Wednesday, January 4, 2017

НИККОЛО МАКИАВЭЛЛИ "ЭЗЭН ХААН"

Хожуу дундад зууны сэтгэгч Никколо Макиавэлли хүн төрөлхтөний улс төрийн сэтгэлгээний түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан байдаг. Ялангуяа, түүний 1513 онд бичсэн «Эзэн хаан», 1519 онд гаргасан «Тит Ливигийн эхний арав хоногийн тухай эрэгцүүлэл» (Discorsi sopra la prima deca di Tito Livio) зэрэг зохиолууд нь онцгой нөлөөлөл үзүүлжээ. Түүхэн сурвалжид дурдсныг эш болговол, Макиавэлли Тосканы эртний сурвалжит угсааны хүн боловч хохь нэгэн байжээ. Гэсэн ч өөрийн шургуу зүтгэл, нөр хөдөлмөрийн ачаар Флорэнцийн төрийн эрх барих дээд байгууллага аравын зөвлөлд 14 жил, 5 сар ажилласан байдаг. Италийн түүхч Робэрто Ридолфи Макиавэллиг “дунд зэргийн нуруу, туранхай, гуалиг биетэй, хар үс, цагаан царай, жижигхэн толгой, хавчиг нүүр, өргөн магнай хосолсон нэгэн. Гялалзсан хурц нүд, нимгэн жимбэгэр уруулыг харахад бага зэргийн зальжин болов уу гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө(Roberto Ridolfi, 1963, p. 22) хэмээн дүрслэн бичжээ.
Никколо Макиавэлли 1469 оны тавдугаар сарын 3 нд Флорэнцийн зэргэлдээ орших Тоскан нутгийн Сан-Кашано сууринд Бэрнардо ди Никколо Макиавэлли, Бартоломеи ди Стефана Нэли нарын гэрт мэндэлжээ. Хоёр эгч, нэг дүүтэй байсан гэдэг. Гэр бүлийн хүмүүжлийн хүрээнд Латин хэлэнд зэгсэн боловсорч, дэлхийн сонгодогуудтай танилцсан байна.
  Латин соёлыг сүслэж, Грек хэл, соёлыг захчлах хандлагыг Макиавэлли эхээсээ өвлөн авсан байх талтай. Энэ талаар тодорхой тооны судлаачид ч өгүүлсэн байдаг. Гэхдээ түүний балчир нас хаана, хэрхэн өнгөрсөн тухайд түүхэн мэдээлэл нэн хомс байна. Юутай ч цаг хугацааны хувьд Флорэнцийг Сүр Жавхлант Лорэнцо Мэдич захирч байх үетэй (1472-1492 он) давхацдаг. Макиавэллиг 23 настай байхад буюу 1492 онд Сүр Жавхлант Лорэнцо Мэдич бие барсан явдал Флорэнцчуудын хувьд олон олон өөрчлөлтийн эхлэл болжээ. Эрх мэдэл булаалдсан ноёд өвөр зуураа тэмцэлдэж, Испани, Франц, Ариун Ромын эзэнт улс зэрэг гадны гүрнүүд уулгалан халдах аятай далимыг анаж байв. Хүлээсэн нөхцөл нэгэнт бүрдсэн учир Францын эзэн хаан VIII Карл 1494 онд Итали руу уулгалан дайрч, арваннэгдүгээр сард Флорэнцид цөмрөн оржээ. 60 орчим жил хотыг мэдэж байсан Мэдичийн гэр бүл зугтан одов. Түүхийн энэ эгзэгтэй мөчид санваартан Савонарола нарийн ухаан зарж, Флорэнцид амар амгаланг авчирсан байдаг. Хотод бүгд найрамдах засгийг сэргээж, 1498 онд Макиавэллиг төрийн эрх барих дээд байгууллага аравын зөвлөлийн нарийн бичгийн даргаар дэвшүүлэн томилжээ. Аравын зөвлөл нь цэргийн болон дотоод хэрэг тэрчлэн элчин харилцааны асуудлыг хариуцан ажилладаг байв. Өмнө дурдсанчлан Макиавэлли нийтдээ 14 жил, 5 сар нарийн бичгийн даргын албыг хашсан бөгөөд энэ хугацаанд дөрвөн мянга гаруй иргэний захидал, хүсэлтийг хүлээн авч, хорин гурван удаа гадаадад айлчилсан байх юм.
Тэрээр Францын ван, Германы эзэн хаан, Ромын хутагт нарын хүндтэй зочин байжээ. 
1501 онд Флорэнцид эргэн ирсний дараагаар Мариэтти ди Луижи Корсини авхайтай ураглаж, таван хүүхдийн эцэг, эх болцгоожээ. Хутагт IV Александрын хүү Чезари Боржиатай зарим үед ойр байсан нь хожмоо улс төрийн үйл явцын чухам мөн чанарыг танин мэдэхэд багагүй нөлөөлөл болжээ.
Флорэнцийн бүгд найрамдах улсын хувь заяанд 1512 оны намраас томоохон хувирал бий болж, Испаны тал баримтлагч ноёдын улс төрийн байр суурь илтэд бэхжив. 1513 оны эхээр төрийн албанаас бууж, төрд тэрсэлсэн хэргээр гянданд хоригджээ. Гэвч удалгүй суллагдаж, сул иргэн болсон байна. Энэ бүх тэрслүү ажлыг зохион байгуулагч нь Мэдичийн гэр бүл байсан юм. Флорэнцоос 12 км зайд орших Перкуссина дахь гэртээ алдарт “Эзэн хаан” зохиолоо бичиж дуусгасан бөгөөд 1514 оны хоёрдугаар сард Флорэнцид эргэн ирж, Урбиногийн гүн II Пиэро ди Лорэнцо де Мэдичид өргөн барьжээ. Гэвч уг бүтээл удаан хугацаанд дарагдсаны эцэст Макиавэллиг бие барснаас хойш 5 жилийн дараа, буюу 1532 онд олны хүртээл болсон түүхтэй. 1513 оны арванхоёрдугаар сарын 10 нд Франческо Ветторид бичсэн захидалдаа “төр улсын ямар ямар хэлбэр байдаг, тэдгээрийг хэрхэн олж авах хийгээд юунаас болж алдах тухай өгүүлсэн төр улсын талаар нэгэн ном туурвиж байна” хэмээн дурджээ. Харин Веттори 1514 оны нэгдүгээр сард Макиавэллид явуулсан хариу захидалдаа номын агуулгатай хэсэгчилсэн байдлаар танилцлаа. Ихэд таалагдаж байна гэж бичсэн байдаг. Ямартаа ч 1517-1518 онуудад “Эзэн хаан” бүтээл хэдэн удаа засварлагдсан байж болох талтай.
Хүний хорвоод 58 жил, 1 сар, 19 хоног зүдэн саатсаны эцэст Никколо Макиавэлли 1527 оны зургаадугаар сарын 22 нд ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр ердийн нэг улс төрийн бодлоготон, сэтгэгч байсангүй ээ. “Түүхч, дипломатч, цэрэг дайны онолч, төрийн зүтгэлтэн, яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч(McCormick, May 2001) байжээ. Түүний бунхант хөшөөнд “энэ хүний нэр гашуудлын утга илэрхийлэхгүй” гэсэн бичиг сийлсэн байх аж.
Ташрамд дурдахад, Макиавэллигийн сургаал гэх “зорилго нь аргаа зөвтгөнө” гэсэн хэлц чухамдаа бол түүнийх биш юм. Үүнийг Испаны католиг санваартан Игнати де Лойола (1491-1556 он) гаргасан байна. Гэхдээ итали хэлний Il Fine giustifica I mezzi, латин хэлний Finis sanctiflcat media, англи хэлний the end justifies the means гэсэн үгнээс үзэхэд зорилго нь аргаа зөвтгөнө биш, төгсгөл нь утга санаагаа зөвтгөнө гэх санааг илэрхийлж байна. Харин орос хэлнээ үүнийг цель оправдывает средства гэж буулгасан байх бөгөөд монгол хэлнээ зорилго нь аргаа зөвтгөнө гэсэн хэлц бий болохын үүдлэг болсон байна.
Бичвэрт “Эзэн хаан” зохиолыг дээжлэн утгачлахдаа 1869, 1990 оны орос, 1961 оны итали, 1985 оны англи хувилбаруудыг харгуулан авч үзсэн болно.
Никколо Макиавэлли улс төрийн хувьд дараах үзэл санааг хөгжүүлсэн байдаг. Улс төрийн үзэгдэл, үйл явц ертөнцийн эзнээс тогтоосон ёсны дагуу явагддаг гэх дундад эртний хэвшмэл ойлголтыг эвдэж, хүнээс, тэр дундаа хувь тавилангаас хамаардаг гэх шинэлэг санааг дэвшүүлсэн байна. Гэвч хүний үйл ажиллагааг бүхэлд нь, хувь тавилан тодорхойлохгүй. Хувь тавилангийн зэрэгцээ хүний өөрийнх нь зүтгэл бас нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, хувь тавилангийн зэрэгцээ зүтгэлгүй бол хүн амжилтад хүрч чадахгүй.
Улс төр гэгч өнгөрснийг судлах, эдүгээг сургамжлах, ирээдүйг бошголох “туршлагын шинжтэй мэдлэг” мөн. Хүний үйл ажиллагааны төрөл болохын хувьд улс төр ёс суртахуунаас ангид байдаг. Хэрэв хэн хүн улс төрд амжилт олж, тодорхой хэмжээнд эрх мэдэл олж авахыг хүсч буй бол ёс суртахууны хүлээсэнд баригдах учиргүй. Ёс суртахуун, улс төр хоёр эсрэг тэсрэг шинж чанартай гэдгийг Макиавэлли онцолсон байна.
Засаглалын хувьд бүгд найрамдах хэлбэрийг сайшааж байв. Ялангуяа, эртний Римд оршин байсан засаглалын хэлбэрийг хамгийн сайн хэмээн сургамжилжээ.
ЭЗЭН ХААН
(IL PRINCIPE; THE PRINCE; ГОСУДАРЬ)
НИККОЛО МАКИАВЭЛЛИ ГЭГЭЭН ДЭЭДЭС ЛОРЭНЦО ДИ ПИЭРО ДЕ МЭДИЧИД ӨРГӨВ. АЙЛТГАХ УЧИР НЬ;
(NICC. MACHIAVELLI al MAGNIFICO LORENZO DI PIERO DE’ MEDICI; НИККОЛО МАКИАВЕЛЛИ — ЕГО СВЕТЛОСТИ ЛОРЕНЦО ДЕИ МЕДИЧ; TO THE GREAT LORENZO DI PIERO DE MEDICI)
Эртнээс инагш эзэн хааны хайр ивээлийг хүсэмжлэгчид адуу мал, зэр зэвсэг, хоргой торго, үнэт чулуу тэргүүтэн элдэв агуурсыг түүний ариун мутарт өргөн барьсаар иржээ.
Гэвч өчүүхэн албатад элэр цагийн түүхэн туршлага дээр тулгуурлан, эдүгээ цагийн явдлыг судлан байж гаргасан агуу хүмүүний үйлд хамаарах ямхан мэдлэгээс өөр үлэмж эрхэм, үнэ цэнэтэй зүйл олдсонгүй гэдгээ өчсүү. Олон оныг элж бидсний эцэст өөрийн биеэр нээсэн бүхэн өндөр дээдэст золгуулан барьж буй эл бүтээлд тусгагдсан болно. Дорд албатын далай мэт гэмийг өршөөн хэлтлэхэд үл хүрэлцэх авч улсын эзэнд учирч болох тоймгүй их гай барчад, хөнөөл нанжидийг ахархан хугацаанд таньсан өчүүхэн зүтгэлийг анхааран толилно гэдэгт сэтгэлийн угаас сүслэнэ.
Бэсрэг боол (нэгэн үе болсон боол, орчуулагчийн тайлал) номын мэргэд адил бүтээл, шаштирдаа уран яруу өгүүлэх, үгийн утгыг оноочлох, үзэмж төгөлдөр бичиглэх тэргүүтэнд анхаарч эс чадсан учир хэн хүнд үл хэрэглэгдэх дэмий зүтгэлийн дардас болохоос эмээнэ. Сац бас, улсын эзэнд хэрхэн аж төрөхийг заан сургах ёсгүй төрх үзүүлэхийг үл хүссэн бөлгээ. Гагц уул, толгод сүндэрлэн, ус, мөрөн мяралзан байх байгалийн үзэмж тольдох авьяас билигт зураач лугаа адил байхыг хүснэ: Олон ардын санааг танихын тулд улсын эзэн болох, улсын эзнийг тольдохын тулд албат ард байх ёсон буй.
Өндөр дээдэс өчүүхэн албатын зүтгэлийг анхааран толилох буйзаа. Цогдомдож тэвчивээс халуун амиа саатааж, хатуу тавилангаа дагасуу.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ТӨРИЙН ХИЧНЭЭН ТӨРӨЛ БАЙДАГ ХИЙГЭЭД ХЭРХЭН ОЛЖ АВАХ ТУХАЙД
(CAPITOLO I. QUANTE SIANO LE SPECIE DE’ PRINCIPATI, E CON QUALI MODI SI ACQUISTINO; CHAPTER 1. HOW MANY KINDS OF PRINCIPALITIES THERE ARE AND BY WHAT MEANS THEY ARE ACQUIRED; ГЛАВА I. СКОЛЬКИХ ВИДОВ БЫВАЮТ ГОСУДАРСТВА И КАК ОНИ ПРИОБРЕТАЮТСЯ)
Аливаа улс, орон бүгд найрамдах болон ганц хүнээр удирдуулах улс гэсэн хоёр хэлбэртэй байдаг.
Ганц хүнээр удирдуулах улс хаан угсааныхан удаан хугацааны туршид захиран сууж байвал угсаа залгасан, эс бөгөөс шинэ тулгар улсын хэлбэртэй байж болно.
 Шинэ тулгар улс нь Франческа Сфорцагийн үеийн Милан шиг нэгдмэл улсын хэлбэртэй байж болдог: Эсвэл Испаны эзэн хааны эзэмшилд багтах Неаполитаны вант улс шиг байлдан дагууллын үр дүнд өөр улсад нэгдсэн түшмэг төдийгөөр оршин тогтнож болдог.
Улс орныг бүрэн эрх чөлөөтэй байсан хийгээд эзэн хааны захиргаанд орсноор эрхбиш зааглавал зохилтой: Улсын эрхийг өөрийн хүчээр, бусдын тусламжаар, эсвэл хувь тавилангийн ивээлээр, юм уу эр зоригоор олж авдаг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ. УГСАА ЗАЛГАМЖИЛСАН НЭГДМЭЛ ЗАСАГЛАЛЫН ТУХАЙ
(CAPITOLO II. DE’ PRINCIPATI EREDITARI; CHAPTER 2. CONCERNING HEREDITARY PRINCIPALITIES; ГЛАВА II. О НАСЛЕДСТВЕННМ ЕДИНОВЛАСТИИ)
Өөр бүтээлд дэлгэрэнгүй өгүүлэх учир бүгд найрамдах засгийн тухай асуудлыг алгасъя. Харин нэгдсэн хаант засгийн тухай авч үзэх бөгөөд ингэхдээ дээр дурдсанчлан хаан хүн хэрхэн улсаа жолоодох хийгээд засаг төрийн эрхээ ямар арга, замаар тогтоон барих тухай өгүүлэхийг хичээлээ.
Шинэ хааныг бодвол албат иргэдтэйгээ ижил дасал болсон угсаа залгасан хаан эрх мэдлээ тогтоон барихад хялбар байдаг гэдгээс яриагаа эхэлье ("Монсудар" Хэвлэлийн Газар; Монгол Хэл, Соёлын Хүрээлэн;, 2014, хууд. 589). Ийм төрлийн хаан эрх мэдлээ тогтоон барихын тулд эртний хэв хуулийг өөрчлөлгүй, шинэ нөхцөлд алгуур дасан зохицож чадваас сая болох. Энэ мэт үйлдэл нь онцгой хүчирхэг дайсан л устгачихгүй бол хэр тааруу эзэн хаанд хүртэл эрх мэдлээ тогтоон барихаар барахгүй бүтэл муутай байлдан дагуулагчийг ч сөрөх боломж олгодог байна. Бидний хувьд үүний томоохон жишээ нь эртнээс нааш Ферарыг захирч байсны ачаар, 1484 онд Венецчүүдэд, 1510 онд хутагт Юлийд цохигдсон хэрнээ эрх мэдлээ хадгалж үлдсэн Ферарын гүнтэн юм. Үүний шалтгаан нь угсаа залгамжилсан ямар ч хаан албат нартаа хүндлэгдэх учир үзэн ядалт дагуулсан онцгой муу үйл л хийчихгүй бол бусдын хайрыг хүлээж байдаг гэдэгт оршино. (…)
ГУРАВДУГААР БҮЛЭГ. ХОЛИМОГ ЗАСАГЛАЛЫН ТУХАЙ
(CAPITOLO III. DE PRICIPATIBUS MIXTIS; CHAPTER 3. CONCERNING MIXED PRINCIPALITIES; ГЛАВА III О СМЕШАННЫХ ГОСУДАРСТВАХ)
Шинэ эзэн хаан засаг төрийн эрхээ тогтоон барихад хүндрэлтэй байдаг. Өөртөө шинэ эзэмшил нэгтгэх замаар холимогжсон угсаа залгасан хаанд хүртэл шинэ тулгар улс болгонд асар их өөрчлөлт болдог тэр л шалтгааны улмаас засаг төрийн эрхээ тогтоон барихад хүндрэлтэй байдаг. Шинэ хаан сайн гэдэгт итгэсэн хүмүүс хуучин хааныхаа эсрэг босох авч хууртаж байснаа, шинэ хаан хуучин хаанаасаа ямагт дор байдаг гэдгийг туршлагаасаа мэдэж авдаг. Ямар ч байлдан дагуулагч байсан шинэ албат нараа татвараар зүдээх, амьдрал ахуйд нь зовлон нэмэх явдал байлдан дагууллын явцад үүсдэг нь зүй билээ. Хэн тэрсэлж тэмцэнэ, түүнийг гэсгээх, хэн дайн тулаанд гүн байгуулна, түүнийг шагнаж урамшуулах нь зүй бөгөөд ингэхдээ тэдний зүтгэлгүйгээр чиний цэрэг хүссэн улсаа буулгаж чадахгүй ч хэтэрхий шагнаж, хатуу шийтгэхээс зайлсхийх хэрэгтэй. Энэ шалтгаанаар Францын хаан XII Людовиг Милан хотыг ахархан хугацаанд дагуулж авсан хэрнээ мөн төдий хугацаанд алдсан байдаг. Гүн Людовиг дараа нь дахин Миланыг өөрийн цэргээр дайлсан ч амжилт олоогүй юм. Гүнгийн өмнө хотын хаалгыг нээсэн ардууд тун удалгүй хууртаж байснаа ойлгоод шинэ хааны дарлалын эсрэг тэмцсэн байна.
Самууралд автсан улсыг дахин эрхшээн дагуулах нь хаан хүнд эрх мэдлээ хялбархан бататгах боломж олгохын зэрэгцээ гэмтнийг гэсгээх, зальхайг илчлэх, өөрийн сул газраа хамгаалах шалтаг бий болгодог байна. Анхны удаа Миланыг дагуулах үед гүн Людовиг хилийн гадна үлдсэн бол хоёр дахь удаагийн оролдлогод Италийн жижиг улсууд нэгдэж, түүний цэргийг хөөн гаргах хүртэл дээрх шалтгаанаар Миланд бэхжиж чадсан байна. Франц улс Миланыг хоёр дахь удаагаа алдсан юм. Эхнийх нь хэн бүхэнд илэрхий учир эзэн хааны бүтэлгүй үйл ажиллагаа хэмээн нэрлэж болох байна: хоёр дахь удаагаа хэрхэн дагуулсныг дурдахаа азнаж, гүн Людовиг амжилтаа бататгахын тулд ямар арга хэрэглэсэн тухайд тогтож ярих нь зүйтэй болов уу.
Булаан эзэлсэн хийгээд бусдаас залгамжилсан улс нэг хэл, соёлт улсын, эсвээс өндөө хэл, соёл бүхий ард түмнийг багтаасан улс байдаг гэдгээс яриагаа эхэлье. Хэрэв булаан эрхшээсэн улсын иргэд эрх чөлөөгүй байсан бол эхний тохиолдолд эрх мэдлээ бататгахад хялбар байдаг. Эрх мэдлээ бататгахын тулд өмнөх хаадын угсааг бохируулбаас сая болох. Хэв хууль, ёс заншил хөндөгдөөгүй үед аюул дагуулсан ямар ч үйлдэл үүсдэггүй. Бид үүнийг эртнээс нааш Францын эрхшээлд байсан хэрнээ өнөө хүртэл тайван байгаа Бретани, Бургунд, Норманд, Госканы жишээнээс мэдэж болох юм: хэдийгээр хэл ондоо боловч зан заншлын төсөөтэй байдал нь тэднийг харилцан найрсаг амьдрахад хүргэсэн байна. Энэ мэт тохиолдолд байлдан дагуулагч хаад хоёр арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх хэрэгтэй: нэгдүгээрт, булаан эзэлсэн орны хаадын угсааг бохируулах: хоёрдугаарт, байлдан дагуулсан улсаа өөрийн оронд нэгтгэх арга хэмжэ авахын сац үл зөрчилдөх хууль дүрмийг хэвээр үлдээх.
Гэхдээ булаан эзэлсэн улс чинь таны улсаас хэл яриа, зан заншил, хэв хуулийн хувьд ялгаатай бол засаглахад ихээхэн төвөгтэйгээр барахгүй илүү зүтгэл, урлаг шаардах болно. Хамгийн найдвартай, эрс шийдмэг арга нь эзэлсэн нутагтаа шилжин суурьших явдал юм. Энэ нь байлдан дагуулах үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах бөгөөд үүнийг үл харгалзсны үрээр Туркийн султан Грекийг байлдан дагуулсан хэрнээ амжилтаа бататгаж чадаагүй юм. Хэрэв султан орд өргөөгөө байлдан дагуулсан улс руу шилжүүлсэн бол үйл явц арай өөрөөр өрнөх байлаа. Шалтгаан нь байлдан дагуулсан улсдаа амьдарч байж сая бослого, самууны талаар мэдэж, цаг алдалгүй арга хэмжээ авч чадах билээ. Үүнээс гадна, эзэлсэн улсдаа бэхжиж чадсан хаан тэрслүү түшмэдийн ёсгүй үйлдлээс улсаа хамгаалах чадвартай болдог. Хаан хүн эзэлсэн улсын ардыг сурган тэжээснээр зальхайг гэсгээх, гавьяатныг хөхүүлэх боломжтой болно. Хэрэв зэргэлдээ улс тэмцэлдэх санаа буй аваас хаан хүн эзэлсэн орондоо шилжин очихоос татгалзах хэрэгтэй.
Эзэлсэн улсдаа бэхжих өөр нэг үр дүнтэй арга нь эзэлсэн улсаа өөрийн улстайгаа холбосон колони байгуулах явдал юм. Өөр нэг боломж байгаа нь эзэлсэн улсдаа цэрэг байршуулах явдал болно. Колони байгуулах нь эзэн хаанаас сүйтгэл үл шаардахын зэрэгцээ эзлэгдсэн улсын иргэдийг цөлмөн үгүйрүүлэх, ингэснээр дахин сэхэх боломж олгодоггүй сайн талтай болно. Эзэн хаан колониор дамжуулан эзлэгдсэн орныг хялбархан захирч чаддаг байна. Хүний мөн чанар улайран дайсагнах, саймширч зусардах хоёр төрөлтэй байдаг бөгөөд бага хөнөөл болоход улайран дайсагнах, их хөнөөл болоход саймширч зусардах хандлага гаргадаг. Иймээс дайсагналд өртөхгүйн тулд эрх мэдлээ бататгах зорилгоор хүчлэн хөнөөл учируулах хэрэгтэй. Колони байгуулахын зэрэгцээ цэрэг байршуулах нь тийм ч үр дүнтэй арга бишээ. Цэрэг байршуулах нь эзлэгдсэн орны иргэдийг хааны эсрэг турхирдаг тул үүнээс татгалзах хэрэгтэй. Харин колони байгуулах нь хамгийн зохимжтой арга болно.
Хэл яриа, зан суртахуун өөр улс оронд байлдан дагуулагч сул хөрштэйгээ эвсэж, хүчтэй хөршөө өшлөх, дотоодод тэрслүү санаатан бий болгохгүй байхад анхаарах хэрэгтэй.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. СУЛХАРНАЙН ДАГУУЛСАН ДАРИЙ ХААНЫ УЛС ТҮҮНИЙГ АМИРЛАСНЫ СҮҮЛЭЭР ЮУНЫ УЧИР ЗАЛГАМЖЛАГЧДЫНХ НЬ ЭСРЭГ БОСООГҮЙ ТУХАЙ
(CAPITOLO IV. PERCHE IL REGNO DI DARIO DA ALESSANDRO OCCUPATO NON SI RIBELLO DALLI SUCCESSORI DI ALESSANDRO DOPO LA SUA MORTE; CHAPTER 4.WHY THE KINGDOM OF DARIUS, CONQUERED BY ALEXANDER, DID NOT REBEL AGAINST THE SUCCESSORS OF ALEXANDER AT HIS DEATH; ГЛАВА IV. ПОЧЕМУ ЦАРСТВО ДАРИЯ, ЗАВОЕВАННОЕ АЛЕКСАНДРОМ, НЕ ВОССТАЛО ПРОТИВ ПРЕЕМНИКОВ АЛЕКСАНДРА ПОСЛЕ ЕГО СМЕРТИ)
Байлдан дагуулж захирсан улсдаа эрх мэдлээ бататгах нь туйлын хэцүү байдаг гэсэн өмнөх сэрэмжлүүлэгийг үзсэний эцэст Азийг байлдан дагуулсан боловч удалгүй бие барсан Сулхарнайн эзэнт гүрэн юуны учир задарч унаагүйгээр барахгүй түүний залгамжлагчдад тэдний сувдаг, самуун хүслээс өөр санаа зовох зүйлгүйгээр амар жимэр захирагдсныг санахад гайхахаас өөр зүйл үлдсэнгүй ээ. Нэгдмэл засаглалтай бүх улс – эзэн хааны ивээл, соёрхлоор дээд тушаалд дэвшиж, түүнд улсаа удирдан засахад туслах албат иргэнээс бүрдэх улс, эзэн хааны ивээлийг үл тэвчих, эртний сурвалжит баронуудаас тогтох улс гэсэн хоёр төрөлтэй байдаг нь үүний шалтгаан гэдгийг хэлэх байна. Барон хэргэмтэн гэдэг нь албат иргэндээ хүлээн зөвшөөрөгдөхийн зэрэгцээ эрх эдлэж, засаглах хүмүүс юм. Боолын хүчээр улсаа удирдах улсад хаан хүн үлэмж эрх эдлэх агаад энэ улсын бүх иргэн цорын ганц хүнийг дээд эзнээ хэмээн хүлээн зөвшөөрдөг байна: төрийн түшмэд нь онцгой эрх үл эдлэх ердөө боол болно.
Бидний үед төрийн засаглалын дээрх хоёр төрлийн жишээ нь Туркийн султан, Францын эзэн хаан нар юм. Туркийн хааны засагт ганц хүн бүхнийг хураан эрхшээдэг: бусад нь бүгд түүний боол юм. Улс орон султаны томилох боолоор удирдуулсан санджакаас бүрдэнэ. Харин эсрэгээр, Францын хаан дур мэдэн гэсгээж үл болох онцгой эрх эдлэж, албат нараараа хүрээлүүлсэн өндөр дээд язгууртнуудтай харилцдаг байна.
Хэрэв энэ хоёр улсыг харьцуулан авч үзвэл султаны засгийг байлдан дагуулахад бэрх, эзэлсний эцэст эрх мэдлээ тогтооход хялбар, эсрэгээр, Франц мэтийн орнуудыг байлдан дагуулахад хялбар, эзэлсний эцэст эрх мэдлээ тогтооход бэрх гэдгийг төвөггүй мэдэх болно. Хааны засгийг түлхэн унагаж, тэмцэл дэгдээх өөр хүчтэй захирагч үл орших учир султаны улсыг буулган авахад хүндрэлтэй байдаг. Султаны тойрон хүрээлэгчид нь түүний ивээл, соёрхлоор аж төрөх боол гэдгийг өмнө нэгэнт өгүүлсэн бөгөөд тэднийг урвуулан авахад бэрх, урвуулан авсан ч ард олон үл хүндлэх тул ач холбогдлоор бага юм. Ингэхлээр султаны улсад уулгалах хүн эсрэг этгээдээ сулруулахаас илүүтэйгээр хүчээ зөв тооцож, албат нартайгаа санал зөрөхгүй байх нь туйлын чухал юм. Харин султаныг ялж, түүний цэргийг буулган авсан үед байлдан дагуулагч султаны удмыг бохируулахаас өөр хөнөөлт үйл хийхээс цээрлэх хэрэгтэй. Хэрэв үүнийг эс хэрэгсвээс ардын сэтгэлийг олж үл чадахын дээр өшлөн дайсагнах хандлага бий болгох аюултай. Хаан хүн ялах хүртлээ ардын сэтгэлийг хурааж эс чадвал ёсоор орхивол зохилтой.
Франц мэтийн оронд хэрэг явдал арай өөр: эрх мэдэл булаах цагийг анагч самуун явдалтан олон учир барон хэргэмтний нэг хэсэгтэй нам нийлж, улсыг хураахад тийм ч хүндрэлтэй бус. Чухам энэ шалтгааны улмаас тэд байлдан дагуулагчдад улсын хэргийг даатгаж, ялалтад хүргэдэг. Гэвч байлдан дагуулалд туслан улсаа зарагчид байнга бослого дэгдээх аюултай тул засгаа тогтооход ихээхэн хүндрэлтэй. Ийм улсад бослого дэгдээх самуун язгууртан олон тул ганц хааны угсааг бохируулахад хангалтгүй: эрх мэдлээ алдах аюултай тул язгууртнуудыг талдаа татах, эсвээс егүүтгэн албаас зохилтой.
Хэрэв бид Даарийн хаант улсад анхаарлаа хандуулах юм бол энэ улс нь султан хэв шинжит улс хийгээд юуны учир Сулхарнай Дарийн цэргийг ганц цохилтоор устгасан болохыг төвөггүй мэдэх болно. Дарий хаан ялагдал хүлээсний дараа дээр дурдсан шалтгааны улмаас Сулхарнай хаан эрх мэдлээ тогтоон барихад сэтгэлээ чилээгээгүй юм. Хэрэв түүний залгамжлагчид хоорондоо эвтэй байсан бол санаа зовох зүйлгүйгээр улсаа захирч чадах байв: тэдний улсад сувдаг, зальхай санаанаас өөр санаа зовоох зүйл байгаагүй юм.
Харин Франц мэтийн оронд хаан хүн санаа зовох зүйлгүйгээр улсаа захирч чаддаггүй байна. Олон жижиг ноёдтой Грек, Испани, Францад Ромын эсрэг бослого тасардаггүй байв. Байлдан дагууллын дараа тогтсон Ромын засаг туйлын эмзэг байв: гэвч он цагийн уртад өөрийн хүч, зүтгэлээр ноёрхлоо бат нотоор тогтоож чадсан юм. Сүүлээр Ромчууд засгаа бэхжүүлсний дараа өөр хоорондоо дайтах болжээ. Эзэн хаанаа бохируулсан албатууд Ромоос өөр харь хэлтний эрхшээлийг дагаагүй юм. Эндээс бид юуны учир Сулхарнай Азийн орнуудыг хялбархан эрхшээн дагуулсныг ойлгох бизээ. Шалтгаан нь байлдан дагуулагчийн эр зоригт бус, эзлэгдсэн орны ялгаа бүхий аж төрөх хэв хуулинд оршиж байв.  
ТАВДУГААР БҮЛЭГ. БАЙЛДАН ДАГУУЛЛААС ӨМНӨ ӨӨРИЙН ХЭВ ХУУЛИАР АЖ ТӨРЖ АСАН ТӨР, УЛС БУЮУ ХОТ-УЛСЫГ ХЭРХЭН ЗАСАГЛАХ ТУХАЙ
(CAPITOLO V. IN CHE MODO SIANO DA GOVERNARE LE CITTÀ O PRINCIPATI, QUALI, PRIMA CHE OCCUPATI FUSSINO, VIVEVANO CON LE LORO LEGGI; CHAPTER 5. CONCERNING THE WAY TO GOVERN CITIES OR PRINCIPALITIES WHICH LIVED UNDER THEIR OWN LAWS BEFORE THEY WERE JOINED TO ANOTHER PRINCIPALITY; ГЛАВА V. КАК УПРАВЛЯТЬ ГОРОДАМИ ИЛИ ГОСУДАРСТВАМИ, КОТОРЫЕ, ДО ТОГО КАК БЫЛИ ЗАВОЕВАНЫ, ЖИЛИ ПО СВОИМ ЗАКОНАМ)
Хэрэв байлдан дагуулсан улс чинь өөрийн хэв хуулиар аж төрж асан бол ийм улсад эрх мэдлээ тогтоох гурван арга байна. Эхнийх нь - сүйтгэх: хоёр дахь нь - албат нараа суурьшуулах: гурав дахь – эзлэгдсэн орны иргэдэд өөрийн хуулиар аж төрөхийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ алба татварлаж, өөрт үнэнч цөөн хүний засаг тогтоох явдал юм. Эдгээр нь хааны эрх сүрийг хүлээн зөвшөөрч, ямар ч тохиолдолд урвахгүй итгэлт хүмүүс байх ёстой. Эзлэгдсэн орныг сүйтгэн бусниулах, юм уу ард иргэдээр нь дамжуулан эрх мэдлээ бататгах нь илүү хялбар болно.
Спарт, Ромын жишээнд анхаарлаа хандуулья. Спартчууд олигархи засаг тогтоох замаар Афин, Фивийг тогтоон барих гэж оролдсон ч эцэстээ хоёр хотыг алдсан. Ромчууд Капу, Карфаген, Нуманцыг тогтоон барихын тулд эдгээр хотуудыг сүйтгэж, өөрийн засгийг тогтоосон байдаг. Грекчүүд Спартын нэгэн адил арга хэрэглэн хэв хуулийг нь өөрчлөлгүй, олигархи засаглал тогтоосон ч амжилт ололгүй, нийт Грекийг аюулд унагахгүй тулд олон хотоо алдсан түүхтэй.
Эндээс үзэхэд эзлэгдсэн газраа тогтоон барих хамгийн үр дүнтэй арга нь эвдлэн сүйтгэх арга болно. Бусдыг өршөөн хэлтлэх, эрх чөлөө олгох тэргүүтэн нь ердөө арга хэрэгсэл бөгөөд хүслээ гүйцээсний хойно хэнийг ч өршөөх хэрэггүй. Шалтгаан нь байлдан дагуулсан улсад хичнээн сайн үйл хийсэн ч эрх чөлөө, хууль цаазаар гул барьж самуун дэгдээх сэдэл байнга бий болж байдаг. (…)
Гэхдээ эзэн хааны буулгад захирагдаж дадсан улс орон, буюу хотод хаан угсааныхныг бохируулах нь тийм ч буруу зүйл бишээ. Учир нь, ийм улсын иргэд нэг талаас захирагдаж дадсан, нөгөө талаас хаанаа егүүтгүүлсэн учир харилцан үл эвсэх бөгөөд энэ нь байлдан дагуулагчийн эсрэг тэмцэхгүй байхад нөлөөлдөг байна. Ингэснээр эзэлсэн нутгаа засан тохинуулах, аюулгүй байдлаа бэхжүүлэх хугацааг байлдан дагуулагчдад олгодог байна. Харин бүгд найрамдах улсад хаа сайгүй үзэн ядалт, өшлөн дайсагналт, жөтөөрхөх явдал байдаг: ийм үед эрх чөлөөний тухай төсөөлөл хэзээ ч арилдаггүй. Тиймээс эзлэгдсэн оронд засаг төрийн эрхийг тогтоон барих хамгийн үр дүнтэй арга нь – албат иргэн суурьшуулах, юм уу эвдлэн сүйтгэх арга болно.

Эх сурвалжийн жагсаалт

"Монсудар" Хэвлэлийн Газар; Монгол Хэл, Соёлын Хүрээлэн;. (2014). Монгол кирил бичгийн зөв бичихзүйн толь. (Б. Баярсайхан, Ed.) Улаанбаатар хот: АДМОН ХХК.
Machiavelli, N. (1961). Il Principe. (a cura di Luigi Firpo, Ed.) Torino: Einaudi. Retrieved September 20, 2016, from http://www.letteraturaitaliana.net/pdf/Volume_4/t324.pdf
Machiavelli, N. (1985). The Prince (Second ed.). (Harvey C. Mansfield, Trans.) Chicago and London: The University of Chicago Press. Retrieved September 25, 2016, from https://monoskop.org/images/1/14/Machiavelli_Niccolo_The_Prince_1985.pdf
McCormick, J. P. (May 2001, September 26). Niccolo Machiavelli (1469-1527). Chicago: The University of Chicago Department of Political Science. Retrieved September 26, 2016, from http://political-science.uchicago.edu/faculty-workingpapers/
Roberto Ridolfi. (1963). The life of Niccolo Machiavelli. London: Routledge Kegan & Paul.
Макiавелли, Н. (1869). Государь, Разсужденiя на первыя три книги Тита Ливiя; Сочиненiе. (Н. Курочкина, Trans.) С.-ПЕТЕРБУРГЬ: Типографiя Тиблена и К*. Retrieved September 25, 2016, from https://upload.wikimedia.org/wikipedia/commons/d/da/Il_Principe-Machiavelli-Kurochkin.pdf

Макиавелли, Н. (1990). Государь. Москва: Изд-во Планета. Retrieved September 25, 2016, from http://grachev62.narod.ru/mak/content.htm
ТОЛМОЧЛОН БУУЛГАСАН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР 

No comments:

Post a Comment