Wednesday, January 4, 2017

ЖАМСРАНГИЙН ЦЭВЭЭН “УЛСЫН ЭРХ”

ЦЭВЭЭН ЖАМСРАНО “ГОСУДАРСТВЕННОЕ ПРАВО
Бүтээлийн тухайд
Эрхэм уншигч авгай та бүхэнд энэ удаа Монголын цолгорсон нармай үзэлтэн, соён гэгээрүүлэгч Ж. Цэвээн баавайн «Улсын эрх» бүтээлийг толилуулж байна. Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол улсын хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд, Сайн ноён хан Т. Намнансүрэнгийн захиасаар  олноо өргөгдсний гуравдугаар онд туурвисан энэ зохиол Монголын улс төр, эрх зүйн сэтгэлгээний сонгодог бүтээлд тооцогддог болно. Туурвилд Монгол улсыг тухайн үеийн боловсон улсын жишгээр хөгжүүлэх шинэ үндсэн хуулийн үзэл санааг асаажээ. Зарим эш санаа нь нийгмийн практикт хэрэгжсэн (Улсын дээд, доод хурлыг үүсгэх, сургууль, хүмүүжлийн газар нээн ажиллуулж ардын хүүхдийг гэгээрүүлэх тэргүүтэн) ба 1924 оны БНМАУ-ын анхдугаар үндсэн хуульд тусгалаа олжээ.
Энэхүү бүтээлийг олонд шүншиглэн түгээхийн өмнө билгүүн номч, их эрдэмтэн, Монгол түмний бахархал Цэвээн абугайн тухай хэдэн үг өгүүлсүү.
Шарайд овгийн Жамсрангийн Цэвээн 1881 оны 4-р сарын 26 нд Өвөр Байгалийн Агийн аймагт төржээ. 1888-1891 онуудад Агийн бага сургуульд элсэн бичиг номын авшиг хүртэж, улмаар 1891 оноос Чита хотноо дунд сургуульд дэвшин суралцсан байна. Мөнөөхөн Петр Бадмаев 1895 онд сургууль, соёлын газар нээж, буриад багачууд хамруулсны дотор Цэвээн багтсан байдаг. Бичиг соёлд шамдан суралцаж зон олон Монголоо сэргээн бадруулах чин хүсэл оргилж байсан ч харь шүтлэгт хүчлэн оруулж хатуу цааз мүглэндэн тулгах Оросын дээрэнгүй, хэлтгий санааг сөрж арга буюу хүслээ огоорчээ. Хамаг Монголын оройн чимэг, Буриад түмний минь халуун амь, бүлээн цус болсон Цэвээн авгай ухамсарт бүх амьдралаа улс, үндэстнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, язгуур ашиг тусын төлөө зориулжээ. Түүний хамаг дээд зорилго нь бүх Монгол түмнээ нэгэн гэр бүлд элсүүлэн нэгтгэж Швейцар мэт зол буянт улс байгуулахад оршиж байв. Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Оросын ШУА-ын Сурвалжлагч гишүүн, доктор, профессор Ж. Цэвээн 1937 оны наймдугаар сард эсэргүү хэрэгт холбогдон баривчлагдаж 1941 онд зовлонт бие, гунигт тавилангаа огоорч тэнгэрийн орноо заларчээ.
Ингээд мөхөс хүний шинэ үсэгт буулгасан найруулгаар та бүхэнд Ж. Цэвээн абугайн «Улсын эрх» бүтээлийг толилуулж байна. Таалан болгоох ажаамуу (Бичвэрийг дэглэсэн Удирдлагын Академийн докторант Нямаагийн ОТГОНБАЯР).
ЖАМСРАНГИЙН ЦЭВЭЭН “УЛСЫН ЭРХ”
Дэлхий дээрх их, бага олон улсын хууль, дүрмээс засгийн хэргийг ерөнхийлөн шийтгэх зүйл ба жич гадаад улсын эрх ёс, тус ашгийг хамгаалан бадруулах зүйл, бас улсын дээд эрх ба нутгийн эрх хийгээд энэ хоёр эрх харилцан холбогдох зүйл тэргүүтнийг товчлон бичсүгэй.
Өгүүлэх ану: Олон улсын засгийн дүрэм тус тусдаа адилгүй бөгөөд ердийн багш нарын зохиосон дэвтэр бичиг маш олон, багш нарын өөр өөрийн үзэл таалал, тайлбар мөн адилгүй, хэдий тийм боловч хянан байцааваас улсын дээд эрх ба улсыг засах, жич улсын хэргийг эзэрхэн шийтгэх ёсыг төлөвлөн бичиж болмуй.
Анхан төр улсыг байгуулсны хэрэг нь харъяат олон ардыг боолчилж, нэгэн хэдэн цөөн ихсийг тийн бүтээсүгэй хэмээсэн нь огтоос бус, нийт олон түмний тусыг алагчлалгүй хичээн бүтээж ард түмнийг аливаа зүдгүүр зовлонгоос ангижруулж энх түвшнээр хүмүүжүүлэн жаргуулахын тулд улс төрийг байгуулсан нь болой. Тийм боловч эртнээс инагш өнөө хүртэл олон их, бага улсын байдлыг ажиглаваас улсын дээд эрхийг эзэрхэн баригчид нь өөрсдийн ашиг тус, нэр алдрыг үлэмжхэн эрхлэн олон түмний тусыг хэрэгсэх нь бага тул олон түмэн гомдолдон тэмцэлдэж самууран улс төр түвшингүй болгохуй дор эрх баригчид аргагүй цагийг дагаж газар нутаг бүрийн төлөөнөө хүмүүн нарыг цуглуулан хурал байгуулж улсын зовлон, жаргалан, ашиг тус, орлого, зарлага тэргүүтэн олон хэргийг хэлэлцүүлэн улсыг засах хууль дүрмийг тогтоолгож ийнхүү улсын хурал байгуулсны ач тус ихийн тул улсыг хүчирхэг чадалтай болохыг лавтайяа мэдээд одоо цагийн дэлхий дээрх жар гаруй их, бага улсууд цөм улсын хуралтай болсон ажгуу.
Улс тус бүрийн дүрэм хэмжээ, эрх чадал адилгүй хэмээхээс гадна хурал байгуулах ёс нь ч бас адилгүй. Зарим улсын хурал нь нэгэн гэр, бусад зарим улсын хурал нь дээд, доод хэмээх хоёр гэр байх бөгөөд одоо цагийн ердийн багш нарын шүүмжлэх нь: Хэрвээ дан ганц төлөөний хүмүүн нарыг цуглуулан нэгэн дор доод хурал байгуулбаас түргэн түүхийгээр хэрэг шийтгэж тогтворгүй болох болов уу хэмээн дээд хурал байгуулбаас түргэн түүхийг хянан нарийвчилж тогтвортой бат нотоор улсын хэргийг шийтгэн чадмуй. Учир ийм тул хоёр гэрийн хуралтай байх нь мөн хэмээн номложээ.
Бусад ердийн багш нар шүүмжилсэн нь нэгд болбоос улсын олон түмний дээд эрх нэгэн бүхэл байх ёстой тул хоёр гэрийн хурал байгуулахуй дор энэхүү нэгэн бүхэл эрхийг хоёр анги болгон хагаслан хуваах гэм хүлээмүй, хоёрт болбоос дээд хурлыг сонгон байгуулсан нь буй аваас доод хурлын мөн адил сонгон байгуулах тул энэхүү дээд хурлыг давхарлан байгуулсны хэрэг  илүү болмуй хэмээхээс гадна хэрвээ дээд хурлыг сонгохгүй, бусад арга хэрэглэж байгуулсан нь буй аваас ийнхүү олны сонголтгүйгээр байгуулсан дээд гэрийн хурал нь он жил удах тутам улам бүр дээрэнгүйлэн эзэрхсээр улс дотор үлэмж их эрхтэн олширч түмнийг дарлах зам нээгдмүй хэмээн номложээ.
Хэрвээ улсын газар нь бага, хүмүүн нь цөөвтөр бөгөөс амрыг бодож нэгэн гэр хурал байгуулах ёс буй. Бас зарим улсын эзэд нь ард түмэн лүгээ санал нийлэн улсыг зассугай хэмээн нэгэн гэр хурлыг байгуулсан нь баймуй. Одоо цагийн олон улсын дотроос Грег, Серб, Болгар, Норвег хийгээд Де улсын харъяат хэдэн бага улс цөм нэгэн гэрийн хуралтай. Үүний дотроос Норвегийн хурал нь хоёр анги болон салж хэрэг зөвлөдөг учир буй боловч ихээхэн хэргийг салалгүй нийлж шийтгэдэг ба анхан тогтоохуйдаа нэгэн гэрийн хурал хэмээн нэгэн адил дүрэм дагаж байгуулсан тул энэхүү Норвег улсыг нэгэн гэрийн хуралтай улсын тоонд багтааваас сая зохимуй.
Хоёр гэрийн хуралтай улсыг тоолбоос Де (Герман) улсын харъяат Прусс, Баваар, Сагсони, Бедин, Хийесин, Вүрдэмбэрг хэмээх улс ба жич Австри-Унгар, Англи, Итали, Бельги (Белис), Холланд, Дани(Дами), Швед, Испани, Португали, Румын, Орос, Түрэг, Япон улсууд болой.
Дээд, доод гэрийн хурал байгуулах ёс газар бүрт харилцан адилгүй. Дээд гэрийн хурал байгуулдаг ёсыг өгүүлбээс гурван янз болой. Нэгэн бөгөөс эзний зарлигаар буюу эсхүл хуучин журам ба угсаа дагаж сонголтгүйгээр дээд хуралд ормуй. Хоёрт болбоос олны дундаас сонгож олсон төлөөнөө хүмүүн нар суумуй. Гуравт болбоос энэхүү дээд хурлын зарим хагас нь зарлигаар, нөгөө хагас нь сонголтоор төлөөнөө суух болой.
Нэгдүгээрт.Хуучин тойрсон журам ба угсаа дагаж сонголтгүй зарлигаар цуглуулсан дээд хурлыг байгуулсан улсууд нь Англи, Австри-Унгар, Прусс, Баваар, Вүрдэмбэрг, Сагсони зэрэг улсууд амуй.
Хоёрдугаарт. Дээд хурлыг сонголтоор байгуулдаг улсууд нь Бельги, Румын, Холланд, Швед, Испани, Түрэг улсууд болой.
Гуравдугаарт. Дээд хурлын зарим хагас нь сонголтоор төлөөнөө илэрхийлэн сууж, зарим хагас  нь зарлигаар суухаар тогтсон улсууд нь Бедин, Орос тэргүүтэн орнууд болой.
Доод хурал байгуулах ёс нь. Цөм олон түмэн дотроос сонгож төлөөнөө явуулсан хүмүүн нар цугларч доод хурал болмуй. Үүнд төлөөнөө хүмүүн нар сонгох, сонгогдох, сонголт үйлдэх ба газар нутгийг хэрхэн хувааж төлөөнөө хүмүүн сонгох нарийн хэмжээ, дүрэм улс бүхэнд адилгүй тул урьд цагийн олон улсуудын хэрэглэж буй хэмжээ, дүрмүүдийг төлөвлөн бичвээс ийм болой.
Сонгох эрхийг өгүүлбээс хоёр зүйл. Нэг нь эхнэр, хүүхэд, нас гүйцээгүй багачууд, ухаан эвдэрсэн өвчтөн, ял хүлээж эрхээ эвдлүүлэгчид, хөрөнгө хогшлоо хамгаалуулан даалгагчид, хоосон ядуу тул олны асралаар амьдрагчдыг гаргаж бусад хүмүүн нар бултаараа нийлэн сонгох болой. Ийнхүү сонгох ёсыг бүгд нийтээр сонгох эрх хэмээмүй. Хоёр нь хүмүүний хөрөнгө чинээ ба эрдэм боловсрол буй аваас сонгож чадах бөгөөд тиймгүй бөгөөс төлөөнөө хүмүүнийг сонгож чадахгүй болой. Энэхүү ёсыг гүйцэд бус, хязгаарлагдсан сонгох эрх хэмээмүй.
Бүгд нийтээр сонгохуй дор хүмүүн бүр нэгэн адилхан эрхийг эдлэх боловч зарим газар элдвийн ухаан зарж энэхүү адил эрхийг хэлтгий болгож түрэмгий заримууд нь дордсыг булимдран төлөөнөө сонгох эрхийг үлэмжхэн эзэрхэх үзэгдмүй. Бас зарим хэтэрхий боловсорсон Английн харъяат Австрали, Шинэ Зеланд ба Оросын харъяат Финланд тэргүүтэн улсуудад хааяа эхнэр хүмүүнд сонгох ба сонгогдох эрхийг олгосон байна.
Бүгд нийтээр нэгэн адил сонгох эрх эзэрхэн төлөөнөө хүмүүн сонгодог улсууд хэмээвээс Австри улс ба Де улсын доторх хэдэн улс жич Испани, Норвег, Дани, Герег, Болгар, Швед улсууд болой. Бүгд нийтээр боловч адилгүй эрх хэрэглэж сонгодог улсууд нь Де улсын дотроос Прусс, Сагсони зэрэг улс ба жич Бельги, Румынууд болой.
Сонгох эрхийг хязгаарлан хаагдуулж хэрэглэдэг улсууд нь Унгар, Герег, Люксембург, Холланд, Орос, Серб, Англи, Италиуд болой. Сонгох эрхийг эзэрхэхүйд нас гүйцсэн эсэхийг харгалзах бөгөөд Унгар улсад хорин нас гүйцсэн хүмүүн сонгох эрх олмуй. Англи, Итали, Швед, Баваар, Сагсони, Веймер улсууд хорин нэгэн нас, Австри улс хорин дөрвөн нас, Де улсын доторх олон улсууд бараглан бас Бельги, Холланд, Орос, Испани, Румын, Норвег улсууд хорин таван нас, жич Дани улс хорин нас хэрэглэмүй.
Сонгогдох эрхийг өгүүлбээс: Ер төлөв нь сонгох эрхтэй хүмүүн сонгогдох эрхийг мөн адил олбоос зохистой боловч улсын хурал дотор зөвлөх, шийтгэх хэрэг төдий л амархангүй тул зарим улсууд сонгогдох хүмүүний нас ихээхэн ба эсхүл нас үл хэрэглэх боловч эрдэм бичиг судласныг хэрэглэмүй. Хоёр гэрийн хуралтай улсад нэгэн хүмүүн хурлын нэгэнд сонгогдож болохоос биш, хоёуланд нь сонгогдож үл болмуй. Бас Түрэг улсын дүрмийг үзвээс сонгогдсон хүмүүн өөрийн харъяат нутгийн төлөөнөө сонгогдож болмуй. Аливаа мужууд бусад нутгийн хүмүүсийг төлөөнөө сонгон явуулж үл болмуй хэмээжүхэй. Бас зарим улсуудад албаны түшмэд ба шашны лам нар сонгогдож үл болох буюу эсхүл сонгогдох эрхийг гүйцдээр эзэрхэж болохгүй хэмээн тогтоосон нь баймуй.
Сонголт үйлдэхийн ёс нь: Олон гадаад улсын аль нь ч болов харъяат улсын хүмүүний тоог нэгд нэгэнгүй данслан бичиж эр, эм, нас, хүйс, аж төрөх ёс, хийх үйлдвэр, эрдэмтэй эрдэмгүй, овог язгуур хүртэл цөм нарийнаа мэдэж байх тул сонголт үйлдэхээс урьд сонгох ба сонгогдох хүмүүний нэрсийг дутаалгүй сийрүүлэн бичээд зарлаж, мужийн харъяат газрыг муж анги, хэсэг бүлэгт хувааж тус бүрт сонголт үйлдүүлэх түшмэл томилон гаргаж өдөр цаг тогтоон сонгох ба сонгогдох хүмүүн нарыг цуглуулж хэлэлцүүлэн эдгээрийн дунд хэн шударга үнэн бөгөөд олны тусыг бодох сэргэлэн оюутныг төлөөнөө сонгох болой. Зарим бага улсуудад хэдэн зуун хүмүүн нэгэн төлөөнөө хүмүүнийг сонгомуй. Зарим улсуудад хэдэн мянган хүн нэгэн төлөөнөө хүмүүн сонгох ба зэргээр нэгэн түмэн, хоёр түмэн, таван түмэн, арван түмэн, хорин түмний төлөөнөө нэгэн хүмүүн сонгогдох ч буй.
Зарим учрыг Монгол улсын байдал дээр үлгэрлэн өгүүлбээс: Улсын доод хуралд нэг ч хошуу ба зах хязгаар, харуулын анги хийгээд шавийн нутаг захиргаа жич хот балгадын хүмүүн нарыг гээгдүүлэлгүй сонгох ба сонгогдох эрхтэй эрчүүдийн нэрийг бүрнээ бичиглэж өдөр цаг тогтоон төлөөнөө хүмүүнийг зохистой тоо ёсоор сонгуулбаас зохимуй. Газар нутаг бүрт эрх биш олны сэтгэлийг хураасан, үнэн шударга, сайн нэр гарсан хүмүүн нэгэн хоёрын зэрэг байх тул олны төлөөнөө илэрхийлэгчид олдохгүй хэмээж үл болмуй. Үүнээ газар нутаг бүрийн зовлон зүдүүр ба аж төрөх ёс хийгээд элдэв ашиг орлого, зарлага, сүйтгэл тэргүүтэн олон хэргийг төлөөнөө хүмүүн гүйцэд тодорхойлон илэрхийлж чадах хэрэгтэй.
Доод хурлын хүмүүн нар бүгдээр өөрийн харъяат газар нутгийн хэргийг илэрхийлэн чадваас бүгд улсын хэргийг алган дээр тавьсан мэт лавтайяа мэдэж болмуй. Улсын байдлыг лавтайяа мэдэж авбаас улсын дотоод засгийг мэргэн сайнаар явуулж улсыг хүчирхэг болгон чадмуй.
Улсын дээд хурлыг хэрхэн байгуулах ёсыг дээр өгүүлсэн боловч энд нэмж өгүүлэх ану: Дээд хурлыг сонголтгүй байгуулахад зарим нь хуучин угсаа мөрдөж их ван, бэйл, бэйс, гүн хүртэл дээд хуралд зарлигаар суумуй. Заримууд нь олон онд ихээхэн алба өнгөрүүлсэн улсын аливаа хэрэгт мэрэгжсэн хүмүүн нар суумуй. Бас заримууд нь хэтэрхий их эрдэмтэй бөгөөд улсын хэрэгт тус болмоор хүмүүн нар суух болой. Эд боловсруулах, баялаг ашиглах, худалдаа ба мөнгөний худалдаа үйлдэх хүмүүн нарыг суулгах ч буй. Эдгээр хурлын хүмүүн нар цөм нас бага залуу бус, томоотой улс байх тул засгийн хэргийг шийтгэхүй дор бат нот болмуй. Хэрвээ дээд хурлыг сонголтоор байгуулдаг нь буй аваас мөн адил томоотой мэргэдийг сонгож явуулмуй.
Улсын засгийн хэргийг эрхлэн шийтгэх сайдууд хоёр хурлын алинд ч суулцаж хэрэг зөвлөлдөх эрх буй. Зарим улсад сайдуудыг дээд хурлын доторх хүчтэй намын хүмүүнээс зарлигаар томилон суулгамуй. Бас доод хурлын хүмүүнээс суулгаж болмуй. Зарим улсад ч хуралд хамаагүй хүмүүнийг сайд тавиад дээд хуралд оруулах ёс ч баймуй.
Улсын хурал шинэтгэн халах хугацааны учир: Доод хурал байгуулахуйд эрхбиш төчнөөн жилд хурах хэмээн болзоо хугацаа байгуулах бөгөөд болзоо өнгөрмөгц хурлыг тарааж шинэ хүмүүн нарыг дахиж сонгомуй. Хэрэв болзооноос инагш хааяа хурлын гишүүн чөлөө гуйсан ба нөхчивөөс мөн хүмүүний оронд шинэ хүмүүн сонгомуй. Дэлхий дээрх олон улсуудын хурлын хэмжээ адилгүй. Өгүүлбээс: Бельги, Дани, Швед, Норвег улсууд гурван жилийн болзоогоор хурал байгуулмуй. Холланд, Түрэг хоёр дөрвөн жилийн болзоотой. Итали, Испани, Орос, Унгар улсууд таван жил, Австри, Люксембург хоёр улс зургаан жил ба Англи улс долоон жилийн хуралтай. Үүнээ дээд хурлыг мөн адил сонголтоор байгуулдаг нь буй аваас мөн болзоо хугацаа сонгох боловч дээд хурлын хүмүүний болзоо доод хурлаас хувь илүү болмуй. Жишээлбээс Испани улс арван жилийн болзоотой. Орос улсын дээд хурлын хагас нь сонголтоор байгуулах тул эдгээрийн болзоо есөн жил, Холланд улс мөн есөн жил, Бельги, Дани хоёр улс найман жилээр сонгомуй. Бас Де улсын харъяат олон улсуудын зарим нь гурван жил, зарим нь дөрвөн жил, бусад (нь) таван жилээр доод хурал байгуулмуй. Дээр өгүүлсэн хугацаануудыг хууль зохиох үес хэмээмүй. Үүнд улсын хоёр хурал нэгэн адил цугларч нэгэн адил тархаж баймуй. Хууль зохиохын үест хоёр хурлын цуглан хэлэлцэх нь нэгэн үргэлж тасралтгүй бус бөгөөд ер төлөв дөрөв, тав, зургаа, долоон сарын хэртэй хуралдан хэлэлцээд тарцгааж харъяат газар нутагтаа одох буюу эсхүл аль дуртай газартаа явж амраад бас дахин зарлигаар цугламуй. Нэгэн жил дотор хоёр удаа ч цуглах, тархах нь үзэгдмүй. Улсын хэрэг дэмий их үгүй амархан хэлэлцэн тогтоож болмоор аваас хуралдаан хурах цаг нь уртгүй, улсын хэрэг чухал болоод ширэлдээтэй бөгөөс хуралдах цаг нь эрхбиш урт байх учиртай болой. Хоёр хурлын хүмүүн хэн ч атугай цуглааны үед улсын сангаас буюу эсхүл сонгогдсон газраас хэрэглэл авч баймуй. Хэрэглэлийн их, бага нь улс бүрт адилгүй.
Улсын хурал ба улсын хүмүүн нарыг онцгой хүндэтгэх ёсыг өгүүлбээс ийм буюу: Хурал цугласан хойно хурал доторх захиргаа, хурлын тэргүүлэгч, дэд дарга, хурлын эх зохиох түшмэдийг хурлын дотроос сонгох ба бичээч нар, хурлын гэрийн доторхийг хамгаалах, сахих цагдааны түшмэд зэргийг захирах хийгээд төлөөнөө хүмүүн нарын сонголтыг тогтоосон дүрмийн ёсоор үйлдсэн эссэнийг шалган байцаах жич хурал дотор хэрэг хэрхэн зөвлөх, шийтгэх зэргийг цөм хоёр хурал аль ч атугай өвсүвээн (өөрсдөө) дүрэм байгуулан мэдэж шийтгэмүй. Бас ямар өдөр ямар цагт цуглах явдлыг мөн өвсүвээн мэднэ хэмээхээс гадна хурлын хүмүүн нар улс төрийн хэрэг шүүмжлэн хэлэлцэхүй дор санасан, мэдсэнээ аймшиггүй гүйцэд хэлэх эрх буй. Ямар ч хатуугаар шүүмжлэн хэлбээс энэхүү хэлсэн хүмүүнийг буруушааж ялтайд үзэж шийтгэж үл болмуй. Хэрэв хурлын хүмүүн хуралдааны цагт хууль цааз лугаа зөрчин явбаас гэмт хүмүүнийг энгийн хүмүүний адил барьцаан авч үл болмуй. Урьдаар хэрэг учрыг харъяат хуралд нь айлтган хурал зөвшөөрвөөс сая барьж шийтгэж болмуй-хурал эс зөвшөөрвөөс барьж үл болмуй.
Улсын дээд хурлын даргыг эзний зарлигаар тавьдаг ёс олон улсад буй боловч бас зарим улсад хурал урих, өөрснөө сонгодог баймуй.
Аливаа хурлын доторх бага зэрэг засах, захирах зүйлүүд ба зарлах хурлын төлөөнөө илэрхийлэх зэргийн зүйлүүд цөм улсын хурлын даргын харъяа мөн.
Хурлын хүмүүн олон, хэлэлцэн шийтгэх хэрэг их тул хурлын доторх дүрэм тусгай байгуулж хуралдааны цагт журамлан дагамуй. Олон улсын хурлын доторх дүрэм адилгүй.
Улсын хурал байгуулсан хэрэг нь
Нэгэн зүйл. Улсын хууль цаазыг шинээр зохиох, хуучирсныг халах ба засах, сэлбэх тэргүүтэн.
Нэгэн зүйл. Жил бүр эсэргэн жилийн улсын аливаа орлого, зарлагын хянан байцааж зүй зохисыг үзэж, нэмэх зүйл буй аваас нэмж, хасах зүйл буй аваас хасаж, ёсгүй ба улсад тусгүй сүйтгэл зэргийг буруушаан шийтгэмүй. Үүнд улсын эсэргэн нэгэн жилийн орлого, зарлагын төлвийг олон яамдууд тус бүр нягтлан бичээд олон сайдууд ерөнхий яамны газар нийлэн хэлэлцэж тогтсон хойно сая улсын хуралд оруулж шүүмжлүүлэн хэлэлцүүлж батлуулдаг болой.
Нэгэн зүйл. Улсын дотор ямар гачигдал зовлон буй аваас мөн улсын хурал дотор хэлэлцэн шүүмжлэх ба хянан байцаах эрх буй.
Нэгэн зүйл. Гадаад улс лугаа улсын ашигт холбогдолтой гэрээ байгуулсан ба байгуулах нь буй аваас мөн хурал дотор тустай, тусгүй явдлыг шүүмжлэн хэлэлцмүй. Үүн дор өгүүлэх ану: Гадаад лугаа гэрээ хэлэлцэх эрх цөм засгийн хэрэг шийтгэх газар ба улсын эзний харъяа боловч зарим чухал зүйлийг улсын хуралд хэлэлцвэл зохимуй.
Нэгэн зүйл. Улсын үндсэн хуулийг халах ба улс мөхөх, хэлбийх зэргийн чухал дор хүрвээс мөн адил улсын хурлаар хэлэлцвэл зохимуй.
Нэгэн зүйл. Шашин хэмээгч хүмүүний өөр өөрийн үндсэнд байх тул аливаа шашны шүтлэг, номлого, сүм хийд байгуулах, лам хуврагийн зарчим, захирлага зэргийг явдал цөм улс төрийн хэргээс ангид байвал зохимуй. Улсын хурал дор хамаагүй, тийм боловч зарим улсын түүх үзвээс шашны хэргийг хааяа улсын хурал дотор хэлэлцсэн нь баймуй.
Нэгэн зүйл. Улсын засгийн хэрэг шийтгэх олон яамдууд бас сайдууд жич яамдуудын захиргаанд бүхий салбар, хэлтсүүд, түшмэд хийгээд орон нутгийн бага яам эрх баригчдын тушаал алба нь болбаас улсын нэгэнт тойсон хууль дүрмийг журамлан дагаж захиран шийтгэх тул энэ зүйлийн явдал улсын хуралд хамаагүй ангид байваас зохимуй. Гагцхүү сайд, түшмэд албаны хэрэг шийтгэхүй дор тогтсон хууль дүрмийг зөрчиж улсад хорлолтой явсан нь буй аваас хэргийн их, багыг үзэж улсын хуралд шүүмжилбээс зохимуй.
Нэгэн зүйл. Улсын хурлын эрх хэдий их боловч хуралд хэлэлцэн тогтсон хууль, дүрмийг улсын эзэнд айлтгаж батлуулан ёсоор болговоос зохимуй. Хэрвээ улсын эзэн эс баталваас зохиосон хууль, дүрмийг хэрэглэж болохгүй, дахин хэлэлцүүлбээс зохимуй. Бас улсын эзний эрх хэдий их боловч аливаа хууль, дүрмийг улсын хуралд хэлэлцэн тогтоосон нь тустай учир өөрийн зоригоор батлаж үл болмуй. Сайдууд хэдий улсын засгийн хэрэг эрхлэн шийтгэх их эрхтэн боловч хууль, дүрэм зохиох ба улсын орлого, зарлага зэргийн чухал хэргүүдийг улсын хуралд оруулалгүй гадуур айлтгах ба дураар шийтгэж үл болмуй.
Нэгэн зүйл. Улсын их хурал хэдий дэлхий дахины товчоо, төлөө боловч улс төрд ба улсын эзэнд хорлолтой явдал үүсгэж үл болмуй. Хэрэв ийм явдал гаргаваас улсын эзэн шууд зарлиг буулгаж хурлыг нэгмөсөн тараагаад шинэ хурал зарлаж байгуулбал зохимуй.
Нэгэн зүйл. Улсын засгийн хэргийг шийтгэх яамны тэргүүн сайдууд харъяат яамны захиргаанд бүхий зүйлүүдийг цөм хууль, дүрмийн ёсоор улсын байдалд харшгүй явуулахыг бие дор дааж авсан нь мөн тул хэрвээ хэрэг буруудваас гэмийг харъяат яамны тэргүүн сайд хүлээвээс зохимуй. Үлгэрлэвээс цэргийн засаг муу болбоос гэм нь цэргийн сайдад тусмуй. Дотоод захиргааны хэрэг муу болбаас дотоод сайдыг гэм болмуй. Улсын эдийн засаг сайнгүй болбаас сангийн сайдын харъяа, сургуулийн хэрэг болбаас ардыг сургах яамны сайдын хичээлгүйд дулдуйдмуй.Хэрэв тэргүүн сайдууд өөр өөрийн мэдлийн хэргийг биедээ бүрнээ дааж буруу, зөвийг эс хүлээх болбаас аливаа зүйлийг энэхэн тэрхэн хэмээн түлхэлцэж биеэс хэтрүүлэхийг болон улс төрийн засгийг задгайруулан эвдэхүйд хүрмүй. Иймийн тулд улсын хуралд хэрэг шүүмжлэх цагт хэргийн эрхээр яамны тэргүүн сайд өөрөө буюу эсхүл дэд сайд ба дэд түшмэдийн аль нэг нь хуралд суулцан хэрэг учрыг сэнхрүүлэн тайлбарлаж өгвөөс зохимуй.
Нэгэн зүйл. Улсын хуралд хэлэлцэх хэргийн товчоог хэлэлцэх өдрөөс хэд хоногийн урьд хуралдаанд суух эрхтэй хүмүүн бүрт явуулж хэлэлцэхүйд амар болгон бэлтгэвээс зохимуй.
Нэгэн зүйл. Улсын хуралд тусгай түр суух орон бэлтгэж энгийн хүмүүн нар ба сонин бичгийн төлөөнөө хүмүүн нар, жич гадаад улсын засгийн төлөөнөө сайд түшмэд хурлыг үзсүгэй хэмээвээс үзүүлж болмуй. Хуралд орж үзсүгэй хэмээсэн хүмүүн урьдаар хурлын эрх баригчдаас соёрхол тэмдэг авбаас зохимуй. Хэмээвч олон улсын заримуудад соёрхол тэмдэг хэрэглэхгүй ч баймуй.
Нэгэн зүйл. Хэрвээ улсын хуралд нууц хэрэг зөвлөхүйд хүрвээс хуралд суух эрхтэй хүмүүн нараас бусдыг цөм гаргаж үүд хааж нууцаар цугламуй.
Нэгэн зүйл. Улсын хуралд газар бүрийн төлөөний хүмүүн нар нэр, зэрэг, тушаал, цолыг ялгахгүй нэгэн адил хэлэлцэх эрхтэй хүмүүн нар суух тул энгийн цуглааны үед ёслолын хувцад хэрэглэхгүй.
Нэгэн зүйл. Хуралд буу жад, илд тэргүүтэн аминд хорлолтой зэвсэг агсаж орох хориотой.
Нэгэн зүйл. Хурал отор хэрүүл тэмцэл гарсан дээрээс хэн нэгэн хүмүүн дүрсгүй аашлах зэргийн явдал гаргаваас хурлын тэргүүлэгч тэрхүү гэм гаргасан хүмүүнийг ятгах, зэмлэх хийгээд арга барбаас хурлаас түр зайлуулах эрх буй. Гагцхүү зайлуулахаас өмнө хурлаар хэлэлцэн олонхийн санал нэгдэж зайлуулсугай хэмээвээс сая тэр хүмүүнийг гаргаж болмуй. Эдгээр дээр өгүүлсэн бүгд хураангуй товч боловч одоогийн олон улс хэрэглэж буй дүрэм, заншлыг төсөвлөх буй.
Улсын газрын учир
Улс хэмээгч олон хүмүүн нар нийлж, нэгэн газар оршин, өөрөө захирагдаж, бусдын эрхийг үл дагах, дотоод, гадаад их, бага хэргийг өөртөө эзэрхэн тусгаар тогтносны нэр болмуй. Газар оронгүй бөгөөс улс үгүй. Улс мөхвөөс улсын газар орон үгүй болмуй. Улсын газар орон хэмээгч өөртөө эзэрхэн, өөртөө тогтносон улсын магад нэгэн бэлгэ тэмдэг нь мөн. Улсын дээд эрхийг улсын харъяат газар орон дээр бүрнээ явуулан эзэрхэх болой. Хэрэв харъяат газар орноо улсын дээд эрхийг явуулан үл чадах ба энэхүү эрхийг бусад улс эзэрхэн авсан нь буй аваас улс бүрэн бүтэн өөртөө эзэрхэж тогтнон чадаагүй нь мөн болой. Учир иймийн тул аливаа улсын засгийн газар нь харъяат улсын дээд эрхийг өөрөө эзэрхэн явуулж бусдад хэрхэвч булаагдахгүй ба улсын харъяат газар орныг чандлан сахихуйг хичээмүй. Зарим улсын үндсэн хууль дотор улсын хөрөнгө, газар орныг хэрхэвч таслан бусдад өгч үл болмуй хэмээсэн баймуй.
Улсын дээд эрх хэмээвээс улсыг засах, улсыг захирах, улсыг хамгаалах, улсыг төлөөлчлөх, гадаад лугаа харилцах зэргийн эрхнүүд болой.
Улсын эзний эрх нь мөн улсын дээд эрх лүгээ бараг төлөв нийлэх бөгөөд өгүүлбээс улсыг засах, захирах хоёроос улсыг засахуйд хууль, дүрмийг улсын хуралд тогтоосныг батлах ба улсыг захирах сайд түшмэд тавих, улсыг хамгаалах цэргийг ерөнхийлөн жанжлан захирах ба жич тогтоосон хууль, дүрмийг журамлан дагаж хэрэг учир буй аваас зарлиг буулган захирах ба хэмжээ, жинлүүр, мөнгө, зоос тогтоох, гадаадад өөрийн улсыг төлөөчлөх, улсын хурлыг зарлах, тархаахаас гадна ял хэлтрүүлэх ба зэрэг, цол, гавъяаны тэмдэг тэргүүтнийг шагнах нууцыг эзэрхмүй. Хэмээвч энэ зүйл цөм улсын тогтоосон хууль, дүрмийг журамлан дагаж илтэд улсад тустайгаар шийтгэвээс зохимуй. Улсын эзэн хэдийгээр их эрхтэн боловч өөрийн зарлигаар тогтоосон хууль цаазыг эвдэж ба улсад хорлолтойгоор хэрэг шийтгэж болохгүй.
Улсын эзнийг онцгой хүндэтгэн үзэх нь улсын эзний дээд эрхэд бас оролцмуй хэмээхээс гадна улсын эзэн бусад эрх баригч ихэс лүгээ адилгүй нь хэн нэгэн хүмүүн улсын эзний биед халдсан ба доромжилсон нь буй аваас үүний ял нь энгийн хүмүүн ба сайдуудыг доромжилсноос үлэмж хүндээр шийтгэмүй.
Нэгэн зүйл. Хэрэв улсын эзэн улсын засгийг буруу ба муу явуулбаас үүний бурууг тэргүүн сайдууд хүлээвэл зохимуй. Улсын эзнийг буруушааж болохгүй хэмээсний учир нь болбоос тэргүүн сайдууд эзэнд аливаа хэргийг айлтгахуйд буруу, зөв ба тустай, тусгүй бүрнээ тодорхойлон айлтгаж ёсоор болгуулах тул болой. Хааяа улсын эзэн гэнэдэж сайнгүйгээр засгийн хэргийг явуулбаас сайдууд айлтгасны гэмт мөн хэмээмүй.
Нэгэн зүйл. Улсын эзэн улсын хэрэгт хамаагүй аливаа аж ахуй ба өгөх, авах зэргийн амины хэргийг ёсонгүй үйлдвээс бурууг хүлээж гэмийг залруулбаас зохимуй. Гагцхүү үүн дор өгүүлэх ану: Тэмцэлдэж хэлэлцэх хэрэгт эзний төлөөнөө хүмүүн явбаас зохимуй. Эзэн өөрөө явж болохгүй.
Нэгэн зүйл. Улсын эзний жил бүрийн хэрэглэлийг нэгэнт тогтсон дүрмийг дагаж улсын сангаас олгож байвал зохимуй. Улсын эзэн хэмээн түрэмгийлж ард, албатаас алба татвар зоригоор хураалган хэрэглэж болохгүй. Хэрвээ энэ мэтийг улсын эзэн өөрөө буюу эсхүүл бусад хүмүүн эзний нэр барьж зарлигаар мөлжихүйд хүрвээс алсдаа улсын эзэн ширээнээс шилжих ба улс төр самуурахад хүрэх тул одоо цагийн олон улсууд сэргийлэн цээрлэмүй.
Нэгэн зүйл. Улсын хаан эзэн нь хэдийгээр дээд эрхийг барьсан боловч харъяат улсыг өөрийн хувийн хөрөнгө мэт үзэж үл болмуй.
Нэгэн зүйл. Улсын дээд эрхийг эзэрхэгчид хэн билээ хэмээвээс нэгд болбоос улсын хаан эзэн, хоёрт болбоос улсын хурал, гуравт болбоос улсын их яамдын тэргүүн сайдууд болой. Энэ гурван санал нийлж үнэн шударгаар улсыг засах, захирах, хамгаалах зэргийн хэргийг мэргэнээр хичээнгүйлэн явуулж чадваас улс хүмүүний мандахуйд бэрхгүй. Хэрвээ энэ гурав улсын хэргийг мэргэнээр шийтгэхгүй ба үл хичээх болбаас хүчирхэг улс ч буурай улс болон мөхөхүйд хялбар хэмээн номложээ.
Нэгэн зүйл. Улсыг засах, захирах, хамгаалах явдлын гол нь улсын нийслэлсэн газар байх боловч улсын харъяат газар орон нь уудам, хүмүүн нь цөөн бөгөөс эрхбиш гол засгийн газраас орон нутаг, зах хязгаар бүрт зүй зохисыг үзэж салбар их, бага, яам ба хорио зэргийг байгуулан түшмэдийг томилон суулгаж орон нутгийн аливаа хэргийг хууль, дүрмийн ёсоор шийтгүүлэх болой. Эдгээр орон нутгийн яамд, хороо, түшмэдүүд засгийн газраас эшлэгдэж хэргийг шийтгэх тул нэгэн адил улсын засгийн албаны газар мөн болой. Энэ болбаас орон нутгийн эрх дор хамаагүй.
Нэгэн зүйл. Улсын хэргийг мэргэнээр явуулсугай хэмээвээс гол засгийн газар орон нутгийн албаны газрууд энэ хоёр аливаа хэрэг шийтгэхүйд тухайн тогтсон хууль дүрмийг журамлан дагаж нэгэн адил шийтгэхээс гадна яамд ба түшмэд дээд, доодын ялгал ба хэнийг захирах, мэдэх хийгээд тус бүр шийтгэвэл зохих зүйлийг тодорхойлон дүрэм байгуулж дагаваас зохимуй. Үлгэрлэвээс сангийн яамнаас байгуулсан салбар бага яам, хороо, түшмэд цөм мөнхүү сангийн яамнаа захирагдмуй. Шүүн таслах хэргийг шүүх яам ба бусад олон яамнаас байгуулсан салбар бага яам, хороо, түшмэл цөм гол яамнаа захирагдмуй. Ийнхүү гол засгийн олон яамдаас салаа навч мэт бүгдээр нэгэн адил шударгаар улсыг засах, захирах, хамгаалах хэрэг нь чухамхүү их тул улсын засгийн хэргийг ерөнхийлөн шийтгэх олон яамны сайдууд зөвлөлдөн хэлэлцэж санаа нийлүүлэн мэргэнээр нэгэн адил явуулж завсартаа зөрчилдөхгүй болбаас сая улсын хэргийг захиран гадаад улс төрийг мандуулж болох болой.
Нэгэн зүйл. Газар нутаг өөрөө засах эрх хэмээвээс харъяат нутаг орныг элдвээр сайжруулан тэнхрүүлэхийн тулд хэрэг учир олны чуулганаар зөвлөлдөн хэлэлцэж нутгийн хэрэг шийтгэх тушаалтнуудыг сонгож нутгийн эрх дор холбогдох аливаа хэргийг шийтгүүлмүй. Нутаг дотор аливаа хувь тэгшлэх ба нутгийн өртөө навч байгуулах, ардын сургах, өвчтнийг эмчлэх, малын тахал тэргүүтнийг сэргийлэх, аргалах ба чоно, нохой зэргийн хорлогчдыг цэвэрлэх, харъяат нутгийн ашиг хөрөнгийг хамгаалан хадгалж гамтайгаар эдлэх ба гал түймрийн аюулаас сэргийлэх, ард түмний алба, аж төрөх явдалд туслалцан мэргэн арга хэрэглэж хүмүүжүүлэхийг хичээх, жич харъяат орлого, зарлагын зүйлийг нарийнаа хянаж орон нутгийн тусыг эрхлэн ард түмэн нийтийг тэнхрүүлэх хэрэгт зармуй. Нэгэн буюу хэдэн хүмүүн түрэмгийлэн өөрийн хувьд хэрэглэн ашиглаж болохгүй. Энэхүү нутгийн эрх дор их, багын ялгал буйг өгүүлбээс: Баг, сум мэт багаахан нутгийн эрх, үүний дээр хошуу нутгийн эрх, бүр ихэдвээс муж ангийн эрх, алсдаа улсын хурлын эрх болж тогтмуй. Одоо цагийн дэлхий дээрх олон улсад нутгийн эрх, улсын засгийн эрх энэ хоёр тус бүр мэдэж шийтгэвээс зохистой хэрэг зүйлийг ялгаварласан дүрэм нь адилгүй. Зарим улсуудад нутгийн засах эрх үлэмж их, зарим улсуудад нутгийн засах эрх бүр байх бөгөөд аль ч атугай анхнаас тогтож ирсэн ёс заншил ба цагийг дагаж тусгай байгуулсан хууль, дүрмийг журамлан дагамуй хэмээвч бараг төлөв нь улсын хурлыг байгуулахуй лугаа нэгэн хамт нутаг орны хэргийг мөн нутаг өөртөө засах их, бага хурал байгуулаад тушаалын хүмүүнийг сонгож улс нийтээр санал нэгдэн олны тусыг эрхэлж улс хүчирхэг болох зам нээгдсэн баймуй. Үүн дор өгүүлэх ану: Нутгийн өөртөө засах эрх хэдийгээр эрхэм хэрэг боловч улсын дээд эрх лүгээ харшилж үл болмуй. Хэрэв нутгийн хэргийг шийтгэхүйд улсын хууль цаазыг зөрчсөн ба улсын хэрэгт харшлалтай нь буй аваас огт үл зохих тул харъяат нутаг дотор засгийн газраас тухайд суулгасан түшмэл хянаваас зохимуй. Улсын засгийн дээд эрх хэдийгээр их боловч нутгийн эрхийг ёсонгүй дарлаж үл болмуй. Энэ хоёр эрх харилцан хэрэг улсын хурлаар шийтгүүлбэл зохимуй.
Улсын хэмээгч нь нэгэн гэрийн цааз хэдийгээр элбэрэлтэй бөгөөд бат чанга болбаас төдий бээр улсын гэрийн дотор төвшин бөгөөд хүчин их баймуй. Гэр дотор ах дүү, ихэс багасын ялгал үгүй болбоос гэрийн цааз сулармуй. Улс дотор төв засгийн эрхийг хүндэтгэхгүй нь болбаас улсын цааз сулармуй. Ялангуяа тулгар төр байгуулахуй дор улсын засгийн хэрэг шийтгэх эрхийг үлэмжхэн хүндэтгэн засах, захирах, хамгаалах явдлуудыг төв засгийн газар бүрнээ эзэрхэн явуулбаас зохимуй.
Улсын харъяат хүмүүн нарын хувийн эрх
Эрх хэмжээгчийг улсын эзэн ба улсын хэрэг шийтгэх сайдууд, улсын хурал жич их, бага яамд гагцаар онцгойлон эзэрхэх нь бусаа. Эдгээрийн эзэрхэж буй эрх нь болбаас улс төр олон түмэнд холбогдсон эрх мөн болой. Энэхүү эрхээс гадна хүмүүн нарын хувийн эрх хэмээх буй бөгөөд одоо цагийн дэлхий дээрх олон хүчирхэг улс хууль дүрэм дор хүмүүн нарын хувийн эрхийг эрхэм болгож маш нарийнаар тогтоосон зүйлүүдийг товчлон өгүүлбээс ийм болой:
Нэгэн зүйл. Хүмүүн болгон бие, хэл, сэтгэл гурвын чадал эрдмийг мандуулан гаргаж, илтгэж өөрийн хувийн тусыг бүтээх эрх буй тул улсын засаг захиргааны газар буюу эсхүүл энгийн хүмүүн хэн ч атугай ёсгүйгээр энэхүү хүмүүний хувийн эрхийг дарлан эвдэж үл болмуй. Учир иймийн тул улсын засгийн хэрэг шийтгэх газар нь хүмүүний хувийн эрхийг осолдуулалгүй нэгэн адил хамгаалбаас зохимуй.
Нэгэн зүйл. Хүмүүн бүр эртний сайн ерөөлөөр чөлөө учралт эрдэнэт хүмүүний биеийг олж чадсныг хүндэтгэн үзэж хүмүүний биеийг учиргүй барилан авах ба хүлэх, хорих зэргийг тэвчиж цээрлэвээс зохимуй. Хэрэв хэрэг учир буй агаад хүмүүний биеийг барьваас уул хэргийг даруйд байцаан магадыг олж бурууг шийтгэх, зөвийг чөлөө тавибаас сая зохимуй. Ийм бөгөөтөл харъяат эрх баригчид нар дэмий өөрийн биес дор эрхийг олгуулж чөлөө өгөн алгуурлан удаашруулбаас үл болмуй. Одоо цагийн Ин (Англи), Ва (Франц) зэргийн боловсон улсын дүрэм нь болбол хэрэг гарч ирсэн даруй нэгэн хоногийг дотор баригдсан хүмүүний хэргийг лавлан мэдэж барих учир буй аваас баримуй, учиргүй бөгөөс тавьмуй. Иймийн тул харъяат эрх баригчид хааяа осолдвоос биед ялыг хүлээмүй.
Нэгэн зүйл. Хүмүүн бүрийг хэрэггүй учиргүйгээр дэмий өө сэв эрж нэгжихүйг цээрлэвээс зохимуй. Хэрвээ нэгживээс зохих учир буй ахул харъяат засаг захиргааны газраас нэгжитүгэй хэмээсэн албан бичиг үзүүлсэн хойно сая нэгжиж болмуй. Энэ болбоос хувийн эрхийг хүндэтгэсэн нь мөн ажгуу. Бас хааяа Бухар, Хив, Түрэг тэргүүтэн бүдүүлэг улсын эрх баригчид мэт хөрөнгө хогшилд ховдоглон учиргүйгээр нэгжих буюу эсхүл өшөөг хэрэглэн дэмий нэгжвээс үл болмуй.
Нэгэн зүйл. Хүмүүний хөдөлгөх, үл хөдөлгөх хөрөнгө хогшил, эд таваарын зэргийг учиргүйгээр булаан авч болохгүй. Хааяа улсын тусыг бодож хүмүүний газар орон, орон байшин, гэр зэргийн хөрөнгийг хураахад хүрвээс энэхүү хөрөнгийг үнийг уул эзэнд олгуулбаас зохимуй.
Нэгэн зүйл. Хүмүүний суух орон гэрт учиргүйгээр эзэрхэн орж үл болмуй. Хэмээвч хааяа галын аюул зэрэг ба гэм будлиан бүхий учир дор гэрийн эзнийг асуулгүй ороход хүрвээс тухайд тогтоосон хууль, дүрмийг журамлан дагаваас зохимуй.
Нэгэн зүйл. Хүмүүн хэн ч атугай санаснаа илтгэн гаргаж хэлэх ба санасан мэдснээ бичиглэн бусад хүмүүн лүгээ харилцан захиа бичиг авалцах эрх буй. Энэхүү хувийн эрхийг засгийн газраас буюу эсхүл энгийн хүмүүн алин боловч хориглож, цаазлаж, битүүмжилснийг задлан үзэж болохгүй хэмээвч зарим улсын дүрэмд дайсан лугаа цэрэглэх буюу босож улс төрд түгшүүртэй цаг тохиолдоод сэжиглэх учир магадтайяа гарваас засгийн газраас тухайд байгуулсан хууль, дүрмийг журамлан дагаж сэжиглэгдсэн хүмүүний захидал, битүүмжийг байцаан хянах ёс баймуй. Хэрвээ хүмүүний захидал, битүүмжийг хууль, дүрэм зөрчиж задласан, үзсэн, саатуулан осолдуулсан зэрэг учир тодорхойлогдвоос албаны хүмүүн, энгийн хүмүүн хэн ч атугай бурууг хүлээвээс зохимуй.
Нэгэн зүйл. Хүмүүн бүрт өөрийнхөө хэргээр аль дуртай газраа нэвтрэх явах эрх буй. Энэхүү нэвтрэн явалцах эрхийг харъяат улсын дотор ба гадаад улсад ч нэгэн адил хэрэглэмүй. Гагцхүү албаны хүмүүн нар ноогдсон албан үүргээс зайлсхийх саналаар гадагш одвоос болохгүй хэмээжүхэй. Бас гадаадын олон улсын дүрэмд үзвээс гаднаас ирсэн хүмүүний суух, явах эрхийг олон зүйлээр хэмжээлсэн баймуй. Үүний учир болбоос гадаадын хүмүүн олноор орж ирэн газар орныг эзэрхэн элдэв явдал өдүүлбээс улс төрд будлиан гарах нь болзошгүй тул ийнхүү хэмжээлэн сэргийлсэн бололтой.
Нэгэн зүйл. Хүмүүн бүрт мэдсэн, санаснаа илтгэн бичиж олон түмэндээ үзлээ хэвлэн тараах эрх буй. Гагцхүү тэрслүү хортой зүйлийг номлож улсын ба хүмүүний ёсыг эвдэхүйд хүрвээс үл болмуй. Хэрвээ тэрслүү хортойг номлож тараах хүмүүн буй аваас тухайд тогтоосон дүрмийн ёсоор шийтгэж ял торгомуй. Үүн дээр өгүүлэх ану: Мэдсэн, санасан сайн зүйлийг олон боловсон улс дам дам дамжуулан улам бүр хөгжүүлэн ард түмнийг аливаа эрдэмд боловсруулахыг хичээмүй. Хэрвээ эрдэмтний зохиосон, бичсэн зүйлийг энэхэн тэрхэн хэмээн үл ойшоож цаазлан харшилбаас олон түмэн эрдэм сурч ухаан нээгдэх зам таглагдаж улс хүчирхэг болж чадахгүй болмуй.
Нэгэн зүйл. Хүмүүн бүр аливаа аж явдал гүйцэтгэх, бүтээхийн саналаар олон хүмүүн нар нийлж хоршоо, нам хороо, хэлтэс зэргийг байгуулах эрх буй. Гагцхүү тэрслүү хорлолтой санаа агуулах нам хоршоо байгуулж үл болмуй. Гадаадын олон хүчирхэг улсад элдвийн аж төрөх, худалдаа арилжаа хийх, эрдэмд туслах, улс төрийн хэргийг сайжруулах зэргийн зүйл бүрийн хоршоо, нам, хороо, хэлтэс маш олон баймуй. Нэгэн хүмүүний бие үл хүрэлцэх ажил явдлыг ийнхүү хоршин эвлэж мсая хүч хүрэлцэн чадах тул засгийн хэргийг шийтгэх газраас ард түмэнд тустай хоршоо, намуудыг тэтгэн туслах ба бусад хамаагүй хоршоо, намуудыг ч хэдийгээр туслаж чадахгүй боловч хориглохыг цээрлэмүй.
Нэгэн зүйл. Хүмүүн бүрт аливаа хэргийг цугларан хэлэлцэх, шүүмжлэх эрх буй. Гагцхүү зэвсэг агсан алалдах, хорлолдох зэргийн хэрэг гаргаж үл болмуй.
Нэгэн зүйл. Хүмүүн бүрт гагцаар буюу эсхүл бусад лугаа эвлэж нэр нийлэн засгийн газраа хэрэг мэдүүлэх арга буй.
Нэгэн зүйл. Хүмүүн бүрт аль үзэл зонхилдсон шашин суртлыг өөрийн дураар шүтэх, сахих, номлох, тархаах эрх буй. Гагцхүү тэрслүү хорлолтой ёсыг хэрэглэж үл болмуй хэмээжүхэй.
Дээр жагсаасан хүний эрхүүдийг дарлах, цаазлахгүйгээр мандуулан хэрэглэж чадваас сая улс хүчирхэг болмуй хэмээн мэргэд номложухуй. Хэрэв ард түмний хувийн эрх тусыг хөнгөнд үзэж үл ойшоон талхидан дарлаваас ард албат хүмүүн нарын сэтгэл догширон хөдөлж улс төр самууран эвдэрсэн нь олон үзэгдмүй.
Монгол улсын ерөнхийлөн захирах сайд сайн ноён хантны тушаасныг хичээнгүйлэн дагаж улсын дотоод эрхүүдийг товчлон тодорхойлсон хүмүүн нь Буриад Жамсрангийн хөвүүн Цэвээн, уйтгаргүй бичээч нь Засагт хан аймгийн Дэлэгням болой.
МОНГОЛЫН ТУЛГАР ТӨР МАНДАХ БОЛТУГАЙ.
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР 

No comments:

Post a Comment