Чарльз Эдвард Мерриам (Charles
Edward Merriam) нь Америк дахь орчин үеийн улс төрийн шинжлэх
ухааны үндсийг тавигчдын нэг, улс төрийн судалгаан дахь бихевиорист хандлагыг
хөгжүүлэгч, улс төрийн шинжлэх ухааны Чикаго дэг сургуулийн томоохон төлөөлөгч
билээ (Цэнд-Аюуш, 2016, хууд. 32) . Ялдарлан өгүүлэхэд
Америкийн нэрт судлаач Габриэл Абрахам Алмонд “Америк дахь улс төрийн
судалгааны хөгжилд Чикаго дэг сургууль томоохон нөлөө үзүүлсэн байх бөгөөд уг дэг
сургуулийн үйл ажиллагаа Чарльз Мерриам гэх хүний нэртэй салшгүй холбоотой
билээ” (Almond, 2002, p. 70) хэмээн цохон
тэмдэглэжээ.
Мерриам 1874 оны арваннэгдүгээр сарын 15 нд Америкийн
Иова муж улсын Делавар нутгийн Хопкинтон хотноо шуудангийн ажилтан Чарльз
Эдвард Мерриам (1845-1902 он), Маргарэт Кэмпбэлл
Кирквоод Мерриам (1840-1910 он) нарын гэрт мэндэлжээ (Merriam C.
E., 1953) .
Түүний дээд өвөг Ричард Мерриамын хүү Жозэф Мерриам (1600-1641
он) 1638 онд Зүүн Өмнөд Английн Кэнт гүнлэгт орших Гоудхурст нэрт тосгоноос Америкийн
Массачусэтсс муж улсад суурьшсан шотланд нэгэн байжээ. Мерриам овогтон нийтдээ 12
үе Америкт амьдарч байгаа бөгөөд энд өгүүлэх Чарльз Эдвард Мерриам 9 дэх үеийн
удам болно. Мерриамын эцэг, эх 1855 онд Иова муж улсад нүүж ирсэн бөгөөд 1868
онд урагласан байна. Тэд Чарльз Эдвард Мерриамаас гадна Жон Чарльз Мерриам (нэр
нэндсэн палеонтологист, 1869-1945 он), Сузан Агнэс Мерриам (1876-1961 он) гэх
хүү, охин хоёртой байв.
Эдвард Мерриам төрөлх Хопкинтон хотноо дунд сургууль
дүүргэж, 1893 онд Ленокс Академи, Иова Их Сургуульд суралцжээ (Almond,
2002, хууд. 63) .
Улмаар 1895 онд Колумбын Их Сургуульд хууль цаазын ухаанаар бакалавр болсон
байна. 1897 онд магистр, 1900 онд докторын зэрэг горилж, Чикаго Их Сургуульд
багшилсан. 1903 онд “A History of American
Political Theories” (Америкийн улс төрийн
онолын түүх) нэрт анхны бүтээлээ нийтлүүлсэн бөгөөд 1907-1911 онуудад
Худалдаа, Захиргааны Коллежийн захиралаар, 1923 оноос Чикаго Их Сургуульд
тэнхимийн эрхлэгчээр тус тус томилогдон ажиллажээ. Мерриам тэтгэвэрт гарах
хүртлээ Чикаго Их Сургуульд багшилж, улс төрийн шинжлэх ухааны Чикаго дэг
сургуулийг хөгжүүлсэн байна. Тэрээр 1900 онд Элизавет Хилда Дойл авхайтай
ураглаж, Робэрт Эдвард Мерриам (1918-1988 он) гэх хүүтэй болжээ.
Үзэл санааны хувьд Колумбын Их Сургуулийн
профессор Фрэнк Ж. Гуднау, Жамес Харвей Робинсон, Германы түүхч, эрх зүйч,
Берлины Их Сургуулийн профессор Отто Фридрих фон Гиркэ нарын нөлөөн дор байв.
Гэхдээ Мерриам ердийн нэг эрдэмтэн байсангүй ээ.
Тэрээр тулхтай төрийн зүтгэлтэн, улс төрч нэгэн байсан юм. Чикаго хотын засаг
захиргаанд ажиллахын зэрэгцээ 1911 онд хотын даргын сонгуульд өрсөлдсөн байна. 1919
онд дахин өрсөлдсөн боловч ялалт байгуулж чадаагүй юм. Үүнээс гадна, Мерриам
Уильям Ховард Тафт, Вудро Вильсон нарын үед ерөнхийлөгчийн дэргэд томоохон алба
үүрэглэж байв. Дэлхийн нэгдүгээр дайны үед 43 настай тэрээр ахмад цолтой
холбоотны армид байлдаж байсан гэдэг. Дайны жилүүдэд олсон туршлага нь
Мерриамын амьдралд томоохон нөлөөлөл үзүүлж, олон нийтийн санаа бодолд суртал
ухуулга ямар ач холбогдолтойг тусгайлан судлах болжээ. 1925 онд Мерриам
Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тэрээр
1940 онд 66 насандаа тэтгэвэрт гарч, 1953 оны нэгдүгээр сарын 8 нд Мэрилэнд муж
улсын Роквилл хотноо Хиллтоп эмнэлэгт 79 насандаа ертөнцийн мөнх бусыг
үзүүлжээ.
Юуны түрүүнд, Чарльз
Мерриамыг улс төрийн судалгаан дахь бихевиорист урсгалыг үндэслэгч хэмээн зүй
ёсоор үздэг. 1923-1940 он хүртэлх 17 жилийн хугацаанд Чикаго Их Сургуулийн улс
төрийн шинжлэх ухааны тэнхимийг удирдахдаа Мерриам улс төрийн эрх мэдэл,
ардчилал, Америкийн нам, намын тогтолцоо, улс төрийн хошуучлал, улс төрийн
шинжлэх ухааны арга зүйн сэдвээр 80 орчим бүтээл туурвиснаас “Нийгмийн
шинжлэх ухаан дахь Колумбын судалгаа” (1900
он), “Руссогоос хойших үеийн бүрэн эрхт байдлын онолын түүх” (1900
он), “Америкийн улс төрийн онолын түүх” (1903 он), “Чикаго
хотын орлого, хөрөнгө оруулалтын талаарх судалгаа” (1906 он),
“Анхан шатны сонгуулиуд: Хууль тогтоох хурлын анхан шатны сонгууль,
хандлага, түүхийн талаарх судалгаа” (1908 он), “Америк улс төрийн үзэл санаа:
Америкийн улс төрийн сэтгэлгээний хөгжил, 1865-1917 он” (1920 он), “Америкийн
намын тогтолцоо” (1922 он, Х. Госнеллтэй хамтран), “Улс төрийн
шинэ судлагдахуун” (1925 он), “Америкийн дөрвөн намын
хошуучлагчид” (1926 он), “Иргэн төлөвших үйл явц: Иргэний
сургалтын аргын харьцуулсан шинжилгээ” (1931 он), “Улс төрийн эрх
мэдэл: Бүтэц, үйл ажиллагааны хүрээ” (1934 он), “АНУ дахь иргэний
боловсрол” (1934 он), “Нийгмийн өөрчлөлт дэх улс төрийн үүрэг”
(1936 он), “Шинэ ардчилал, шинэ деспотизм”
(1939 он), “Ардчилал
гэж юу вэ?” (1941 он), “Төр ба хувийн хэвшил” (1944 он), “Тогтолцоот
улс төр” (1947 он), “Эрх
мэдлийн судалгаа” (Хоралд Лассуэлл, Томас Смит нартай хамтарсан 1950
он), “АНУ-ын засгийн газар: Үйлдэлжсэн ардчилал” (Хүү Робэрт
Эдвард Мерриамтай хамтарсан 1954 он) зэрэг зохиолыг онцгойлон дурдаж болох
байна.
Мерриамын
үзсэнээр, улс төр бол рационал үйл ажиллагааны хүрээ юм. Улс төр дахь рационал
шинжийг тогтвортой хадгалахын тулд үндсэн субьект нь материаллаг эрх ашгаа
чухалчилсан эдийн засгийн хүн байх ёстой. Ингэсэн тохиолдолд улс төрийн үйл явц
өөрөө улс төрийн ангиуд үзэл суртал, үйл ажиллагааны хөтөлбөрөө бараа,
бүтээгдэхүүний хэлбэрээр арилжих, сонгогчид таалагдсан бараа, бүтээгдэхүүнээ
сонгож саналаа өгдөг зах зээлийн зарчимд суурилдаг байна. Эндээс үзэхэд бихевиорист хандлагад
улс төрийн эрх мэдлийг хүмүүсийн нэг хэсэг нь захирдаг, нөгөө хэсэг нь
захирагддаг зан үйлийн онцгой хэв шинж хэмээн ойлгож байсан нь харагдаж байна. Улс
төрийн хүрээнд амжилт олох, идэвхтэй байх гол үүдлэг нь эрх мэдэл хүсэмжлэх
явдал гэдгийг Мерриам онцлон тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн үйл явц
гэдэг хүчтэй нэг нь ялж, хүчгүй нь ялагдаж байх эрх мэдэл хүсэмжилсэн хувь
хүмүүсийн тэмцлийн талбар юм. Эдгээрийн хооронд тэнцвэрт байдлыг бий болгоход
улс төрийн тогтолцооны гол зорилго оршино.
Гэхдээ Мерриам өмнөх
судлаачдаас ялгаатай нь, ардчиллын үндсэн шинж засаг төрийн удирдлагаа
сонгуулийн зарчмаар томилдог байх явдал биш. Хамгийн гол нь, үр ашигтай,
шинжлэх ухаанч зарчимд суурилсан төрийн удирдлагын арга барилтай байхад оршино
гэж үзсэн. Ийм арга барилыг бий болгохын тулд юуны түрүүнд, улс төрийн үйл
байдлыг судлах хэрэгтэй. Иймээс улс төрийн шинжлэх ухааны гол зорилго нь
асуулга, туршилт гэх мэт нарийн аргад тулгуурлан улс төрийн үйл байдлын талаар
тодорхой, обьектив мэдлэг бүтээхэд оршино. Мерриам улс төрийн судалгаанд
верификацийн зарчмыг чухалчилан үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл, улс төрийн
судалгаа шинжлэх ухаанч байхын гол шалгуур нь туршлагаар батлагдсан байх явдал
мөн.
Эх сурвалжийн жагсаалт
Almond,
G. A. (2002). Ventures in Political Science: Narratives and Reflections. London Boulder : Lynne
Reinner Publishers.
Merriam, D. C. (1953, January 9). Noted Educator. New
York Times.
Цэнд-Аюуш, Г. (2016). Өрнийн улс төрийн сэтгэлгээний
түүхэн тойм, Дэд дэвтэр. Улаанбаатар хот: "Эдо Паблишинг" ХХК.
МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ
НЯМААГИЙН ОТГОНБАЯР
No comments:
Post a Comment