Saturday, February 11, 2017

ДЭВИД БИКНЭЛЛ ТРУМЭН: СОНИРХЛЫН БҮЛГИЙН ОНОЛ

Улс төр гэж юуг хэлэх, улс төр хэрхэн бүтдэг, улс төрийн зорилго юунд оршдог вэ?
Эдгээр асуултад сонирхлын бүлгийн үйл ажиллагааг судлах замаар хариулт өгөхийг оролдсон XX зууны нөлөө бүхий эрдэмтэн бол Колумбын Их Сургуулийн профессор Дэвид Бикнэлл Трумэн билээ. Сонирхлын бүлэгтэй холбон улс төрийн үзэгдэл, үйл явцыг тайлбарлах оролдлого анхлан Америкийн дөрөв дэх ерөнхийлөгч Жамес Мэдисон, Францын улс төрийн зүтгэлтэн Алексис де Токвиль нарын бүтээлд тусгагдсан байдаг ч Чикаго Их Сургуулийн профессор Артур Фишер Бэнтли, Колумбын Их Сургуулийн профессор Дэвид Бикнэлл Трумэн нарын судалгаагаар шинэ онол, үзэл баримтлалын түвшинд хүрч боловсрогджээ (David Truman, 2017).
Дэвид Бикнелл Трумэн (David Bicknell Truman) 1913 оны зургаадугаар сарын 1 нд Иллинойс муж улсын Еванстон хотноо мэндэлсэн. 1935 онд Амхерст коллежийг дүүргэж, Чикаго их сургуульд докторын зэрэг горилсон бөгөөд улмаар 1950 он хүртэл  Бэннингтон, Корнелл, Харвард, Иелийн Их Сургуулийн зэрэгцээ Уильямс Коллежид багшилж байжээ. 1950 онд Колумбын Их Сургуульд зочин багш, 1951-1959 онуудад профессор, 1959-1961 онд төрийн захиргаа, удирдлагын тэнхимийн эрхлэгчээр тус тус ажилласан байна. Ялдарт нь, “Засгийн газрын үйл ажиллагаа: Улс төрийн ашиг сонирхол ба олон нийтийн санаа бодол(Governmental Process; Political Interests and Public Opinion: Управленческий процесс. Политические интере­сы и общественное мнение) нэрт бүтээлээ 1951 онд нийтлүүлжээ. 1962 оноос Колумбын Коллежийн захирал, 1967 оноос Колумбын Их Сургуулийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан байна. Энэ үед тус сургуульд нийтдээ 17500 оюутан суралцдаг байжээ. Хэдийгээр Трумэн захиргааны алба үүрэглэдэг байсан боловч оюутан сурагчдын итгэлийг хүлээсэн, тэдэнтэй ойлголцож, ойр ажиллаж чаддаг гэдгээрээ ихээхэн нэртэй нэгэн байсан гэдэг (Columbia University, 2003).
1969 оноос Массачусэтс дахь Моунт-Холиок Коллежийн 15 дахь ерөнхийлөгчөөр сонгогдон найман жилийн туршид ажиллажээ. 1978-1979 оны зурвас хугацаанд Гүн Ухаантан Расселлийн Сангийн ерөнхийлөгч байв (Mount Holyoke College, 2003).
Энэ бүхнээс гадна, Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны болон Философийн Холбооны гишүүн тэрээр 1964-1965 оны хооронд Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны ерөнхийлөгч байжээ. Элинор Гриффинхагэн авхайтай 1939 онд ураглаж, хүү Эдвин нь мэндэлжээ. Дэвид Б. Трумэн “Засгийн газрын үйл ажиллагаа: Улс төрийн ашиг сонирхол ба олон нийтийн санаа бодол” бүтээлээс гадна 1940 онд “Захиргааны төвлөрлийн сааруулах үйл явц(Administrative Decentralization), 1959 онд “Конгрессийн нам” (The Congressional Party) нэрт зохиол бичсэн байна (Corcoran, 2003).
XX зууны нэр нэндсэн улс төр судлаач Дэвид Бикнэлл Трумэн 90 насандаа сүүлийн 15 жилийн туршид амьдарсан Флорида мужийн Сарасота хотноо 2003 оны наймдугаар сарын 28 ны пүрэв гарагт бие баржээ.
Өнөөгийн нийгмийн онцлог шинж нь ангиуд устаж, тодорхой ашиг сонирхлоор нэгдсэн богино настай сонирхлын бүлгүүд бий болсонд оршино. Давын өмнө, тэд улс төрийн үйл явцыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, нийгмийн нөөцийг хуваарилах, захиран зарцуулах эрх мэдэл олж авахын төлөөх сонирхлын бүлгүүдийн дунд өрнөх үйл явцыг Трумэн улс төр (Truman, 1951, хууд. 14) гэж тодорхойлсон байна.
Трумэн бүлэг гэдгийг “тодорхой хэмжээнд өөр хоорондоо харилцаж буй хүмүүсийн олонлог” (Truman, 1951, хууд. 13) хэмээн тодорхойлжээ. Бүлгийг ерөнхийд нь, энгийн болон сонирхлын бүлэг гэж ангилсан. Тэдэнд сонирхол гэсэн нийтлэг шинж байх ч энгийн бүлгээс ялгарах сонирхлын бүлгийн онцлог нь зан үйлийн тодорхой хэв шинжийг төлөвшүүлэх зорилгоор гишүүдийн нийтлэг эрх ашгийг шаардлагын хэлбэрээр бусад бүлэг тулган хүлээлгэх чадвартай байдагт оршино (Truman, 1951, хуудсд. 15, 16).
Сонирхлын бүлгийн зэрэгцээгээр Трумэний бүтээлд болзолт бүлэг гэсэн өөр нэг ухагдахууны талаар дурдсан байдаг. Ердийн бүлэг, болзолт бүлэг гэж юуг хэлэх вэ, тэд сонирхлын бүлгээс юугаараа ялгаатай вэ? Тодорхой нийтлэг эрх ашиг бүхий тогтмол бус харилцаатай хувь хүмүүсийн эрээвэр хураавар нэгдлийг болзолт бүлэг гэнэ (Truman, 1951, хуудсд. 14, 15). Тогтвортой байх шинж энэ төрлийн бүлэгт байдаггүй.
Үүнээс гадна, Трумэн сонирхлын бүлгийг улс төрийн болон улс төрийн бус гэсэн хоёр төрөлд ангилжээ. Засаг төрийн албан ёсны бүтцэд нөлөөлөл үзүүлэх замаар эрх ашгаа хангахыг эрмэлзэх бүлгийг улс төрийн, буюу шахалтын бүлэг гэж тодорхойлжээ. Харин нийгмийн бусад бүлэгт нөлөөлөх замаар эрх ашгаа хэрэгжүүлэх бүлгийг улс төрийн бус бүлэг хэмээсэн. Улс төрийн, буюу шахалтын бүлэг нь лоббизмтой шууд холбоотой.
Бүлгийн дотоод дахь харилцаа ямагт тэнцвэржилтийг хангах, тогтвортой байлгах хандлагад чиглэгдэнэ.
Трумэний үзсэнээр, АНУ нэг ч сонирхлын бүлэг олон нийтийн санаа бодолд давамгай байдлаар нөлөөлөх юм уу, хяналтаа бүрэн тогтоож үл чадах плюралист улс төрийн тогтолцооны сонгодог жишээ юм  (Truman, 1951, хууд. 44). Ийм хэв шинжийн улс төрийн тогтолцоонд олон нийтийн ардчилсан үзэл бодол сайн төлөвшдөг талаар тэрээр дурдсан байна. Эндээс засгийн газрын үндсэн чиг үүрэг нь хүн амын амьдралын чанарыг хангах юм уу эдийн засгийн хөгжлийг бий болгоход чиглэгддэггүй. Харин нийгмийн баялагийг хуваарилах, зарцуулах эрх мэдлийн төлөө өөр хоорондоо өрсөлдөж буй сонирхлын бүлгүүдийн дунд тэнцвэржилтийг хангах явдал болно гэж үзжээ. Ийм төр, нийгмийг Трумэн ардчилсан гэж тодорхойлсон бол Иелийн их Сургуулийн профессор Робэрт Алан Даль “полиархи” хэмээн нэрлэжээ.
Нийгэм олон тооны сонирхлын бүлгээс тогтсон, тэдгээр нь эрх мэдэл олж авахын төлөө үйл ажиллагаа явуулдаг байх нь олон тулгуурт ашиг сонирхлыг дээдэлсэн ардчилсан төр, нийгмийн цөм чанар юм. Нийгмийн хөгжлийн явцад хүн амын янз бүрийн давхаргыг эрх ашгийг нэгтгэн илэрхийлэх үүрэгтэй сонирхлын бүлэг олноор байгуулагдах нь зүй бөгөөд ингэснээр нэг талаас, нийгмийн харилцаа эрүүлжиж, төрийн эрх мэдлийн төлөөллийн чанар сайжрах, нөгөө талаас, төр засаг ялзрахгүй байх, үйл ажиллагааны механизм үр дүнтэй байх таатай хөрс суурь бүрддэг байна.
Уламжлалт нийгмийн үнэт зүйлс бүдгэрч сарних, шинжлэх ухаан, технологийн дэвшил хүмүүний амьдралд хурдацтай нэвтрэх үйл явц нь өөрөө нийгэм ашиг сонирхлын бүлгээс бүрдсэн плюралист тогтолцоонд шилжихийн зайлшгүйг нотлон харуулж байна. Өөр гарц байх боломжгүй. Трумэний үзсэнээр, уламжлалт нийгмийн үед сонирхлын бүлэг үүсэх, тэдгээр нь засгийн газартаа шахалт үзүүлж, эдийн засгийн хэлбэрээр олон нийтийн эрх ашгийг хангах эргэх холбооны үйл ажиллагаа бүрдэж чаддаггүй байна. Үүнийг гагцхүү шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан өнөөгийн нийгэмд бүрдүүлэх боломжтой (Truman, 1951, pp. 14-58).
Орчин үед АНУ болон Европын орнуудад сонирхлын бүлгийн онол арав гаруй хандлагын хүрээнд хөгжиж байна. Тэдгээрээс хамгийн нөлөө бүхий нь плюралист болон элитист хандлага юм.

Эх сурвалжийн жагсаалт

Columbia University. (2003, September 03). Former Provost, University Vice President David Truman Dies. Retrieved from Columbia News: http://www.columbia.edu/cu/news/03/09/davidTruman.html
Corcoran, D. (2003, August 31). David Truman, 90, Columbia Provost During 1968 Unrest. Retrieved from The New York Times: http://www.nytimes.com/2003/09/01/nyregion/david-truman-90-columbia-provost-during-1968-unrest.html
David Truman. (2017, February 11). Retrieved from Wikipedia : https://en.wikipedia.org/wiki/David_Truman
Mount Holyoke College. (2003, September 05). In Memoriam: President David Truman, 1913-2003. Retrieved from College Street Journal: https://www.mtholyoke.edu/offices/comm/csj/090503/truman.shtml
Truman, D. B. (1951). The Governmental Process: Political Interests and Public Opinion. New York: Alfred A. Knopf.

БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment