Wednesday, March 15, 2017

УЛС ТӨР СУДЛААЧ ЖОВАННИ САРТОРИ

Хүн төрөлхтөний хувьд XX зуун хөгжил, дэвшил, техник, технологийн үсрэнгүй өөрчлөлтийн зуун байв. Үүнийгээ дагаад шинжлэх ухааны салбарт олон шинэ мэдлэгийн төрөл үүсч бүрэлдсэн юм. Эдгээрийн нэг нь улс төрийн шинжлэх ухаан болно. Улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн “амьд домог”, улс төрийн судалгаа, шинжилгээний Флорэнцийн дэг сургуулийн томоохон төлөөлөгч нь Италийн хайв эрдэмтэн, цолгорсон судлаач Жованни Сартори (Giovanni Sartori; Джованни Сартори) билээ.
Өдгөө 92 настай, Италийн өдөр тутмын “Өчигдөрийн мэдээ” ( Il Corriere della Sera; Evening Courier; Вечерний вестник) сонины ерөнхий шүүдэглэгч Сартори 1924 оны тавдугаар сарын 13 нд Флорэнц хотноо Дантэ Сартори, Эмили Квэнтини нарын гэрт мэндэлжээ. Төрөлх хотноо гимнази дүүргээд 1942 оны зургаадугаар сард Флорэнцийн Их Сургуулийн харьяа Улс Төрийн Шинжлэх Ухааны “Чезариа Алфиэри” Сургууль (Scuola di Scienze politiche "Cesare Alfieri";  School of Political Science ‘’Cesare Alfieri’’; Факультет Политологии “Чезаре Альфьери”)-д элсэн суралцсан байна. 1946 онд Их Сургуулийн улс төр судлалын салбарыг дүүргээд 1950-1956 онуудад хожуу үеийн философийн түүхээр Их Сургуульдаа багшлах болжээ. Ялдарт нь, 1954 онд орчин үеийн философийн чиглэлээр докторын зэрэг горилсон байна. 1956 оноос улс төрийн шинжлэх ухаанаар Флорэнцийн Их Сургуульд багшлах болсон юм. 1966-1976 онуудад Флорэнцийн Их Сургуулийн дэргэдэх Улс Төрийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн захирал, 1969-1971 онуудад тус сургуулийн улс төрийн шинжлэх ухааны факультетын деканаар томилогдон ажиллаж байв.
1976-1979 онуудад Стэнфордын Их Сургуульд, 1979-1994 онуудад Колумбын Их Сургуульд тус тус багшилсан. 1971 оноос Италийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Сэтгүүл (Rivista Italiana di Scienza Politica; Italian Political Science Review; Итальянский Политологический Обзор)-ийг эрхлэн гаргах болж, 2003 он хүртэл захиралаар нь ажиллажээ. Харин уг сэтгүүлийг 2004 онд Италийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Нийгэмлэг (Societa Italiana di Scienza Politica; Italian Society of Political Science; Итальянское Общество Политических Наук)-т шилжүүлсэн байна. 
1975 онд Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдсон Сартори 1992 онд Генуи Их Сургуулийн, 1994 онд Жоржтауны Их Сургуулийн, 1997 онд Гвадалахар Их Сургуулийн, 1998 онд Буэнос-Айрэс Их Сургуулийн, 2001 онд Мадрид болон Бухарестын Их Сургуулийн, 2005 онд Афин болон Урбино Их Сургуулийн, 2007 онд Мехикогийн Их Сургуулийн хүндэт доктор цол хүртсэн юм.
Жованни Сарторийн түүхэн гавьяа нь Итали улсад улс төрийн шинжлэх ухаан үүсч хөгжихөд Гаэтона Моска, Вилфрэдо Парэто, Робэрт Михельс, Антонио Грамши, Норбэрто Бобио, Анжэло Панэбианко нарын нэрт эрдэмтдийн нэгэн адил томоохон нөлөө үзүүлсэнд оршино. Тиймдээ ч 1971 онд бүгд найрамдах улсын ерөнхийлөгчөөс урлаг, боловсролын салбарын хүндэт гавьяаны одон, 2005 онд нийгмийн судалгааны салбар дахь Нобэлийн шагнал гэж тооцогддог Астурын Ханхүүгийн Нэрэмжит шагнал (Premio Principle delle Asturie; Princess of Asturias Awards; Премия Астурийской Принцессы), 2009 онд Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооноос Карл Дойчийн нэрэмжит шагнал, 2013 онд Исайя Берлины нэрэмжит шагнал, 2014 онд Бэрнардо О’Хиггинсийн Их Загалмай одон тус тус хүртжээ.
Нам, намын тогтолцоо, ардчилал, үндсэн хуульт байгуулал, ардчиллын нөхцөл дэх улс төрийн зан үйл, философийн сэдвээр Сартори нийтдээ 40 орчим томоохон хэмжээний бүтээл туурвисан бөгөөд тэдгээрээс олонх нь гадаадын хэлнээ хөрвүүлэгдсэн байна. Улс төрийн сэдвээр бичсэн “Нам, намын тогтолцооны шинжилгээ(1976 он), “Улс төрийн намын онол ба Италийн туршлага” (1982 он), Ардчиллын онолыг нягтлан үзэхүй(1987 он), “Улс төрийн онолын үндсүүд” (1987 он), “Ардчилсан онол. Улс төрийн бодлогын онолын бүрдлүүд (1990 он), “Ардчилал” (1998 он), “Харьцуулсан үндсэн хуульт байгуулал: Бүтэц, үйл ажиллагаа, үр ашгийн судалгаа” (1994 он), “Ардчилал гучин орны жишээн дээр” (2008 он), “Хаашаа уралдана вэ: Манай нийгмийг сүйрэлд хүргэж буй арван зүйл” (2015 он) зэрэг зохиолуудыг дурдаж болох байна.
Улс төрийн хувьд Сартори дараах санааг хөгжүүлсэн. Моска, Парэто, Михельс, Лассуэлл нарын үзэл санааг бататган хөгжүүлж нийгэм удирдагч цөөнх, удирдуулагч олонх гэсэн хоёр давхаргаас тогтох нь зүй гэж сургасан. Харин дээрх эрдэмтдээс ялгаатай нь, удирдагч цөөнхөө Сартори “хяналтыг хэрэгжүүлэгч бүлэг” хэмээн тодорхойлжээ. Өөр хоорондоо өрсөлдөх хяналтыг хэрэгжүүлэгч бүлгийн сонгуульт полиархи засгийг ардчилал хэмээсэн байна. Ардчилал бол “тогтсон төвгүй эрх мэдлийн хэлбэр” болох “давхараажсан засаглал” юм. Үүгээрээ эртний Грек-Римийн шууд ардчиллаас өнөөгийн ардчилал ялгаатай. Сонгуульт полиархи засаг буюу ардчиллын төлөөллийн чанар дараах хоёр шинжээр баталгааждаг байна. Үүнд:
·         Олон түмнээс ирж буй шаардлагад хариу үзүүлдэг байх:
·         Үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээдэг байх гэсэн хоёр зүйл орно.
Гэхдээ нийгмийн доороос гарч буй шаардлагад хяналтыг хэрэгжүүлэгч бүлэг хэтэрхий зөөлөн хандвал хариуцлага хүлээх чадвараа алддаг болохыг Сартори онцолсон байна. XX зууны эцэст хүн төрөлхтөн улс төрөөс дайжих хандлагад улам бүр автах болсныг Сартори 1. Сонгогч иргэд, улс төрчдийн хоорондын итгэлцлийн харилцаа суларсан: 2. Телевизийн нөлөө өссөн нь мэдээллийн урсгал хумигдах, улс төрийн оролцоо багасах, цэнгээнт улс төрийн үүрэг өсөн нэмэгдэхэд хүргэсэн: 3. Үзэл суртлын нөлөө багассан: 4. Улс төрийн авилга нэмэгдсэн гэсэн дөрвөн зүйлтэй холбон тайлбарлажээ. Энэ нөхцөлд улс төрийн эрх мэдлийн хэрэгжилтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэгч бүлгийн үйл ажиллагааг журамлах гол арга хэрэгсэл нь үндсэн хууль болдог байна. Иймээс орчин үеийн ардчиллын нөхцөлд үндсэн хуулийн ач холбогдол өсөн нэмэгдэж байгааг Сартори онцолсон. Үүний зэрэгцээ, уг үзэгдлийг “үндсэн хуулийн графомани” хэмээн нэрлэжээ. Сарторийн үзсэнээр, үндсэн хууль нийгмийн амьдралын бүх хүрээг зохицуулах албагүй. Зөвхөн улс төрийн эрх мэдлийн хуваарилалт, хэрэгжилттэй холбоотой харилцааг зохицуулах ёстой. Хэрэв үндсэн хууль нийгмийн амьдралын бүх хүрээг зохицуулж эхэлбэл улс орон сүйрэлд хүрдэгийг Сартори гярхай ажигласан байна. Үндсэн хууль бол тодорхой үр дүн олж авахад чиглэгдсэн хөдөлгөгч хүч мөн. Өөрөөр хэлбэл, ял шийтгэл, шагнал урамшуулах гэх үүдлэг дээр тулгуурлан төрийн зохион байгуулалтын бүтцийг бий болгож, үйл ажиллагааг төлөвлөх журам болно. Удирдлагын чиг үүргийг үл тоомсорлох нь төрийн тогтолцоог сулруулдаг муу үр дагавартай.
Орчин үеийн ардчиллын суурь шинж намын тогтолцоогоор дамжин илэрдэг. Үүнтэй холбоотойгоор нэг намт, ноёрхогч намт, зонхилогч намт, энгийн олон намт, хэт олон намт, олон тулгуурт намын, сарнимал намт гэх намын тогтолцооны хэлбэрүүдийг гаргасан.

МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment