УЭСТЕЛ
ВҮДБЭРИ ВИЛЛОБАЙ
Америкийн нэртэй улс
төр судлаач Уэстел Вүдбэри Виллобай (Westel Woodbure Willoughby) 1867
оны долдугаар сарын 20 нд Уэстел Виллобай, Жэнни Рэбекка Виллобай нарын гэрт мэндэлсэн. 1888
онд Жон Хопкинс Их Сургуульд бакалаврын зэрэг, 1891 онд докторын зэрэг
хамгаалсан. Улмаар Их Сургуульдаа багшилж, 1932 он буюу 65 нас хүртлээ улс
төрийн шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Америкийн Улс Төрийн
Шинжлэх Ухааны Холбоо (American Political Science
Association)-г үүсгэн байгуулагчдын
нэг, анхны нарийн бичгийн дарга бөгөөд 1912-1913 онуудад тус холбооны 10 дахь
ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Энэ учирт өнөөгийн судлаачид Уэстел Виллобайг
Америк дахь улс төрийн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг хэмээн зүй ёсоор үздэг.
Үүнээс гадна, үндсэн
хуулийн эрх зүйгээр мэргэшсэн судлаач учир Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын
засгийн газрын хүсэлтийн дагуу 1917 онд нэг жилийн хугацаагаар тус улсад төрийн
зөвлөхийн алба үүрэглэжээ. 1921 оны Вашингтоны бага хурал, Женев дахь хар тамхины
эсрэг хурал болон Үндэстнүүдийн Холбоонд Дундад Иргэн Улсын төлөөлөгчдөд
ихээхэн дэмжлэг үзүүлсний учир Хятадын засгийн газраас Виллобайг гавьяаны
одонгоор шагнаж байжээ. Эхнэр Грэйс Робинсон 1907 онд бие барсан тул төрийн
захиргааны онолч, ах Уильям Фрэнклин Виллобай (William F. Willoughby)-н
дэмжлэгтэйгээр Стоун нуурт Эндиан нэрт арал хүлхи худалдан авч, хоёр хүүхдийн
хамт амьдрах болжээ. 1945 оны гуравдугаар сарын 25 нд Балтимор дахь гэртээ бие
барсан.
Тэрээр “Америкийн
Нэгдсэн Улсын дээд шүүх: Түүний түүх, үндсэн хуульт байгуулал дахь нөлөө” (The Supreme Court of the
United States. Its History and Influence in our Constitutional, 1890 он), “Төрийн
мөн чанарыг тайлбарлахуй: Улс төрийн философийн судалгаа” (An
Examination of the Nature of the State: A Study in Political Philosophy, 1896
он), “Америкийн үндсэн хуулийн тогтолцоо:
Америкийн төрийн талаарх судалгааны өмнөтгөл” (The American
Constitutional System: An Introduction to the Study of
the American State, 1904 он),
“Америкийн Нэгдсэн Улсын үндсэн хуулийн эрх зүйн зарчмууд” (Principles
of the constitutional law of the United States, 1912 он)
зэрэг зохиол бичсэн (Wikipedia, 2017) .
Энэ удаад Уэстел Вүдбэри
Виллобайн “Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо” (Willoughby,
March 1904, хуудсд. 107-111) нэрт өгүүллийг
монголчилж байна (Тайлбар чимж, утгачилсан Удирдлагын Академийн докторант
Нямаагийн Отгонбаяр).
“АМЕРИКИЙН
УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХОЛБОО”
(THE AMERICAN POLITICAL SCIENCE ASSOCAITION: АМЕРИКАНСКАЯ АССОЦИАЦИЯ ПОЛИТИЧЕСКОЙ
НАУКИ)
Улс төрийн шинжлэх
ухаан, түүх, улс төрийн эдийн засгийн ухааны судалгааны хүрээг хатуу салгаж зааглах
юм уу, эсвээс эдгээр мэдлэгийн төрлийг нэг нэгнээсээ огтын хамааралгүй бие
даасан шинжлэх ухааны мэдлэг гэж үзэх нь тийм ч зөв шийдэл биш болов уу. Улс
төр, түүхийн шинжлэх ухааны харьцааны талаар ноён Жон Сили (Sir John Seeley: Сэр
Джон Сили) нэгэнтээ өнгөрсөнөө үгүйсгэх улс төр үндэсгүй мод адил, улс
төрөө үгүйсгэх түүх үр жимсгүй мод адил хэмээн хэлжээ (Of the relation
history and political science it has by the late Sir John Seeley that politics
without history no root, and history without politics has no fruit:
В старости сэр Джон Сили сказал по поводу отношений между историей и
политической наукой, что у политики без истории нет корней, а у истории без
политики нет плодов). Улс төр,
эдийн засгийн харилцааны хувьд үүнээс ч
илүү гүн гүнзгий хамааралтай. Эдийн засгийн харилцааны зарчим, түүхийг танин
мэдэхгүйгээр улс төр судлаач хүн улс төрийн хөгжлийн үйл явцыг тайлбарлах юм
уу, төрийн бодлогын арга хэрэгслийг тодорхойлох боломжгүй. Нөгөө талаас, төр
засгийн үйл ажиллагааны арга, механизмийг судлахгүйгээр эдийн засагчид
өнгөрсөн, одоо үеийн эдийн засгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, хүн ардын
амьдралд нийцтэй шийдлийг олоход бэрхтэй.
Гэвч үүний зэрэгцээ улс төрийн шинжлэх ухааны
судлах зүйл түүхийн юм уу, эдийн засгийн ухааны судлах зүйлээс зарчмын ялгаатай
бөгөөд энэ хэрээрээ тусгай мэдлэгийн хүрээнд судалбаас зохилтой[1].
Улс төр судлаачид, түүхчид, эдийн засагчдын судалдаг үзэгдэл нь угтаа бол нэг
зүйл бөгөөд судлаачид өөр өөрсдийн талаас асуудалд хариулт өгөхийг эрмэлздэг нь
илэрхий. Тухайлбал, түүхч хүн судалгааны зорилгодоо хүрэхийн тулд хүн
төрөлхтөний хөгжлийн үе шат, үйл явцыг ихэвчлэн авч үздэг: судалж буй үзэгдлийг
нь тайлбарлахад зайлшгүй шаардлагатай тохиолдолд (108-р хуудас) эдийн
засгийн юм уу, улс төрийн асуудалд анхаарлаа хандуулдаг байна. Эдийн засагчид
мөн үүний нэгэн адил. Түүний гол сонирхол нь – үйлдвэрлэл, худалдаа арилжаа,
баялагийн хуваарилалтын зарчмыг тогтооход оршино. Хүн амын үйлдвэрлэлийн ашиг
сонирхлыг зохицуулахад шууд оролцох замаар эдийн засгийн аюулгүй байдлыг
хангахын тулд эдийн засгийн орчинд төр засгийн оролцоо хадгалагдаж байгаа
нөхцөлд эдийн засагч хүн улс төрийн асуудалд анхаарахаас өөр аргагүй. Гэвч
эдийн засагч, түүхч хүмүүсийн аль нь ч шууд утгаараа улс төрийн үйл явцыг
судалдаггүй. Улс төрийн асуудлыг судлахын тулд нийгмийн үзэгдэл, үйл явцын
цэвэр улс төрийн талыг авч үзэх шаардлагатай бөгөөд энэ эрэлт, хэрэгцээг
хангахад тусгай шинжлэх ухааны мэдлэг зайлшгүй хэрэгтэй болно.
Хэрэв илүү өргөн хүрээнд авч үзвэл, улс төрийн
шинжлэх ухаан гэдэг нь дэг журамтай, дэвшилтэт амьдралыг бий болгож, хамгаалахын
тулд дээд эрх мэдлийн удирдлага дор ухамсартайгаар зохион байгуулагдсан
хүмүүсийн нийгэмлэг, өөрөөр хэлбэл улс төрийн нийгэмлэгийг судлах ухаан юм.
Явцуу хүрээнд авч үзвэл, улс төрийн харилцаагаар нөхцөлдсөн тэр үзэгдэл, үйл
явцыг судлах мэдлэгийн төрөл болно.
Улс төрийн шинжлэх ухааныг дотор нь гурван хэсэгт
хуваан үзэж болох талтай. Үүнд: Нэгдүгээрт, хууль, эрх зүйн мөн чанар,
иргэд хоорондын харилцаа, төрийн эрх мэдлийн суурь зарчим, чиг үүрэг, зорилго,
шалтгаан гэх мэт улс төрийн сэтгэлгээний ойлголтыг нарийн тодорхойлох зорилго
бүхий улс төрийн онол юм уу, философи (political theory or philosophy:
политической теории или философии) гэж байна. Хоёрдугаарт,
үндсэн хуулийн, олон улсын болон захиргааны эрх зүйг судлах нийтийн эрх зүй (public
law: публичное право) гэж байна. Гуравдугаарт,
засгийн газар, түүний хэлбэр, эрх мэдлийн хуваарилалт, гүйцэтгэх, хууль
тогтоох, шүүх эрх мэдлийн болон төв, орон нутгийн гэх мэт байгууллагууд, захиргааны
үйл ажиллагааны зарчим зэргийг судлах хэсэг байна. Цаашилбал, энэ бүх асуудал
нь эцсийн эцэст, төрийн удирдлагын практик асуудал гарцаагүй мөн юм.
Улс төрийн шинжлэх ухааныг нарийвчлан тодорхойлох
нь (109-р хуудас) зөвхөн хэрэгтэй төдий зүйл бишээ. Шинжлэх
ухааны үүднээс авч үзвэл улс төрийн асуудлын судалгааг бие даасан мэдлэгийн
түвшинд гаргаж тавих нь онцгой ач холбогдолтой юм. Энэ үзэл санаа сүүлийн
жилүүдэд бүх улс орон даяар тархаж, их, дээд сургуулиудад улс төрийн шинжлэх
ухааны факультет, тэнхимүүдийг түүхийн юм уу, эдийн засгийн чиглэлээс зааглах
үйл явц эрчимжсэн. Ингэснээр 1903 оны арванхоёрдугаар сарын 30 нд улс төрийн
шинжтэй онцгой чиг үүрэг бүхий улс төрийн шинжлэх ухааны холбоо үүсэхэд
хүргэжээ. Энэ өдөр Америкийн Түүхийн болон Америкийн Эдийн Засгийн Шинжлэх
Ухааны Холбооны Шинэ Орлеани (Луизиани)-д жил тутам хуралдах ээлжит хурлын өдөр
байсан бөгөөд эндээс «улс төр, нийтийн эрх зүй, захиргаа,
дипломат үйл ажиллагааг шинжлэх ухааны
үндэстэйгээр судалж, хөгжүүлэх» (“the encouragement of the
scientific study of politics, public law, administration and diplomacy”:
«способствовать научному изучению политики,
публичного права, управления и дипломатии») зорилго бүхий «Америкийн
Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо» (“The American Political Science
Association”: «Американской Ассоциацией Политической Науки») гэх
шинэ байгууллага үүсгэн байгуулагджээ.
Эдийн засаг, түүхийн мэдлэгийг
хөгжүүлж буй Америкийн Эдийн Засгийн болон Америкийн Түүхийн Шинжлэх Ухааны
Холбооны нэгэн адил улс төрийн шинжлэх ухааны хөгжлийг хангах ийм нэгэн холбоо
байгуулах хэрэгтэй гэсэн санал, санаачлага хэдэн жилийн туршид яригдсан юм. Гэвч
үүсгэн байгуулахад чиглэсэн шууд үйл ажиллагаа 1902 оны арванхоёрдугаар сарын
30 хүртэл гарч байсангүй. Харьцуулсан эрх зүйн нийгэмлэг байгуулах боломжийн
талаар ярилцах зорилго бүхий уулзалтын явцад улс төрийн шинжлэх ухааны хөгжлийг
хангах үндэсний хэмжээний холбоо байгуулах шаардлагатай гэсэн асуудал сөхөгдсөн
юм. Уулзалтын явцад тусгаар холбоо байгуулах санааг хүчтэй дэмжиж байсан эрдэмтэд,
холбоодтой зөвлөлдсний эцэст улс төрийн шинжлэх ухааны арван таван төлөөллийг
багтаасан тусгай хороо[2]
байгуулахаар тохиролцсон билээ. Уг хороо (110-р хуудас) тодорхой
судалгаа явуулсны үр дүнд улс төрийн асуудлыг шинжлэх ухааны үндэстэйгээр
судлагч хэн бүхнийг эгнээндээ багтаахын зэрэгцээ улс төрийн судалгааг шинжлэх
ухааны удирдлагаар хангаж, шинэ судалгаа явуулахад дэмжлэг үзүүлэх, мөн
боломжийн хэрээр судалгааны үр дүнг нийтэлж, эмхэтгэх, товчоор хэлбэл, энэ
улсад улс төрийг шинжлэх ухааны үндэстэйгээр судлахад туслалцаа үзүүлэх улсын
хэмжээний холбоо шинээр байгуулахыг санал нэгтэй дэмжиж байна гэж үзжээ. Энэ хорооноос
гаргасан мөнхүү баримт бичигт хэрэв холбоо байгуулагдвал үйл ажиллагааны
хүрээнд өмнө нь байгуулагдсан Америкийн Түүхийн болон Америкийн Эдийн Засгийн
Шинжлэх Ухааны Холбоодтой жил тутам нэг газар, нэг цагт чуулах зэргээр нягт хамтран
ажиллах хэрэгтэй гэдгийг онцолсон байна. Уг хамтын ажиллагаа урьд байгуулагдсан
хоёр холбоо болон шинэ тутам байгуулагдаж буй холбоонд нэгэн адил ашиг тусаа өгөх
болно гэжээ.
Энэ бүхэн 1903 оны арванхоёрдугаар
сарын 30 нд Тулэйн Их Сургуулийн Тилтон номын сан (the Tilton Memorial
Library of Tulane University: Тильтонской Мемориальной Библиотеке
Университете Тулейн)-д баталгаажсан баримт
бичигт тусгагдсан байх бөгөөд ингэснээр Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны
Холбоо байгуулагдсан түүхтэй. Холбооны анхны ерөнхийлөгчөөр Колумбын Их
Сургуулийн захиргааны эрх зүйн профессор Фрэнк Ж. Гуднау сонгогдсон. Харин дэд
ерөнхийлөгчөөр Вудро Вильсон[3],
Висконсин Их Сургуулийн профессор Пол. С. Рэйнш, хүндэт ерөнхийлөгчөөр
Нью-Хавэны Симеон Е. Балдвин нар болсон. Жон Хопкинс Их Сургуулийн профессор
Уэстел Вүдбэри Виллобай нарийн бичгийн дарга бөгөөд санхүү эрхэлсэн ажилтнаар
сонгогдсон. Түүнчлэн холбооны гүйцэтгэх хорооны гишүүдэд Германид суух элчин
сайд асан Эндрю Д. Уайт (Andrew
D. White), Айова Коллежийн улс төрийн шинжлэх
ухааны профессор Жэсси Мэйси (Jesse Macy), Чикаго Их Сургуулийн
улс төрийн шинжлэх ухааны профессор Х. П. Жадсон (H. P. Judson),
Пенсильваны Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Л. С. Ровэ (L.
S. Rowe), Review
of Reviews сонины шүүдэглэгч Албэрт Шоу
(Albert Shaw), Калифорнийн Их Сургуулийн улс төрийн шинжлэх
ухааны профессор Бэрнард Мозэс (Bernard Moses), Мичиганы Их
Сургуулийн захиргааны эрх зүйн профессор Ж. А. Фиерли (J. A. Fairlie),
Миннэсотын Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор У. А. Шапэр (W.
A. Schaper), Техасын Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор
К. Х. Хубэрич (C. H. Huberich), Конгрессийн номын санч Хэрбэрт
Патнэм[4]
(Herbert Patnam) нар сонгогдсон юм.
Улс
төрийн шинжлэх ухааны судалгааны чиглэлийг өргөтгөн хөгжүүлэхийн тулд холбоо
дотроо тодорхой салбар, хэлтэсүүдэд хуваагдах ёстой бөгөөд энэ шаардлагатай
уялдан олон улсын эрх зүй, дипломат үйл ажиллагаа (International law and
diplomacy), харьцуулсан эрх зүй судлал (comparative legislation),
түүхэн болон харьцуулсан хууль цаазын ухаан (historical and comparative
jurisprudence), үндсэн хуулийн эрх зүй (constitutional law),
захиргаа (administration), төрийн бодлого (politics),
улс төрийн онол (political theory)-ын хэлтэсүүд байгуулагджээ. Дүрэмд
зааснаар, холбоо өөрөө улс төрийн ямар нэгэн асуудлаар талуудын аль нэг ашиг
сонирхолд нийцсэн байр суурь баримтлах хориотой. Энэ нь холбооны эрдэм
шинжилгээний эмхэтгэл, хурлуудад өнөөгийн улс төрийн асуудлаар хэлэлцүүлэг
өрнүүлэх өргөн боломжтойг илтгэхийн зэрэгцээ холбоо ямар нэгэн сонирхогч
этгээдийн эрх ашгийг давхар илэрхийлэхгүй гэдгийг харуулж буй хэрэг юм.
Нарийн
бичгийн даргад бүртгүүлсэн хүн бүр холбооны гишүүн болно: гишүүний жилийн
татвар гурван доллар юм. Үүнээс гадна, тавин доллар төлөөд жил бүрийн татвараас
чөлөөлөгдөж, насан туршийн гишүүнчлэлээ хадгалж үлдэх боломжтой. Холбоог
байгуулагдахад идэвх санаачлагтай ажилласан, эрдэмтэн биш ч гэлээ улс төрийн
асуудлыг сонирхогч хэн бүхэн тэрчлэн өмгөөлөгч, захиргааны ажилтнууд холбооны
гишүүнээр элсэх бүрэн бололцоотой. Түүх, эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны
холбоодын хамтын ажиллагаа нь харилцан ашигтай байхын зэрэгцээ салбар дундын
судалгаа хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Өмнөх
хоёр холбоо нь Америкт тус тусын мэдлэгийн салбарт шинжлэх ухааны судалгаа
эрчимжихэд нөлөөлсний нэгэн адил улс төрийн шинжлэх ухааны холбоо нэгдүгээрт,
улс төрийн мэдлэгийг нийгмийн шинжлэх ухааны онцгой салбар ухаан болж хөгжихөд,
хоёрдугаарт, АНУ-д улс төрийн асуудлаар шинжлэх ухааны үндэстэй судалгаа
явуулах, их, дээд сургуулиудад заан сургахад шинэ үеийг нээнэ гэдэгт бид бүхэн
бүрэн итгэж байна.
Эх сурвалжийн жагсаалт
Wikipedia.
(2017, March 18). Westel W. Willoughby. Retrieved from
https://en.wikipedia.org/wiki/Westel_W._Willoughby
Willoughby, W. W. (March 1904). The American Political
Science Association. Political Science Quarterly, Vol. XIX(No 1). Retrieved
March 18, 2017, from http://www.jstor.org/stable/pdf/2140238.pdf
МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
[1] 1886 онд Political
Science Quarterly сэтгүүлийн хүрээнд энэ асуудлаар томоохон
хэлэлцүүлэг өрнөж шийдвэрлэгдсэн билээ. Munroe Smith, “The Domain of Political Science”,|| Political
Science Quarterly, Vol. I, p. 7.
[2] Хороо дараах бүрэлдэхүүнтэй байсан
юм: Даргаар нь Корнелл Их Сургуулийн Ж. У. Женкс (J. W. Jenks),
Коннектикут муж улсын Нью-Хавенаас Симеон Е. Балдвин (Simeon E. Baldwin),
Вашингтоноос Е. Дана Дүранд (E. Dana Durand), Нью-Йорк хотоос Ж. Х. Финлэй (J.
H. Finley), Шинэ Орлеанаас В. В. Ховэ (W. W. Howe), Чикаго Их Сургуулиас Х. П.
Жадсон (H. P. Judson), Вашингтоноос М. А. Кнапп (M. A. Knapp), Колумбын Их
Сургуулиас Ч. В. Нийдхэм (S. W. Needham), Висконсин Их Сургуулиас П. С. Рэйнш (P.
S. Reinsch), Пенсильваны Их Сургуулиас Л. С. Ровэ (L. S. Rowe), Бостон хотоос
Ф. Ж. Стимсон (F. J. Stimson), Нью-Йорк
хотоос Жосэйх Стронг (Josaih Strong), Нью-Йорк, Албани Р. Х. Уайтэн (P. H. Whitten),
Порто Рико Сан Хуанаас Макс Уэст (Max West), Жон Хопкинс Их Сургуулиас У. В.
Виллобай (W. W. Willoughby) нар байв.
No comments:
Post a Comment