Monday, January 23, 2017

ЛЕОПОЛЬД СЭДАР СЭНГОРЫН НЕГРО АРЬСТНЫ ОНОЛ

Леопольд Сэдар Сэнгор
Léopold Sédar Senghor
1961 оны зураг
Сенегал улсын анхны ерөнхийлөгч
1960 оны есдүгээр сарын 6 – 1980 оны арванхоёрдугаар сарын 31
Залгамжлагч:
Абуду Диуф
Шашин шүтлэг:
Ромын католиг шашин
Мэндэлсэн:
1906 оны аравдугаар сарын 9
Сенегал улс
Бие барсан:
2001 оны арванхоёрдугаар сарын 20 (95 насандаа)
Франц улс, Норманд
Улс төрийн нам:
Францын ажилчны интернационал нам, Сенегалын Социалист Нам
Боловсрол:
Парижийн Их Сургууль, Их Людовигийн лицей
Гарын дардас :
















































Леопольд Сэдар Сэнгор (Франц хэлнээ: Léopold Sédar Senghor1906 оны аравдугаар сарын 9, Сенегалын Жоал суурин — 2001 оны арванхоёрдугаар сарын 20, Франц улс, Норманд) — нь Сенегал улсын анхны төрийн тэргүүн (1960—1980 он) бөгөөд нэрт улс төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, яруу найрагч, негритюд арьстны онолыг хөгжүүлэгч, нармай африк сургаалын төлөөлөгч юм. Үүний зэрэгцээ, олон улсын социал-демократ хөдөлгөөний баруун жигүүрийн томоохон гишүүн гэгддэг.
Цадаг намтар
Сэнгор 1906 оны аравдугаар сарын 9 нд Сенегалын тэргүүн хот Дакарын өмнө этгээдэд орших Жоал нэрт сууринд худалдаачны гэр бүлд мэндэлжээ. Түүний эцэг Сенегалын голлох омог Серерээс гаралтай байсан гэдэг. Леопольд Сэнгорын хоёр дахь алдар Сэдар гэхийг Серер хэлнээс утгачилбал “хэнд ч үл дийлдэх идэрмэг” гэсэн санааг илэрхийлнэ.  
1928 онд анх удаа хилийн дээс алхаж, Францад Собоннын их сургуульд хэл шинжлэлийн ухаанаар мэргэшин суралцжээ. Улмаар сонгодог хэл шинжлэл, Франц хэл зүйгээр агрежийн зэрэг хүртэж, багшлах болсон байна. Хожим энэ үеээ “16 жилийн аялал” хэмээн нэрийдсэн байдаг.
1935 онд Эме Сэзер, Леон-Гонтран Дамас нарын хамт “Өнгөт арьст оюутан(Франц хэлнээ: L'Étudiant Noir) нэрт сэтгүүл эрхлэн гаргаж, европчуудын дундах уламжлалт сэтгэлгээг өөрчлөх, африк тивийн соёл, ахуйг сурталчлах ажил өрнүүлсэн нь ихээхэн амжилтад хүрчээ. 1947 онд соёл судлалын “Африкийн төрх” нэртэй хоёр дахь сэтгүүлээ эрхлэн гаргасан байна.
1939 оноос францын армид алба хааж, 1940-1942 онуудад олзлогдож байв. Улмаар эсэргүүцлийн хөдөлгөөнд идэвхийлэн оролцсон байна. Дайны дараагаас Францын далай чанад дахь эзэмшлийн улсын сургуулийн африк хэл, соёл иргэншлийн факультетын деканаар сонгогдон ажилласан байна. Үүний зэрэгцээ, төрийн өндөр алба үүрэглэж, ялдарт нь, 1945-1958 онуудад хууль тогтоох хурлын гишүүн, улсын их хурлын дэд даргаар сонгогдсон байна. 1948 онд Мамад Диагийн хамт Сенегалын Ардчилсан Хүчний Эвслийг үүсгэн байгуулж, 1959 онд Сенегалын Дэвшилтэт Холбоог удирдсан байна. Шинэ нам сонгуульд ялалт байгуулж, 1951 онд дахин сонгогдсноор Сэнгор Эдгар Фор, Тиэс нарын засгийн газарт төрийн нарийн бичгийн дарга, Мишэл Дэбрэгийн засгийн газарт шүүх, боловсрол, соёлын асуудал эрхэлсэн зөвлөх сайдаар тус тус ажиллажээ. 1959 оны дөрөвдүгээр сарын 4 нөөс 1960 оны наймдугаар сарын 20 хүртэл Холбооны Мали Улсын Холбооны Хурлын даргаар сонгогдсон байна.
1960 оны есдүгээр сараас шинээр тусгаар тогтносон Сенегал улсын анхны төрийн тэргүүн болжээ. Сайд нарын зөвлөлийн дарга Мамад Диа төрийн эргэлт хийх гэж оролдсон учир баривчлагдсан бөгөөд үүний дараагаар 1962-1970 онуудад засгийн газрын тэргүүний албыг хавсран хашжээ. 20 жил үргэлжилсэн улс төрийн ноёрхлынхоо эцэст Сэнгор социал-демократ, либерал-ардчилсан, марксист-ленинист гурван улс төрийн намын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн байдаг. 1980 оны арванхоёрдугаар сард ерөнхийлөгчийн албаа орхисон ч түүний тэргүүлсэн нам 2000 он хүртэл Сенегалын засгийн эрхийг барьсан түүхтэй. 1983 онд Францын шинжлэх ухааны академийн гишүүнээс сонгогдсон нь африк тивдээ анхны тохиолдол байсан бөгөөд түүнийг гишүүнээр сонгох ёслолд Францын төрийн тэргүүн Франсуа Миттөран өөрийн биеэр оролцож байжээ.
Нармай африкч, негритюд арьстны онолын жүнхэн сурталч, Социнтерны хүндэт тэргүүн Сэдар Сэнгор 2001 оны аравдугаар сарын 20 нд хүнд өвчний улмаас Франц улсын Норманд мужийн Версон хотноо 95 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.  
Улс төрийн сургаал
Сэдар Сэнгорын улс төрийн сургаалыг авч үзэхийн өмнө юуны түрүүнд, негритюд арьстан гэж юу болох, хүн төрөлхтөний түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн тухайд товч боловч хэдэн үг дурдсуу. XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн Өрнөдийн зарим эрдэмтэд, тухайлбал, Сэмюэль Кроутэр, Жэймс Хортон, Эдвард Блайдэн нар негро арьстан дахин давтагдашгүй бөгөөд оюун ухааны хувьд өндөр байсан талаар бүтээлдээ өгүүлсэн байдаг. Блайдэн Оросын ард түмний цолгорсон сэтгэгч, нэрт яруу найрагч Александр Пушкин негро арьстан байсан талаар дурдаад ийм өндөр оюуны багтаамжтай арьстныг дордчлох нь учир дутагдалтай гэсэн санааг гаргажээ. Зарим бүтээлд өгүүлснийг иш болговол, хүн төрөлхтөний домгийн өвөг Адам, Ева нар негро арьстан байсан гэнэ. Гэвч хувьслын явцад өнөөгийн цагаан болон шар арьстангууд бий болжээ. Өөр нэг судлаач дэлхий дээр хар арьстан гэж байгаагүй ч цаг уурын өөрчлөлт, нарны тусгалтай холбоотойгоор хар арьстан бүрэлдсэн. Гэхдээ тэдний оюун ухааны чадамж туйлын өндөр гэсэн санааг гаргажээ. Энэ бүх үзэл дээр тулгуурлан Сэнгор негритюд арьстны онолыг боловсруулсан байна. Гэхдээ тэрээр негритюд арьстны онолыг анхлан Уильям Дюбуа хөгжүүлсэн талаар бүтээлдээ онцолжээ.
Негро арьстан соёлын хувьд дахин давтагдашгүй, онцгой. Европчууд оюун ухаан, рационал сэтгэлгээг чимээлдэг бол негро арьстан сэтгэл хөдлөл, зөв билгийг гол болгодог. Европчууд амин хувиа хичээх, эд хөрөнгөд тачаадах бусармаг мүс чанартай бол негро арьстан бүхнийг нийгэмчлэн хэрэглэх, нийгэмчлэн аж төрөх, өөрийн би-гээс дайжих, бусдыг хамжих, байгаль, дэлхийгээ сүсэглэх зөн совинтой. Тэдэнд амин ч үзлийн өчүүхэн ч улбаа байхгүй. Ингэхлээр, негро арьстан төрөлхийн социалист арьстан мөн. Социализм нийт хүн төрөлхтөний байхын зэрэгцээ, юуны түрүүнд, негро арьстны соёлын бүрдэл юм. Амин ч үзлийг устгаагүй цагт социализм жинхэнэ утгаараа хөгжих боломжгүй байдаг. Харин африкийн ард түмэнд ийм зовлон бэрхшээл үл тохиолдоно. Учир нь, тэд нийтэч мүс чанартай. Тэд ашгийг чухалчилдаггүй учир түрэмгий, дээрэнгүй зангүй. Бултаараа энх тайвнаар зэрэгцэн оршихыг хүсэмжилдэг. Негро арьстнаас өөр ямар ч арьстанд ийм чанар байхгүй. Тиймээс алс хэтдээ негро арьстан, түүний соёл дэлхий дахинаа түгэн дэлгэрэх нь зайлбаргүй.
Сэнгорын үзлийг судлаачид ерөнхийдөө хоёр үед хуваасан байдаг. Эхний үе нь эх дэлхийн аясаар аж төрөх африк социализмийг сурталчилсан бол хоёр дахь үед шинжлэх ухаан, технологийн дэвшлийг бүтээлчээр хэрэглэх боломжийг нээж өгсөнд оршино.
Негро арьстан бусад арьстнаа бодвол оюуны чадамж доогуур гэх үзлийг Сэнгор эрс шүүмжилсэн. Негро арьстны гол чанарыг зуурам дутуу ойлгосноос ийм үзэл санаа бий болдогийг онцолсон байна. Эцэст нь, африкийн хөгжлийн гол асуудал нь орчин үеийн техник, технологид суурилан негро арьстны гол чанар түшиглэсэн социализмыг үр дүнтэй байгуулах явдал болно.
БИЧВЭРИЙГ БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment