Соён гэгээрүүлэлтийн үеийн улс төр - эрх
зүйн үзэл санаа Францын агуу их хувьсгалын явцад (1789-1794 он) биелэлээ олсон байдаг.
Францын хувьсгалын түүхийг гурван үндсэн үе шатад ангилан авч үзэж болох байна.
Анхдугаар үе (1789-1792
он) –д томоохон хөрөнгөтний эрх ашгийг хамгаалагч - конституционалистууд (Оноре
де Мирабо, Эмманюэль Сиейес, Антуан Барнав нар) засаг төрийн эрхийг булаан авсан.
Тэд бүх нийтийн эрх тэгш байдал, үндсэн хуульт хаант засаг, хүний жам ёсны
эрхийн үзэл санааг сурталчилж байсан.
Хоёр дахь
үе (1792-1793 он)-д ард түмний бүрэн эрхт байдал, нийт олны хүсэл зориг хууль
тогтоомжийн үндэс болох нь зэрэг үзэл санааг хөгжүүлж асан жирондистууд (Жак
Бриссо, Жан Ролан) засаг төрийн эрхэнд гарсан.
Эцэст нь
буюу гурав дахь үе (1793-1794 он)-д жижиг хөрөнгөтөн, тариачид, хотын оршин
суугчдын эрх ашгийг төлөөлсөн якобинчуудын хувьсгалт диктатур тогтсон.
Якобинчуудын үзэл санааны гол төлөөлөгчид нь Максимилиан Робеспьер, Жан Пол
Марат нар юм.
Жан
Пол Марат (1743-1793
он, “Боолчлолын гинж”, “Эрүүгийн хууль тогтоомжийн төлөвлөгөө”)
дарангуй дэглэм тогтох арга, хэрэгсэл, эх үүсвэр, түүнтэй тэмцэх хэлбэрийн
тухай асуудлыг авч үзсэн.
Дарангуй засаг
бий болоход хүргэх гол хүчин зүйл нь хүний засаглах байгалийн зөн билигт суурилсан
бусдыг манлайлан тэргүүлэх хүсэл юм. Төр улс хүчирхийллийн үр дүнд үүсдэг
бөгөөд улсыг хөгжүүлэгчид ямагт “самуун дээрэмчид” байсан гэж Марат
үзжээ. Гэвч “боолчлолын гинжийг тасар татах” боломж ямагт байсаар ирсэн.
Сайн сайхан төрийн байгууллыг бий болгохын тулд бүгд ард түмний хяналтад байх
хэрнээ нэг нэгнээсээ хараат бус эрх мэдлийг байгууллагуудыг зэрэгцүүлэн
хөгжүүлэх явдал юм. Ингэхдээ засаг төрийн дээд эрх мэдэл бүхэлдээ ард түмний
мэдэлд байх ёстой. Зөвхөн ард түмэн л цорын ганц хууль тогтоогч, дээд эрх
мэдлийг хадгалагч байна. Марат хүний жам ёсны болон иргэний эрхийг зааглан авч
үзсэн. Шинэ нийгэм, төрийн байгуулал тогтоох үйл явцыг ард түмний бослоготой
холбон үзсэн. Гэвч зохион байгуулалтгүй олны хүчин чармайлт ямагт талаар болохын
дээр хялбархан дарагддаг болохыг тэрээр онцолсон. Иймд зохион байгуулалтгүй
олныг хөтөлж, чадвартныг дэвшүүлэн улсыг урагшлуулах зохион байгуулалт бүхий
цөөнх байх ёстой. Тэдний гол арга бол диктатур юм. “Хувьсгалын эсэргүү
хүчнийг хэдий чинээ нухчин дарна, төдий хэрээр нийгэм цэвэршинэ”.
Максимилиан
Робеспьерийн
үзэл санаа түүний яриануудад тусгалаа олсон байдаг (1789-1792 онуудад нийтдээ
600 гаруй яриа хийсэн). “Үндсэн хуулийн тухай” (1793.05.10), “Хувьсгалт
засгийн зарчмууд” (1793.12.25), “улс төрийн ёс суртахууны зарчмууд” (1794.11.05)
зэргийг дурдаж болох байна. Робеспьерийн үзэл санаа Монтескье, Руссо нарын
сургаал дээр суурилсан байдаг. Түүний гол мөрөөдөл нь жижиг хөрөнгөтний нийгэм
цогцлооход оршиж байв. Улс төрийн холбооны үндсэн зарчим нь хүний жам ёсны эрх,
эрх чөлөөг хадгалж хамгаалах, хүний авьяас чадварыг өвтэгшээр хөгжүүлэх, иргэн
бүрийг улсыг удирдах, хууль тогтоомж баталж гаргах хэрэгт оролцуулах зэрэг
болно. “Ард түмэн улсын доторх засаг төрийн дээд хүч мөн”. Бүгд найрамдах
засгийг бататган бэхжүүлэхийн тулд хууль тогтоох болон захиргааны эрх мэдлийг
чиг үүргийн хувьд тусгаарлахын зэрэгцээ бүх албан тушаалтныг ард түмний
хяналтад оруулж, томилгоот хугацааг нь багасгах шаардлага үүснэ гэдгийг Робеспьер
онцолсон.
“Хувьсгалт
засгийн зарчмууд” нэрт алдарт яриандаа Робеспьер үндсэн хууль болон
хувьсгалт засгийн газруудыг харьцуулан авч үзсэн байна. Бүгд найрамдах засгийн
үед бий болсон бүхнийг хадгалж хамгаалах нь үндсэн хуульт засгийн гол зарчим
бол бүгд найрамдах засгийг тогтоох нь хувьсгалт засгийн үйл ажиллагааны үндэс
болно.
Хувьсгал бол
“дайснуудын эсрэг хийж буй эрх чөлөөний дайн мөн”. Энэ нь эргээд дайсан
гэж хэнийг хэлэх вэ гэдгийг тодорхойлоход хүргэнэ. Дайснаа олсон бол тэмцэх
аргаа сонгох хэрэгтэй. Дайснаа дарах хамгийн үр дүнтэй арга нь үгүй хийх явдал
юм. Өөрөөр хэлбэл Робеспьер аллагыг онолын хувьд зөвтгөсөн байна. Хувьсгалчид
дайсны эсрэг туйлын сонор, соргог идэвхтэй тэмцэх хэрэгтэй. Тэгж байж сая
хувьсгал, бүгд найрамдах засгийг төгс ялалтад хүргэнэ. Дайснуудынхаа эсрэг
тэмцэлд хувьсгалчид дарангуй аргыг хэрэглэх ёстой. Учир нь “хувьсгалт засаг
гэгч – дарангуй засгийн эсрэг тэмцэх эрх чөлөөний деспотизм юм”.
Нэгтгэн дүгнэхэд
якобинчуудын үзэл санаанд ард түмний бүрэн эрхт байдал, эрх мэдэл хуваарилах
зарчим, хувьсгалт террор, хүний эрхийн үзэл санаа бүхэлдээ багтсан байдаг.
Орчуулгын эх
сурвалж: Идей
Якобинцев, // file:///C:/Users/User/Downloads/www.zavtrasessiya.com%20-%20%D0%98%D0%B4%D0%B5%D0%B8%20%D1%8F%D0%BA%D0%BE%D0%B1%D0%B8%D0%BD%D1%86%D0%B5%D0%B2%20-%D0%96.%20%D0%9F.%20%D0%9C%D0%B0%D1%80%D0%B0%D1%82,%20%D0%9C.%20%D0%A0%D0%BE%D0%B1%D0%B5%D1%81%D0%BF%D1%8C%D0%B5%D1%80-%20-%2026.09.2017%20(2).pdf
МОНГОЛЧИЛСОН:
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ,
НИЙТИЙН УДИРДЛАГЫН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
No comments:
Post a Comment