зарчим мөн чанарын хувьд харгис шинж чанартай юм. Гэхдээ
эмэгтэйчүүд, боол зардас, эрхээ хасуулсан хүмүүс сонгуулийн эрх эдлэх
боломжгүй.
Иргэний болон улс төрийн тэгш байдлыг бий болгох учир хоёр танхимт
төлөөллийн тогтолцоо нийцгүй гэдгийг Роттэк онцолсон. Шүүх эрх мэдэл хууль
тогтоох болон захиргааны эрх мэдлээс тусгаар, ангид байх ёстой. Ингэхдээ уг
тусгаар байдал нь төрийн мэдлийн шүүх байгууллагыг устгаснаар бий болох
бололцоотой.
Үндсэн хууль гэгч улсын тэргүүн-вангийн зүгээс эрх мэдлээ хязгаарлахыг
хүлээн зөвшөөрсөн чимин бичиг бөгөөд засгийн газар, ард түмний хоорондын
харилцааг зохицуулахад чиглэгддэг байна. Төрийн засаглалын төгс хэлбэр нь бүгд
найрамдах засаг юм. Ингэхдээ бүгд найрамдах засагт эрх мэдэл хуваарилах замаар
нийтийн хүсэл сонирхлыг хангах бололцоотой. Гэхдээ өөрийн амьдарч байсан цаг
үедээ бүгд найрамдах засгийг үхэглэн хамгаалж байсангүй. Тухайлбал, Германид
үндсэн хуульт хаант засаг нийцтэй гэсэн түүний үзэл санаа үүнийг гэрчилнэ. Карл
фон Роттэк болбоос XIX зууны тэргүүн
хагас дахь Германы нэр цолгорсон эрдэмтэн болно. Хүн төрөлхтний, ялангуяа
Европын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэгийг
онцлох хэрэгтэй болов уу.
МОНГОЛ ХЭЛНЭЭ УТГАЧИЛСАН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ
НЯМААГИЙН ОТГОНБАЯР
Email; otgonbayar.n@etugen.edu.mn
АНГЛИЙН ГҮН УХААНТАН ТОМАС ХОББСЫН СЭТГЭЛ ЗҮЙН СУРГААЛ
XVI-XVII зууны зааг үеийн
нэр цолгорсон эрдэмтэн, гүн ухаантан болбоос Английн бичгийн их хүн Томас Хоббс
(1588-1679 он) билээ. Эрдэмтэн
судлаачид түүний улс төр, эрх зүйн болон философи сэтгэлгээний түүхэнд оруулсан
хувь нэмрийг ихэд дотночлон үздэг боловч сэтгэл зүйн талаар гаргасан санааг тэр
бүр дэлгэрүүлэн авч үздэггүй, энэ хэрээрээ уг чиглэл дэх судалгаа зуурам дутуу
орхигдох хандлагатай байдаг. Тэрээр 1642 онд «Иргэний тухай», 1651 онд «Левиафан», 1655 онд «Биетийн тухай», 1658 онд «Хүний тухай» зэрэг зохиолууд
гаргажээ. Монгол улсын тухайд
ч мөн адил байгааг цохон тэмдэглэх хэрэгтэй.
Юуны түрүүнд, материаллаг бус,
онцгой субстанци болох сэтгэл санаа оршин байхыг Хоббс бүрэн үгүйсгэсэн байдаг.
Декарт “Би сэтгэж байна. Ингэхлээр би оршиж байна” хэмээн үзсэн бол Хоббс эсрэг
үзэл санааг дэвшүүлсэн байдаг. Сэтгэл санаа гэгч бие махбодын үйл ажиллагааны
илрэл төдий болно. Байгаль
дэлхий гэгч механик хууль, зүй тогтолд захирагдах биетийн харилцан үйлчлэл,
хөдөлгөөнөөс өөр юу ч биш юм. Харин хүртэхүй нь хөдөлгөөнийг үүсгэгч мэдэрхүйн
субьектэд хөдөлгөөнд орших обьектын зүгээс нөлөөлөл үзүүлж, дүр, төсөөлөл бий
болгох үйл явцыг хэлнэ. Тухайлбал, сэтгэл ханамжтай байх, өвдөж шаналах, хүсэж
тэмүүлэх, хайрлаж дурлах, үзэн ядаж тачаадах бүгд мөн чанартай хөдөлгөөн болно.
Туршлагаас үл хамаарах үзэл санаа
оршин байх тухай Декартын заяагдмал санааны онолыг Хоббс үгүйсгэж байв.
Декартын рационализмын эсрэг өөрийн сенсуалист эмпиризмыг сөргүүлэн гаргажээ.
Хүний танин мэдэхүйн эхлэл нь хүртэн мэдэрхүй, туршлага байх бөгөөд эх үндэс нь
бодит ертөнц болно. Өөрөөр хэлбэл, бодит ертөнц, бидний хүрээлэн буй бүхэн үгүй
бол танин мэдэхүй, тэрчлэн оюун ухаан, үзэл санаа байх бололцоогүй билээ.
Тиймдээ ч “хүртэхүй, мэдэрхүй гэж үгүй бол оюун ухаанд тусагдах нэг ч ойлголт
үүсэхгүй байх байлаа” хэмээн бичжээ. Улмаар цааш нь бичихдээ хүртэхүйн шалтгаан
нь – “ гадаад биет буюу юмс” болно гэжээ. Организмд нөлөөлөл үзүүлэгч
материаллаг биет, юмс нь хүртэхүйг бий болгоно. Хүртэхүй гэгч нь гадаад
хөдөлгөөн дотогш шилжихийг хэлнэ. Сэтгэцийн бусад үзэгдэл цөм хүртэхүйгээс
эхтэй. Хүртэхүйгээс инерцийн хууль, зүй тогтлоор төсөөлөл бий болно. Төсөөлөл гэгч
нь сэтгэлгээний гинжин холбоос юм. Хэл яриа гэгч холбоолсон үйл явц юм. Гэхдээ холбоог
танин мэдэхүйн доод хэлбэр хэмээн үзээд оюун ухаан, хүсэл зоригийн хяналтын
үүрэг гүйцэтгэгч холбоонд тэргүүлэх ач холбогдол өгч байсан Лэйбниц, Спиноза,
Декарт нараас ялгаатай нь Хоббс холбоосыг сэтгэл зүйн түгээмэл зүй тогтол гэж
тайлбарласан байдаг. Холбоосын механизм нь сэтгэцийн бүхий л үйл явцын үндэс
байж, түүний дээд илрэл болох рационал танин мэдэхүй, дур зоргын үйлдлийг бий
болгодог байна. Ийнхүү Хоббс механик-шалтгаант шинж чанар бүхий үзэл санаагаа
хөгжүүлсэн байна.
Хоббс сенсо-мотор үйл явц хэмээн
рефлексийг үзсэн Декартаас ялгаатай нь сенсо-сенсор үйл явц мөн гэж үзсэн
байдаг. Оюун ухаан гэгч амьд биетийн зүгээс материаллаг эдийг хүртэн мэдрэх
явцад өөрөөр хэлбэл, туршлагын явцад үүсэх зүйл мөн гэжээ. Оюун ухааны мөн
чанар нь өөрөө механик шинж чанартай. Тооцоолох, бодох, санах зэрэг нь бүгд
механик шинжтэй болно. “ Оюун ухаан гэдэгт миний бие тооцоолохуйг ойлгож байна.
Тооцоолох гэгч нь нэрийтгэл нэгэн эдийг бусдаас зааглах юм уу юмсын нийлбэрийг
тогтоох үйл явц мөн. Ингэхлээр би сэтгэж байна гэдэг нь уг чанартай юмсыг
тооцоолох, нэгтгэн илэрхийлэхийн нэр болно” гэж Хоббс бичжээ. Сэтгэхүйн үйл
явцын жишээ нь а) хүн = амьд амьтан + сэтгэдэг: б) амьд амьтан = хүн + сэтгэдэг. Оюун
ухаан гэгч нэгэн төрлийн тооцоолох машин болно. Иймд Хоббсыг кибернитик
хандлагыг үндэслэгч мөн гэж үздэг болно.
Хөдөлгөөн, түүний үр дагаврыг
урьдаас хатуу тогтоосон байдаг тул хүнд эрх чөлөө хэрэггүй гэж Хоббс үзсэн
байна. “эрх чөлөө буюу чөлөөт хүсэл гэгч бусад амьтадаа бодвол хүнд хамгийн
хэрэггүй зүйл юм....Хүсэл гэгч өөрөө хүслийнхээ суурь шалтгаан болж байдаг” гэж
тэрээр бичжээ. Эрх чөлөө гэгч зайлшгүйтэй огтоос хамааралгүй болно. Харин дур
зорго мөн. Сайн сайхан гэгч хүний зорин тэмүүлэхүй болно. Муу муухай гэгч хүний
зугтаан дайжих тэр зүйл юм. Иймд ёс суртахуун гэгч ямар ч ач холбогдолгүй зүйл
болно. Ингэхлээр ёс суртахууны прагматик үүдлэг орлох учиртай. Хүн мүс чанарын
хувьд амин хувиа хичээгч, өөдгүй амьтан болно.
МОНГОЛ
ХЭЛНЭЭ БУУЛГАСАН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН
ОТГОНБАЯР
Wednesday, April 10, 2019
НИДЕРЛАНДЫН УЛС ТӨР СУДЛААЧ АНДРЭ КРУВЭЛ
Андрэ Крувэл (André Krouwel, 1964) нь Амстердамын Их Сургуулийн улс төрийн
харилцаа, холбооны чиглэлээр хичээл заадаг багш бөгөөд Kieskompas (Election Compass) байгууллагын
хувьцаа эзэмшигч, үндэслэн байгуулагч болно. Крувэлийн судалгаа улс төрийн нам,
сонгуулийн үйл явцыг судлахад чиглэгдсэн байдаг. Өрнөд Европ дахь улс төрийн
намын шинэчлэл, өөрчлөлтийн сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Түүний уг
эрдмийн зэрэг горилсон бүтээлийг (Party Transformations in European
democracies) SUNY Press компанаас эрхлэн хэвлүүлсэн байдаг.
Европын ардчилсан орнууд дахь улс төрийн намын чиг үүрэг, мөн чанарын
хувирал, өөрчлөлт, шинэ улс төрийн хүчин, улс төрийн энтрепренёрүүдийн талаар
нийтлэл нь судлаачдын дунд ихээхэн түгсэн байдаг. Сүүлийн үеийн бүтээлүүддээ
олон нийтийн санаа бодлыг цахим хэлбэрээр хэрхэн бүрдүүлэх, ерөнхийлөгчийн
болон парламентын засаглалтай орнуудын сонгуулийн тогтолцоо, сонгогчдын зан
үйл, улс төрийн нам, нийгмийн хөдөлгөөн зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөж
судлах болсон.
Цахим шуудангийн хаяг: andre.krouwel@vu.nlWednesday, February 20, 2019
INTERNATIONAL POLITICAL SCIENCE ASSOCIATION БУЮУ ОЛОН УЛСЫН УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХОЛБООНЫ ТУХАЙ
Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо (ISPA) нь ЮНЕСКО-гийн ивээл дор 1949 онд үүсгэн байгуулагдсан
олон улсын шинжлэх ухааны нэгдсэн холбоо билээ. ISPA нь дэлхий дахинаа улс төрийн
шинжлэх ухааныг хөгжүүлэх энэ тэргүүний зорилготой байгууллага юм. Өөрийн
түүхэндээ Өрнө, Дорно, Хойд, Өмнөдийн хооронд гүүр болж, өндөр хөгжилтэй болон
хөгжиж буй ардчилсан орнуудын эрдэмтэн судлаачдын дунд хамтын ажиллагааг
өргөжүүлсээр иржээ. Хүссэн бүхэн
үйл ажиллагаанд нь оролцох боломж бүхий дэлхий хэмжээний улс төрийн шинжлэх
ухааны нийгэмлэг бий болгох нь түүний зорилго бөгөөд сүүлийн жилүүдэд Зүүн
Европ, Латин Америкийн улсууд эрчимтэй хамрагдах болсон. Олон Улсын Улс Төрийн
Шинжлэх Ухааны Холбоо нь НҮБ-ийн Нийгэм, Эдийн Засгийн Зөвлөл (ЭКОСОС), Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан эрхэлсэн НҮБ-ийн төрөлжсөн
байгууллага (ЮНЕСКО)-ын дэргэдэх
зөвлөх эрхтэй байгууллага бөгөөд Нийгмийн Шинжлэх Ухааны Олон Улсын Зөвлөлийн
болон Хөгжлийн Дэлхийн Сүлжээний гишүүн болно.
Үүссэн цагаасаа эхлэн улс болгоны улс төрийн шинжлэх
ухааны холбоодыг өөрийн үйл ажиллагааны үндсэн талбар болгосон. Америк, Канад,
Франц, Энэтхэгийн улс төр судлаачдын холбоо түүний бүрэлдэхүүнд багтдаг. 1960
он гэхэд дэлхийн 24 орны улс төрийн шинжлэх ухааны холбоо бүрэлдэхүүнд нь
багтсан байв. Өнөөг хүртэл тус холбооны гишүүнчлэл өсөн нэмэгдсээр байна.
Өнөөдөр дэлхийн 54 улсын улс төрийн шинжлэх ухааны холбоо ISPA-гийн гишүүнчлэлтэй байна.
Гишүүн байгууллага бүр ISPA-гийн төв байгууллага болох Зөвлөлд өөрийн
төлөөлөлтэй байдаг. Зөвлөл нь холбоонд хамаарал бүхий ерөнхий зарчим буюу
дүрмийг тогтоохын Конгресс хооронд тус
холбооны үйл ажиллагааг эрхлэн явуулах Гүйцэтгэх Хороог сонгодог байна.
Хувь болон байгууллагын гишүүнчлэл
1950-аад оны эхээр бий болсон. 1952 онд 52 гишүүдтэй байсан бол өнөөдөр
тэдгээрийн тоо даруй 3400 хол давж байна. Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны
Холбоо эмэгтэй гишүүдийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй санаачлагатай ажилласан
бөгөөд үр дүнд нь гурван гишүүн тутмын нэгийг бүрдүүлж байна. Үүнээс гадна, улс
төрийн шинжлэх ухаанаар сургалт явуулах юм уу улс төрийн асуудлаар судалгаа
хийгч 110 гаруй байгууллагыг эгнээндээ элсүүлээд байна. Тус холбооны дүрэмд
заасан ISPA-гийн тусгай мандат нь Өрнө, Дорно, Өмнөд, Хойдыг холбогч эрдэм
шинжилгээний сүлжээ, дэлхий дахин улс төрийн шинжлэх ухааныг тэрлэн хөгжүүлэхэд
нэн таатай нөлөө үзүүлж байна. Ардчилалд шилжиж байгаа болон ардчиллыг сэргээн
тогтоож буй орнуудын эрдэмтэн судлаачдын дунд гүн бат хэлхээ холбоо тогтоож,
ингэснээр нийгмийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд шаардлагатай эрдэм шинжилгээ,
судалгааны эрх чөлөөг хөхиүлэн дэмжих нь тус холбооны тэргүүн зэргийн зорилго
болно.
ISPA-гийн бодлого, үйл ажиллагаа нь
дэлхийн шинж чанартай юм. Үүнтэй холбоотойгоор улс орнуудын улс төрийн шинжлэх
ухааны холбоодыг тэтгэн туслах болсон бөгөөд өнөөдөр тус байгууллагатай ажил
хэргийн холбоо тогтоож, дэмжлэг авч ажиллах 50 гаруй улс төрийн шинжлэх ухааны
холбоо үйл ажиллагаагаа явуулж байна. ISPA нь Нэгдсэн Үндэстний байгууллагатай
нягт хамтран ажиллах замаар олон улсын болон бүс нутгийн улс төрийн шинжлэх
ухааны нийгэмлэг, байгууллагуудын хөгжүүлэх үйлсэд идэвхтэй ажиллаж байна.
ISPA-гийн дэлхийн улс төрийн шинжлэх
ухааны конгресс нь хоёр жил тутамд хуралдан чуулж, тивээс тивд шилжсээр байна. Буурай
хөгжилтэй орнуудын эрдэмтэн судлаачдыг Өмнөдийн дэмжлэг бүхий сангуудын
санхүүгийн тэтгэлэгээр дамжуулан үйл ажиллагаандаа татан оролцуулдаг. ISPA-гийн
судалгааны хороод нь улс төрийн шинжлэх ухааны тодорхой салбарт ажиллаж буй улс
төр судлаачдыг энэ чиглэлээр ажиллаж буй бусад улсуудын судлаачидтай холбогдох
боломж олгодог. Дэлхийн Конгресс болон энэ Конгрессын үйл ажиллагаанд идэвхтэй
оролцох судлаачид, улс орнуудын төрөлжсөн холбоодтой хамтран ажиллаж байгаа
нөөцөд тулгуурлан судалгаа шинжилгээ хийх нь уг судалгааны хороодын зорилго
болно. ISPA нь «International Political Science
Review», «Олон улсын улс төрийн рефератууд», «Дэлхийн улс төрийн шинжлэх ухаан, оролцоо» болон цахим хуудсаараа дамжуулан дэлхийн өнцөг булан
бүрт байх улс төр судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийн хэрэгцээг
хангадаг. Улс төрийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх ISPA-гийн тэргүүн зорилгын хүрээнд
өнөөдөр Өмнөд Америк, Өмнөд Африк гэх мэт бүс нутгуудад судалгааны арга зүйн
зуны сургалтууд явуулж байна. Судалгааны хороо, албад байгуулахдаа дор хаяж
хоёр тивийн 7-гоос доошгүй улсын төлөөлөл оролцуулахыг хичээдэг нь ISPA бүхий л
үйл ажиллагаандаа бүс нутаг, улс орон бүрийн төлөөллийн тэнцвэртэй оролцуулахыг
чармайдагт оршино. Уулзалт, дугуй ширээний ярилцлага зэрэгт дээрхийн нэгэн адил
нэг тив дөрвөөс багагүй улс оролцуулахыг хичээдэг нь ч үүнтэй холбоотой.
Хойд, Өмнөд, Өрнө, Дорнын судлаачдыг
нэгтгэсэн ISPA нь дэлхийн улс төр судлаачдын нийгэмлэгийн үндэс болсон сүлжээг
бэхжүүлэхийг эрмэлзэж байна. Иймэрхүү харилцаа холбоо нь дэлхийн дахины
харилцан хамааралт байдлыг нэмэгдүүлж гаргасан шийдвэр, зохион байгуулсан
хэлэлцүүлгийн чанарыг сайжруулахын зэрэгцээ улс төрийн шинжлэх ухааныг илүү
бататган бэхжүүлж өгдөг байна. Эцсийн эцэст ISPA нь дэлхийн хаана ч, ямар ч улс
оронд амьдарч буй иргэдийн улс төрийн амьдралд үр дүнтэй оролцох эрхийг
баталгаажуулах, эмэгтэй, эрэгтэй хүмүүст адил тэгш боломж олгоход оршидог.
ISPA-гийн академик үйл ажиллагаа
дараах гурван үндсэн чиглэл хуваагддаг. Үүнд;
·
Хоёр
жил тутам дэлхийн конгресс зохион байгуулах, конгресс хоорондын хугацаанд
зохицуулалтын үйл ажиллагаа авч хэрэгжүүлэх;
·
Судлаачдын өргөн хүрээг хамарсан сүлжээ бий болгох замаар
улс төрийн шинжлэх ухааны чиглэл дэх судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих;
·
Хэвлэн нийтлэх, үр дүнг нийтэд хүртээх замаар мэдээлэл,
судалгааг таниулах ажил хийх болно.
ISPA-гийн үндсэн үйл ажиллагаа нь
хоёр жил тутам хуралдах Конгресс болно. 1950-1952 онуудад гурван жил тутамд нэг
удаа хуралдах зохицуулалттай байсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн 2000 орчим
оролцогчдыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын томоохон эрдэм шинжилгээний
байгууллага болж хувирсан. 2012 оноос дэлхийн конгресс хоёр жил тутам хуралдах
болсон. Үүнээс гадна ISPA олон улсын эрдэм шинжилгээний хурал, дугуй ширээний ярилцлага,
семинар зэрэг шинжлэх ухааны үйл ажиллагааны олон төрлийг санхүүжүүлж байна.
1970-аад оны үеэс эхлэн ISPA-гийн
үйл ажиллагаанд бүс нутгийн зохицуулагчид хүч түрэн орж ирсэн. Гурван жил тутам
хуралдах конгрессоос гадна гүйцэтгэх хороо конгресс хоорондын үйл ажиллагааг
зохион явуулж тайлан мэдээ, нийтлэлүүд гаргах болсон. Өнөөдөр ISPA 49 чиглэлд
судалгаа хөгжүүлэхийн зэрэгцээ судалгааны хороод байгуулан ажиллаж байна.
Эдгээрт;
·
RC01
– үзэл баримтлал, арга
·
RC02
– Улс төрийн элит
·
RC03
– Европын нэгдэл
·
RC05
– Нутгийн өөрийн удирдлага, бодлогын асуудлаарх харьцуулсан судалгаа
·
RC06
– Улс төрийн социологи
·
RC07
– Эмэгтэйчүүд ба улс төр
·
RC08
– Хууль тогтоомжийн асуудлаарх судалгаа
·
RC09
– Шүүхийн харьцуулсан шинжилгээ
·
RC10
– Цахим ардчилал
·
RC11
– Шинжлэх ухаан ба улс төр
·
RC12
– Биологи ба улс төр
·
RC13
– Ардчилах үйл явцын харьцуулсан шинжилгээ
·
RC14
– Улс төр ба угсаатны бодлого
·
RC15
– Улс төр, соёлын газар зүй
·
RC16
– Нийгэм-улс төрийн олон ургальч үзэл
·
RC17
– Нийгмийн санаа бодлын харьцуулсан шинжилгээ
·
RC18
– Ази-Номхон далай судлал
·
RC19
– Жендерийн бодлого ба улс төр
·
RC20
– Улс төрийн санхүүжилт ба авлига
·
RC21
– Улс төрийн нийгэмшилт ба боловсрол
·
RC22
– Улс төрийн харилцаа холбоо
·
RC23
– Сонгууль, иргэн ба нам
·
RC24
– Зэвсэгт хүчин ба нийгэм
·
RC25
– Эрүүл мэндийн салбар дахь харьцуулсан бодлого судлал
·
RC26
– Хүний эрх, эрх чөлөө
·
RC27
– Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт
·
RC28
– Холбооны улсын харьцуулсан шинжилгээ, олон шатат удирдлага
·
RC29
– Психополитик
·
RC30
– Төрийн бодлогын харьцуулсан шинжилгээ
·
RC31
– Улс төрийн философи
·
RC32
– Төрийн бодлого, захиргаа
·
RC33
– Улс төрийн шинжлэх ухааны мэдлэгийн судалгаа
·
RC34
– Ардчиллын чанар
·
RC35
– Технологи ба хөгжил
·
RC36
– Улс төрийн хүчин
·
RC37
– Тулхтай улс төрийн хөгжил
·
RC38 – Улс төр ба бизнес
·
RC39
– Сайн сайхан төр ба хөгжиж буй нийгэм
·
RC40
– Дэлхий дахины шинэ хэрэгцээ, шаардлага
·
RC41
– Геополитик
·
RC42
– Аюулгүй байдал
·
RC43
– Шашин ба улс төр
·
RC44
– Ардчилах үйл явц дахь зэвсэгт хүчний оролцоо
·
RC45
– Олон улсын харилцаа
·
RC47
– Дэлхий дахин-бүс нутгийн харилцаа
·
RC48
– Захиргааны соёл
·
RC49
– Социализм, капитализм, ардчилал
·
RC50
– Улс төрийн хэл
·
RC51
– Олон улсын улс төрийн эдийн засаг
ISPA нь Бразилийн Сан-Паула (2010 он), Өмнөд Африкийн Стелленбош (2011-2013 онууд), Сингапур (2012 он), Турк улсын Анкара (2013 он), Мексик (2016 он) зэрэг газар зуны сургалтууд
явуулсан. Зуны сургалтын давуу тал нь улс төр судлаачдад улс төрийн судалгааны
салбарт ашиглагдах сүүлийн үеийн судалгааны арга зүйн ололтуудтай танилцуулахад
оршино. Сүүлийн үед цахим хуудсаараа дамжуулан идэвхтэй ашиглагдаж буй улс
төрийн шинжлэх ухааны 300 цахим хуудсыг ишлэлд тулгуурлан эрэмбэлэх болсон. Олон
Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо, түүний үйл ажиллагаа, бүтэц, зохион
байгуулалтын талаар цухас танилцуулахад ийм байна.
БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА,
УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
Subscribe to:
Posts (Atom)