Wednesday, January 4, 2017

ФРАНЦЫН СЭТГЭГЧ ЖАН БОДЕН

Жан Боден — Францын эрх зүйч, улс төрийн сэтгэгч, хэмжээгүй эрхт хаант засгийн үзлийг хөгжүүлэгч, төрийн суверенитетийн онолыг үндэслэгч нэгэн.
Цадаг намтар. Зарим алдартнууд ер бусын цадаг намтартай байдаг. Тэдний нэгэнд Боден авгай зүй ёсоор багтах бизээ. Боден 1530 онд Францын Анжэ хотноо оёдлын цехийн мастерын гэрт мэндэлжээ. Эцгийнх нь тухай тоймтой мэдээ байдаггүй ч эх нь шашин шүтлэгээсээ болж, Испанаас цагаачилж ирсэн еврей нэгэн байсан бололтой. Хүн ардад хууль цаазын ач холбогдлыг сэнхрүүлэн таниулах шаардлагатай гэж үзсэн учир хууль эрх зүйн мэргэжил сонгосон байна. Тулузын Их Сургуулийн хууль цаазын салбарыг дүүргэсний сүүлээр хэсэг хугацаанд ромын эрх зүйгээр хичээл заах болжээ. Дараагаар нь, Париж хотноо өмгөөлөгчөөр ажилласан. 1575-1580 онуудад шүүгчээр ажилласан байдаг. 1576 онд Блау хотын дунд давхаргыг төлөөлж, Францын ерөнхий штатад сонгогдсон. 1587 онд Лан хотод эзэн хааны прокурорын алба үүрэглэсэн бөгөөд зарим мэдээнд дурдснаар, тэрээр энэ албаа эхнэрийнхээ талаас уламжлан авчээ.
Францад католиг болон протестант шүтлэгтнүүдийн дунд үүссэн олон жилийн дайсагналыг таслан зогсоох зорилго бүхий шүтэх эрх чөлөөг дээдэлсэн «улс төрчдийн» нам бий болсон бөгөөд тухайн үеийн мэдээнд өгүүлснийг эш болговол, мөнөөхөн Боден авгай уг намын томоохон төлөөлөгчдийн нэг байжээ. Улс төрийн хувьд  IV Хэнрихийг хаан ширээнд залах замаар шашны ужид самуурлыг эцэслэж, улс оронд амар жимэр байдал тогтоохыг эрмэлзэж байв. XVI зууны бичгийн их хүн Жан Боден 1596 онд тахлын улмаас Лан хотноо ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Бүтээл: «Түүхийг хялбарчлан ойлгох арга» (Methodus ad facilem historiarum cognitionem, 1566 он), «Бүгд найрамдах улсын тухай зургаан дэвтэр» (Les Six livres de la République, 1576 он).
Улс төрийн сургаалын агуулга
Төрийн мөн чанар. «Төр гэдэг нь нийтийн эзэмшил бүхий олон гэр бүлийг шударгаар засагчлах дээд эрх мэдлийн хэрэгжилт мөн». Үүний хамт төр нь байгалийн хууль, шударга ёсонд захирагдах бөгөөд энэ шинжээрээ ердийн дээрэмчний бүлгээс ялгагдана. Төрийн зорилго нь — гадны халдлагаас иргэдээ хамгаалах, улсын дотоодод хууль цаазыг сахин биелүүлэх, эв эеийг цогцлоох явдал болно.
Төрийн үндэс гэр бүл мөн: «Суурьгүй барилга, барилгагүй хот үл оршихын адил гэр бүл үгүй бол төр улс үл оршино». Үлгэр жишээ гэр бүл гэгч төр улсын дууриал ажгуу. Аливаа гэр бүлд гурван хэлбэрийн эрх мэдэл оршино. Үүнд:
хүний нийгэм оршин тогтнохын үндэс тул эхнэр хүний эрх мэдэл байна: Бүх улс үүн дээр тогтмуй;
—ертөнцийн тэнгэрлэг эзнээс бошиглон цогцлоосон цорын ганц эрх мэдэл болох эцэг, эхийн эрх мэдэл юм. Үр хүүхдийн хүмүүжил түүнээс шалтгаалах тул эцэг, эхийн эрх мэдэл улсын үндэс мөн. Иймд бататган бэхжүүлбээс сая болох. Эцэг, эхийн эрх мэдэл хаана унсайн доройтно, тэнд төр, улс бүрлэх нигуур буй;
— хэзээд устгах учиртай эзний эрх мэдэл гэж байна.  Эзний эрх мэдэл гэгч ашиг тусаар өчүүхэний сац бослого, самуун, ужид самуурал өдөөгдөхийн үндэс мөн. Иймд түүнийг халж устгаваас сая болох.
Гэр бүл хувь хэргээ хичээж, төр улс олны хэрэгт зүдэх учир хоорондоо ялгаатай. Боден өмч хөрөнгө, эхнэр, хүүхдийг нийгэмчлэх Платон, Томас Мор нарын үзэл санааг шүүмжилсэн байна. «…Хэрэв энэ үзэл санаа хэрэгжсэн бол төрийн хамгийн чухал шинж алдагдах байлаа: Хэрэв хүн бүрт юу ч үгүй бол нийт олонд юу ч үгүй гэсэн үг: Хэрэв хувьд юу ч байхгүй бол нийтэд юу ч байхгүй гэсэн үг» хэмээн бичжээ.
Эхнэрийг нийгэмчлэх явдал ёс бус: Учир нь,  цус холилдох, эр, эмийн нандин харилцаа буртагших, эцэг, эх, үр хүүхдийн харилцаа алсрах тэргүүтэн муу бүхний үүтгэл болно. Платоны төр эхнэрээ нийгэмчилснээс үүдэн гарах цус холилдох, буруу хурьцах, эцгээ захчлах тэргүүтэн бусчир бүхний цээрлэсэн байгалийн хууль, эзний хүсэл зоригийн эсрэг зүйл юм.
Төр хүчирхийллийн үр дүнд бий болно: өрх гэрийн тэргүүн улсын хэрэгт оролцсоноор эзэн, албатын харилцаа үүснэ. Гэвч улс төрийн харилцаа бий болсноор хүний эрх чөлөө устахгүй. Төр улсын бүрдэл иргэн гэгч дээд эрх мэдэлд захирагдах эрх чөлөөт албат мөн. Төрд захирагдснаар иргэдийн эрх чөлөө устдаггүй, харин тодорхой хүрээнд хязгаарлагддаг. Иймээс эрх чөлөөгүй зардас лугаа адилтгаж үл болно.
Иргэд төр жолоодох хэрэгт оролцдог байх нь түүний үндсэн шинж биш. Засаглалын хэлбэрээс ардчилсан төрд л энэ шаардлагыг чухалчлах бөгөөд бусад хэлбэрт төдийлөн ач холбогдолгүй болно. Гэвч улс доторх иргэд харилцан адилгүй тул, төрийн хэрэгт зүтгэх нэгэнд ухаан дэнслэх шалгуур байваас сая болох. Төрийн хүн гэгч ухааны цараагаар эрхбиш энгийн иргэдээс ялгагдах ёсон буй. Улсын доторх иргэдэд хамаарах нэгэн цүл шинж нь дээд засагт захирагдах явдал болно.
Дээд эрх мэдлийн бие даасан байдал. Боден төрийн засаглалын эзэн хаант, язгууртны, ардчилсан гэсэн гурван төрөлд хуваан үзсэн. «Ард түмэн гэгч — ухаангүй, олон толгойт мангас лугаа адил. Түүгээр сайн зүйл хийлгэхэд хүндрэлтэй. Улс төрийн хэрэгт зөв шийдвэр гаргана гэдэгт итгэвэл мунхаг нэгнээс сургаал хүссэнтэй ижил» хэмээн Боден бичжээ. Өөрөөр хэлбэл, тэрээд ардчилсан төрийн үзэл санааг бүрэн үгүйсгэсэн юм. Үүний зэрэгцээ, язгууртны төрийн үед дайсагнал ихсэх учир аюултай гэжээ. Боден эв нэгдэл, бие даасан байдал, хөжил, цэцэглэлт хамгийн сайн хангагдах төрийн хэлбэрийг эзэн хаант төр мөн гэж сургасан.
Боден төрийн суверенитет буюу бүрэн эрхт байдлын онолыг боловсруулсан.
Бүрэн эрхт байдал гэгч төр улс католиг сүм хийд, язгууртан иргэд, Римийн хутагт нараас хараат бус байхыг хэлнэ. Төрийн бүрэн эрхт байдал дараах шинжээр илэрнэ. Эдгээрт:
байнгын шинж чанар: Төрийн дээд эрх мэдэл түүнийг агуулагч этгээдэд хадгалагдах бөгөөд тодорхой цаг хугацаанд үл хязгаарлагдана;
үнэмлэхүй шинж чанар (эрх мэдлийн хязгааргүй шинж чанар): дээд эрх мэдлийг агуулагч хүссэн цагтаа хууль тогтоох, өөрчлөх бүрэн эрхтэй. Захирагч улс орнуудад нийтлэг хүний хууль, байгалийн хууль, ертөнцийн эзний хуульд захирагдана:
Төрийн бүрэн эрхт эрх байдалд дараах онцгой эрх багтдаг. Үүнд:
—бусдын хүсэл зоригоос үл хамааран хууль гаргах, өөрчлөх;
—дайтах, найрамдах эрх;
—улсын дээд заргач хийх эрх;
—«хуулиар ял хөнгөвчлөх, өршөөл үзүүлэх боломжгүй нөхцөлд» өршөөл үзүүлэх эрх;
—мөнгө цутгах эрх;
—хүндийн хэмжүүр тогтоох эрх;
—гааль, татвар тогтоох эрх.
Дээд эрх мэдлийг хэн атгаж буйгаас хамааруулан Боден засаглалын хэлбэрийг ангилсан байна. Үүнд:
— Хэрэв дээд эрх мэдэл ард олны олонхийн гарт байваас түүнийг ардчилсан улс гэх;
— Хэрэв засаг төрийн эрх цөөн хүний гарт байваас түүнийг язгууртны гэх; сац бас, энэ хэлбэр дотроо хууль ёсны, эзний, олигархи хэмээн хуваагдана;
— Хэрэв дээд эрх мэдлийг ганц хүн хадгалж байх аваас түүний эзэн хаант төр гэх; сац бас, дотроо хууль ёсны, эзний, дарангуйллын хэмээн хуваагдана.
Хамгийн сайн хэлбэр гэгч хааны угсаа залгасан хууль ёсны засаг бөгөөд дараах шинжийг хэлбэрэлтгүй мөрдвөөс сая болох. Үүнд:
— олон ард хааны хуульд сүслэж, хаан эзэн байгалийн хуулийг дээдэлж, харьяат ардын эрх чөлөө, өмч хөрөнгийг бататган бэхжүүлж явбаас сая болох ;
— улсын эзэнтэй тэрслэх хүч үл оршихын сац эрх мэдэл батжин тогтвоос сая болох;
— улсын эзэн олон ардын эв эеийн илэрхийлэл болвоос сая болох; улсын байгуулал гэгч ертөнцийн эзэнд захирагдах гараг ертөнц лугаа нэг буюу. «Хаан эзэн гэгч олон ардыг саадгүй засаглах ертөнцийн эзэн лугаа адил дээд хүч ажгуу. Эрх мэдлийн өөрийн хүсэмжээр эдлэх ёстой. Газар дэлхий дээр ертөнцийн эзнээс өөр хүч суверен хааны дээр үл оршино. Хаан хүн бусдыг захирах ертөнцийн эзэн өөрөө мөн буюу».
Угсаа залгасан хаант засгаас ялгаатай нь, сонгуульт эзний засаг дараах дутагдалтай. Эдгээрт:
— сонгуульт хаан үхсэний дараа улс гэрт эмх замбааргүй байдал үүсдэг. Самуун цагт улсын цааз хүчин мөхөсдөж, муу бүхэн хэмжээ хэтрэх нигуур буй;
— сонгуульт хаан улс гэр, олон ардын эрх ашигт өчүүхэн тус үл санана. Эрх мэдэл залгамжлагдахгүйг мэдсэн цагт зөвхөн төрөл садан, үр хойчисийн тусыг урхаглан бодно;
— эзэн хаанаа сонгох нь эрх мэдэлд шунагчдын ширүүн тэмцлийг үүсгэх бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд ёс бус арга хэрэгслийг ашиглах нь олонтоо;
— эзэн хаанаа сонгох нь мунхаг хүн хаан ширээг авахгүй байхын баталгаа болж чаддаггүй; харин ч эсрэгээрээ, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй бусчир хүн гарахын үүтгэл болно.
Ард түмний төр засгийн тэргүүнээ хянах эрх: Засаг төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авсан дарангуйлагчийг ард түмэн бүх чадлаараа эсэргүүцэн тэмцэх хэрэгтэй. Дээд эрх мэдлийг хууль бусаар агуулагч нь гэмт хэрэгтэн мөн бөгөөд хатуу чанга шийтгэвээс сая болох. Хэрэв ард түмэн дарангуйлагчийг хатуу чангаар шүүж чадахгүй бол түүнийг зэвсгийн хүчээр нухчин дарах хэрэгтэй. Засаг төрийн эрх мэдлийг хортойгоор ашиглагч хэн боловч дарангуйлагч болох жамтай. Албат ардын хувьд улс орны тэргүүн эцэг, эхээс ч ариун нэгэн бөлгээ. Тиймийн учир шударга эзнийг олон ард хичээн хүндэтгэвээс сая болох. Улсын эзэн дарангуйлагч болоход амархан байдаг. Гэвч улсын эзний үйлийг дэнслэгч цорын ганц ялгагч нь бурхны шүүх юм. «Шударга эзний засгийг тэрсэлж, эсэргүүцэн босох хэн боловч ёс бусд тооцогдоно».
Улс гэр самуурахын шалтгаан:
баялагийн тэгш бус хуваарилалт. Боден хөрөнгийг ямар нэгэн байдлаар тэгштгэн нийгэмчлэх үзлийн эсрэг байсан. Нөгөө талаар тэгш бус байдлын сөрөг үр дагаварыг даван туулахын тулд нэг хүний гарт хэтэрхий эд хөрөнгө төвлөрүүлэхээс зайлсхийх хэрэгтэй гэж үзсэн;
эрх баригч анги дотроо эв түнжингүй байх нь улс гэрт хөнөөлтэй бөгөөд олон тооны дайсагнагч бүлгүүдэд хуваагдахад хүргэнэ. Ийм байдал язгууртны болон ардчилсан төрийн үед түгээмэл байдаг. Нам бүлэглэлээс дээгүүр, тэднийг захирч, улсын дээд эрхийг атгагч эзэн захирагчийн үед амар амгалан байдал үүснэ;
шүтэх эрх чөлөөг боомилох. Бодены үзсэнээр, төрийн үндэс нь шашин юм. Шашны аливаа маргаан, дайсагналыг хориглох хэрэгтэй. Учир нь үнэнд эргэлзсэнээр самуурлыг үүсгэх нигуур буй. Гэвч аливаа улс гэрт олон шүтлэг зэрэгцэн орших нь зүй бөгөөд ямар ч тохиолдолд тэднийг нухчин дарах нь хөнөөлтэй. Шашин шүтлэгийг хүчирхийлэн нухчих нь улс гэр самуурахын үндэс болохын зэрэгцээ эцэс төгсгөлгүй тэмцэл өрнөхийн үүтгэл болно (Р. А. Бурханов & В. Н. Руденкин, 2009, хуудсд. 41-46).

ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ

Р. А. Бурханов, & В. Н. Руденкин. (2009). История политических учений от Античности до Нового Времени: Краткий конспект лекций (2-е изд. ed.). Нижневартовск: Изд-во Нижневарт. гуманит. ун-та.

ТОЛМОЧЛОН БУУЛГАСАН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment