Гаэтано Моска (Mosca,
1858 оны дөрөвдүгээр сарын 1, Палермо – 1941 оны арваннэгдүгээр сарын 8, Ром
хотноо) – бол Италийн хуульч, улс төр судлаач, социологич нэгэн болно.
Туринд хууль цаазын боловсрол олсон. Улмаар 1881 онд хууль цаазын ухааны
докторын зэрэг хамгаалсан. Францын арьсны онолч, цольд эрдэмтэн Ипполит Адольф Тэнийн
үзэл санааны нөлөөн дор шалгарсан.
Шинжлэх ухааны хатуу
үнэнийг хайх, нийгмийн ёс суртахууны дүр төрхийг бүтээх, нийгэмд язгууртнуудын үзүүлэх
үр нөлөөг үнэлэх зэрэг асуудлаар далайцтай ажлууд хийсэн. 1885 оноос үндсэн
хуулийн эрх зүйгээр багшлах болсон бөгөөд 1887 онд төлөөлөгчдийн танхимийн
гишүүний бичиг хэрэг хариуцсан ажилтнаар сонгогдож, арван жилийн туршид
ажилласан. Италид улс төрийн шинжлэх ухаан бий болоход нөлөөлсөн гэх «Засаглагч
анги» нэрт бүтээлээ 1896 онд гаргасан. Тэр жилдээ Турины их сургуулийн үндсэн
хуулийн эрх зүйн тэнхимийг толгойлсон бөгөөд 1923 он хүртэл хашсан байна. Идэвхтэй
нийтлэлч, улс төрийн бодлоготон, либерал намын гишүүн байсны хувьд 1908 онд
төлөөлөгчдийн танхимийн гишүүнээр, 1919 онд сенатороор сонгогдсон. Ноёлох үзэл
санаа болсон Италийн фашизмд хандах Москагийн үзэл санаа үе бүхэнд харилцан
адилгүй байсан бөгөөд нэг бус удаа хэлбэрч байжээ. Гэхдээ Парэтогийн нэгэн адил
фашист үзэл санааг тугчлан шүтэж байгаагүй юм. Гэтэл 1930-аад оны үед фашизмийн
зарим онолчид Москагийн шүүмжлэлт байр суурь өнгөц бөгөөд үнэн чанартаа тэрээр
жинхэнэ фашист онолч байсан талаар бичих болсон. 1923 онд Москаг Ромын их
сургууль урьсан бөгөөд 1925-1933 (Тэтгэвэрт гарах хүртлээ) он хүртэл Италийн анхны улс төрийн
институт, номлолын тэнхимийг толгойлсон байна.
Олонх буюу «удирдуулагч»
ангийг жолоодох зохион байгуулалт бүхий цөөнх - «засаглагч» ангийн гарт эрх
мэдэл төвлөрч байдаг гэж Моска үзсэн. Энэ нь нийгмийн хувьсан өөрчлөгөж буй
тодорхой орчин дасан зохицох тэрчлэн бусдыг удирдан чиглүүлэх уг ангийн
чадварын үр дүн юм. Засаглагч анги хийсвэр ёс суртахуун, хууль зүйн зарчмуудыг
амьдралд хэрэгжүүлэх замаар нийгмийн үйл хэргийг удирдан чиглүүлэх өөрийн
үйдлээ зөвтгөхийг эрмэлздэг. Улс төрийн томьёоллын үзэл баримтлал нь Москагийн
онолд улс төрийн түүхэн нөхцөл байдлыг тайлбарлах арга хэрэгсэл болдог төдийгүй
эрх мэдлийн зохион байгуулалтад улс төрийн хүчнүүд хэлцэл хийж үгсэн тохирч буй
үзэгдлийг хүртэл тайлбарлах боломж бололцоо олгодог.
Нийгмийн хөгжлийн явцад
засаглагч анги өөрийн гарт эрх мэдлээ угсаа залгамжилсан аргаар хадгалж үлдэхэд
чиглэгдсэн язгууртны, бүтэц, бүрэлдэхүүнээ шинэтгэх замаар нийгмийн хуьсал,
өөрчлөлтийг даван туулах гэсэн ардчилсан гэх хоёр хандлага хүчтэй илэрч байна
гэжээ. Үүний зэрэгцээ нийгэм дэх элит солигдох үйл явцад либерал болон
автократи гэсэн хоёр хандлага ажиглагдаж байгааг тэрээр гярхай ажигласан байна.
Моска засаглагч ангийг дээд буюу засгийн газрын, доод буюу улс төрийн хүчнүүдийн
төвшинд ангилан авч үзсэн.
Моска засгийн газар
харилцан шударга байх нийгмийн хэм хэмжээг хүчнүүдийн харилцаанд баримталснаар хууль
зүйн хамгаалал үүсгэх, хүчний тэнцвэржилтийг хангах шаардлагатай гэсэн санааг
дэвшүүлсэн байна. Олон ургальч үзэл санаа тэрлэсэн нөхцөлд нэг нэгнээ хянасан
эрх мэдлийн тэнцвэртэй, хараат бус төвүүд бий болгох замаар хууль зүйн
хамгаалал үүсгэх бололцоотой гэжээ.
Шударга нийцтэй хууль эрх
зүйн хэм хэмжээ мөрдөх замаар хуул зүйн хамгаалал бий болгох либерал үзэл санаа
өнөөдөр ч шинжлэх ухааны үнэ цэнээ алдаагүй байгааг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Олон
ургальч үзэл санааг бататгасан нийгмийн тусгай механизмийн туслалцаатайгаар ёс
суртахууны хэм хэмжээ нийгэмд тогтоож чадсан тэр улс төрийн тогтолцоо хамгийн
сайн гэж Моска үзсэн байна. Энэ механизм улс төрийн эрх чөлөө бодит үзэгдэл
болсон нөхцөлд сая боломжтой байдаг. Эндээс хаалттай улс төрийн ангиас илүү
нээлттэй улс төрийн анги байх ач холбогдол өндөртэй гэсэн Москагийн санаа
гарна. 1923 оны орчим Моска үзэл санаандаа зарчмын томоохон өөрчлөлт оруулж
«хариуцагч засгийн газар»-ын үзэл баримтлалыг дэвшүүлсэн. Хэдийгээр зарим нэг
шинжээр парламентаас засаглалаас сөөргүү боловч ард түмнээс сонгогдсон
засаглагч анги ард түмний хэрэгцээ, шаардлагад хариу өгөх байдлаар үйл
ажиллагаагаа явуулдаг байх шаардлагатай гэдэгт мөн чанар нь оршино.
Хэдийгээр ерөнхий
агуулгын хувьд Моска ардчилсан үзэлтэн байсан боловч түүний шүүмжлэлийн торгон
үзүүр парламентат тогтолцооны эсрэг чиглэж байв.
Москагаас улбаатай
засаглагч ангийн үзэл санаа цагийн эрхээр олон өнгө төрхтэй хөгжих болсон
бөгөөд өнөөдөр шинжлэх ухааны ач холбогдлоо алдаагүй байгааг тэмдэглэн хэлэх
хэрэгтэй.
Ε.В.Осипова
Новая философская
энциклопедия. В четырех томах. / Ин-т философии РАН. Научно-ред. совет: В.С.
Степин, А.А. Гусейнов, Г.Ю. Семигин. М., Мысль, 2010, т. II, Е – М, с. 614-615.
МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА,
УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН
ОТГОНБАЯР
No comments:
Post a Comment