Thursday, March 9, 2017

АЛЕКСИС ДЕ ТОКВИЛИЙН УЛС ТӨРИЙН СУРГААЛ (ᠠᠯᠧᠺᠰᠢᠰ ᠳᠧ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠦᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯ)

Алексис Шарль Анри Клерел Винсэнт Морис де Токвил (Франц хэлнээ: Alexis-Charles-Henri Clérel de Tocqueville) — болбоос Францын улс төрийн зүтгэлтэн, консерватив үзэл баримтлал бүхий Дэг Журам Нам (Parti de l’Orde; Party of Order; Партии Порядка)-ын удирдагч, Францын гадаад хэргийн яамны сайд асан нэгэн билээ. «Америк дахь ардчилал» (2 боть, 1835, 1840 он) ном бичсэний учир олонд нэр олсон. Өдгөө ч уг зохиолыг «ардчилал, Америк орны талаар бичсэн хамгийн сайн бүтээл» хэмээн үнэлсээр байна (Schapiro, 1942, p. 546).
Токвил эртний Нормандын сурвалжит язгууртны удам болно. Энэ овгийн талаар анхлан дурдсан мэдээ 1066 оны үед хамаарч байв.
Алексис де Токвил 1805 оны долдугаар сарын 29 нд Францын нийслэл Париж хотын ойролцоо орших Верней-сюр-Сен цайзад гүн Эрвэ Луи Жан Франсуа Бонавентюр Клерел де Токвил, Луиза Мадлен Ле Пелетье Розамбо нарын гэрт гурван хүүхэдтэй (Хипполити, Эдуард, Алексис) айлын отгон хүү болж мэндэлжээ. Түүний өвөг эцэг Крэтиэн де Малзэрб Францын эзэн хаан XIV Людовигийг хууль тогтоох хурлын өмнө өмгөөлсний учир улсаас урвасан хэргээр цаазлагдсан түүхтэй. Харин Токвилийн эцэг, эх якобинчуудын засаглалын үед цаазын ял сонсч хар гэрт хоригдож байсан бөгөөд термидор сарын үйл явдлаар суллагдаж байжээ. Ер нь, Токвил угсааныхан эзэн хааны засагт туйлын үнэнч хүмүүс байсан юм.  Гэвч Алексис де Токвил өөрийн удам дотроо улс төрийн хувьд огт өөр үзэл бодолтой нэгэн байв. Эхэндээ Английн төрийн байгууллыг судалж, түүнийг улс төрийн хөгжлийг үлгэр жишээ гэж үзэж байсан нь (Цэнд-Аюуш, 2015, хууд. 30) гэр бүлийн хүрээнд тогтсон роялист үзэл баримтлалтай зөрчилдөхөд хүргэжээ. Өөрөөр хэлбэл, үзэл бодлын хувьд эцэгтэйгээ дайсагнах болжээ.
Меце дэх Фэберт нэртэй Иезуит Лицейг дүүргэж 1826 онд Парижийн Их Сургуульд хууль цаазын ухаанаар бакалаврын зэрэг хүртсэн бөгөөд улмаар Версал хотноо jude auditeur болжээ. Ингэх явцдаа Гюстав де Бомонтой нөхөрлөж, насан туршдаа дотно явжээ. Ялдарт нь, 1827 онд Итали улс Сицили арал руу аялсан байна.
Хожим Бомонтой хамт 1831 оны дөрөвдүгээр сард шоронгийн тогтолцоог судлах зорилгоор Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ыг зорьсон юм. Америкт Эндрю Жексоноос гадна Албэрт Галлатэн, шүүгч Кэнт, Жон Куинси Адамс, профессор Фрэнсис Либэр, Жэрид Спаркс нартай уулзаж, Америк орны талаар ярилцсан байдаг. Аяллын хугацаанд Шинэ Англи, Их Нуурууд, Канад, Охайо, Тэннэсси, Шинэ Орлеан, Чарлстон зэрэг газраар явжээ. Анхны сэтгэгдэл аяллын явцад ихэд өөрчлөгдсөн гэдэг. Ингээд “хүн болгоны ярьдаг хэрнээ хэний ч үл мэдэх Америк тогтолцооны тухай хамгийн бүрэн дүүрэн тодорхойлолт өгөх(Токвиль, 2000, хууд. 7) зорилго бүхий ном бичихээр шийдэж, 1831 онд эхлүүлсэн байна. Гэхдээ ном бичих санаа аялалд гарахаас өмнө төрснийг бодоход шоронгийн тогтолцоог судлах нь ердөө Америкт очих шалтаг төдий байжээ.  Үр дүнд нь, нэг жил орчим үргэлжилсэн аяллаар 2 дэвтэр, 6 хэсэг, 90 бүлгээс бүрдэх “Америк дахь ардчилал” (De la Democratie en Amerique; Democracy in America; Демократия в Америке) ном гарчээ.
Энэ ном гарсан даруйдаа алдаршиж Европын бараг бүх хэлнээ орчуулагдахын сац 1836 онд Францын Шинжлэх Ухааны Академи Токвилд хүндэт легионы одон, ихээхэн хэмжээний мөнгөн шагнал олгожээ. 1838 онд Францын Ёс Суртахуун, Улс Төрийн Шинжлэх Ухааны Академийн гишүүн болсон.
1837 онд хууль тогтоох хуралд сонгогдохоор өрсөлдсөн боловч ялалт байгуулж чадаагүй юм. Харин 1839 онд дахин өрсөлдөж сонгогдсон байна. 1839 оны долдугаар сарын 22 нд Францын бүх эзэмшил нутагт боолчлолыг халах хуулийн төсөл өргөн барьжээ. Энэ учирт олон нийтийн зүгээс өндөр үнэлэлт авч, улмаар 1841 оны арванхоёрдугаар сард Францын Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдсон байдаг. Хууль тогтоох хуралд Токвил Алжирыг колончлох, чөлөөт худалдааг дэмжиж, боолчлолыг халах аболиционист байр суурийг баримталж байжээ. Токвилийн улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлсэн цаг үе нь Франц дахь долдугаар сарын хаант засаг, хоёрдугаар бүгд найрамдах улсын үе болно. 1842 онд Маншийн зөвлөхөөр сонгогдож, 1849-1851 онуудад Маншийн ерөнхий зөвлөлийг тэргүүлсэн. Одилон Баррогийн засгийн газарт 1849 оны зургаадугаар сараас аравдугаар сар хүртэл Францын гадаад хэргийн яамны сайдын албыг үүрэглэжээ. Энэ зурвас хугацаанд Европ дахь Францын нөлөөллийг өргөтгөх оролдлого хийсэн ч төдийлөн амжилт олж чадаагүй юм. Тэрслүү бодол гаргасан учир Венсен цайзад хоригдсон байна.
Төд удалгүй улс төрийн үйл ажиллагаанаас хөндийрч Туз хотын ойролцоо суурьшин Францын хувьсгалыг судлахад өөрийгөө зориулах болжээ. Гэвч олон жилийн туршид ужигарсан сүрье өвчний улмаас биеийн эрүүл мэнд илтэд дордож, 1859 оны дөрөвдүгээр сарын 16 нд Францын зүүн өмнө зүгт орших Каннад 53 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Гэр бүлийн хувьд Мэри Мотли хэмээх англи авхайтай 1835 онд урагласан боловч үр хүүхэдгүй нэгэн байв. Либерал сэтгэлгээний нэрт төлөөлөгч Алексис де Токвилийг Норманд дахь түүний удмын газарт нутаглуулсан байна.
Токвилийн улс төрийн сургаалын үндэс нь эрх чөлөө, тэгш байдал, ардчиллын тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл, эдгээр гурван зүйлийн зохистой нийцлийг нийгмийн харилцаанд хэрхэн бий болгох вэ гэдэг нь түүний сургаалын агуулгыг тодорхойлж байв.
Токвилийн үзсэнээр, эрх чөлөө, тэгш байдал, ардчиллын зохистой нийцлийг хангаж чадах цорын ганц байгуулал нь ард түмний эрх мэдлийг төлөөлөн илэрхийлэх бүгд найрамдах засаглал юм. Эзэн хаант болон язгууртны засаглал нь үеэ өнгөрөөсөн, хэзээ мөдгүй устахад бэлэн тийм төрийн байгуулал болно. Ардчилсан нийгэм гэдэг нь онцгой эрх ямба устаж, хүн бүрт тэгш байдал, эрх чөлөө эдэлсэн нийгэм болно. Өөрөөр хэлбэл, язгууртны нийгмийн байгууллын эцэст бий болж, хүн бүрт дээд, доодын ялгаваргүй тэгш эрх чөлөө олгосон нийгэм юм.
Төрт ёсны уламжлал, онцлогоос үл хамааран дэлхийн бүх улс, үндэстэн ардчилалд дэвшин орох нь зайлшгүй учир улс төрийн мэдлэгийн гол судлах зүйл нь ардчилал, түүний үндсэн зарчим, сайн, муу талыг шинжлэхэд оршино. Хэдийгээр тэгш байдал чухал боловч түүнийг хэтэрхий шүтвэл нийгэмд цөөнхиө дарангуйлах олонхийн засаг тогтох муу үр дагавартай. Үүний оронд хүн нэг бүрийн эрх чөлөөг хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулж, хүндэтгэн үзэх нь нийгэм эрүүл саруул оршихын үндэс болно. Ардчилсан нийгэмд хүн бүр эрх тэгш байна. Энэ нийгмийн үед зөвхөн боловсрол, авьяас чадвараас үүдэлтэй хувь хүмүүсийн ялгаа л оршино.
Ардчилал байгаа, түүнийг тогтоож болдог юм бол ардчиллын бэхжилтийн асуудал зүй ёсоор урган гарна. Токвил нэг зүйлийг гярхай ажигласан нь ардчилал хэн нэгэн манлайлагч, удирдагчаас шууд хамаарахгүй бөгөөд хууль тогтоомж, шинжлэх ухааны хөгжил, дэвшил, соёл, ёс суртахуун гэх мэт олон зүйл нөлөөлдөг болохыг тогтоосон явдал юм.  
Хэрэв нийгмийн орчинд хувь хүний эрх чөлөө хангалттай хэмжээнд бий болж чадсан бол тэгш байдалд санаа зовох хэрэггүй. Учир нь, тэгш байдлын шалтгаан нь хувь хүний эрх чөлөө юм. Хүн төрөлхтөний түүхийн үйл явцыг судалсны эцэст тэгш байдал эрх чөлөөндөө, эсрэгээрээ, эрх чөлөө тэгш байдалдаа хөнөөл учруулж байсан тохиол олон гарсныг тэмдэглэжээ. Хүний эрх чөлөөг хангахгүйгээр бүх нийтийн тэгш байдлыг хангах нь сайн үр дүнд хүргэдэггүй гэж Токвил сургажээ. “Хүмүүсийг нэг нэгнээс нь хараат бус болгосон тэгш байдал тэдэнд хувийн амьдралаа зөвхөн өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилээр авч явах дадлыг бий болгожээ” гэж Америкт аялах явцдаа Токвил тэмдэглэсэн байна. Энэ талаас нь авч үзвэл Марксын сургаалтай Токвилийн үзэл санаа зөрчилддөг байна. “Хэн бусдын эрх чөлөөг хязгаарлана, тэр боолчлолыг бий болгож байгаа нь тэр(Писаревская, 2016, p. 15) хэмээн Токвил бичжээ. “Бүхнийг тэгштгэсэн орчинд амьдарч буй хүмүүс төр засгаа тэжээх бөгөөд энэ хэрээр түүний эрх мэдлийг өсгөж байдаг(Писаревская, 2016, хууд. 16).
Америкийн Нэгдсэн Улсад аялах явцад анхаарлыг минь татсан олон шинэ үзэгдэл, үйл явцын дотроос хүмүүсийн оршин амьдрах эрх тэгш нөхцөл хамгаас илүүтэй нүдэнд маань тусч байлаа. Чухам энэ нөхцөл тэндэхийн нийгмийн амьдралд бүхэлд нь асар хүчтэй нөлөө үзүүлснийг миний бие хялбархан таньсан юм(Токвиль, 2000, хууд. 27) хэмээн Токвил бичжээ.
Токвил төлөөллийн бүгд найрамдах засаглалын үзлийг сайшаан үзэхдээ холбооны улсад хамгийн зохижтой гэдгийг Америкийн жишээн дээр онцолсон байна. Хүн төрөлхтөн нэгэнт ардчилалд шилжих нь зайлшгүй тул энэ байгуулал оршин буй Америкийн Нэгдсэн Улс хамгийн шилдэг орон мөн гэдгийг Токвил хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалжийн жагсаалт

Schapiro, J. S. (1942). Alexis de Tocqueville: Pioneer of democratic liberalism in France. Political Sceince Quarterly, Vol. 57(No 3).
Писаревская, А. А. (2016). Основные идеи и взгляды Алексиса де Токвиля. Проблемы современной науки и образования № 24 (66).
Токвиль, А. д. (2000). Демкоратия в Америке. (Е. Ю. Леонова, Ed.) Перевод В. Т. Олейника, Е. П. Орловой, И. А. Малаховой, И. Э. Иванян, Б. Н. Ворожцова, Москва: Издательство "Весь Мир".
Цэнд-Аюуш, Г. (2015). XIX-XX зууны улс төрийн сэтгэлгээний хөгжлийн түүхэн тойм. (Ц. Батболд, Ed.) Улаанбаатар хот: "СЭЛЭНГЭПРЕСС" ХХК. 

ᠠᠯᠧᠺᠰᠢᠰ ᠳᠧ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠦᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯ
ᠠᠯᠧᠺᠰᠢᠰ ᠰᠢᠷᠠᠯ ᠠᠨᠠᠷᠢ ᠺᠯᠧᠷᠧᠯ ᠸᠢᠨ ᠰᠡᠨ ᠳᠦ ᠮᠣᠷᠢᠰ ᠳᠧ ᠲᠣᠺᠸᠢᠯ (ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠬᠡᠯᠡᠨ ᠢᠶᠡᠨ: Alexis-Charles-Henri Clérel de Tocqueville) — ᠪᠣᠯᠪᠠᠰᠤ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠵᠢᠳᠬᠦᠯᠲᠡᠨ᠂ ᠺᠣᠨᠰᠧᠷᠠᠸᠠᠲ᠋ᠢᠸ ᠦᠵᠡᠯ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠯ ᠪᠦᠬᠦᠢ ᠳᠢᠭ ᠵᠢᠷᠤᠮ ᠨᠠᠮ (Parti de l’Orde; Party of Order; Партии Порядка) ᠤᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠭᠴᠢ᠂ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠬᠡᠷᠡᠭ ᠦᠨ ᠶᠠᠮᠤᠨ ᠤ ᠰᠠᠶᠢᠳ ᠠᠰᠠᠨ ᠨᠢᠭᠡᠨ ᠪᠢᠯᠡ᠃ «ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠳᠠᠬᠢ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ» (2 ᠪᠣᠲᠢ᠂ 1835 1840 ᠣᠨ) ᠨᠣᠮ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ ᠦ ᠤᠴᠢᠷ ᠣᠯᠣᠩ ᠳᠤ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ᠃ ᠡᠳᠦᠭᠡ ᠴᠤ ᠤᠭ ᠵᠣᠬᠢᠶᠠᠯ ᠢ «ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠣᠷᠣᠨ ᠤ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ ᠬᠠᠮᠤᠭ ᠤᠨ ᠰᠠᠶᠢᠨ ᠪᠦᠲᠦᠭᠡᠯ» ᠬᠡᠮᠡᠨ ᠦᠨᠡᠯᠡᠭᠰᠡᠭᠡᠷ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ (Schapiro, 1942, p. 546)
ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠡᠷᠲᠡᠨ ᠦ ᠨᠣᠷᠮᠠᠨᠳ ᠤᠨ ᠰᠤᠷᠪᠤᠯᠵᠢᠲᠤ ᠢᠵᠠᠭᠤᠷᠲᠠᠨ ᠤ ᠤᠳᠤᠮ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ ᠡᠨᠡ ᠣᠪᠣᠭ ᠤᠨ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠠᠩᠬᠠᠯᠠᠨ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᠭᠡ 1066 ᠣᠨ ᠤ ᠦᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠴᠢ ᠪᠠᠶᠢᠪᠠ᠃
ᠠᠯᠧᠺᠰᠢᠰ ᠳᠧ ᠲᠣᠺᠸᠢᠯ 1805 ᠣᠨ ᠤ ᠳᠣᠯᠣᠳᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ 29 ᠨᠳ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠫᠠᠷᠢᠵᠤ ᠬᠣᠲᠠ ᠶᠢᠨ ᠣᠶᠢᠷᠠᠯᠴᠠᠭ᠎ᠠ ᠤᠷᠤᠰᠢᠬᠤ ᠸᠧᠷᠨᠡᠢ ᠰ ᠲᠷ-ᠰᠧᠨ ᠴᠠᠶᠢᠵᠠ ᠳᠤ ᠭᠦᠨ ᠡᠷᠪᠡ ᠯᠤᠢ ᠵᠠᠩ ᠹᠷᠠᠨᠰᠤᠶᠠ ᠪᠤᠨᠠᠸᠧᠨᠲ᠋ᠶᠤᠶᠢᠷ ᠺᠯᠧᠷᠧᠯ ᠳᠧ ᠲᠣᠺᠸᠢᠯ᠂ ᠯᠤᠶᠢᠰᠠ ᠮᠠᠳᠯᠠᠨ ᠯᠧ ᠫᠧᠯᠧᠲᠦᠶ᠎ᠡ ᠷᠣᠽᠠᠮᠪ ᠨᠠᠷ ᠤᠨ ᠭᠡᠷ ᠲᠦ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠬᠡᠦᠬᠡᠳᠲᠡᠢ (ᠬᠢᠫᠫᠣᠯᠢᠲ᠋ᠢ᠂ ᠡᠳᠤᠷ᠎ᠠ ᠳᠤ᠂ ᠠᠯᠧᠺᠰᠢᠰ) ᠠᠶᠢᠯ ᠤᠨ ᠣᠳᠬᠠᠨ ᠬᠡᠦ ᠪᠣᠯᠵᠤ ᠮᠡᠨᠳᠦᠯᠡᠵᠡᠢ᠃
ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠡᠪᠦᠭᠡ ᠡᠴᠢᠭᠡ ᠺᠷᠡᠲ ᠢᠶᠡᠨ ᠳᠧ ᠮᠠᠯᠵᠡᠷᠪ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠡᠵᠡᠨ ᠬᠠᠭᠠᠨ XIV ᠯ ᠳᠦᠣᠪᠢᠭ ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠬᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠡᠮᠦᠨ᠎ᠡ ᠥᠮᠦᠭᠡᠯᠡᠭᠰᠡᠨ ᠦ ᠤᠴᠢᠷ ᠤᠯᠤᠰ ᠠᠴᠠ ᠤᠷᠪᠠᠭᠰᠠᠨ ᠬᠡᠷᠡᠭ ᠢᠶᠡᠷ ᠴᠠᠭᠠᠵᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠡᠦᠬᠡ ᠲᠡᠢ᠃ ᠬᠠᠷᠢᠨ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠦᠨ ᠡᠴᠢᠭᠡ᠂ ᠡᠬᠡ ᠶᠠᠺᠣᠪᠢᠨᠴᠢ ᠨᠤᠭᠤᠳ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠯ ᠤᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠴᠠᠭᠠᠵᠠ ᠶᠢᠨ ᠶᠠᠯ᠎ᠠ ᠰᠣᠨᠣᠰᠴᠢ ᠬᠠᠷ᠎ᠠ ᠭᠡᠷ ᠲᠦ ᠬᠣᠷᠢᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠪᠥᠭᠡᠳ ᠲᠧᠷᠮᠢᠳᠣᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠶᠠᠪᠤᠳᠠᠯ ᠢᠶᠠᠷ ᠰᠤᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠴᠠᠢ᠃ ᠶᠡᠷᠦ ᠨᠢ᠂ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠤᠭᠰᠠᠭᠠᠨ ᠤ ᠬᠢᠨ ᠡᠵᠡᠨ ᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠵᠠᠰᠠᠭ ᠲᠤ ᠲᠤᠶᠢᠯ ᠤᠨ ᠦᠨᠡᠨᠴᠢ ᠬᠦᠮᠦᠰ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ᠃ ᠭᠡᠪᠡᠴᠦ ᠠᠯᠧᠺᠰᠢᠰ ᠳᠧ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠥᠪᠡᠷ ᠦᠨ ᠤᠳᠤᠮ ᠳᠣᠲᠣᠷ᠎ᠠ ᠪᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠳᠤ ᠣᠭᠲᠣ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠦᠵᠡᠯ ᠪᠣᠳᠣᠯ ᠲᠠᠢ ᠨᠢᠭᠡᠨ ᠪᠠᠶᠢᠪᠠ᠃ ᠡᠬᠢᠨ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠠᠩᠭᠯᠢ ᠶᠢᠨ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ ᠢ ᠰᠤᠳᠤᠯᠵᠤ᠂ ᠲᠡᠭᠦᠨ ᠢ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠬᠥᠭᠵᠢᠯ ᠢ ᠦᠯᠢᠭᠡᠷ ᠵᠢᠱᠢᠶ᠎ᠡ ᠭᠡᠵᠦ ᠦᠵᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠨᠢ (Цэнд-Аюуш, 2015, p. 30) ᠭᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶᠢᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳᠦ ᠲᠣᠭᠲᠠᠭᠰᠠᠨ ᠷᠣᠢᠯᠢᠰᠲ ᠦᠵᠡᠯ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠯ ᠲᠠᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯᠳᠦᠬᠦ ᠳᠦ ᠬᠦᠷᠭᠡᠵᠡᠢ᠃ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠪᠡᠷ ᠬᠡᠯᠡᠪᠡᠯ᠂ ᠦᠵᠡᠯ ᠪᠣᠳᠣᠯ ᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠳᠤ ᠡᠴᠢᠭᠡ ᠲᠡᠢ ᠪᠡᠨ ᠳᠠᠶᠢᠰᠤᠩᠨᠠᠬᠤ ᠪᠣᠯᠵᠠᠢ᠃
ᠮᠧᠼᠧ ᠳ᠋ᠡᠬᠢ ᠹᠡᠪᠧᠷᠲ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠲᠡᠢ ᠢᠧᠽᠦᠢᠲ ᠯᠢᠼᠧᠢ ᠶᠢ ᠳᠦᠭᠦᠷᠭᠡᠵᠦ 1826 ᠣᠨ ᠳᠤ ᠫᠠᠷᠢᠵᠤ ᠶᠢᠨ ᠶᠡᠬᠡ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠳᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠴᠠᠭᠠᠵᠠ ᠶᠢᠨ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠢᠶᠠᠷ ᠪᠠᠺᠠᠯᠠᠪᠠᠷ ᠤᠨ ᠵᠡᠷᠭᠡ ᠬᠦᠷᠲᠡᠭᠰᠡᠨ ᠪᠥᠭᠡᠳ ᠤᠯᠠᠮ ᠢᠶᠠᠷ ᠸᠧᠷᠰᠠᠯ ᠬᠣᠲᠣᠩ ᠢᠶᠠᠨ jude auditeur ᠪᠣᠯᠵᠠᠢ᠃ ᠢᠩᠭᠢᠬᠦ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠭᠶᠤᠶᠢᠰᠲ᠋ᠠᠪ ᠳᠧ ᠪᠦᠮᠢᠶᠠᠨ ᠲᠠᠢ ᠨᠥᠬᠥᠷᠯᠡᠵᠦ᠂ ᠨᠠᠰᠤᠨ ᠲᠤᠷᠰᠢᠳᠠ ᠪᠠᠨ ᠳᠣᠲᠣᠨᠣ ᠶᠠᠪᠤᠵᠠᠢ᠃ ᠢᠯᠳᠠᠷ᠎ᠠ ᠳᠤ ᠨᠢ᠂ 1827 ᠣᠨ ᠳᠤ ᠢᠲᠠᠯᠢ ᠤᠯᠤᠰ ᠰᠢᠼᠢᠯᠢ ᠠᠷᠠᠯ ᠷᠤ ᠠᠶᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
ᠬᠣᠵᠢᠮ ᠪᠦᠮᠢᠶᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤ 1831 ᠣᠨ ᠤ ᠳᠥᠷᠪᠡᠳᠦᠭᠡᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠳᠤ ᠱᠣᠷᠣᠩ ᠤᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠤᠯᠤᠰ (ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠤᠯᠤᠰ) ᠵᠣᠷᠢᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ᠃ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠳᠤ ᠡᠨᠳᠡᠷ ᠵᠧᠺᠰᠣᠨ ᠠᠴᠠ ᠭᠠᠳᠠᠨ᠎ᠠ ᠠᠯᠪᠦᠷᠢᠲᠦ ᠭᠠᠯᠯᠠᠲᠡᠨ᠂ ᠰᠢᠭᠦᠭᠴᠢ ᠺᠠᠨ ᠳᠤ᠂ ᠵᠣᠩ ᠺᠦ᠋ᠢᠩᠰᠢ ᠠᠳᠠᠮᠰᠠ᠂ ᠫᠷᠣᠹᠧᠰᠰᠣᠷ ᠹᠷᠡᠩᠰᠢᠰ ᠯᠢᠪᠦᠷ᠂ ᠵᠠᠷ ᠲᠤ ᠰᠫᠠᠷᠺᠰ ᠨᠠᠷ ᠲᠠᠢ ᠠᠭᠤᠯᠵᠠᠵᠤ᠂ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠣᠷᠣᠨ ᠤ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠶᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ᠃ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠤᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳᠤ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠠᠩᠭᠯᠢ᠂ ᠶᠡᠬᠡ ᠨᠠᠭᠤᠷ ᠤᠳ᠂ ᠺᠠᠨ ᠳᠤ᠂ ᠣᠬᠠᠶᠣ᠂ ᠲᠡᠨᠡᠨᠢᠰᠰᠢ᠂ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠣᠷᠣᠯᠧᠶᠠᠨ᠂ ᠴᠢᠷᠠᠯᠰᠣᠲᠤᠨ ᠵᠡᠷᠭᠡ ᠭᠠᠵᠠᠷ ᠢᠶᠠᠷ ᠶᠠᠪᠤᠵᠠᠢ᠃ ᠠᠩᠬᠠᠨ ᠤ ᠰᠡᠳᠬᠢᠭᠳᠡᠯ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠤᠨ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳᠤ ᠶᠡᠬᠡᠳᠡ ᠥᠭᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠭᠳᠡᠭᠰᠡᠨ ᠭᠡᠳᠡᠭ᠃ ᠢᠩᠭᠢᠭᠡᠳ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠣᠯᠭᠠᠨ ᠤ ᠶᠠᠷᠢᠳᠠᠭ ᠬᠡᠷᠡᠨ ᠢᠶᠡᠨ ᠬᠡᠨ ᠦ ᠴᠤ ᠦᠯᠦ ᠮᠡᠳᠡᠬᠦ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠮᠤᠭ ᠤᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠳᠦᠭᠦᠷᠡᠩ ᠲᠣᠳᠣᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ ᠥᠭᠬᠦ(Токвиль, 2000, хууд. 7) ᠵᠣᠷᠢᠯᠭ᠎ᠠ ᠪᠦᠬᠦᠢ ᠨᠣᠮ ᠪᠢᠴᠢᠬᠦ ᠪᠡᠷ ᠰᠢᠢᠳᠴᠦ᠂ 1831 ᠣᠨ ᠳᠤ ᠡᠬᠢᠯᠡᠭᠦᠯᠦᠭᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
ᠭᠡᠬᠦ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠨᠣᠮ ᠪᠢᠴᠢᠬᠦ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠳᠤ ᠭᠠᠷᠬᠤ ᠠᠴᠠ ᠡᠮᠦᠨ᠎ᠡ ᠲᠥᠷᠦᠭᠰᠡᠨ ᠢ ᠪᠣᠳᠣᠬᠤ ᠳᠤ ᠱᠣᠷᠣᠩ ᠤᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ ᠨᠢ ᠶᠡᠷᠦᠳᠡᠭᠡᠨ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠳᠤ ᠣᠴᠢᠬᠤ ᠰᠢᠯᠲᠠᠭ ᠲᠡᠳᠦᠢ ᠪᠠᠶᠢᠴᠠᠢ᠃ ᠦᠷ᠎ᠡ ᠳᠦᠩ ᠳᠦ ᠨᠢ᠂ ᠨᠢᠭᠡ ᠵᠢᠯ ᠣᠷᠴᠢᠮ ᠦᠷᠭᠦᠯᠵᠢᠯᠡᠭᠰᠡᠨ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠢᠶᠠᠷ 2 ᠳᠡᠪᠲᠡᠷ᠂ 6 ᠬᠡᠰᠡᠭ᠂ 90 ᠪᠦᠯᠦᠭ ᠡᠴᠡ ᠪᠥᠷᠢᠳᠬᠦ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠳᠠᠬᠢ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ(De la Democratie en Amerique; Democracy in America; Демократия в Америке) ᠨᠣᠮ ᠭᠠᠷᠴᠠᠢ᠃ 
ᠡᠨᠡ ᠨᠣᠮ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠳᠠᠷᠤᠢ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠠᠯᠳᠠᠷᠰᠢᠵᠤ ᠧᠦ᠋ᠷᠣᠫᠠ ᠶᠢᠨ ᠪᠠᠷᠤᠭ ᠪᠦᠬᠦ ᠬᠡᠯᠡᠨ ᠢᠶᠡᠨ ᠣᠷᠴᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠬᠤ ᠶᠢᠨ ᠰᠠᠴᠠ 1836 ᠣᠨ ᠳᠤ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠠᠺᠠᠳᠧᠮᠢ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠳᠤ ᠬᠦᠨᠳᠦᠲᠦ ᠯᠧᠭᠢᠶᠠᠨ ᠤ ᠣᠳᠣᠨ᠂ ᠶᠡᠬᠡᠬᠡᠨ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ ᠮᠥᠩᠭᠥᠨ ᠱᠠᠩᠨᠠᠯ ᠣᠯᠭᠤᠵᠠᠢ᠃ 1838 ᠣᠨ ᠳᠤ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠶᠣᠰᠣ ᠰᠤᠷᠲᠠᠬᠤᠨ᠂ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠠᠺᠠᠳᠧᠮᠢ ᠶᠢᠨ ᠭᠡᠰᠢᠭᠦᠨ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ᠃ 
1837 ᠣᠨ ᠳᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠬᠤᠷᠠᠯ ᠳᠤ ᠰᠣᠩᠭᠣᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠷ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᠭᠰᠡᠨ ᠪᠣᠯᠪᠠᠴᠤ ᠢᠯᠠᠯᠲᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠴᠢᠳᠠᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠶᠤᠮ᠃ ᠬᠠᠷᠢᠨ 1839 ᠣᠨ ᠳᠤ ᠳ᠋ᠠᠬᠢᠨ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᠵᠦ ᠰᠣᠩᠭᠣᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ 1839 ᠣᠨ ᠤ ᠳᠣᠯᠣᠳᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ 22 ᠨᠳ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠪᠦᠬᠦ ᠡᠵᠡᠮᠰᠢᠯ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠪᠣᠭᠣᠯᠴᠢᠯᠠᠯ ᠢ ᠬᠠᠯᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠲᠥᠰᠥᠯ ᠡᠷᠭᠦᠨ ᠪᠠᠷᠢᠵᠠᠢ᠃ ᠡᠨᠡ ᠤᠴᠢᠷ ᠲᠤ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠵᠦᠭ ᠡᠴᠡ ᠥᠨᠳᠦᠷ ᠦᠨᠡᠯᠡᠯᠲᠡ ᠠᠪᠴᠤ᠂ ᠤᠯᠠᠮ ᠢᠶᠠᠷ 1841 ᠣᠨ ᠤ ᠠᠷᠪᠠᠨᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠳᠤ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠠᠺᠠᠳᠧᠮᠢ ᠶᠢᠨ ᠭᠡᠰᠢᠭᠦᠨ ᠢᠶᠡᠷ ᠰᠣᠩᠭᠣᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ᠃ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠬᠤᠷᠠᠯ ᠳᠤ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠠᠯᠵᠢᠷ ᠢ ᠺᠣᠯᠣᠨᠴᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠴᠢᠯᠦᠭᠡᠲᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠳᠡᠮᠵᠢᠵᠦ᠂ ᠪᠣᠭᠣᠯᠴᠢᠯᠠᠯ ᠢ ᠬᠠᠯᠠᠬᠤ ᠠᠪᠦᠯᠢᠼᠢᠶᠣᠨᠢᠰᠲ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠶᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠴᠠᠢ᠃ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠦᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥᠶᠢᠨ ᠢᠳᠡᠪᠬᠢᠲᠡᠢ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ᠎ᠠ ᠥᠷᠨᠢᠭᠦᠯᠦᠭᠰᠡᠨ ᠴᠠᠭ ᠦᠶ᠎ᠡ ᠨᠢ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠳᠠᠬᠢ ᠳᠣᠯᠣᠳᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠬᠠᠭᠠᠨᠲᠤ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ 1842 ᠣᠨ ᠳᠤ ᠮᠠᠩᠰᠢ ᠶᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠬᠦ ᠪᠡᠷ ᠰᠣᠩᠭᠣᠭᠳᠠᠵᠤ᠂ 1849-1851 ᠣᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠮᠠᠩᠰᠢ ᠶᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠢ ᠲᠡᠷᠢᠭᠦᠯᠡᠭᠰᠡᠨ᠃ ᠣᠳᠣᠯᠠᠨ ᠪᠠᠷᠷᠣ ᠶᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ 1849 ᠣᠨ ᠤ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠳᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠠᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠬᠦᠷᠲᠡᠯ᠎ᠡ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠬᠡᠷᠡᠭ ᠦᠨ ᠶᠠᠮᠤᠨ ᠤ ᠰᠠᠶᠢᠳ ᠤᠨ ᠠᠯᠪᠠ ᠶᠢ ᠡᠭᠦᠷᠭᠡᠯᠡᠵᠡᠢ᠃ ᠡᠨᠡ ᠵᠤᠷᠪᠤᠰ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳᠤ ᠧᠦ᠋ᠷᠣᠫᠠ ᠳᠠᠬᠢ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠨᠥᠯᠥᠭᠡᠯᠡᠯ ᠢ ᠦᠷᠭᠡᠳᠭᠡᠬᠦ ᠣᠷᠣᠯᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠬᠢᠭᠰᠡᠨ ᠴᠤ ᠲᠡᠳᠦᠶᠢᠯᠡᠨ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠣᠯᠵᠤ ᠴᠢᠳᠠᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠶᠤᠮ᠃ ᠲᠡᠷᠰᠯᠡᠭᠦᠦ ᠪᠣᠳᠣᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤᠴᠢᠷ ᠸᠸᠨᠰᠧᠨ ᠴᠠᠶᠢᠵᠠ ᠳᠤ ᠬᠣᠷᠢᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠠᠴᠠ ᠬᠥᠨᠳᠡᠶᠢᠷᠡᠴᠢ ᠲᠤᠵᠠ ᠬᠣᠲᠠ ᠶᠢᠨ ᠣᠶᠢᠷᠠᠯᠴᠠᠭ᠎ᠠ ᠰᠠᠭᠤᠷᠢᠰᠢᠨ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠬᠤᠪᠢᠰᠬᠠᠯ ᠢ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ ᠳᠤ ᠥᠪᠡᠷ ᠢ ᠪᠡᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠯᠵᠠᠢ᠃ ᠭᠡᠪᠡᠴᠦ ᠣᠯᠠᠨ ᠵᠢᠯ ᠦᠨ ᠲᠤᠷᠰᠢᠳᠠ ᠤᠵᠢᠭᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠰᠦᠷᠡᠶ᠎ᠡ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠦ ᠤᠯᠠᠮ ᠠᠴᠠ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠢᠯᠡᠳᠳᠡ ᠳᠣᠷᠳᠣᠵᠤ᠂ 1859 ᠣᠨ ᠤ ᠳᠥᠷᠪᠡᠳᠦᠭᠡᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ 16 ᠨᠳ ᠹᠷᠠᠨᠼᠢ ᠶᠢᠨ ᠵᠡᠭᠦᠨ ᠡᠮᠦᠨ᠎ᠡ ᠵᠦᠭ ᠲᠦ ᠤᠷᠤᠰᠢᠬᠤ ᠺᠠᠨᠠᠨ ᠳᠤ 53 ᠨᠠᠰᠤᠨ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠶᠢᠷᠲᠢᠨᠴᠦ ᠶᠢᠨ ᠮᠥᠩᠬᠡ ᠪᠤᠰᠤ ᠶᠢ ᠦᠵᠡᠭᠦᠯᠵᠡᠢ᠃ ᠭᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠳᠤ ᠮᠡᠷᠢ ᠮᠣᠲ᠋ᠯ ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠠᠩᠭᠯᠢ ᠠᠪᠠᠬᠠᠢ ᠲᠠᠢ 1835 ᠣᠨ ᠳᠤ ᠤᠷᠤᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯᠪᠠᠴᠤ ᠦᠷ᠎ᠡ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠭᠡᠢ ᠨᠢᠭᠡᠨ ᠪᠠᠶᠢᠪᠠ᠃ ᠯᠢᠪᠧᠷᠠᠯ ᠰᠡᠳᠬᠢᠯᠭᠡᠨ ᠦ ᠨᠡᠷᠡᠲᠦ ᠲᠥᠯᠦᠭᠡᠯᠡᠭᠴᠢ ᠠᠯᠧᠺᠰᠢᠰ ᠳᠧ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠢ ᠨᠣᠷᠮᠠᠨ ᠳᠤ ᠳ᠋ᠠᠬᠢ ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠤᠳᠤᠮ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠨᠤᠲᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠦᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯ ᠤᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠨᠢ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ᠂ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ ᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠶᠤᠮ᠃ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠪᠡᠷ ᠬᠡᠯᠡᠪᠡᠯ᠂ ᠡᠳᠡᠭᠡᠷ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠦᠢᠯ ᠦᠨ ᠵᠣᠬᠢᠰᠲᠠᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᠯ ᠢ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠦᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠳᠤ ᠬᠡᠷᠬᠢᠨ ᠪᠤᠢ ᠪᠣᠯᠭᠠᠬᠤ ᠪᠤᠢ ᠭᠡᠳᠡᠭ ᠨᠢ ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯ ᠤᠨ ᠠᠭᠤᠯᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠲᠣᠳᠣᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠪᠠ᠃
ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠦᠨ ᠦᠵᠡᠭᠰᠡᠨ ᠢᠶᠡᠷ᠂ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ᠂ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ ᠤᠨ ᠵᠣᠬᠢᠰᠲᠠᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᠯ ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ ᠴᠢᠳᠠᠬᠤ ᠴᠣᠷ ᠤᠨ ᠭᠠᠭᠴᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ ᠨᠢ ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ ᠦ ᠡᠷᠬᠡ ᠮᠡᠳᠡᠯ ᠢ ᠲᠥᠯᠦᠭᠡᠯᠡᠨ ᠢᠯᠡᠷᠬᠡᠶᠢᠯᠡᠬᠦ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠯ ᠶᠤᠮ᠃ ᠡᠵᠡᠨ ᠬᠠᠭᠠᠨ ᠳᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᠢᠵᠠᠭᠤᠷᠲᠠᠨ ᠤ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠯ ᠨᠢ ᠦᠶᠡ ᠥᠩᠭᠡᠷᠡᠭᠡᠭᠰᠡᠨ᠂ ᠬᠡᠵᠢᠶ᠎ᠡ ᠮᠥᠳᠳᠥ ᠭᠦᠢ ᠤᠰᠠᠳᠬᠤ ᠳᠤ ᠪᠡᠯᠡᠨ ᠲᠡᠶᠢᠮᠦ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠭᠡᠳᠡᠭ ᠨᠢ ᠣᠨᠴᠠᠭᠠᠢ ᠡᠷᠬᠡ ᠶᠠᠩᠪᠠ ᠤᠰᠠᠳᠴᠤ᠂ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠦᠷᠢ ᠳᠦ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ ᠡᠳ᠋ᠯᠡᠭᠰᠡᠨ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠪᠡᠷ ᠬᠡᠯᠡᠪᠡᠯ᠂ ᠢᠵᠠᠭᠤᠷᠲᠠᠨ ᠤ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ ᠤᠨ ᠡᠴᠦᠰ ᠲᠦ ᠪᠤᠢ ᠪᠣᠯᠵᠤ᠂ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠦᠷᠢ ᠳᠦ ᠳᠡᠭᠡᠳᠦ᠂ ᠳᠣᠭᠣᠳᠤ ᠶᠢᠨ ᠢᠯᠭᠠᠪᠤᠷᠢ ᠦᠭᠡᠢ ᠲᠡᠭᠰᠢ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ ᠣᠯᠭᠤᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠶᠤᠮ᠃ 
ᠲᠥᠷᠦ ᠳᠦ ᠶᠣᠰᠣᠨ ᠤ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ᠂ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠠᠴᠠ ᠦᠯᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶᠢᠨ ᠪᠦᠬᠦ ᠤᠯᠤᠰ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ ᠳᠤ ᠳᠡᠪᠰᠢᠨ ᠣᠷᠣᠬᠤ ᠨᠢ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᠭᠡᠢ ᠤᠴᠢᠷ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᠯᠭᠡ ᠶᠢᠨ ᠭᠣᠣᠯ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ ᠵᠦᠢᠯ ᠨᠢ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ᠂ ᠰᠠᠶᠢᠨ᠂ ᠮᠠᠭᠤ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠶᠢ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠳᠦ ᠣᠷᠣᠰᠢᠨ᠎ᠠ᠃ ᠬᠡᠳᠦᠢ ᠪᠡᠷ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠪᠣᠯᠪᠠᠴᠤ ᠲᠡᠭᠦᠨ ᠢ ᠬᠡᠲᠦᠷᠬᠡᠢ ᠰᠢᠲᠦᠪᠡᠯ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠳᠦ ᠴᠥᠭᠡᠩᠬᠢᠡ ᠳᠠᠷᠤᠩᠭᠤᠶᠢᠯᠠᠬᠤ ᠣᠯᠠᠩᠬᠢ ᠶᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠲᠣᠭᠲᠠᠬᠤ ᠮᠠᠭᠤ ᠦᠷ᠎ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠤᠷᠢ ᠲᠠᠢ᠃ ᠡᠭᠦᠨ ᠦ ᠣᠷᠣᠨ ᠳᠤ ᠬᠦᠮᠦᠨ ᠨᠢᠭᠡ ᠪᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ ᠶᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠡᠷᠬᠡ ᠵᠦᠢ ᠶᠢᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳᠦ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠬᠦᠨᠳᠦᠳᠬᠡᠨ ᠦᠵᠡᠬᠦ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠰᠠᠷᠠᠭᠤᠯ ᠣᠷᠣᠰᠢᠬᠤ ᠶᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠳᠦ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠦᠷ ᠡᠷᠬᠡ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠡᠨᠡ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠵᠥᠪᠬᠡᠨ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠠᠪᠢᠶᠠᠰ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠠᠴᠠ ᠡᠭᠦᠳᠦᠯᠲᠡᠢ ᠬᠤᠪᠢ ᠬᠦᠮᠦᠰ ᠦᠨ ᠢᠯᠭᠠᠭ᠎ᠠ ᠯᠠ ᠣᠷᠣᠰᠢᠨ᠎ᠠ᠃ 
ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ᠂ ᠲᠡᠭᠦᠨ ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ ᠪᠣᠯᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠪᠣᠯ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ ᠤᠨ ᠪᠡᠬᠢᠵᠢᠯᠲᠡ ᠶᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠵᠦᠢ ᠶᠣᠰᠣᠭᠠᠷ ᠤᠷᠭᠤᠨ ᠭᠠᠷᠤᠨ᠎ᠠ᠃ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠨᠢᠭᠡ ᠵᠦᠢᠯ ᠢ ᠭᠢᠷᠠᠬᠠᠢ ᠠᠵᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ ᠬᠡᠨ ᠨᠢᠭᠡᠨ ᠮᠠᠩᠯᠠᠶᠢᠯᠠᠭᠴᠢ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠭᠴᠢ ᠠᠴᠠ ᠰᠢᠭᠤᠳ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠥᠭᠡᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠬᠥᠭᠵᠢᠯ᠂ ᠳᠡᠪᠰᠢᠯ᠂ ᠰᠤᠶᠤᠯ᠂ ᠶᠣᠰᠣ ᠰᠤᠷᠲᠠᠬᠤᠨ ᠭᠡᠬᠦ ᠮᠡᠲᠦ ᠣᠯᠠᠨ ᠵᠦᠢᠯ ᠨᠥᠯᠦᠭᠡᠯᠡᠳᠡᠭ ᠪᠣᠯᠬᠤ ᠶᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠶᠠᠪᠤᠳᠠᠯ ᠶᠤᠮ᠃ 
ᠬᠡᠷᠪᠡ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠤᠷᠴᠢᠨ ᠳᠤ ᠬᠤᠪᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ ᠬᠠᠩᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳᠦ ᠪᠤᠢ ᠪᠣᠯᠵᠤ ᠴᠢᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳᠤ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠵᠣᠪᠠᠬᠤ ᠬᠡᠷᠡᠭ ᠦᠭᠡᠢ᠃ ᠤᠴᠢᠷ ᠨᠢ᠂ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠨᠢ ᠬᠤᠪᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ ᠶᠤᠮ᠃ ᠬᠦᠮᠦᠨ ᠲᠥᠷᠥᠯᠬᠢᠲᠡᠨ ᠦ ᠲᠡᠦᠬᠡ ᠶᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠶᠢ ᠰᠤᠳᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤ ᠡᠴᠦᠰ ᠲᠦ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡᠨ ᠳᠦ ᠪᠡᠨ᠂ ᠡᠰᠡᠷᠭᠦ ᠪᠡᠷ ᠢᠶᠡᠨ᠂ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠬᠥᠨᠥᠭᠡᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠲᠣᠬᠢᠶᠠᠯ ᠣᠯᠠᠨ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠢ ᠲᠡᠮᠳᠡᠭᠯᠡᠵᠡᠢ᠃ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ ᠶᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠡᠷ ᠪᠦᠬᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠨᠢ ᠰᠠᠶᠢᠨ ᠦᠷ᠎ᠡ ᠳᠦᠩ ᠳᠦ ᠬᠦᠷᠭᠢᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠵᠦ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠰᠤᠷᠭᠠᠵᠠᠢ. ᠬᠦᠮᠦᠰ ᠢ ᠨᠢᠭᠡ ᠨᠢᠭᠡᠨ ᠡᠴᠡ ᠨᠢ ᠬᠠᠷᠠᠭᠠᠲᠤ ᠪᠤᠰᠤ ᠪᠣᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠲᠡᠳᠡᠨ ᠳᠦ ᠬᠤᠪ ᠤᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠢᠶᠠᠨ ᠵᠥᠪᠬᠡᠨ ᠥᠪᠡᠷ ᠦᠨ ᠦᠵᠡᠯ ᠪᠣᠳᠣᠯ᠂ ᠢᠲᠡᠭᠡᠯ ᠦᠨᠡᠮᠰᠢᠯ ᠢᠶᠡᠷ ᠠᠪᠴᠤ ᠶᠠᠪᠤᠬᠤ ᠳᠠᠳᠤᠯ ᠢ ᠪᠤᠢ ᠪᠣᠯᠭᠠᠵᠠᠢ ᠭᠡᠵᠦ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠳᠤ ᠠᠶᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠲᠡᠮᠳᠡᠭᠯᠡᠭᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠡᠨᠡ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠨᠢ ᠠᠪᠴᠤ ᠦᠵᠡᠪᠡᠯ ᠮᠠᠷᠺᠰ ᠤᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯ ᠲᠠᠢ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠦᠨ ᠦᠵᠡᠯ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯᠳᠦᠳᠡᠭ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ. ᠬᠡᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠤᠨ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ ᠶᠢ ᠬᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠨ᠎ᠠ᠂ ᠲᠡᠷᠡ ᠪᠣᠭᠣᠯᠴᠢᠯᠠᠯ ᠢ ᠪᠤᠢ ᠪᠣᠯᠭᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠨᠢ ᠲᠡᠷᠡ (Писаревская, 2016, хууд. 15) ᠬᠡᠮᠡᠨ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠪᠢᠴᠢᠵᠡᠢ. ᠪᠦᠬᠦᠨ ᠢ ᠲᠡᠭᠰᠢᠳᠬᠡᠭᠰᠡᠨ ᠤᠷᠴᠢᠨ ᠳᠤ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠵᠤ ᠪᠤᠢ ᠬᠦᠮᠦᠰ ᠲᠥᠷᠥ ᠵᠠᠰᠠᠭ ᠢᠶᠠᠨ ᠲᠡᠵᠢᠭᠡᠬᠦ ᠪᠥᠭᠡᠳ ᠡᠨᠡ ᠬᠢᠷᠢ ᠪᠡᠷ ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠡᠷᠬᠡ ᠮᠡᠳᠡᠯ ᠢ ᠥᠰᠬᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ (Писаревская, 2016, хууд. 16)
ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠠᠶᠠᠯᠬᠤ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳᠤ ᠠᠩᠬᠠᠷᠤᠯ ᠢ ᠮᠢᠨᠢ ᠲᠠᠲᠠᠭᠰᠠᠨ ᠣᠯᠠᠨ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠦᠵᠡᠭᠳᠡᠯ᠂ ᠦᠢᠯᠡ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠶᠢᠨ ᠳᠣᠲᠣᠷ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠬᠦᠮᠦᠰ ᠦᠨ ᠣᠷᠣᠰᠢᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠡᠷᠬᠡ ᠲᠡᠭᠰᠢ ᠨᠥᠬᠥᠴᠡᠯ ᠬᠠᠮᠤᠭ ᠠᠴᠠ ᠢᠯᠡᠭᠦᠦ ᠲᠡᠢ ᠨᠢᠳᠦᠨ ᠳᠦ ᠮᠠᠨᠢ ᠲᠤᠰᠠᠴᠢ ᠪᠠᠶᠢᠯ᠎ᠠ᠃ ᠴᠤᠬᠤᠮ ᠡᠨᠡ ᠨᠥᠬᠥᠴᠡᠯ ᠲᠡᠨᠳᠡᠬᠢ ᠶᠢᠨ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠳᠤ ᠪᠦᠬᠦᠯᠢ ᠳᠦ ᠨᠢ ᠠᠰᠠᠷ ᠬᠦᠴᠦᠲᠡᠢ ᠨᠥᠯᠥᠭᠡ ᠦᠵᠡᠭᠦᠯᠦᠭᠰᠡᠨ ᠢ ᠮᠢᠨᠦ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠬᠢᠯᠪᠠᠷᠬᠠᠨ ᠲᠠᠨᠢᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ (Токвиль, 2000, хууд. 27) ᠬᠡᠮᠡᠨ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠪᠢᠴᠢᠵᠡᠢ᠃ 
ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠲᠥᠯᠥᠭᠡᠯᠡᠯ ᠦᠨ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠯ ᠤᠨ ᠦᠵᠡᠯ ᠢ ᠰᠠᠶᠢᠰᠢᠶᠠᠨ ᠦᠵᠡᠬᠦ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠨ ᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠬᠠᠮᠤᠭ ᠤᠨ ᠵᠣᠬᠢᠵᠢ ᠲᠠᠢ ᠭᠡᠳᠡᠭ ᠢ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ ᠵᠢᠱᠢᠶᠡᠨ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠣᠨᠴᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠬᠦᠮᠦᠨ ᠲᠥᠷᠥᠯᠬᠢᠲᠡᠨ ᠨᠢᠭᠡᠨᠲᠡ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠯ ᠳᠤ ᠰᠢᠯᠵᠢᠬᠦ ᠨᠢ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᠭᠡᠢ ᠲᠤᠯᠠ ᠡᠨᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ ᠣᠷᠣᠰᠢᠨ ᠪᠤᠢ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠤᠯᠤᠰ ᠬᠠᠮᠤᠭ ᠤᠨ ᠰᠢᠯᠢᠳᠡᠭ ᠣᠷᠣᠨ ᠮᠥᠨ ᠭᠡᠳᠡᠭ ᠢ ᠲᠣᠺᠸᠢᠯ ᠬᠦᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠴᠡᠢ᠃

ᠡᠬᠢ ᠰᠤᠷᠪᠤᠯᠵᠢ ᠶᠢᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ

Schapiro, J. S. (1942). Alexis de Tocqueville: Pioneer of democratic liberalism in France. Political Sceince Quarterly, Vol. 57(No 3).
Писаревская, А. А. (2016). Основные идеи и взгляды Алексиса де Токвиля. Проблемы современной науки и образования № 24 (66).
Токвиль, А. д. (2000). Демкоратия в Америке. (Е. Ю. Леонова, Ed.) Перевод В. Т. Олейника, Е. П. Орловой, И. А. Малаховой, И. Э. Иванян, Б. Н. Ворожцова, Москва: Издательство "Весь Мир".
Цэнд-Аюуш, Г. (2015). XIX-XX зууны улс төрийн сэтгэлгээний хөгжлийн түүхэн тойм. (Ц. Батболд, Ed.) Улаанбаатар хот: "СЭЛЭНГЭПРЕСС" ХХК. 

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠯᠡᠨ ᠢᠶᠡᠨ ᠬᠥᠷᠪᠡᠭᠦᠯᠦᠭᠰᠡᠨ᠄ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠠᠺᠠᠳᠧᠮᠢ ᠶᠢᠨ ᠳ᠋ᠣᠺᠲ᠋ᠣᠷᠠᠨᠲ ᠨᠢᠮ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠣᠳᠬᠣᠨᠪᠠᠶᠠᠷ 
МОНГОЛ ХЭЛНЭЭ УТГАЧИЛСАН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment