Английн утилитарист гүн ухаантан, эдийн засагч, улс
төрийн либерал үзэлтэн, төрийн зүтгэлтэн нэгэн.
Жон Стюарт Милл 1806 оны тавдугаар сарын 20 нд Лондон
хотын Ислингтон дахь Родней гудамжинд Шотландын нэрт эдийн засагч, гүн
ухаантан, түүхч Жамэс Милл, Харриэт Барроуз нарын гэрт ууган хүү нь болж
мэндэлжээ. Милл туйлын гоц ухаантай нэгэн байсан гэдэг. Тухайлбал, гурван
насандаа Грек хэлэнд “цагаарч”, зургаан насандаа түүхэн зохиолууд бичиж, арван
наснаас Платоны диалогуудыг чээжилж, арван хоёр наснаас дээд математик, учир
шалтгааны ухаан, улс төрийн эдийн засгийн ухаанд бие даан суралцсан байна. Арван
дөрвөн насандаа Милл тухайн үеийн мэдлэгийн бүхий л хүрээнд нэвтэрхий нэгэн
болж чаджээ. Гэвч бие бялдарын хүмүүжил сул учир сэтгэл санаанд нь хүчтэй
нөлөөлдөг байсан аж. Азтай тохиолоор 1820 онд Франц руу аялж, Францын нийгэм,
олон нийттэй танилцсан нь түүнд хүчтэй нөлөөлөл үзүүлж, либерал үзэл санааг
түүчээлэн хүлээн авчээ. 1822 онд хэсэг нөхдийн хамт “Утилитар Нийгэмлэг”
нэртэй бүлгэм үүсгэн байгуулсан байна.
1823-1858 онуудад Ост-Энэтхэгийн компанид ажилласан
байна. 1841 онд Огюст Конттой танилцсан нь түүний үзэл бодолд асар их нөлөө
үзүүлжээ.
1830 онд хатагтай Харриэт Тэйлортой танилцаж, олон жил
сэтгэлдээ тээсний эцэст 1851 онд ураглажээ. Гэвч Тэйлор авхай түүнтэй ураглаад
төдий удалгүй 1858 онд бие баржээ. Хожим Милл 1830 оныг “амьдралын минь
хамгийн жаргалтай мөч” хэмээн дурсан бичжээ. Стюарт Милл 1865 оноос Либерал
Намаас Нийтийн танхимд сонгогдсон байна. Энд байхдаа тэрээр Ирландын
фермерүүдэд тусламж үзүүлэх, эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгохын төлөө тууштай
тэмцэж байсан юм.
Английн цолгорсон эдийн засагч, сэтгэгч, либерализмын
томоохон төлөөлөгч Жон Стюарт Милл 1873 оны тавдугаар сарын 8 нд Францын зүүн
өмнөд хэсэгт орших Авьионд 66 насандаа ажирчээ.
Улс төрийн хувьд ихээхэн дэвшилтэт үзэл санааг хөгжүүлж
байв. Оршин буй нийгмийн байгууллын хөрөнгө чинээний тэгш бус байдал, ард олны
ядуу гуйланч байдал, мөнгө шүтсэн унхиагүй явдал зэргийг хурцаар шүүмжилсэн
байна. Гэвч коммунист онолыг хөгжүүлэгчдээс ялгаатай нь, нийгмийг шинэтгэх
замаар дээрх үзэгдэлтэй тэмцэж болно гэж үзсэн байна. Төрийн аливаа эрх мэдлийн
эсрэг хувь хүний эрх, эрх чөлөөг туйлчлан авч үзсэн байдаг.
Хувь хүний эрх, эрх чөлөө улс төр, эрх зүйн асуудлыг
шийдвэрлэх үндсэн зангилаа мөн. Өөрөөр хэлбэл, хүний эрх, эрх чөлөө аливаа улс
орны төрийн байгуулал, улс төрийн тогтолцоо, нийгмийн дэг журам, хөгжил дэвшил
далайцтай байхын суурь болж өгдөг байна. Хувь хүний эрх чөлөө гэдэг нь хүн
өөрөөсөө хамаарах үйлээ хэний ч зөвшөөрөл, хяналтаас хараат бусаар хийхийн нэр
юм. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай харилцах, амьдралын зорилгоо
тодорхойлох, хувь тавилангаа бие даан шийдвэрлэх зэрэг нь хүний эрх чөлөөний
илрэл болохыг Милл онцолсон байна.
Улс төрийн институт, тогтолцоог бодвол хувь хүний эрх
чөлөө тэргүүлэх ач холбогдолтой. Миллийн үзсэнээр, аливаа төр иргэншсэн
харилцаа бий болгох хүмүүсийн чадвар, хүсэл зоригоос шууд хамаарч байдаг.
Хүмүүсээс бүрдэх нийгэм ямар байна, төрийн тогтолцоо ч мөн адил тийм байна. Төр
оршин байгаагийн гол зорилго нь нийгмийн гишүүн нэг бүрийн төлөө үйлчилж, хүнийг
зан суртахууныг сайжруулахын сац ард түмнийг бүхэлд нь төгөлдөржүүлэхэд оршино.
Милл бүтээлдээ ард түмнийг төрийн хэрэгт шууд оролцуулж,
төрт ёсны байдалд ард түмэн хариуцлага хүлээдэг байх тийм тогтолцоог
сурталчилсан байна. 1861 онд туурвисан “Төлөөллийн засаглалын тухай
эрэгцүүлэл” нэрт зохиолдоо олонхийн цөөнхөө бусчирлах ёсгүй дэглэмийг
халахын тулд хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн
санааг гаргажээ. Ерөнхийдөө Милл нэг талаас, сонгогч олон түмний сонгуулийн
оролцоог дээд зэргээр хангасан, нөгөө талаас, гэгээрсэн, оюунлаг иргэдийн нөлөөг
хадгалсан шинж бүхий төрийн тогтолцоог хамгийн зохистой гэж үзсэн байна.
БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН
АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
No comments:
Post a Comment