Wednesday, January 4, 2017

РОБЭРТ МИХЕЛЬС

Робэрт Михельс (1876-1936 он) - болбоос Герман-Италийн улс төр судлаач, нам судлалыг үндэслэгчдийн нэг болно. 1911 онд бичсэн « Орчин үеийн ардчиллын нөхцөл дэх улс төрийн намын социологи: Нийгмийн олигархи хандлагын судалгаа» нэрт бүтээлээрээ шинжлэх ухааны ертөнцөд нэр олсон. Михельс хүн төрөлхтөний нийгмийн харилцааг судлах явцдаа шууд ардчилал, олон түмний ноёрхлыг нийгмийн практикт хэрэгжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Үр дүнд нь олон түмнээс сонгогдож, тэдний эрх ашгийг төлөөлсөн тооны хувьд цөөн, улс орныг удирдан чиглүүлэх үүрэгтэй хүмүүс гарч ирдэг зүй тогтолтой. 
Гэвч улс төрийн нам үүссэнээр мөнөөхөн цөөн тоот хүмүүс олон түмнээс хөндийрч, өөрсдийгөө хаагдмал, түгжигдмэл давхарга болгон хувиргадаг байна. Үүнийг Михельс «олигархийн төмөр хууль, зүй тогтол» хэмээн оночилжээ. Удирдлагын чиг үүрэг илүү мэргэшсэн шинжтэй болж, олон нийт хүчтэй засагт татагдаж, харизм түгээмэлжих болсноор олигархи хандлага улам бүх хаяалбар мөн чанартай болсон гэж Михельс сургажээ. 
Германы улс төр судлаач Р. Михельсийн нөлөө улс төрийн нам судлалд хүчтэй илэрч, Францын улс төр судлаач М. Дювэрже (1951), Италийн улс төр судлаач Ж. Сартори (1968), ХБНГУ-ын улс төр судлаач Клаус фон Бэйм (1998), Герман-Америкийн улс төр судлаач Отто Киркхаймэр (1966), Ирландын улс төр судлаач Питэр Мэир (1995, 2004, 2009), Америкийн улс төр судлаач Ричард Кац (1995, 2009), Италийн улс төр судлаач Риккардо Плэццио (2003, 2008), Италийн улс төр судлаач Пиэро Игнаци (1996, 2008, 2013), Норвегийн улс төр судлаач Кээри Стрүм (1999, 2012, 2014), Австрийн улс төр судлаач Вольфганг С. Мүллэр (1999, 2012), Шотландын улс төр судлаач Марк Блюц (2002, 2013) нарын үзэл ухалд гүн тусгалаа олжээ. 
Өнгөрсөн зууны 70, 80-аад оны үеэс Өрнөдийн орнуудад бий болсон улс төрийн нам картельжих үйл явцыг онолын хувьд Михельс анх хөгжүүлж, Мэир, Кац (1995, 2009) нар шинэтгэн сайжруулсан ч гэж үзэж болох талтай. 
Герман-Италийн улс төр судлаач Робэрт (Робэрто) Михельс 1876 оны нэгдүгээр сарын 9 нд Германы Кёльн хотноо католиг шашинт чинээлэг айлд мэндэлжээ. Эцгийн талаасаа герман, итали, эхийн талаасаа франц, герман, итали цустай нэгэн байв. Михельс багаасаа герман, итали, франц хэлд зэгсэн боловсорчээ. Франц коллеж дүүргэсний дараагаар Сорбонн, Мюнхэн, Лэйпциг, Халл, Турины Их Сургуулиудад суралцсан байна. Үзэл санааны хувьд Вэрнэр Зомбарт, Макс Вэбер, Гаэтано Моска нарын үзэл санааны хүчтэй нөлөөн дор байсан. Эхэндээ хувьсгалт-синдикалист үзэл санааг сүслэж, Герман, Италийн социал-демократ хөдөлгөөнд идэвхтэй оролцож байсан боловч Г. Москатай танилцснаар элитийн онолыг дэмжих болжээ. Тодруулбал, 1908 оноос элитийн онолыг баримтлах болсон. Марбургийн Их Сургуульд багшилж ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрээр 1907 оны холбооны улсын сонгуульд Германы Социал Демократ Намаас нэр дэвшсэн боловч амжилт олсонгүй ээ.
Олон удаагийн оролдлогын эцэст 1907 онд Турины их сургуульд Ачилло Лориагийн удирдлага дор докторын зэрэг горилсон байна. Улмаар 1914 он хүртэл Турины Их Сургуульд эдийн засаг, улс төрийн шинжлэх ухаан, социологи зааж байсан бөгөөд дараагаар нь, Базэлийн Их Сургуульд эдийн засгийн ухааны профессор болжээ. 1926 онд Италийн иргэний харьяалал олж, Прэгуа Их Сургуулийн түүх, эдийн засгийн ухааны профессороор ажилласан. Италид фашист хөдөлгөөн үүссэнд талархалтай хандаж, Б. Муссолини засгийн эрх авахад баяр хүргэсэн байдаг. Тиймдээ ч Сенатын гишүүн, эдийн засагч Вилфрэдо Парэто, Маффео Пантелеони нарын зэрэгцээ Муссолинигийн ойрын зөвлөхийн тоонд Михельс ордог байжээ.
Италийн дуче Бэнито Муссолиниг бишрэн шүтэгч, Италийн фашист үзэл санааны туглагч Робэрт Михельс 1936 оны тавдугаар сарын 3 нд Италийн нийслэл Ром хотноо 60 насандаа бие баржээ.
Михельс олон арван бүтээл туурвисны дотор “Италийн социалист хөдөлгөөн дэх хөрөнгөтөн, пролетари анги: Итали дахь социализм, ангиудын судалгаа(1906 он), “Германы социал-демократ хөдөлгөөн” (1906 он), “Интернационал холбоон дахь Германы социал-демократ хөдөлгөөний байр суурь: Шүүмжлэлт үзэл санаа” (1907 он), “Нийгмийн олигархи хандлага: Ардчиллын асуудал” (1908 он), “Намын зохион байгуулалтын консерватив шинж чанарууд” (1909 он), “Орчин үеийн ардчиллын нөхцөл дэх улс төрийн намын социологи: Нийгмийн олигархи хандлагын судалгаа” (1911 он), “Итали дахь фашизмийн хөгжил” (1924 он), “Итали дахь фашизм, социализм” (1925 он), “Улс төрийн ангийн шинэ судалгаа” (1936 он) зэрэг зохиолууд онцгой ялгардаг. Энэ удаад та бүхэнд Михельсийн “Орчин үеийн ардчиллын нөхцөл дэх улс төрийн намын социологи: Нийгмийн олигархи хандлагын судалгаа зохиолыг дээжлэн хүргэж байна (Бичвэрийг утгачилсан Удирдлагын Академийн докторант Нямаагийн Отгонбаяр).
ОРЧИН ҮЕИЙН АРДЧИЛЛЫН НӨХЦӨЛ ДЭХ УЛС ТӨРИЙН НАМЫН СОЦИОЛОГИ
(Социология политической партии в условиях демократии)
(The Sociology of political parties in modern democracy)
Социалист чиг баримжааг дэмжигч ихэнх судлаачид алс хэтдээ ардчиллыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байхад хуучинсаг үзэл бодолтой хүмүүс ардчилал хэрэгжих боломжтой ч нийгмийн харилцаандаа хөнөөлт үр дагавар авчирдаг хэмээн сургадаг. Үүнтэй зэрэгцээд нийгмийн харилцаанд бүхий л цаг үеийн туршид ардчилал хэрэгжих боломжгүй гэж үзэх үзэл санааны дэг сургууль байсаар ирсэн. Энэ чиглэлийн төлөөлөгчид (….) аль ч шатны хүний нийгэмд «ангийн бодлого», өөрөөр хэлбэл ноёрхогч анги-цөөнх ангийн бодлого зайлшгүй хэрэгтэй гэсэн санааг гаргадаг. 
«Төр», «ард түмний засгийн газар», «үндэстэн» гэх мэт хийсвэр ойлголтоор дамжуулан олон түмний эрх мэдлийг угтуулан хамгаалах бурханд үл сүслэгч ардчилал бодит байдал бус, ердөө зарчим гэдэг нь ойлгомжтой. Язгууртний болон ардчилсан засаглалууд мөнхөд нэг нэгнээ ерөндөглөн орших тухай ардчиллын үзэл санаа нь өөрийн ноёрхлоо хадгалахаар чармайж буй урьдын цөөнх, ямар ч хамаагүй аргаар засаг төрийн эрх булаан авахаар санаархаж буй шинэ төрөн гарч байгаа цөөнх хоёрын тэмцлийг илэрхийлж буй нэг хэлбэр төдий юм. Тэдний үзсэнээр ангийн тэмцлийн үр дүнд олон түмнийг засаглах нэг анги нөгөөгөөр солигддог байна (….). 
Вильфрэдо Парэто (….) социализм нь ажилчин ангийн дотроос шинэ элит төрөн гарч, улс төрийн ангиа шинэчлэн тогтоох хамгийн таатай арга хэрэгсэл мөн гэж үзжээ. Чухамдаа бол (…) хуучин анги шинэ ангиар солигдож буй үзэгдэл бус, харин хуучин элитээ шинэ элитээр цус сэлбэж буй үйл явц юм гэжээ.
Энэ үзэгдэл хэн бүхэнд илэрхий байна. Элитийн иймэрхүү цус сэлбэлт улс төрийн хөрсөн дээр томоохон хэмжээний нэг нийгмийн анги ноёрхож буй үед боломжтой байдаг. (…) Бүх сөрөг хүчин, улс төрийн нам ноёрхогч намаа улс төрийн тавцнаас шахан гаргаж, байр суурийг нь эзлэх, өөрөөр хэлбэл нэг ангийг нөгөө ангиар халах, солих хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Харин ноёрхогч ангийн дотоод дахь тэмцэл эрт, орой хэзээ боловч ангийн дотоодод эрх мэдлийг зохистойгоор байршуулах, эсвээс ноёрхлоо хадгалахад чиглэгддэг байна. (…) 
Сэн-Симоны дэг сургууль анги хэмээх ойлголтыг эдийн засгийн агуулгаас бүрэн чөлөөлж ангигүй нийгэм цогцлоох зорилт өмнөө тавьж байсан. Тэд ангигүй нийгмээ цогцлоохын тулд төрмөл эрх мэдэлгүй ч, олдмол эрхийг олж авсан, удирдах чадвартай «нийгмийг хөгжилд түүчээлэх ухаалаг, хүчирхэг, нийтэч гоц хүмүүс»-ийг бий болгох хэрэгтэй гэж сургадаг. (…)
Сүүл үеийн нийгмийн хувьсгалчид олонхийн засаглалыг онол, практикт бүрэн үгүйсгэх болсон. Оросын эрдэмтэн Бакунин ажилчин анги, олон түмэн, ард түмэн эдийн засгийн хувьд хөрөнгөлөг ангиас хамааралтай байгаа нөхцөлд бүх нийтийн чөлөөт сонгуулийн эрх хуурмаг зүйл болдог учир сонгуульд ажилчид ямар нэгэн байдлаар оролцохын эсрэг зогсож байна. 
Хөрөнгөтний засаглал дотроос хамгийн муу засаглалын хэлбэр бол ардчилал юм. Хөрөнгөтний ардчиллын хамгийн дээд хэлбэр гэж бидний үздэг бүгд найрамдах засаг Прудоны үзсэнээр хамгийн увайгүй, үл гүйцэлдэх засаглалын хэлбэр аж. Энэ засаглал цорын ганц шалтгаанаар бүхнийг ял зэмгүй хийж болдог тийм эрх мэдлийн хэлбэр юм. Деспотизм бүгд найрамдах ёс, нийтийн эрх ашгийн нэрээр өөрийн эрх мэдлийг зөвтгөж байна. Ямар нэгэн улс төрийн шинж чанартай хувьсгал хүртэл нэг элитийг нөгөө элитээр сольж буй явдлаас өөр юу ч биш юм. 
Улс төрийн анги оршин байх асуудлаар хуучин, шинэ бүхий л онолтай мэтгэлцэж чадах цорын ганц шинжлэх ухаанч онол нь марксизм болно. Марксизм төрийг ноёрхогч ангитай адилтган үздэг. (…)
Ажилчин ангийн хувьсгалт шинжид итгэхийн ялдар үйлдвэрлэлийн хэрэгслийг нийгэмчлэх  хэрэгтэй гэж үзэх төрийн тухай марксист сургаал нь социалист нийгмийн байгууллыг нийгмийн хөгжлийн гарц хэмээн хардаг. Марксистуудын үзсэнээр үйлдвэрлэлийн капиталист арга нь хүн амын олонхийг гинжнээс өөр алдах зүйлгүй пролетари анги болгож хувиргах бөгөөд ингэснээр өөрийгөө булшлах ангийг бэлтгэж буй хэрэг юм. Пролетари анги боловсорч гүйцсэний сүүлээр улс төрийн эрх мэдлийг байлдан авч, хувийн өмчийг нийгэмчилдэг. Ангийн антагонизм устаж, төр оршин байх хэрэгцээ арилна. Ангиудад хуваагдах капиталист нийгэмд төр пролетари ангийг мөлжих, капиталист шинжтэй үйлдвэрлэлийн хэрэгслээ хадгалж үлдэхэд ноёрхогч ангид туслах хэрэгсэл болж байв. Харин төр устсанаар ноёрхогч ангийн ийм хэрэгцээ үгүй болно. 
Хуучин төрийн булшин дээр цэцэглэх ирээдүйн ангигүй, хамтач нийгэмд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд тусгагдаж, Руссогийн нийгмийн гэрээгээр томьёологдсон арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн тулд элит байх зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүснэ. 
Нэгэнт нийгэмчилсэн нийтийн баялагийг үр дүнтэй удирдахын тулд томоохон хэмжээний албан хаагчдын баг байлгах шаардлага гарч байна. Эндээс харахад ангигүй нийгэм цогцлоох үзэл санаанд эргэлзэх байдал үүсэх нь гарцаагүй. Хамтын эзэмшигч бүхий нийгмийн томоохон хөрөнгийг төвлөрсөн эрх мэдлийн тогтолцоогүйгээр үр ашигтай удирдаж, хянаж чадахгүй. Онолын энэхүү мухардлаас гарахын тулд марксистууд капиталист болон коммунист нийгмийн дунд төр пролетари ангийн хувьсгалт диктатураас өөрөөр байж болохгүй завсрын буюу социалист нийгмийг туулах ёстой гэж үздэг. Социализмийн нэрээр капиталист үйлдвэрлэлийн аргыг хөдөлмөрчин олны тусын тулд ашиглах социалист удирдагчид энэ үед байна гэжээ. 
Нэг хүний дарангуйлал мөн чанарын хувьд олигархи бүлгийн дарангуйллаас онцын ялгаа байхгүй. Гэхдээ «диктатур» гэх ойлголт «ардчилал» гэсэн ойлголтоос зарчмын ялгаатай. Ардчиллын нэрээр дарангуйлсан засаг эрх мэдлээ бататгана гэдэг нь дайны цагт хэрэгтэй зэвсэг техникээ базаах юм уу эсвэл хар тамхины эсрэг хар тамхиар тэмцэнэ гэдэгтэй агаар нэгэн болох билээ. Хамтын аргаар эрх мэдэл олж авсан бүлэг түүнийгээ хадгалах, тогтоон барихыг чухалчилдаг гэсэн үзэл санаа байна. (…) Гэхдээ нэг аюул нь хуурмаг олигархи тэгш ёсны нэрээр өөртөө эрх мэдлийн төвлөрүүлж, хуваарилалтын тэгш бус байдал үүсгэх хандлага мөнөөхөн бүлэг дотор мөнхөд хадгалагдаж байдгийг санах хэрэгтэй. (…)
Социализмийн асуудал бол зүгээр нэг баялаг хуваарилах, юм уу эсвэл үр ашгийг нэмэгдүүлэх шинж чанартай эдийн засгийн асуудал огтоос биш юм. Харин техникийн болон сэтгэл зүйн утгаараа ардчиллын, тэгэхлээр,  удирдлагын асуудал юм. (…)
Саяын бидний ерөнхий шинжээр өгүүлсэн социологийн үзэгдэл, үйл явцаас харахад ардчиллын тухайд шинжлэх ухаанч эргэлзээ үүсгэхэд хангалттай нотолгоо, баримт бүрдлээ гэж үзэж болох талтай. Соёлт хүн төрөлхтөн ноёрхогч буюу улс төрийн ангигүйгээр оршин тогтнох боломжгүй гэдгийг нотлон харуулах мэт. Хэсэгчилсэн байдлаар өөрчлөгдөж байсан ч гэсэн ноёрхогч анги дэлхийн түүхийн хөгжлийн түгээмэл шинж чанартай цорын ганц хүчин зүйл гэдэг нь харагдаж байна. Ингэхлээр, засгийн газар буюу төрийг нийгмийн үнэмлэхүй олонхид ноёрхол, мөлжлөгийн харилцаанаас үүдэлтэй эрх зүйн хэм хэмжээг тулган хүлээлгэхийг эрмэлзсэн цөөнхийн байгууллага төдий юм хэмээн тодорхойлж болох талтай. (…) Төр хэзээ ч олонхиос бүрдсэн, юм уу түүний төлөөллийн шинжийг өөртөө агуулж байгаагүй. Хүн төрөлхтөний ихэнх хэсэг, хараажаар, өөрийгөө удирдах чадваргүй байдаг. Олон түмэн тэрслэн босож хуучин засгаа ноёрхогч ангитай нь хамт устгалаа ч гэсэн боссон олон түмэн дотроос цөөн хүмүүс цойлон гарч, урьдын ноёрхогч ангийг үүргийг өөртөө хүлээдэг түүхэн зүй тогтолтой. Мөнхийн «нялхамсаг» өвчинд нэрвэгдсэн хүн төрөлхтөний олонх өөрсдийн дундаас бий болсон цөөнхдөө захирагдаж, олигархи засаглалын сүүдэрт дарагдаж явах тавилантай. 
Нэг ноёрхогч анги нөгөөгөөр солигдох зүй тогтол, олигархи хууль түүхэн үзэгдэл, үйл явцыг материалист утгаар ухан ойлгох явдалд харшилдаггүй, харин ч түүнийхээ суурь дэвсгэр болж өгдөг. Түүх бол тасралтгүй үргэлжлэх ангийн тэмцэл гэх юм уу эсвэл ангийн тэмцэл болбоос нэг ноёрхогч ангийг өөр нэг ноёрхогч анги халж буй үйл явц гэж тайлбарлах сургаалуудын дунд онцын ялгаа алга. Улс төрийн ангийг ойлгох марксист ойлголт мөн чанарын хувьд өнгөц, хуудгай шинжтэй. Улс төрийн ноёрхол нийгэмд өөрийгөө бататгахын төлөө тэмцэлдэх хүчнүүдийн харилцааны үр дүн болж тогтдог байна. (…)
Социалистууд ялж болно, гэхдээ социализм хэзээ ч ялдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ард түмэн өөрийн хүчийг гарздалгүй ноёрхогч ангийг сольж чадсандаа сэтгэл ханадаг. Ажилчин хүний нэр төр шинээр бүрдүүлэх засгийн газарт оролцох боломж олддогт оршино. Хэрэв ажилтан хүн богино хугацаанд харизм ханхлуулсан удирдагч болж чадахгүй бол энэ нь туйлын муу үзэгдэл, үйл явц болдог. Франц хэлэнд «ялна гэдэг ялагдахын нэр» хэмээсэн зүйр үг байдаг нь үүнтэй холбоотой болов уу.(…) 
Нам мөн чанарын хувьд нийгмийн юм уу эдийн засгийн байгууллага огтоос биш юм. Түүний үйл ажиллагааны үндэс нь мөрийн хөтөлбөр байдаг. Мэдээж хэрэг, нам онолын хувьд тодорхой нэг ангийн эрх ашгийг илэрхийлж болно. Гэхдээ бодит байдал дээр намыг хэн ч захиалдаггүй. Намын мөрийн хөтөлбөр тодорхой нэг хүний юм уу бүлгийн эрх ашигт нийцсэн байх албагүй. Тухайлбал, социал демократууд пролетари ангиын үзэл санааны туглагч байх нь олонтоо. Гэхдээ энэ чинь социал демократ нам ангийн байгууллага гэсэн үг хараахан биш бөгөөд нийгмийн харилцаанд янз бүрийн ангиудын төлөөлөл байх нь түгээмэл байдаг. Учир нь, уг намыг бүрдүүлэгч элемент бүр тодорхой утгаараа дахин давтагдахгүй эдийн засгийн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Намын мөрийн хөтөлбөр ангийн шинж чанартай байх нь дотоод нэгдлийг бусниулж болох талтай. Учир нь, намыг бүрдүүлэх зарим нэг элементүүд ангийн эрх ашигтай зөрчилдөх явдал байна. Ингэхлээр, намын дотоодод зөрчил үүснэ гэсэн үг юм. Социалистууд онолын хувьд ямар ч ялгаагүй, тодорхой нэг ангийн байр суурийг давуулаг байдлаар хүлээн зөвшөөрдөг. Пролетари ангийн хувьд ч мөн ялгаагүй, дээрхийн нэгэн адил шинжийг өөртөө агуулдаг байна. Гэхдээ энэ бүх зүйл ердөө л онолын шинжтэй гэдгийг санах хэрэгтэй.
Бодит байдал дээр хөдөлмөр, хөрөнгийн хооронд ашиг сонирхлын зөрчил үүслээ гэхэд, тэр нь намын мөрийн хөтөлбөр боловсруулж гаргахад саад болох ёсгүй. Нийгмийн дээд ангийн зарим төлөөлөгчид ажилчин ангид элэгтэй байх юм уу эсвэл ерөөсөө, намчирхах, ангичирхах хандлагаас бултах, булзайруулах чиг баримтлах тохиолдол байна. Ихэнх хэсгийнх нь хувьд эдийн засгийн талаасаа эсрэг тэсрэг сонирхол агуулах нь түгээмэл. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилтэй байдаг гэсэн үг юм. Ашиг сонирхлын уг зөрчлийг намжаах, зөөллөх хэсэг нь зөрчилдөгч хоёр ангид үл хамаарах гуравдагч ангийн байр суурь байх ёстой. Хэрэв ийм байдал үүсэхгүй бол намын хөрөнгөлөг болон пролетари гишүүдийн дунд улс төрийн хэлбэрээр хувилсан эдийн засгийн ашиг сонирхлын зөрчил хурцдах талтай. Үзэл суртлын хэмжүүрт орсноор эдийн засгийн зөрчил улам бүр илэрхий болж эхэлдэг. Намын хөтөлбөрт «социалист» гэх үг орсон л бол жинхэнэ ангийн тэмцэл намын дотоодод өрнөнө гэсэн үг юм. (…)
Хаана, удирдагч хүн (хөрөнгөтөн ангиас юм уу ажилчин ангиас тодрон гарсан бүгд ялгаагүй) намын дотоод зохион байгуулалт эрхэлсэн нэгжээр ажиллана, тэнд эдийн засгийн эрх ашиг намын эрх ашиг болж биеждэг. Гэхдээ (…) энд нэг аюулыг нарийн сайн тооцож байх хэрэгтэй. Нам, намын зохион байгуулалт хөгжихийн хэрээр намын жирийн гишүүд болон намын удирдлагын хооронд үзэл бодлын эсрэг тэсрэг байдал газар авдаг жамтай. Намыг түүнийг бүрдүүлэгч олон түмэнтэй юм уу ангитай адилтган үзэж болохгүй. Нам бол ердөө л зорилгодоо хүрэх арга, хэрэгсэл төдий юм. Нам өөрөө өөрийнхөө зорилго, ашиг сонирхол болсон тохиолдолд төлөөлөл болсон ангиасаа алсран холддог зүй тогтолтой. (…)
Хөдөлмөр хуваарилалтын үр дүнд үүссэн аливаа байгууллага батжин бэхжихийн хэрээр өөрөө өөртөө ашиг сонирхол, эрх ашиг бий болгодог нийгмийн хувирашгүй зүй тогтол гэж байна. Байгууллагын дотоодод бүрэлдэн бий болсон тэрхүү эрх ашиг өөрт хандах тэрслүү үзэл бодлыг дотроо нэгтгэж байдаг. Үр дүнд нь, бүтцийн хувьд янз бүрийн эрх ашгийн төлөөлөл болсон байгууллага бүрэлдэн тогтдог ёстой. Тодорхой нэг эрх ашгийг тугчилсан байгууллага, тэр дундаа нам гэж байдаггүй, байх ч боломжгүй юм. 
(…) Улс төрийн хувьд зохион байгуулалтад орсон олон улсын ажилчны хөдөлгөөний удирдагчид ихэнхдээ парламентын гишүүдээс бүрдсэн байдаг. (…)
Өнөөгийн социал демократ намууд парламентын гишүүдээр удирдуулж байгаа нь уг хөдөлгөөн, нам улам бүр парламентын шинж чанартай болж байгааг илтгэн харуулж байна. Нам хамгийн нэр хүндтэй албандаа өөрийн гишүүдээс мэдлэг чадвартай нэгнээ өргөн мэдүүлж, төлөөлүүлэн томилдог. Энэ нь ч цаанаа үр дүнтэй гэж үзсэнийх. Нам доторх парламентын гишүүдийн нэр хүнд, жин нөлөө дээшилж байгаа нь дараах хоёр шалтгаантай холбоотой байна. Нэг талаас, албан тушаалд очихийн хэрээр намын олон нийтээс, ингэхлээр, намын удирдлагаас бие дааж эхэлдэг. (…) Нам ердөө л өөрийн гишүүнээ өргөн мэдүүлэх үүрэгтэй болж хоцордог. Парламентад сонгогдсон намын гишүүд сонгогчдоос, тэр дундаа сонгогчдыг бүрдүүлэх зохион байгуулалтгүй олон түмнээс хамааралтай болдог байна. (…)
Өнөө үед намын олон нийт, энгийн гишүүдийн үзэл бодолд ч өөрчлөлт орж, намын удирдлагадаа гэхээсээ илүүтэйгээр парламентад сууж буй намын гишүүддээ голлон анхаарах болжээ. Өөрөөр хэлбэл тэд намын удирдлагадаа гэхээсээ илүүтэйгээр парламент дахь намын гишүүддээ татагдах болсон байна. Олон асуудлыг хууль, эрх зүйн хувьд шийдвэрлэх эрх тэдэнд байна гэдгийг олон нийт ойлгож байх шиг. (…)
Олон асуудлыг бие даан шийдвэрлэх эрх олсон парламент дахь намын бүлгийн гишүүд өөрсдийгөө намаас дээгүүр, намын дээр байж, шийдвэр гаргаж байх ёстой гэж үзэх болжээ. Парламент дахь социал демократ бүлгийн гишүүд Германид өөрсдийн намын бүлгийн хурлаа харьцангуй бие даасан байдлаар хийхийг зорьж байгаагаас дээрхийг ойлгож болох мэт. (…)
Социалист ч бай, хөрөнгөтөн ч бай, парламентын гишүүд тодорхой эрхтэй болсноор, хаалттай корпорацийн шинжийг олж, намаасаа улам бүр хөндийрч эхэлж байна. Тухайлбал, Германы Рэйхстаг дахь социал демократ намын бүлэг намын бодлогынхоо суурь үндсийг өөрсдөө боловсруулж байх ёстой гэж үзэх болсон байна. (…)
Үйлдвэрчний эвлэлд бий болсон байгууллагын зохион байгуулалтын олигархи хандлагыг улс төрийн намуудад шатлан өргөжүүлэх сонирхолтой удирдагчид ч цөөнгүй байна. 
(…) Намын гишүүдийн дотор байх боловсрол, чадварын тэгш бус байдал нь чиг үүргийн хуваарилалтад хүчтэй нөлөөлж байна. Удирдагчид олон нийтээс холбоо тасарч, олон түмэн бодит үйл хэргээс хөндийрөх болсон. Аливаа асуудлыг ухаалаг, оновчтойгоор шийдвэрлэх намын сэхээрэлт цөөнх ямар учраас өөрийн гэсэн үзэл бодолгүй мунхаг олныг дагах ёстой юм бэ гэх үзэл санаа ч бий болох болсон. Тиймээс намын удирдлагууд намын гишүүдийнхээ үгийг үл хэрэгсэх юм уу эсэргүүцэх, ёс төдий хандлага гаргах байдал илэрхий ажиглагдаж байна. Намын дотоодод шууд санал хураалтыг оролсон ойлгоход төвөгтэй бюрократи бүтэц үүсэх болсон. (…)
Намын дотоодод олигархи эрх мэдлийг хумих боломж ойрын ирээдүйд огт харагдахгүй байна. Удирдагчдын бие даасан байдал нэмэгдэхийн хэрээр албан тушаалтан халах, солих, сонгох байдал ёс төдий зүйл болж хувирав. (…)
Ардчилал тирани засаглалтай тун аятайхан хослох чадвартай. Олон түмэнд эрх мэдлийн үндсэн цөм агуулагддаг гэж үзэх боловч харамсалтай нь, бодит байдал дээр тийм биш байна. (…)
Ардчилсан бус зан чанартай удирдагчид өөрсдийгөө ард түмнээс сонгогдсон хэмээн зөвтгөх болжээ. Өнөөг хүртэл ард түмэн өнөө л удирдагчдаа сонгож, бидний төлөө ажиллах хүмүүс гэж үзсээр байна. Хуучин язгууртны нийгэмд эрх баригчийн хүсэл сонирхолтой эс нийцвээс бурханд тэрсэлсэн хэрэг гэж үздэг байв. Харин өнөөгийн ардчилсан нийгэмд цорын ганц дүрэм мөрдөгдөж байна: Хэн ч олигархи удирдлагын шийдвэрийг үгүйсгэж болохгүй. Учир нь, ард түмэн өөрсдөө тэднийг сонгосон учир эсэргүүцэж, үгүйсгэвэл өөрийгөө тэрсэлсэнтэй адил хэрэг болно.  (…)
Ардчилсан засгийн үед удирдагчид өөрийн дарангуй эрхээ ард түмний засаглал нэрээр халхавчилдаг жамтай. Намын удирдлага бүр жирийн гишүүдээсээ алсран холдож, тэднийг үгүйсгэж байна.  (…)
ОРЧУУЛГЫН ЭХ СУРВАЛЖ: М. А. ВАСИЛИКА. 2000. ХРЕСТОМАТИЯ ПОЛИТОЛОГИЯ, М, ИЗД-ВА “ГАРДАРИКА”, С. 540-551.

МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР 

No comments:

Post a Comment